Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00612

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2024/00612

Баян-Өлгий аймаг

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт Ш.Д

Хүсэлтийн шаардлага: Х аймаг дахь Геологийн хайгуулын экспедицийн харьяа 1-р ангид 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл универсал тракторын жолоочоор, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дизел компрессорчинаар тус тус ажиллаж байсан байдлыг болон Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ш.Д,

Гэрч М.Т, Х.Б, Б.М, С.А, Ш.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С-д 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ш.Д нь Х аймаг дахь Геологийн хайгуулын экспедицийн харьяа 1-р ангид 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл универсал тракторын жолоочоор, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дизел компрессорчинаар тус тус ажиллаж байсан байдлыг болон Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Ө сумын 9 дүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

1.2 Би Х аймаг дахь Геологийн хайгуулын экспедицийн харьяа 1-р ангийн даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар бүхий тушаалаар универсал тракторын жолоочоор ажилд авч ажиллуулсан ба мөн тус ангийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар дизель компрессорчинаар шилжүүлэн ажиллаж байгаад өөр газарт шилжих болсон тул 1991 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 8 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан.

1.3 Тухайн үед ажилд орсон, гарсан тушаалуудад миний нэрийг Ш.Д гэж бичиж тушаал гаргаж байсан байна.

1.4 Үүнээс гадна би 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Хилийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан хугацааны лавлагаа авахад Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00/000 дугаар бүхий архивын лавлагаанд мөн миний нэрийг Ш.Д гэж бичсэн байна.

1.5 Иймд миний Х аймаг дахь Геологийн хайгуулын экспедицийн харьяа 1-р ангид 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл универсал тракторын жолоочоор, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дизел компрессорчинаар тус тус ажиллаж байсан байдлыг болон Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/233 дугаар бүхий архивын лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 756 дугаартай Архивын лавлагаа, Х аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн харьяа 1-р ангийн даргын 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай тушаал, 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай тушаал, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай тушаал, Б.М, Т.А, Х.Б, Ш.М, М.Т, Х.Б нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, фото зураг, 537411 дугаартай цэргийн батлах зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 605 дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 628 дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 628, 629 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 520 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.Д болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08/318 дугаартай албан бичиг, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08/000 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 233 дугаартай албан бичгийн дагуу Х аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн харьяа 1 дүгээр ангийн даргын1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 00 тоот тушаал болон 1991 оны 4 дүгээр сарын цалин хөлсний баримтууд зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие шүүхэд 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 28-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг болон Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Учир нь, тухайн ажилласан жилүүдийн тушаалууд болон миний цэргийн батлахад миний нэрийг Даулет гэж буруу бичсэнээс болж бичиг баримтын зөрчил үүссэн тул шүүхэд хандаж байна гэжээ.

5.Хүсэлт гаргагч Ш.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдал, цэргийн алба хаасан байдлыг тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Ш.Д нь Х аймаг дахь Геологийн хайгуулын экспедицийн харьяа 1-р ангид 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл универсал тракторын жолоочоор, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дизел компрессорчинаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж олгосон Х аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн харьяа 1 дүгээр ангийн даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай тушаалын нэг дэх заалтаар экспедицийн шийдвэрээр Ш.Д нь универсал трактор барихаар болсон тул Г.Е-ыг ангийн слесариар авч ажиллуулсан байдал,

6.2.Мөн ангийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нэг дэх заалтаар өөрийн хүсэлтээр гарсан дизелист компрессорчин Д-ийн оронд тракторчиноор ажиллаж байсан Ш.Д-ийг 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсан байдал,

6.3.Мөн ангийн даргын 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”  тушаалын нэг дэх заалтаар өөр газар шилжих болсон тул дизельчин компрессорчин Ш.Д-г 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдал,

6.4.Мөн ангийн 1991 оны цалингийн тооцооны 8-рт овог нэр: Д, албан тушаал мэргэжлийн зэрэг: дизельчин гэж бүртгэгдэж 1991 оны 04 дүгээр сард ажилласан хоног, авсан хөлс тус тус бүртгэгдсэн байдал,

6.5.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 520 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.Д-н Гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 (А) маягтыг 1990 оны 06 дугаар сарын 20-ний өдөр бүртгэсэн байх ба уг маягтад ... 12.боловсрол: бүрэн дунд, 13.ажилладаг байгууллага: Асгатын геологи, 14.эрхэлдэг ажил: дизельчин гэж, мөн БНМАУ-ын Хүн амын регистрийн картад ... 13.мэргэжил: дизельчин, 14.ажилладаг байгууллага: Асгатын 1-р ангид дизельчин, эрхэлдэг ажил: дизельчин ... гэж тус тус бүртгэгдсэн байдал,

6.6.Гэрч М.Т ... Миний бие хүсэлт гаргагчтай хамт 1987-1992 он хүртэл Асгатын уул уурхайд хамт ажиллаж байсан. Тухайн үед би уул уурхай нэвтрэгчээр ажилладаг байсан. Харин хүсэлт гаргагч Ш.Д тракторын жолоочоор ажилладаг байсан. Би тус байгууллагад 1985-1994 он хүртэл ажиллаж байсан тул би энэ бүхнийг маш сайн мэдэж байгаа. Ш.Д бид хоёр багаасаа л хамт өссөн. Бид нар түүнийг Д гэж дууддаг байсан. Асгатын уул уурхайд Д нэртэй хүн байгаагүй гэх,

Гэрч Ш.М-ын ... Миний бие хүсэлт гаргагчтай хамт Асгатын уул уурхайд хамт ажиллаж байсан. Би 1984 онд төгсөж ирээд шууд цэрэгт явсан. Улмаар 1987 онд цэргээсээ халагдаж ирээд хүсэлт гаргагчийн хамт ажиллаж байсан. Бид нар геологич болохоор уурхайнуудад 15 хоногоор ээлжлээд томилолтоор явдаг байлаа. Тухайн үед Ш.Д Асагтын уул уурхайд тракторчинаар ажилладаг байсан. Мөн өөр Д эсвэл Д нэртэй хүн тус уурхайд ажиллаж байгаагүй. Би энэ бүхний мэддэг тул шүүхэд тодорхойлолт бичиж өгсөн гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

            8.Хүсэлт гаргагч Ш.Д нь Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хааж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            8.1.Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/233 дугаартай Архивын лавлагаанд Шалабай Даулет нь Б аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0119-р ангид алба хааж байгаад Хилийн ба ДЦУЕГ-ын штабын даргын 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалаар өвчний учир цэргээс халагджээ гэж бүртгэгдсэн байдал,

            8.2.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 000000 дугаартай Цэргийн батлахын эхний хуудсанд овог: Ш, нэр: Д, төрсөн он сар өдөр: 1964-12-14, Б аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 06 дугаар сарын 09-нд олгов, цэргийн хэлтсийн дарга К.С гэж бичиж хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зургийг нааж, тус цэргийн хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

            Уг цэргийн батлахын 2-р хуудсанд l.Биеийн байцаалт, 1.төрсөн газар: Б аймгийн Өлгий хотод, 2. яс үндэс: казах, 4.боловсрол: бүрэн бүс дунд, 5.энгийн тусгай мэргэжил: хөгжимчин, 6.ам бүлийн байдал:4 эцэг 73 нас тэтгэвэрт, эх Х, 65 нас тэтгэвэрт, ах Х 25 нас авто механик, дүү 1 15 настай ... гэж, 2-р хуудсанд ll.Цэргийн алба хаасан байдал: 7.Б аймгийн цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... гэж, 10.Ш.Д, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалаар өвчний учир бэлтгэлээр халж Б аймагт явуулав, 0119 дүгээр ангийн захирагч И.Б ... гэж, 5-р хуудсанд ... 12.Цэргийн тангарагийг 1983 оны 07 дугаар  сарын 31-ний өдөр 0119 дүгээр ангид өргөв ... гэж тус тус тэмдэглэгдсэн байдал,

            8.3.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар  гаргаж өгсөн тухайн үед цэргийн алба хааж байх хугацаанд авхуулсан зураг гэх фото зураг,

8.4.Гэрч Х.Б-ийн .... Би Ш.Д-тай хамт хилийн цэргийн 0119 дүгээр ангид хамт 1983-1987 он хүртэл буюу 3 жил цэргийн алба хааж байсан. Тухайн үед бид Д гэж дууддаг байсан. Харин тус цэргийн ангид Д эсвэл Д нэртэй өөр хүн байгаагүй гэх,

Гэрч С.А-ийн .... Би Улаанбаатар хотын Б-д байрлалттай Хилийн цэргийн 0119 дүгээр ангид Ш.Д-тай хамт цэргийн алба хаасан. Бид 1983 оноос 1986 оны хооронд цэргийн албыг хамт хааж байсан. Манай цэргийн ангид Д-аас өөр адил эсвэл төстэй нэртэй хүн байгаагүй гэх,

Гэрч Б.М-ын ... Би Ш.Д-тай хамт 1983 оноос 1986 он хүртэл Улаанбаатар хотод байрлалтай Хилийн цэргийн 0119 дүгээр ангид цэргийн алба хааж байсан маань үнэн. Миний мэддэгээр Ш.Д нь Б аймгийн Н сумын иргэн байгаа. Харин би Ц тосгоны иргэн болохоор бие бие сайн таньдаг. Бид хоёр хамт цэрэгт татагдаад, хамт цэргээс халагдаж ирсэн. Бид нартай хамт Д эсвэл Д гэх өөр хүн цэргийн алба хааж байгаагүй гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

            9.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 537411 дугаартай цэргийн батлах болон БНМАУ-ын Х аймаг дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн харьяа 1-р ангийн даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 00 дугаартай тушаалуудад Д гэж бичигдсэн байх ба хүсэлт гаргагчаас тухайн ажилд орсон гарсан тушаалуудад миний нэрийг хоч нэр буюу хүмүүсийн дууддаг Д гэх  нэрээр бичсэн байх тул бичиг баримтын зөрчил үүссэн, миний ойр дотны хүмүүс намайг Д гэж дууддаг гэж тайлбарласан ба Д, Д нар нэг хүн болох нь гэрч М.Т, Х.Б, Б.М, С.А, Ш.М нарын тодорхойлолт мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэлээ.

10.Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Ш.Д нь Х аймаг дахь Геологийн хайгуулын экспедицийн харьяа 1-р ангид 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл универсал тракторын жолоочоор, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дизел компрессорчинаар тус тус ажиллаж байсан байдлыг болон Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тус тус  тогтоож шийдвэрлэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Ж овогт Ш.Д Х аймаг дахь Геологийн хайгуулын экспедицийн харьяа 1-р ангид 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл универсал тракторын жолоочоор, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дизел компрессорчинаар тус тус ажиллаж байсан байдлыг болон Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хааж байсан болохыг тус тус  тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК