| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00468/И |
| Дугаар | 130/ШШ2024/00596 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2024/00596
| 2024 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 130/ШШ2024/00596 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 2 дугаар багт оршин суух, У овогт Н.У
Хүсэлтийн шаардлага: С.Б-тэй 1995 онд гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.У нь С.Б-тэй 1995 онд гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Миний бие У овогт С.Б-тэй 1995 онд гэр бүл болсон.
1.2 Тухайн үед гэрлэлтийн гэрчилгээ авагдсан юм шиг санагдаад байсан. Гэвч гэрлэлтийн гэрчилгээ авагдаагүй юм байна. Бид хоёр 29 жил хамтарч амьдарч байна. Дундаасаа нэг охинтой. Охин маань тус сумын ерөнхий боловсролын сургуульд багш мэргэжлээр ажиллагдаг.
1.3 Бид 29 жилийн дараа хүүхэд үрчилж авахаар холбогдох байгууллагад хандахад гэрлэлтийн баталгаа шаардлагатай гээд гэрлэлтийн баталгаа шаардсан. Тэгээд архивын газраас гэрлэлтийн баталгааны лавлагаа гарахгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд У овогт С.Б-тэй 1995 онд гэр бүл болсон байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б-аймгийн А сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/27, 01/28, 01/29 дугаартай тодорхойлолтууд, Н.У, С.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Ю-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 613 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Н.У болон С.Б нарын ХААТР маягтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч Н.У-ын хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие У овогт С.Б-тэй 1995 онд гэр бүл болсон. Тухайн үед гэрлэлтийн гэрчилгээ авагдсан юм шиг санагдаад байсан. Гэвч гэрлэлтийн гэрчилгээ авагдаагүй юм байна. Бид хоёр 29 жил хамтарч амьдарч байна. Дундаасаа нэг охинтой. Охин маань тус сумын ерөнхий боловсролын сургуульд багш мэргэжлээр ажиллагдаг. Бид 29 жилийн дараа хүүхэд үрчилж авахаар холбогдох байгууллагад хандахад гэрлэлтийн баталгаа шаардлагатай гээд гэрлэлтийн баталгаа шаардсан. Тэгээд архивын газраас гэрлэлтийн баталгааны лавлагаа гарахгүй байгаа учраас шүүхэд хандаж байна гэжээ.
5.Хүсэлт гаргагч Н.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
6.1 Б аймгийн А сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/27, 01/28, 01/29 дугаартай тодорхойлолтуудад .... тус сумын 2 дугаар багийн иргэн С овогтой Б, иргэн Н овогтой У нар 1995 онд гэр бүл болсноос хойш 2 дугаар багт тусдаа өрхөөр 29 дэх жилдээ оршин сууж байгаа ба багийн хүн ам өрхийн мэдээллийн санд тусдаа нэг өрхөөр бүртгэлтэй, ам бүл 3, нэг хүүхдийн хамт амьдарч байгаа нь үнэн болно гэж, иргэн Н.У нь ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2-р багийн иргэн мөн болохыг тодорхойлов .... гэж тус тус тодорхойлсон байна.
6.2 Б аймгийн А сумын АХ-ын Гүйцэтгэх захиргаанаас олгосон төрсний гэрчилгээнд хүүхдийн овог: Б, нэр: Ю, охин, 1995 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Цагаан түнгэ газар төрснийг төрсний бүртгэлд 1996 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн, эцгийн овог: Л, нэр: Б, эхийн овог: Н, нэр: У ... гэж тус тус бүртгэгдсэн байна.
6.3 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 675 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Н.У-ын Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд ... 12.Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: нөхөр С.Б, регистрийн дугаар ББ00000000... гэж, мөн Иргэний үнэмлэх авах өргөдөлд ... 14.Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: анх, гэрлэсэн: 1995, гэрчилгээний №06 ... гэж,
мөн С.Б-ийн ... Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд ... 12.Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: эхнэр Н.У, регистрийн дугаар ББ00000000, гэрчилгээний дугаар: 06 ... гэж, Иргэний үнэмлэх авах өргөдөлд ... 14.Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: 1, гэрлэсэн: 1995, гэрчилгээний №06 ... гэж,
мөн 1995 оны 12 дугаар сарын 08-ний өдөр төрсөн Б.Ю Төрснийг бүртгэх анкетэд ... 8.Эхийн овог нэр: Н.У, регистрийн дугаар:ББ00000000, ... 11.Эцгийн овог нэр: С.Б, регистрийн дугаар: ББ00000000 ... гэж тус тус бүртгэгдсэн байна.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 613 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.У, С.Б нарын ИУБ-31, ХААТР-21, ИУБ-18, ХААТР-7, ХААТР-1 маягтууд, Б аймгийн А сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтуудаар хүсэлт гаргагч Н.У болон С.Б нар нь хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас Ю, Ю, М нар төрсөн, хүсэлт гаргагч Н.У нь одоогийн байдлаар Б аймгийн А сумын 2 дугаар багт оршин суудаг зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
8.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж тус тус заасан
Үүнээс дүгнэхэд гэрлэлт нь гэрлэгчдийн сайн дурын үндсэн дээр эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр үүсэх хууль зүйн ойлголт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүсэлт гаргагч Н.У болон С.Б нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.
9.Иймд хүсэлт гаргагч Н.У,С.Б-тэй 1995 онд гэр бүл болсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Урианхай овогт Н.У-ын У овогт С.Б-тэй 1995 онд гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК