| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2017/0347/Э |
| Дугаар | 337 |
| Огноо | 2017-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 337
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Л.Содномдорж,
улсын яллагч А.Оюунгэрэл,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
шүүгдэгч Ш.С, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Ш.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710004220106 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ************ тоотод оршин суух хаягтай, С овогт Ш-ын С,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Жаргалант сумын ************ тоотод оршин суух хаягтай, С овогт Б-ийн Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хүн байнга амьдрах, үйл ажиллгаа явуулах орон байр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** дүгээр байрны 9 дүгээр давхарт нэвтэрч иргэн Х.О-ийн 1 ширхэг /цэнхэр өнгийн/, М.Л-ийн 1 ширхэг /хар өнгийн/ унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусадтай бүлэглэж авсан,
Шүүгдэгч Ш.С нь 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хүн байнга амьдрах, үйл ажиллгаа явуулах орон байр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** дүгээр байрны 9 дүгээр давхарт нэвтэрч иргэн Х.О-ийн 1 ширхэг /цэнхэр өнгийн/, М.Л-ийн 1 ширхэг /хар өнгийн/ унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусадтай бүлэглэж авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ш.С-: “...Б.Б бид хоёр багын найзууд бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бид хоёр уулзаж, гадуур явсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орсон, Хөдөө аж ахуйн их сургуулийн орчим тоглоомын талбайд очиж сагс тоглосон. Тухайн үед цаг орой болж автобус зогссон учир Ж эгчээс унааны мөнгө зээлэхээр Хан-Уул дүүргийн *** дүгээр байранд шөнө очсон боловч унтаж байгаа байх гээд гэр рүү нь ороогүй. Урьд нь Ж эгчийнд амьдардаг байх үедээ уг байрны 0** давхарт дугуй байдгийг мэддэг болсон. Тэгээд тэр дугуйнуудаас унаж яваад маргааш нь буцааж өгье гэж бодоод авсан. Б.Б бид хоёр ** давхараас хоёр унадаг дугуй авсаны нэг нь түгжээтэй байсан учраас байрны гадаа үлдээгээд, том дугуйг нь унаад явсан. Маргааш нь хөдөө яваад буцааж өгч чадаагүй...” гэв.
Шүүгдэгч Б.Б-: “...Би энэ жилээс оюутан болж байгаа учир сургуулийнхаа бичиг баримтыг хөөцөлдөх гээд 2017 оны 08 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотод байсан. Тухайн үед Ш.С хөдөөнөөс ирээд бид хоёр уулзаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн тоглоомын талбайд сагс тоглосон, тоглоомондоо улайрч тоглосоор байгаад нэг мэдэхэд орой болсон. Тэгээд бид хоёр Ш.С-ын эгчээс нь мөнгө зээлэх гэж *** дүгээр байранд очсон ч унтаж байгаа байх гэж бодоод гэр рүү нь ороогүй, уг байрны 0** давхараас дугуй авч унаад гэртээ харьсан. Маргааш нь буцааж өгөх гэж байсан боловч бид хоёр нэг нэгэндээ найдаад хоёулаа хөдөө яваад дугуйг хүргэж өгч чадаагүй. Дараа нь цагдаагийн газраас залгахад дугуй авсан хэрэгт холбогдсоноо мэдээд авсан дугуйгаа эзэнд нь буцааж өгч, алга болсон дугуйны үнийг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Х.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед намайг гэртээ ороход миний амьдардаг *** дүгээр байрны ** давхарын коридорт нийт 4 ширхэг дугуй байсан. Тухайн дугуйнуудын 1 ширхэг нь манай хөршийнх, 2 ширхэг нь миний дугуй байсан. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед манай хөрш М.Л залгаад танай охины болон миний дугуй алга байна, та юм анзаарсан уу гэж асуусан. Тухайн үед нь өглөө гарахдаа анзаараагүй учир эргэж ирээд үзээд залгая гэж хэлсэн. Тэгээд би буцаж ирээд үзэхэд манай охины дугуй болон хөрш М.Л-гийн дугуй алга болсон байхаар нь камерын бичлэг шүүж үзэхэд шөнө 03 цаг 30 минутын үед 5 давхарын 7 тоотын хүүхэд ороод хойноос нь 4-5 минутын дараа масктай 2 хүүхэд орж ирээд 2 ширхэг дугуй аваад гарч байгаа бичлэг байсан. Тухайн 2 хулгайч манай орцны кодыг өөрсдөө хийгээд хаалгыг онгойлгож орж ирж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Манай байрны хашааны хаалга болон орцны кодыг айл болгон өөр өөрийн кодоо хийж ордог, нэгдсэн нэг кодгүй зөвхөн оршин суугч нар мэдэх боломжтой...” /хх-ийн 19-20/ гэсэн,
Хохирогч М.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би байрныхаа 0** давхарт унадаг дугуйгаа гэрийнхээ үүдэнд сул байрлуулан тавьдаг юм. 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цаг 30 минутанд ажлаасаа гэртээ ороход үүдэнд миний унадаг дугуй байсан юм. Би маргааш өглөө нь буюу 08 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад гэрээсээ гарч ирэхэд миний унадаг дугуй алга болсон байсан. Мөн хөрш Х.О-ийн нэг дугуй байхгүй болсон байхаар нь Х.О ахад утасдаж мэдэгдсэн. Би камер шүүлгэх гэхэд камер асахгүй байсан болохоор Х.О ахад хэлсэн. Х.О ах камер шүүгээд цагдаад мэдэгдсэн. ...Хулгайд алдагдсан Da Vinci маркийн хар өнгийн унадаг дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 26-29/ гэсэн,
Гэрч Я.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн уг байранд манаачаар ажиллах болсон. Би ганцаараа учраас өөр ээлжлэх хүн байхгүй. 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би хоносон. Манай байрны гадна хашаа кодтой, орцны хаалга бас өөр кодтой юм. Урьд шөнө сэжиг бүхий зүйл болоогүй. Гадны хүн нэвтэрч орж ирээгүй. Би бодохдоо код мэддэг хүн орж ирсэн байх гэж бодож байна. Намайг хонох хугацаанд хаалгаар унадаг дугай аваад гарсан хүн байхгүй. Өнөөдөр өглөө оршин суугчдын 2 ширхэг унадаг дугуй алдагдсаныг бид мэдсэн. ...Манай камерын бичлэгийн цаг нь 05 цаг 43 минутаар хоцорч явдаг. Камерын цагаар 21 цаг 37 минутад 2 залуу, 2 унадаг дугуйг авч гараад байрны урд талаар нь тойроод явж байх шиг байна. Энэ нь бодит цагаар 03 цаг 10 минутад авч гарсан юм шиг байна...” /хх-ийн 30, 32/ гэсэн,
Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хороололд найзуудтайгаа уулзаж байгаад 21-ний шөнө 02 цагаас 03 цагийн орчимд гэртээ ирсэн. ...Би сая хяналтын камерын бичлэгийг үзлээ. Би улаан куртка, хар өмд, хар пүүзтэй явж байсан. Шөнө намайг орж ирээд лифтээр явсны дараа 2 залуу орж ирж шатаар өгсөөд, унадаг дугуй авч гарч байгаа нь бичигдсэн байна. Хар малгайтай ноосон цамцтай, бээлийтэй хар масктай эрэгтэй нь Шоовдорын Ш.С гэдэг хүүхэд байна. Энэ хүүхэд надтай хамт 2017 оны 01 сараас 03 сар хүртэл хувиараа ногоо зардаг байхад надтай хамт ажиллаж байсан юм. Энэ хүүхэд тэр үед надтай хамт амьдарч байсан. Тэгээд манай хаалганы кодыг мэддэг. Манай хаалганы код “7 чагт 007” гэж ордог. Айл бүр өөр кодтой. Ш.С Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг. Манай аав, ээжийн найзынх нь хүүхэд. Одоо энэ хүүхдийг хаана байгааг мэдэхгүй. Нөгөө жинсэн хүрэмтэй, халимаг үстэй хүүхдийг нь танихгүй юм байна...” /хх-ийн 31/ гэсэн,
Шүүгдэгч Ш.С мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо-16 буюу *** дүгээр байрны 05 давхар 7 тоотод аавын талын хамаатан болох Ж гэх эгчийнд амьдарч байсан. Тэнд амьдарч байхдаа Ж эгчийн хүнсний ногоо түгээх ажилд нь туслаад явдаг байсан. Тэдний хүү Б.Д-тай хамт явж ногоо түгээдэг байсан. Тухайн үед нэг удаа лифтээр 1 давхар руу буух гэж байгаад санамсаргүй ** давхарт гарахад унадаг дугуйнууд байсан. ...Ингээд 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой Хөдөө аж ахуйн их сургуулийн хойд талын сагсны талбайд найз Б.Б-тай тоглож байхад харанхуй болсон бөгөөд автобус зогсоод тэндээс 1 дүгээр хороолол явах шаардлагатай байсан. Тэгээд унааны мөнгөгүй болохоор Зайсангийн *** дүгээр байранд унадаг дугуйнууд байдаг талаар санасан. Ингээд Б.Б-ыг дагуулж яваад 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн орчимд *** дүгээр байрны хашаагаар нь 2580 гэсэн кодыг хийж орсон. Тэнд амьдарч байх хугацаандаа кодыг нь мэддэг байсан. Ингээд *** дүгээр байрны гадна очиж “7 чагт 007” гэсэн кодыг хийж ороод, дээшээ 02 дугаар давхараас лифтэнд суугаад ** давхарт гарч би 1 ширхэг хар өнгийн дугуйг, Б.Б цэнхэр өнгийн дугуйг аваад бид хоёр лифтээр 02 дугаар давхарт буугаад шатаар 01 дүгээр давхар руу явган бууж байрны хаалгаар гарч, байрны зүүн талаар тойроод хашаа давж гарсан. Тухайн үед хүмүүстэй таарч магадгүй гэж санаад тэгж явсан юм. Мөн Б.Б-ын авсан жижиг цэнхэр өнгийн унадаг дугай нь явж болохгүй болохоор нь байрны ар талд хашаа түшүүлээд тавьж орхисон. Тэгээд бид хоёр нэг ширхэг том унадаг дугуйгаа унаад сундалдаад урд талын уулын замаар явсан. ...Маргааш нь би 11 цагийн үед *** дүгээр байрны гадаа ганцаараа хүрч ирээд үлдээсэн унадаг дугуй байгаа эсэхийг шалгахад байхгүй болсон байсан... /хх-ийн 50-52/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед Ш.С хөдөөнөөс ирээд, бид хоёр Хархорин захын ойролцоо уулзсан. Тэндээсээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ороод, дараа нь Хөдөө аж ахуйн их сургуулийн хойд талд байрлах сагсны талбай дээр 23 цагийн үед очсон. Тухайн үед цаг орой болж автобус явахгүй болсон учир яаж харих талаар ярилцаж байхад Ш.С “Миний урьд амьдарч байсан байранд унадаг дугуй сул байдаг, тэрнээс унаад явж болох юм” гэж хэлсэн. Тэгээд *** дүгээр байр руу очиж, Ш.С гадна хашаа болон орцны хаалганы кодыг хийж орсон. Байр руу ороод дээш 2 давхар хүртэл шатаар гараад, 2 давхраас лифтээр дээшээ гарсан. Тэгээд 8 билүү 9 давхарт гарахад орцонд 4 ширхэг унадаг дугуй байсан. Тэндээс Ш.С нь хар өнгийн том унадаг дугуйг аваад, би жижгэвтэр цэнхэр өнгийн унадаг дугуйг нь авсан. Байрнаас гараад урдуур нь тойроод хашааг нь давж гарсан. Жижиг дугуй нь хойд талдаа цоожтой, унаж болохгүй байсан учир тэнд нь хашаа түшүүлээд орхисон. Тэгээд бид хоёр том унадаг дугуйг сундалдаж унаад уулынхаа замаар явж 1 дүгээр хороололд А ахынд ирж хоносон ба тухайн үед ах маань байгаагүй. Маргааш нь би Төв аймаг руу явсан...” /хх-ийн 54-55/ гэсэн мэдүүлгүүд,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 43-44/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-61/,
- Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-ийн 15/,
- Хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14, 17/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ш.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Ш.С нарыг 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** дүгээр байрны ** давхарт нэвтэрч иргэн Х.О-ийн 1 ширхэг /цэнхэр өнгийн/, М.Л-ийн 1 ширхэг /хар өнгийн/ унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх дараах үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 147 дугаар зүйлийн 147.1, Орон сууц хувьчлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнхи хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилга байх ба орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг нийтийн зориулалттай талбай гэх бөгөөд орон сууцны цахилгаан шат, явган шат, шатны хонгил, сууц хоорондын тагт, сууцны доторх ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолой зэргийг орон сууцны дундын өмчлөлийн зүйл гэж,
Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4, Орон сууц хувьчлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламжийг орон сууцны дангаар өмчлөх өмчлөлийг зүйл гэх бөгөөд нийтийн зориулалтын өрөө орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг орон сууц гэж үзэхээр тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд гэмт хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** дүгээр байрны ** давхрын талбай нь сууцны бус зориулалттай, дундын өмчлөлийн нийтийн эзэмшлийн талбай байх ба хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр гэж үзэхгүй, дундын өмчлөлийн зүйлд хамаарах сууцны бус зориулалттай талбайн хэсэг гэж шүүх дүгнэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ш.С, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
Шүүгдэгч Ш.С, Б.Б нар нь 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *** дүгээр байранд нэвтэрч ** давхраас иргэн Х.О-ийн нэг ширхэг унадаг дугуйг, М.Л-ийн нэг ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Л-ийн “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад гэрээсээ гарч ирэхэд миний унадаг дугуй алга болсон байсан. Мөн хөрш Х.О-ийн нэг дугуй байхгүй болсон байхаар нь Х.О ахад утасдаж мэдэгдсэн. ...Хулгайд алдагдсан Da Vinci маркийн хар өнгийн унадаг дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 26-29/ гэсэн, хохирогч Х.О-ийн “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед манай хөрш М.Л залгаад танай охины болон миний дугуй алга байна, та юм анзаарсан уу гэж асуусан. Тухайн үед нь өглөө гарахдаа анзаараагүй учир эргэж ирээд үзээд залгая гэж хэлсэн. Тэгээд би буцаж ирээд үзэхэд манай охины дугуй болон хөрш М.Л-гийн дугуй алга болсон байсан...” /хх-ийн 20/ гэсэн, гэрч Б.Б.Д-ын “...Шөнө намайг орж ирээд лифтээр явсны дараа хоёр залуу шатаар өгсөөд, унадаг дугуй авч гарч байгаа нь бичигдсэн байна. Хар малгайтай ноосон цамцтай, бээлийтэй хар масктай эрэгтэй нь Шоовдорын Ш.С гэдэг хүүхэд байна. Энэ хүүхэд манайд надтай хамт амьдарч байсан, тэгээд манай хаалганы кодыг мэддэг. Нөгөө хүүхдийг нь танихгүй юм байна...” /хх-ийн 31/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Ш.С, Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.О, М.Л нарт 680.000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 43-44/ ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан /хх-ийн 14, 15/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 15, 29/ гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүхээс Ш.С, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.С, Б.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ хэргийн шүүгдэгч Ш.С, Б.Б нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн болон шүүгдэгч нар анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Х.О, М.Л нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Ш.С, Б.Б нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас С овогт Ш-ын С, С овогт Б-ийн Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. С овогт Ш-ын С, С овогт Б-ийн Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Ш.С, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 02 жилийн хугацаанд Ш.С, Б.Б нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар зан үйлээ засах, болон хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ш.С, Б.Б нарт анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СиДи нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн 1710004220106 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Х.О, М.Л нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Ш.С, Б.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б, Ш.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ш.С, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР