| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2017/0168/э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 164
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч И.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч И.Цд холбогдох 17300001970125 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн 1972 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар сумын цэцэрлэгт сахиул ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, И.Ц
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Яллагдагч И.Ц нь 2017.11.27-ны орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр Хайлааст гэх газар иргэн Л.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч И.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хийсэн хэрэг үнэн зөв. 2017 оны 11 сарын 27-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Л.Б гэдэг хүнийг би зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Тэр хүн согтуу байсан, буруу зөрүү яриад байсан. Би өөрөө уураа барьж чадаагүй. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурласан. Одоо эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв.
- Яллагдагч И.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед гэр рүү Бийн хашаагаар дамжин гартал Б намайг “хөөе Ц” гэж хашхирсан, “чи бол гуйлгачин хүн, би бол баян хүн шүү” гэхэд нь би согтуу хүн аль буруу ярихыг хэлэх вээ гээд тоогоогүй бөгөөд араас “муу хоноцын шээс, чи манай хашаанаас хулгай хийх гэж орж ирлээ” гээд араас бариад авахаар нь “яагаад байгаа юм, чи согтуу байна” гээд намайг боохоор нь гар дээрээс нь цохиод түлхтэл цасан дээр ойчсон. Тухайн үед эхнэр нь ирээд чи согтуу хүнтэй яагаад муудаад байгаа юм гэхээр нь би “танай хүнтэй муудах гээгүй, өөрөө л буруу зүйл яриад байна” гэж хэлээд явах гэтэл Б “чи муу хоноцын шээс, танай ээж хоноцын шээс олныг гаргаа биздээ” гэж хэлэхээр нь уур хүрч нуруун дээрээс нь түлхтэл хамраараа хашаа мөргөж ойчсон юм. Тэгээд би гэр рүү ороод хувцсаа сольж байтал Б гаднаас “чамайг ална” гээд орж ирэхээр нь гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон юм. Тэгээд хамраас нь цус гоожсон би манайхаас гар гээд гэрээсээ гаргасан. Гадаа гараад мөн хэл амаар доромжлоод байхаар нь би чирээд хашааныхаа хойд хаалган дээр очоод гараараа нүүр рүү нь 1 удаа цохиж унагаасан юм. Тэгээд мөн босож ирээд хэл амаар доромжлоод байхаар нь банзаар шанаа руу нь цохичихоод ажил руугаа явсан юм” гэх мэдүүлэг, / хх-н 18 х /
- Хохирогч Л.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн төрсөн эгчийн дүү болох Бу гэх айлд очиж 2 шил архи уусан ба тэднийхээс гараад гэр рүүгээ явах замдаа С эмчийн нөхөр Баттөр гэх хүнтэй таараад гэр рүүгээ дагуулж орсон. Бид 2 манайд 0.5 литрийн ерөөл архи хувааж уугаад нилээн согтсон бөгөөд би бие засахаар гэрээсээ гараад гадаа байж байтал Ц гэх хүн манай хашаагаар дамжаад урагшаа гэр рүүгээ орж байгааг хараад би болохгүй юм хэлсэн байх. Санахгүй байгаа бөгөөд тэр хүнтэй муудаж сүүлдээ цохиулаад унаснаа хальт санаад байгаа юм. Тэгээд дагаад гэр рүү нь орсон ба тэнд бас зодуулж модоор толгой руугаа цохиулаад ухаан балартсан. Нэг мэдсэн гэртээ сэрсэн юм. Миний 2 нүд битүү хөхөрсөн, хамар битүү хавагнасан, толгой доргисон, баруун бөөр хөндүүрлэсэн байдалтай байна. Би сумын эмнэлэгт 10 хоносон. Эмчилгээний зардал болон аймагт очиж нарийн шинжилгээ хийлгэх бодолтой байгаа ба тэрэнд гарах зардлыг гаргуулж авах хүсэлтэй байгаа, өөр нэмж ярих зүйл байхгүй ” гэх мэдүүлэг, / хх-н 5 х /
- Гэрч Ц.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр болох Б нь Бу гэх хүнтэй архи уусан гэдэг бөгөөд 16 цагийн үед гэртээ ирээд Баттөр гэх хүнтэй ерөөл архи уучихаад амрье гээд хувцсаа тайлж байснаа “би нэг бие засчихаад ирье” гээд гэрээсээ гарсан. Гадаа Ц гэх хүнтэй таараад Цг хулгайчаа гээд бахирсан. Ц өөдөөс хуц гэж хэлсэн бөгөөд манай нөхөр “чи намайг хуц гэж хэллээ” гээд эргээд араас нь явахад Ц Бийг ташиж унагаагаад дээрээс нь гараагаа цохиж нуруу руу нь хэд хэд өшиглөчихөөд хашааны хаалгаар гарах гэтэл Б “чи намайг зодоод байхдаа яадаг юм” гээд дахиж ноцолдоод байсан. Ц Бийн хамар руу өшиглөж хамрыг нь цусалчихаад гэр рүүгээ яваад өгсөн юм. Б “Ц намайг зодлоо” гээд гэр рүү нь явсан ба гэрт очиж мөн зодуулсан. Бийг гэрээсээ чирж гаргаад яв гэж хэлсэн ба Б босож ирээд дахиж Ц рүү очиход урт модоор толгой руу нь цохиж унагаасан юм. Тэгээд Б ухаан алдаж манарсан ба би түшээд гэр рүү нь оруулсан. Тухайн орой нь эмнэлэг дуудаж үзүүлсэн юм” гэх мэдүүлэг, / хх-н 6 х /
- Гэрч С.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны 15 цаг 30 минутын үед би гэрийнхээ гадаа байж байтал манай нөхөр И.Ц нь куртик нь урагдчихсан уурласан байдалтай гэр рүүгээ орж байсан. Удалгүй 10 минутын дараа Л.Б хашааны гаднаас Цг ална гээд манай руу ороод манай гэрт муудаад байх шиг байсан юм. Би тухайн үед гадаа байсан бөгөөд төд удалгүй манай гэрээс Б Ц 2 зууралдчихсан гарч ирээд хашаан дотор маргалдаж байгаад хашаанаас гарсан юм. Тэгээд орой 19 цагаас 20 цагийн хооронд Б нь эхнэрээ дагуулаад танай нөхөр хаана байна ална гээд манай гэрийн өрөө рүү шагайгаад байсан. Эхнэр нь чи одоо боль наана чинь настай хүн байна гэсэн боловч эхнэрийнхээ үгэнд орохгүй байсан. Би согтуу хүнд юм хэлээд яахав гэж бодоод тухайн үед юм хэлээгүй бөгөөд Цг байхгүй болохоор Б нь гараад явсан юм” гэх мэдүүлэг, / хх-н 6 х /
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт: 1. Л.Бийн биед тархи доргилт, 2 нүдний цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хажуу талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, / хх-н 13 х /
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-н 1 х /
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 2 х /
- Яллагдагч И.Цгийн аймгийн Прокурорын газарт 2017 оны 12 сарын 15-ны өдөр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт, / хх-н 28 х /
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017.12.11-ний өдрийн 170 дугаартай тодорхойлолт /хх-н 22 х /
- И.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 33 х /
- И.Цгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31 х/
- Прокурорын газар нь 2017.12.01-ний өдрийн 61 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи прокурорын санал / хх-н 29 х /
- Хохирогч Л.Бт эмчилгээний зардал төлсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу И.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч И.Ц нь 2017.11.27-ны орой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр Хайлааст гэх газар иргэн Л.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч И.Цгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Л.Бийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 437 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
И.Цгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч И.Ц нь иргэн Л.Бийн зүй бус харьцааны улмаас шалтаглан түүнийг зодож гэмтэл учруулсан болох нь түүний “Б “чи муу хоноцын шээс, танай ээж хоноцын шээс олныг гаргаа биздээ” гэж хэлэхээр нь уур хүрч нуруун дээрээс нь түлхтэл хамраараа хашаа мөргөж ойчсон юм. Тэгээд би гэр рүү ороод хувцсаа сольж байтал Б гаднаас “чамайг ална” гээд орж ирэхээр нь гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон юм” гэх,
хохирогч Л.Бийн “Ц гэх хүн манай хашаагаар дамжаад урагшаа гэр рүүгээ орж байгааг хараад би болохгүй юм хэлсэн байх. Санахгүй байгаа бөгөөд тэр хүнтэй муудаж сүүлдээ цохиулаад унаснаа хальт санаад байгаа юм. Тэгээд дагаад гэр рүү нь орсон ба тэнд бас зодуулж модоор толгой руугаа цохиулаад ухаан балартсан. Нэг мэдсэн гэртээ сэрсэн юм. Миний 2 нүд битүү хөхөрсөн, хамар битүү хавагнасан, толгой доргисон, баруун бөөр хөндүүрлэсэн байдалтай байна...” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно.
И.Ц нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч И.Цд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч И.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч И.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
И.Цд ял шийтгэл оногдуулахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч И.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч И.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Л.Бт эмчилгээний зардал 262.300 төлсөн бөгөөд түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Цг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Цгийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан И.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Л.Бт эмчилгээний зардал 262.300 төлсөн бөгөөд түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан И.Цд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР