Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/756

 

 

 

 

 

 

  2022             07              26                                          2022/ДШМ/756

 

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Ц.Ц,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дугаартай эсэргүүцлээр Б.О-д холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ төвийн ойролцоо ..... ....улсын дугаартай цагаан өнгийн Приус-41 загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.7009 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, 0.0825 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

             Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-д анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийн гэмт хэрэг үйлдэхэд унаж байсан ............... улсын дугаартай цагаан өнгийн Приус 41 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 20.765.871 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гаанс мэт төмөр материалтай зүйл 1 ширхэг гялгар уутны хамт 2.8 грамм өвс, гялгар уутны хамт 1.8 грамм зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

               Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхээс шүүгдэгч Э.О-д оногдуулсан ял шийтгэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байхад шүүгдэгч Э.О-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна. Учир нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм. Гэтэл шүүгдэгч Э.О-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хуульчилсантай нийцэхгүй байна. Тухайлбал дээр дурдсанчлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн тухайд нийгмийн хор аюулын шинж чанар асар өндөртэйн дээр прокурорын байгууллага хорихоос өөр төрлийн ял, эрүүгийн хариуцлагаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, шүүхийн практикт хорихоос өөр төрлийн ял оногдуулахгүй байх ялын бодлогыг тус тус баримталж хэвшээд байгаа юм. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

             Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анх удаагаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Сэтгэцийн эмнэлэгт өөрөө сайн дураараа хандаж, эмчлүүлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан гэж үзэж байна. Тэрээр энэ хэрэгт холбогдсоныхоо дараа Сэтгэц эмгэг судлалын төвд 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сэтгэц эмгэг судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэргийг буцаах боломжгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны шөнийн 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... төвийн ойролцоо .......... улсын дугаартай цагаан өнгийн Приус-41 загварын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.7009 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, 0.0825 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.О-ийн “...Б.О 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлэхээр эмч нартай ярьж, 2021 оны 11 сарын 04-ний өдөр хэвтүүлэхээр болж тохирсон. Гэвч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай ах Б.О-ий сэтгэцийн эмгэг нь хөдлөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихсон. Ингээд тус өдрийн үүрийн 5 цагийн үед цагдаагийн байгууллагаас манай ахтай холбоотой асуудлаар намайг дуудсан. ...” /хх 27-28/,

яллагдагч Б.О-ийн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Бүгд ойлгомжтой миний буруу. Буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” /хх 39-40/, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 152/ гэсэн мэдүүлгүүд,

“...1 ширхэг зиплок ууттай 1.2 грамм өвс мэт зүйл, 1 ширхэг зиплок ууттай 0.7 грамм шавар мэт ногоон зүйл мэт тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5151 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 45/,

 “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.О гэж 2021.11.03 гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5152 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 51/,

 “2011 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн, цагаан өнгөтэй Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгсэл 20.765.871 төгрөг” гэсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 61/,

 “Б.О нь урьд өмнө нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ оноштой СЭМҮТ-д хэвтэж байсан гэх өвчний 1 түүх байна. Б.О нь одоо каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.О нь мөрдөн байцааалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.О нь каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Монгол Улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжгой болно. Б.Од эмнэлгийн чанартай албадпагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1026 дугаартай дүгнэлт /хх 68/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, ахлах ахлагч О.Б, дэд ахлагч Э.М нарын илтгэх хуудас /хх 5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 86 дугаартай прокурорын тогтоол /хх 16/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, сиди бичлэг /хх 19/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтын талаарх гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.О-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх, шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.О хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Б.О-д тухайн зүйлд зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Прокуророос “...шүүгдэгч Б.О-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн тул 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Учир нь, Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нөхцөл байдал үүссэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээр тойрог дотор санамсаргүй буюу тохиолдлын байдлаар сонгогдох зарчмаар хэрэг хуваарилагдсан байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг прокурор 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 15 цаг 00 минутад гардан авч /хх 162/,  2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 41 дугаартай прокурорын эсэргүүцлийг хуульд заасан хугацааны дотор бичсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Н нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хуульд заасан хугацаанаас хожимдуулж шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргасан талаар тайлбар бичиж хавтаст хэрэгт хавсаргасан нь /хх 168/ баримтаар тогтоогдож байна. Цаашид энэ төрлийн алдаа, зөрчил гаргахгүй ажиллахыг магадлалд дурдах нь зүйтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ