Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/770

 

 

 

 

 

 

  2022             08              02                                          2022/ДШМ/770

 

 

Б.М, У.Э, А.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Д, Т.З,

шүүгдэгч У.Э-ын өмгөөлөгч О.С,

шүүгдэгч А.Х-ын өмгөөлөгч Ч.Х,

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Д, Т.З нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.М, У.Э, А.Х нарт холбогдох .................  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргын хувьд Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “...Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, гаалийн тариф, Гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ...” гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.1-д “...өргөсөн тангарагтаа үнэнч байх...” гэж, 274.2.2-д “...албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх...” гэж, 274.2.5-д “...гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах...” гэж заасныг тус тус хэрэгжүүлэн ажиллах удирдах албан тушаалтан атлаа зөрчиж, 2010 онд Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч байсан М.Н-н “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилладаг “С” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирдэг “...хуучин гар утас, сэлбэг...” гэх барааг гаалийн хилээр удаа дараа нэвтрүүлэхдээ бага албан татвар төлөх, дараалалгүйгээр үйлчлүүлэх ашиг сонирхлын үүднээс өөрийн удирдлагад ажилладаг гаалийн улсын байцаагч нарт бага албан татвар төлөх, дараалал харгалзахгүйгээр үйлчлэх хууль бус үүргийг өгч, нөлөөлөх байдлаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, шууд М.Н-ын “Хаан” банкны .......... тоот данснаас өөрийн “Хаан” банкны ........... тоот дансаар 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 87.560.000 төгрөгийн хахууль авсан,

мөн өөрийн найз У.Э-той гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, санаачлан хахууль өгөгч А.Х-ын “Г” ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс “Г" ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх үүргийг гаалийн улсын байцаагч нарт өгч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, У.Э, А.Х-тай 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр халхавчлан А.Х-аас У.Э-ын “Хаан” банкин дахь............. тоот дансаар дамжуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 22 удаагийн үйлдлээр 18.439.320 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулсан,

“...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга албан тушаалтай Б.М нь хахууль өгөгч А.Х-ын “Г” ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс “Г” ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх үүргийг гаалийн улсын байцаагч нарт өгч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, У.Э, А.Х-тай 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр халхавчлан А.Х-аас У.Э-ын “Хаан” банкин дахь ............... тоот дансаар дамжуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 22 удаагийн үйлдлээр 18.439.320 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулсан...”,

              Шүүгдэгч У.Э нь А.Х-тай хахууль авах гэмт хэргийг халхавчлах зорилгоор “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, өөрийн “Хаан” банкин дахь ............... тоот дансаар дамжуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр 18.439.320 төгрөгийн хахуулийн мөнгийг авч, Б.М-т дамжуулан өгч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

              Шүүгдэгч А.Х нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн Ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.М-ын найз У.Эт-ой 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээг ашиглан 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үүсгэн байгуулсан “Г” ХХК-ийн нэрээр Америкийн Нэгдсэн улсаас шуудангийн илгээмж гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэхдээ саадгүй нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.М-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 18.439.320 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Нийслэлийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

             Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж өөрөө болон бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, У.Э нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн тус бүр нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, тэдгээрийн эдлэх ялаас хасаж тооцон шүүгдэгч Б.М-ын торгох ялыг 29.970.000 төгрөгөөр, У.Э-ын торгох ялыг 9.970.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.М, А.Х, У.Э нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус тус 3 /гурав/ жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг Б.М, У.Э, А.Х нарт торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.М-аас 105.999.320 /зуун таван сая есөн зуун ерэн есөн мянга гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М, У.Э, А.Х нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн 8 ширхэг сиди, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас 76 хуудас, 1 ширхэг сидиний хамт хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Х, У.Э-д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

               Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.М надад холбогдох ................ дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт, прокурорын шатанд өгсөн өмгөөлөгч нарын маань бүх талаас нь бүрэн дүүрэн шалгаж өгөх хүсэлтийг хүлээн аваагүй, Авлигатай тэмцэх газрын комиссар, прокурорууд нь гаалийн хэргийн мэдлэг дутмагаас зарим хүний тайлбар мэдүүлэг нь гаальтай холбоотой Олон Улсын конвенц, Гаалийн хууль, журмын хүрээнд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүхээр гэм буруутайд тооцсон тогтоолд гомдол гаргаж доорх үндэслэлүүдийг тайлбарлаж байна. Анхан шатны шүүх эдгээр зүйлүүдийг анхаарч авч үзээгүйгээр барахгүй намайг цагаатгах нотлох баримтыг гэм буруугийн дүгнэлтдээ оруулж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн нотлох баримтыг бодитоор дүгнэж уялдуулан харахгүй хэт яллах талыг барьж дүгнэлт гаргасан. Тухайлбал: гэрчийн мэдүүлгүүдээс зөвхөн миний эсрэг өгсөн мэдүүлгийг түүвэрлэх замаар, мөн нэг гэрчийн мэдүүлгээс буруутгаж болзошгүй үг, өгүүлбэрийг тастаж авч дүгнэлт хийсэн байдаг./ХХ-9, 44х/. Мөн миний Н, Э нарт өгсөн мөнгө, илүү байгааг ер дүгнэж үзээгүй байна. Энэ талаар доор дэлгэрэнгүй тайлбарлана. Намайг тодорхойлсон цагаатгах талын үнэн бодит мэдээлэлтэй гэрчийн мэдүүлгийг дүгнэлтээс гадуур орхиж, цагаатгах нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийн талаар зөв бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж бүрэн дүүрэн үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Г.Д гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.М-ыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “М.Н-ын ашиг сонирхлын үүднээс өөрийн удирдлагад ажилладаг гаалийн байцаагч нарт хууль бусаар нөлөөлөх байдлаар гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, 2015 оны 9 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 87.560.000 төгрөгийн хахууль авсан, мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн А.Х-ын “Г” ХХК-н ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх үүргийг гаалийн улсын байцаагч нарт өгч давуу байдал бий болгосон, өөрийн найз У.Э-ын нэрээр А.Х-тай 2019 оны 3 дугаар сард хамтран ажиллах гэрээний дагуу гэж А.Х-аас У.Э-ын банкин дахь дансаар 18.439.320 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцож, 30.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн нотолбол зохих байдал нотлогдож, тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсон нь Б.М-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, ойлгомжгүй, тодорхойгүй олон асуудлыг шалгалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг прокурорт буцааж ахин шалгуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Т.З гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоол хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй байх тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эсвэл хэрэг байна хэмээн үзэж байгаа тохиолдолд У.Э-оос Б.М-т 18.439.320 төгрөг шилжүүлсэн үйлдэл байгаа эсэхийг тогтоохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Э-ын өмгөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр талуудыг мэтгэлцүүлж, шүүхийн хэлэлцүүлэг явуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдсон үйл баримтыг няцаасан байдлаар тайлбарыг шийтгэх тогтоолдоо дурдах байсан. Учир нь 2006 оны 7 сарын 6-ны өдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “Авлигын зөрчил” гэдэг заалт байдаг. Тухайн заалтад “Авлигын зөрчил болон авлигын гэмт хэргийн ялгааг тогтоож, нэг бол зөрчлөөр албан тушаалд нь арга хэмжээ авагдана. Нөгөө талаар Эрүүгийн хуульд тогтоосон хэм хэмжээг зөрчсөн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.” гэсэн агуулгыг тусгасан. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд Хориглох зүйл буюу авлигын дараах зөрчлүүдийг оруулсан байна. Миний үйлчлүүлэгч У.Э-ын үйлдэл нь эрүүгийн шинжтэй үйлдэл биш байсан. Тиймээс У.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Х-ын өмгөөлөгч Ч.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс өмгөөлөгчдийн байр суурийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүх үйл баримт нотлогдоогүй байхад хийсвэр байдлаар дүгнэлт хийж, бусдыг шийтгэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх дараах байдлуудад анхаарал хандуулж, шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Иймд миний үйлчлүүлэгч А.Х-ын хувьд авлига өгөх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Шүүгдэгч У.Э-оос мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахад “Хамгийн анх 2019 оны 3 сард мөнгө бэлнээр өгсөн. Энэ мөнгийг ямар зорилготой өгсөн бэ гэхэд энэ талаар мэдүүлэх зүйл алга.” гэсэн хариу тайлбарыг өгсөн байдаг. Иймд шүүгдэгч Б.М, У.Э, А.Х нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргын хувьд Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “...Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, гаалийн тариф, Гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ...” гэж, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.1-д “...өргөсөн тангарагтаа үнэнч байх...” гэж, 274.2.2-д “...албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх...” гэж, 274.2.5-д “...гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах...” гэж заасныг тус тус хэрэгжүүлэн ажиллах удирдах албан тушаалтан атлаа зөрчиж, 2010 онд Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч байсан М.Н-ын “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажилладаг “С” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирдэг “...хуучин гар утас, сэлбэг...” гэх барааг гаалийн хилээр удаа дараа нэвтрүүлэхдээ бага албан татвар төлөх, дараалалгүйгээр үйлчлүүлэх ашиг сонирхлын үүднээс өөрийн удирдлагад ажилладаг гаалийн улсын байцаагч нарт бага албан татвар төлөх, дараалал харгалзахгүйгээр үйлчлэх хууль бус үүргийг өгч, нөлөөлөх байдлаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, шууд М.Н-ын “Хаан” банкны ............ тоот данснаас өөрийн “Хаан” банкны ........... тоот дансаар 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 87.560.000 төгрөгийн хахууль авсан,

мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа Б.М нь хахууль өгөгч А.Х-ын “Г” ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс “Г” ХХК-ийн ачаа барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд саадгүй нэвтрүүлэх үүргийг гаалийн улсын байцаагч нарт өгч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, өөрийн найз У.Э-ыг  А.Х-тай 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр халхавчлан А.Х-аас У.Э-ын “Хаан” банкин дахь ........... тоот дансаар дамжуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 22 удаагийн үйлдлээр 18.439.320 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулсан...”,

Шүүгдэгч У.Э нь А.Х-тай хахууль авах гэмт хэргийг халхавчлах зорилгоор “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, өөрийн “Хаан” банкин дахь ......... тоот дансаар дамжуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд 22 удаагийн үйлдлээр 18.439.320 төгрөгийн хахуулийн мөнгийг авч, Б.М-т дамжуулан өгч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

Шүүгдэгч А.Х нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн Ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.М-ын найз У.Э-той 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээг ашиглан 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үүсгэн байгуулсан “Г” ХХК-ийн нэрээр Америкийн Нэгдсэн улсаас шуудангийн илгээмж гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэхдээ саадгүй нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.М-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 18.439.320 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/,

нэгжлэг хийх тухай прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 3219, 3220, 3221 дугаартай тогтоолууд /1 хх 12-14/,

У.Э-ын Чингэлтэй дүүргийн ......... дүгээр хороо, бага тойруу гудамжны .............. тоотод үзлэг хийсэн тэмдэглэл,

Б.М-ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг Тэнгэр рашаан гудамжны Амины орон сууц 64/2 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх 26-31/

Б.М-ын ажлын байранд түүний эзэмшлийн "...............” төхөөрөмжид үзлэг хийхэд Мy Files цэс дотор "......................" гэх файлд А.Х, Б.М нарын хооронд хийгдсэн мөнгө шилжүүлгийн мэдээллийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал мөн "С" ХХК-ийн захирал М.Н-т холбогдуулан зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, тус компанийн 2016-2018 он хүртэл гаалийн байгууллагад мэдүүлсэн мэдүүлгийн жагсаалт /1хх 37, 49-50 /,

Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын хувь, үзлэг хийсэн тэмдэглэл бүхий баримтууд /1хх 102-117/,

шүүгдэгч Б.М-ын М.Н-тай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний төсөл /1хх 143-146/,

"Г" ХХК-ийн ажлын байранд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 188-189/,

 “...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн огноотой, эхний хуудас ар өвөргүй, 2 дахь хуудасны ар тал нь хоосон, 3 дахь хуудасны ард У.Э, А.Х нарын иргэний үнэмлэх хуулбарлагдсан, нүүр тус бүрд нотариатын тэмдэг дарагдсан. 3 дахь хуудас буюу гэрээний төгсгөлд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой 115 гэх дугаар бичигдсэн Чингэлтэй дүүргийн нотариатч У.Ө үнэн зөвийг гэрчилж тэмдэг дарж, гарын үсэг зурагдсан, мөн У.Э, А.Х нарын гарын үсэг зурагдсан А4 хэмжээтэй 3 хуудас..." гэсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн баримт, бичиг хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл /2хx 155/,

шүүгдэгч У.Э, А.Х нарын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хийсэн "Хамтран ажиллах" гэрээ /2хх 156-158/,

яллагдагч У.Э-ын “...1 кг ачаа 7 ам.доллароор ирдэг тэрнээс ямар бараанаас нь билээ тэр тутмаас 20 центийн ашгийг надад өгнө гэж Б.М надад танилцуулж байсан. ...” /11хх 191/ гэх мэдүүлгүүд,

 “...Хаан банкны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 29/9292 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.М-ын .......... дугаартай дансны хуулгаас У.Э-ын ........... дугаартай данстай харьцсан гүйлгээг түүвэрлэхэд 2016.06.29-ний өдрөөс 2019.09.13-ны өдөр хүртэлх хугацаанд орлого шилжүүлсэн. ...” хэрэгт авагдсан мэдээлэл, баримт бичигт түүвэр хийсэн тэмдэглэл /3хх 29/,

 “Хаан банк”-ны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 29/9292 дугаартай албан бичгээр У.Э-ын ............... дугаартай дансны хуулгаас үзэхэд А.Х-ын ............... дугаартай данснаас У.Э-ын ............ дугаартай данс руу 2019.03.21-ний өдрөөс 2019.09.11-ний өдөр хүртэлх хугацаанд 18.439.320 төгрөгийн орлого шилжүүлсэн дансны хуулга /3хх 30/,

- гэрч М.Б-ийн “.. ..." /9хх 37-38/, гэрч Л.Л “... ...” /9хх 42-43/, гэрч С.Ч-ын “......" /9хх 46-48/, гэрч С.Ч-н “... ...” /9хх 123-124/, гэрч У.Ө-н “......” /9хх 119-120/ гэх мэдүүлгүүд,

Монголын нотариатчидын танхимын бүртгэлийн дэвтрийн хуулбар /9хх 121-122/,

Баримт бичигт буюу зөрчлийн ................... дугаартай хэрэгт үзлэг хийж, ач холбогдол бүхий нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /9хх 156-158/, Үүнд:

Зөрчлийн хэргээс: гэрч П.З “...Би Н-ын авчирч өгсөн бичиг баримтаар нь гаалийн бүрдүүлэлт хийж байсан. ...Би дотор нь шинэ, шинэвтэр үнэтэй гар утаснууд явж байхав гэж боддог байсан. Гайхдаг зүйл нь яагаад татварын үнэлгээ нь өсдөггүй юм бол гэж боддог байсан..." /9хх 172-173/,

Зөрчлийн хэргээс: гэрч Ж.Б-ы “... ...” /9хх 175-178/,

Зөрчлийн хэргээс: гэрч М.Б-н “... ...” /9хх 182-185/,

Зөрчлийн хэргээс: гэрч Д.Э-н “... ...” /9хх 188-189/,

Зөрчлийн хэргээс: гэрч Ж.А--н “... ...” /9хх 193-194/ гэсэн мэдүүлгүүд,

мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж өөрөө болон бусдаар дамжуулан хахууль авсан, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан, шүүгдэгч У.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон, шүүгдэгч А.Х-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж өөрөө болон бусдаар дамжуулан хахууль авсан, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх, шүүгдэгч У.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх,  шүүгдэгч А.Х-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон гэж үзэв.

шүүгдэгч Б.М “...Цагаатгах талын гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. М.Н-аас нэг ч тайлбар аваагүй, анхан шатны шүүх хэт яллах талыг баримталсан, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Г.Д “...шийтгэх тогтоол хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, Б.М хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь ямар ч нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...", түүний өмгөөлөгч Т.З “...хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, У.Э-оос Б.М-т 18.439.320 төгрөг дамжуулсан, шилжүүлсэн үйлдлийг нотолсон ямар ч баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн,  мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хууль зүйн үндэслэл үүссэн тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг.

Шүүгдэгч Б.М нь Гаалийн Ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан” гэж үзэж авлигын хэргийн субьектэд хамааруулж заасан болно.

 Иймд Б.М нь нийтийн албан тушаалтан атлаа “С” ХХК-ийн захирал М.Н-н  ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж тухайн компанийн импортлон оруулж ирдэг хуучин гар утас, сэлбэгийг гаалийн хилээр удаа дараа нэвтрүүлэхэд нь бага албан татвар төлүүлэх, дараалалгүйгээр үйлчлүүлэх хууль бус үүргийг гаалийн байцаагч нарт өгсөн нь тогтоогджээ.

Мөн М.Н-ын “Хаан” банкны ............ тоот данснаас Б.М нь өөрийн “Хаан” банкны ............. тоот дансаар 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 87.560.000 төгрөгийн хахууль авсан болох нь “Хаан” банкнаас 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн албан бичиг болон депозит дансны хуулга /8хх 10-17/-аар нотлогдохоос гадна энэ хугацаанд “С” ХХК гаалийн хилээр хуучин гар утас, сэлбэгийг оруулсан үйл баримт гаалийн бүрдүүлэлтийн мэдээллээр нотлогджээ.

Түүнчлэн Б.М нь өөрийн найз шүүгдэгч У.Э,  “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Х нарыг танилцуулж, улмаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тэдний хооронд АНУ, Монгол Улсын хооронд агаарын илгээмж тээвэрлэх үйл ажиллагаа явуулах зорилготой "Хамтран ажиллах" гэрээг /2хх 156-158/ байгуулж, уг гэрээг өөрийн танил нотариатч гэрч У.Ө-р гэрчлүүлж, батлуулсан байх бөгөөд тухайн компанийн карго ачаанд  бага албан татвар төлүүлэх буюу өөрийнх нь хэлсэн үнийн саналаар татвар төлүүлэх, гаалийн хилээр дараалалгүйгээр үйлчлүүлэх хууль бус үүргийг гаалийн байцаагч нарт өгсөн нь тогтоогдож байна. Түүнчлэн У.Э, А.Х нар "Хамтран ажиллах" гэрээний үр дүнг дүгнээгүй, хэрхэн хамтран ажилласан нь тодорхойгүй төдийгүй 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд  шүүгдэгч А.Х-аас шүүгдэгч У.Э-ын дансанд шилжүүлсэн мөнгө дээрх гэрээний дагуу буюу тодорхой үйл ажиллагааны үр дүнд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

У.Э-ын .......... дугаартай дансны хуулгаас А.Х-ын ......... дугаартай данснаас У.Э-ын ......... дугаартай данс руу 2019.03.21-ний өдрөөс 2019.09.11-ний өдөр хүртэлх хугацаанд 18.439.320 төгрөгийн орлого шилжүүлсэн тухай “Хаан банк”-ны 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 29/9292 дугаартай албан /8хх 31-                     32/ болон  гэрч М.Б /9хх 37-38/, Л.Л /9хх 42-43/, С.Ч /9хх 46-48/ нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь “...30 орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авахад 3 хүн л эсрэг мэдүүлэг өгсөн. Эдгээр хүмүүс нь хувийн таарамжгүй харилцаатай байсан. ...” гэсэн боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Б, Л.Л, С.Ч нарын гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Д, Т.З нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний Г.Д, Т.З нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                                  Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ