Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 411

 

 

 

 

 

 

 

 

 

С.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02649 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ХЗ” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 163 692 256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Баярсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Алтангадас,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С нь “УБТ” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан ба тус гэрээгээр “ХЗ” ХХК-аас 2 163 692 256 төгрөгийн авлагыг шаардах эрхийг шилжүүлсэн.

“УБТ” ХХК нь 2013 оноос эхлэн “ХЗ” ХХК-д бизнесийн итгэл хүлээлгэж зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, батлан даалтын гэрээ зэргийг байгуулж, шаардлагатай үед мөнгө зээлдүүлж, зээлийн баталгаа, тендерийн баталгаа гаргаж, оффис, машин түрээслүүлэх зэргээр тогтмол харилцаж ирсэн.

Гэвч “ХЗ” ХХК-ийн зүгээс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлэх актад дурьдагдан авсан зээл, түрээсийн төлбөр зэрэг бусад өр төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байх тул тус компанид зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, алданги, түрээсийн болон бусад авлага нийт 2 163 692 256 төгрөгийг “ХЗ” ХХК-аас тооцоо нийлсэн актын дагуу шаардаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 2 163 692 256 төгрөгөөс зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Манай компани 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “УБТ” ХХК-д нийт 12 ширхэг машин тоног төхөөрөмжийг өр төлбөртөө суутгах зорилгоор хүлээлгэж өгсөн.

Уг тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгснөөр 704 849 066 төгрөгийг тооцооноос хасахаар талууд харилцан тохиролцож акт үйлдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 704 849 066 төгрөгийг хасах ёстой.

Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр, ажилчдын хоолны мөнгө, цахилгааны зардал зэргийг зөвшөөрнө. Харин зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зарим нэг гэрээ нь хэрэгжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “ХЗ” ХХК-аас 1 458 843 190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Сэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 704 849 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 10 976 420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХЗ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 7 452 170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Сэд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Элбэгжаргал анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэрч асуулгах, шүүхээр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хүсэлтийг хангаагүйгээс шинээр нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлэх үндэслэл болсон үзэж байна.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тоггоогоогүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой заагаагүй, орхигдуулсан зөвхөн тооцоо нийлсэн актыг үндэслэж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэл байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ нь бодитой хэрэгжсэн эсэх, зээлийн гэрээнд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр мөн эсэх гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагч талд мөнгө шилжсэн болон бэлэн мөнгө хүлээж авсан тухай баримт байгаа эсэхийг тодруулалгүй. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судлан шинжлэх нь шүүхийн үүрэг боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй 3 000 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч “ХЗ” ХХК-д холбогдуулан тооцоо нийлэх гэрээний үүрэгт нийт 2 163 692 256 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“УБТ” ХХК, С.С нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр “УБТ” ХХК нь “ХЗ” ХХК-аас 2 163 692 256 төгрөг шаардах эрхээ С.Сэд шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Шаардах эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

“УБТ” ХХК нь “ХЗ” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж, 2 талын захирлууд болон нягтлан бодогч нар гарын үсэг зурсан. Энэ тооцоо нийлсэн гэрээ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 2 тал ажил хэргийн хүрээнд тооцоо нийлсэн, гэрээ хүчин төгөлдөр юм.

Түүнээс гадна уг тооцоо нийлэх болсон үндэслэл  нь “УБТ” ХХК болон “ХЗ” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 101 539 650 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр,

2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 429 000 000 төгрөгийг 1 жил, 4 сарын хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр,

2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 21 000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр,

2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10 000 ам.долларыг 10 сарын хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр,

2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 200 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 58 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 13 000 ам.долларыг 8 сарын хугацаатай, хүү, алданги тооцохгүйгээр,

2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 244 309 416 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүү, алданги тооцохгүйгээр,

2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 300 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаар зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 13 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор,

2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцсон, зээлийн гэрээнүүд,

2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ /“ХЗ” ХХК нь “УБТ” ХХК-ийн ерөнхий захирал Х.Болдбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон-1, ХД-10 тоот хаягт байршилтай оффис, агуулах, складны зориулалттай объектыг сарын 2 500 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр/ -ээр тус тус давхар нотлогдсон.

 

Хариуцагч байгууллага нь түрээсийн төлбөр, ажилчдын хоолны зардал, цахилгааны зардал нийт 26 798 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа байдал, “ХЗ” ХХК-ийн бусдад төлөх төлбөрийн үүргийг “УБТ” ХХК өмнөөс нь гүйцэтгэсэн байдал зэрэг нь “ХЗ” ХХК-ийн шүүхэд гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан тайлбараар тус тус тогтоогджээ. /хх 119/

 

Хариуцагч “...зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч зарим гэрээ хэрэгжээгүй...” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “ХЗ” ХХК нь “УБТ” ХХК-д машин, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн ба тэдгээийн үнэ 704 849 066 төгрөгийг тооцооноос хасахаар талууд тохиролцон нь тооцоо нийлсэн актад тусгагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 704 849 066 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүх тооцоо нийлсэн актыг үндэслэж хариуцагч 1 458 843 190    /2 163 692 256 төгрөгөөс - 704 849 066 төгрөг/ төгрөг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийг оновчтой тайлбарлан хэрэглээгүйг залруулав.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын банкны 2600072130 дугаар дансны хуулга гаргуулах, зээлийн эдийн засагч Б.Билгүүн, “Улаанбаатар менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхөөг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2019/14392 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүй байдал тогтоогдоогүй, гэрч Б.Билгүүн, Д.Мөнхөө нарыг гэрчээр асуух нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02649 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг тус тус” гэснийг “Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА