Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 338

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч Х.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Х-ын Б-д холбогдох эрүүгийн 171000080011 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ********* тоотод оршин суух “Гарден” рестораны үйлчилгээний менежер ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, У овогт Х-ын Б,  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: ( яллах дүгнэлтэнд бичигдсэнээр )

 

Яллагдагч Х.Б нь 2017 оны 06 дугаар сарын 13-наас 14- нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден” ресторанд иргэн Ч.Ж-тай “тооцооны мөнгө дутуу төлсөн ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ч.Ж-г түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ч.Ж мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “... 2017 оны 06 дугаар сарын 13-ны орой 20:00 цагийн үед Жапен таун хотхоны хажууд байрлах Гарден нэртэй ресторанд 2 найзын хамт орж бага зэрэг архи, пиво уусан. Ингээд ресторан хаах цаг болж бид нар уг ресторанаас гарах гэж байхад төлбөр тооцоо хийх асуудал гарсан. Тэгтэл уг рестораны карт уншигч машин нь ажиллахгүй байгаа бололтой байсан. Түүнээс биш би уг рестораны тооцоог төлөхгүй гэсэн асуудал гаргаагүй юм.  Надад бэлэн мөнгө байгаагүй картанд мөнгө байсан учраас картаа уншуулах гэсэн чинь карт уншигч машин нь ажиллахгүй байсан учраас бага зэргийн үл ойлголцох маргаан үүссэн юм. Тэгээд маргаан үүсэх явцад уг менежер залуу намайг түлхэж унагаасан юм шиг байна лээ. ...Ингээд би менежер залууд түлхэгдэн шалан дээр унахдаа зүүн хөлийн шагай хэсгээр эвгүй унаж хугарч гэмтсэн юм. Ингээд цагдаа эмнэлэг дуудсан. Би эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Эмчилгээнд гарсан зардлын баримтуудаа удахгүй бүрүүлж өгнө. Гэхдээ багцаагаар 60 орчим сая  төгрөгний зардал гарсан байгаа. Би гомдолтой байна... ” гэжээ. / хх 12-13 х /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7825 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Ч.Ж-ын биед зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений хагас мултрал, зүүн шаант ясны ирмэгийн сэтэрсэн хугарал, зүүн шилбэ, тавхай, шагай орчмын зөөлөн эдийн няцрал, дотор шагай орчмын зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны далд хугарал, зүүн шаант ясны ирмэгийн сэтэрсэн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ / хх 16 х /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4785 тоот шинжээчийн дүгнэлтийн 2-т:

-Frame 155-156. Цайвар өнгийн цамцтай хүний баруун гар нь бараан өнгийн цамцтай хүний хоолойн тус газар байрлалтай урагш түрэн алхаж байна.

-Frame 157-162. Бараан өнгийн цамцтай хүн нь арагшаа ухран алхаж байхдаа хоёр гараараа цайвар өнгийн цамцтай хүний баруун гарыг барин урдуураа татан гарыг тавиулж байна.

-Frame 163-165. Бараан өнгийн цамцтай хүн нь хоёр гараараа цайвар өнгийн цамцтай хүний урдуураа татсан баруун гарыг барин арагш нь түлхэж байна.

-Frame 166-172. Цайвар өнгийн цамцтай хүн зүүн хөлөө нугалан дарж унаж байгаа зэрэг үйл хөдлөлүүд тус тус дүрслэгдэж байна. / хх 21-22 х /,

 

“Гарден” рестораны камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт / хх-17 /,

 

Шүүгдэгч Х.Б 2017.06.30-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 91 /,  2017.08.11-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 105-106 /,

 

Иргэний үнэмлэх болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх 30, 37 /, ял шалгах хуудас / хх 42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “…2017 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Ч.Ж гэх хүн хоёр найзтайгаа манайхаар үйлчлүүлсэн.  23:00 цагийн үед эхний тооцооны төлбөр 60.000 төгрөг гарсныг төлсөн.  Дараагийн тооцоо болох 79.000 төгрөгийг хийх гээд орсон. Гэтэл манай карт уншдаг машин болохгүй болохоор нь Худалдаа хөгжлийн банк руу залгаж асуухад “сүлжээний доголдол гарсан байна, шалгаад эргээд холбогдоё” гээд удаагүй “болчихлоо” гэсэн. Тэгээд би “карт уншдаг машин болчихлоо та тооцоо хийгээд өгөөч” гэхэд “та нар илүү авах гэлээ” гэхээр нь “бид нар таниас илүү авах гээгүй, таны сүүлд гарсан тооцоог авах гэсэн юм” гэхэд “та нар илүү авах гээд байна, чи илүү мөнгө авсан бол ямар хариуцлага хүлээх вэ” гэхээр нь “ахаа би таниас нэг л төгрөг илүү авсан байх юм бол өнөөдрийн гарсан бүх тооцоог чинь буцааж өгье, маргаааш та дансныхаа үлдэгдлийг шалгаад шийдэж болно” гэхэд  “пизда та нар намайг доромжиллоо” гээд текэн дээр гараараа цохиж, намайг багалзуурдаад дайрсан. Тэгээд миний хоолой боогдохоор нь гарыг нь өөрөөсөө холдуулсан...” гэв.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Б-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 06 дугаар сарын 13-наас 14- нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден” ресторанд иргэн Ч.Ж-тай “тооцооны мөнгө дутуу төлсөн ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ч.Ж-г түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Ч.Ж-ын “...Надад бэлэн мөнгө байгаагүй картанд мөнгө байсан учраас картаа уншуулах гэсэн чинь карт уншигч машин нь ажиллахгүй байсан учраас бага зэргийн үл ойлголцох маргаан үүссэн юм. Тэгээд маргаан үүсэх явцад уг менежер залуу намайг түлхэж унагаасан юм шиг байна лээ. ...Ингээд би менежер залууд түлхэгдэн шалан дээр унахдаа зүүн хөлийн шагай хэсгээр эвгүй унаж хугарч гэмтсэн юм....” гэсэн мэдүүлэг / хэргийн 12-13х /,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 7825 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд  “... Ч.Ж-ын биед зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений хагас мултрал, зүүн шаант ясны ирмэгийн сэтэрсэн хугарал, зүүн шилбэ, тавхай, шагай орчмын зөөлөн эдийн няцрал, дотор шагай орчмын зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны далд хугарал, зүүн шаант ясны ирмэгийн сэтэрсэн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ / хх 16 х /,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4785 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд”...Frame 155-156. Цайвар өнгийн цамцтай хүний баруун гар нь бараан өнгийн цамцтай хүний хоолойн тус газар байрлалтай урагш түрэн алхаж байна. Frame 157-162. Бараан өнгийн цамцтай хүн нь арагшаа ухран алхаж байхдаа хоёр гараараа цайвар өнгийн цамцтай хүний баруун гарыг барин урдуураа татан гарыг тавиулж байна. Frame 163-165. Бараан өнгийн цамцтай хүн нь хоёр гараараа цайвар өнгийн цамцтай хүний урдуураа татсан баруун гарыг барин арагш нь түлхэж байна. Frame 166-172. Цайвар өнгийн цамцтай хүн зүүн хөлөө нугалан дарж унаж байгаа зэрэг үйл хөдлөлүүд тус тус дүрслэгдэж байна...” гэжээ. / хх 21-22 х /,

 

- Гэрэл зургийн үзүүлэлт / хх 17 / болон “Гарден” рестораны камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтэндээ “...Хохирогчийн буруутай үйлдлээс хэрэг гарсан. Хохирогч согтуу байгаагүй, харин хамт явж байсан хүмүүс нь согтуу байсан...ажлаа хийгээд явж байгаа зөөгч рүү халдаж довтолсон. Хохирогч нь Х.Б-ийн амь насанд нь аюултай үйлдэл хийж төвөнх буюу хүзүүний орчим амьсгал боогдуулах хэсэгт нь халдаж эхэлсэн үйлдэл нь төгсөөгүй байсан. Төгсөөгүй байхад хүн өөрийгөө халдага довтолгооноос хамгаалж, санаатай түлхээгүй, харин гарыг нь холдуулсан...хэрвээ жаахан удсан бол Х.Б-ийн амьсгал бүтэлтэнд орох байсан...Х.Б-ийн энэ үйлдэл нь довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалт юм. Ийм учраас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. Мөн шүүх гэм буруутай гэж үзвэл санаатай үйлдэл байгаагүй, өөрийгөө хамгаалах үйлдэл хийж, хохирогчийн гарыг холдуулах үедээ хөлийг нь гэмтээе гэсэн санаа зорилго байгаагүй байх тул болгоомжгүй үйлдлээр шүүх шийдэх боломжтой...” гэж мэтгэлцсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

- Хохирогч Ч.Ж-ын “...Надад бэлэн мөнгө байгаагүй картанд мөнгө байсан учраас картаа уншуулах гэсэн чинь карт уншигч машин нь ажиллахгүй байсан учраас бага зэргийн үл ойлголцох маргаан үүссэн юм. Тэгээд маргаан үүсэх явцад уг менежер залуу намайг түлхэж унагаасан юм шиг байна лээ. ...Ингээд би менежер залууд түлхэгдэн шалан дээр унахдаа зүүн хөлийн шагай хэсгээр эвгүй унаж хугарч гэмтсэн юм....” гэсэн мэдүүлэг / хэргийн 12-13х /,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 7825 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд  “... Ч.Ж-ын биед зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений хагас мултрал, зүүн шаант ясны ирмэгийн сэтэрсэн хугарал, зүүн шилбэ, тавхай, шагай орчмын зөөлөн эдийн няцрал, дотор шагай орчмын зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн шилбэний гадна, дотор хавчаар ясны далд хугарал, зүүн шаант ясны ирмэгийн сэтэрсэн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ / хх 16 х /,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4785 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд”... Frame 163-165. Бараан өнгийн цамцтай хүн нь хоёр гараараа цайвар өнгийн цамцтай хүний урдуураа татсан баруун гарыг барин арагш нь түлхэж байна....” гэжээ. / хх 21-22 х /,гэрэл зургийн үзүүлэлт / хх 17 / болон “Гарден” рестораны камерын бичлэг зэрэг болно.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт “Гарден” рестораны камерын бичлэг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Х.Б-н амь нас, эрүүл мэндийн эсрэг аюултай довтолгоон хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүний биед гэмтэл тогтоогдоогүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7921 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. 

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Б 450 /дөрвөн зуун тавин / нэгж буюу 450.000 /  дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох  ял оногдуулах,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчаас оногдуулсан ялын саналыг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс 240 / хоёр зуун дөчин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтанд үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан ял хөнгрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүгдэгч Х.Б нь “Эм Ди Ай” ХХК-д зөөгчөөр ажилладаг болох нь түүний шүүхэд өгсөн мэдүүлэг, хавтас хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн гэрээ болон нэмэлт өөрчлөлт зэрэг баримтаар нотлогдож байгаа боловч гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан байх ба уг компанид цаашид ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй, ажлын газрын тодорхойлолт болон цалингийн тодорхойлолт гаргаж өгөөгүй болно. Түүнчлэн хавтас хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн гэрээ болон нэмэлт өөрчлөлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримт бөгөөд тус зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Х.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240 / хоёр зуун дөчин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Бусад асуудлаар:

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1710000800111 дугаартай шүүгдэгч Х.Б-д холбогдох хэрэг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхэд шилжин ирсэн ба хохирогч Ч.Ж-д шүүх хуралдааны товыг 2017.10.30, 2017.11.07-ны өдрүүдэд 9911**** дугаарын утсаар мэдэгдсэн боловч “хөдөө ажлаар явж байна,  Өмнөговь аймагт байна, очиж амжихгүй” гэж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, түүнчлэн 2017.11.16-ны өдөр дээрх утсаар залгахад холбогдох боломжгүй болсон, мөн түүний оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ******* тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас явуулсан боловч тус хаягт бүртгэлгүй болох нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2017.11.16-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ч.Ж-г байлцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Ч.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 60.000.000 төгрөг нэхэмжилсэн ба эрүүл мэндтэй холбоотой зардлын талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1.  У овогт Х-ын Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Б 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 240 / хоёр зуун дөчин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хугацаагаар хадгалж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ч.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД