| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0905/З |
| Дугаар | 128/ШШ2024/0177 |
| Огноо | 2024-02-28 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.*******
Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******
1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан тушаалд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******оос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан,
“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б.*******ийг тус яамны Салбарын хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалд түр томилсон тушаалыг хүчингүй болгуулах;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан тушаалд өдрөөс эхлэн томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах”-аар маргасан.
2.Нэхэмжлэгчээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“1.Миний бие Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга /эрхэлсэн түшмэл/, Салбарын Ерөнхий байцаагчийн албан тушаалыг эрхэлж байгаад Засгийн газрын ******* дугаар тогтоол болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот албан бичгийн дагуу хяналтын газрын дарга, Салбарын ерөнхий байцаагчийн албан тушаалд шилжин ирсэн боловч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот тушаал гаргаж намайг Нийгмийн хамгааллын хяналтын салбарын ахлах шинжээчийн /ахлах түшмэл/ албан тушаалд түр томилсон нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулан холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах.
2. Дээрх хууль зөрчсөн шийдвэрийг эсэргүүцэн Төрийн албаны зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хандсан ба Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* албан бичгээр Б.*******ийг Нийгмийн хамгааллын хяналтын салбарын ахлах шинжээчийн /ахлах түшмэл/ албан тушаалд түр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулалгүй томилгоо хийхийг даалгасан боловч уг албан бичгийн дагуу ямар нэг арга хэмжээ аваагүй /эс үйлдэхүй/ болно.
Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг салбар яамдад шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарсан. Уг тогтоолын “2.3. мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг орон тоо, төсөв, ашиглаж буй компьютер техник, хэрэгслийн хамт одоо эрхэлж байгаа чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан байгууллагад шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;” заалтын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан Салбарын Ерөнхий байцаагч, Улсын ахлах байцаагч, Улсын байцаагчдыг эрхэлж байсан албан тушаалын дагуу салбарын яамдад шилжүүлсэн.
Миний бие Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга /эрхэлсэн түшмэл/, Салбарын Ерөнхий байцаагчийн албан тушаалыг эрхэлж байгаад уг ******* дугаар тогтоол болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот албан бичгийн дагуу хяналтын газрын дарга, Салбарын ерөнхий байцаагчийн албан тушаалд шилжин ирсэн боловч Төрийн нарийн бичгийн дарга Г. нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин ******* тоот тушаалаар Нийгмийн хамгааллын хяналтын салбарын ахлах шинжээчийн /ахлах түшмэл/ албан тушаалд түр томилсон.
Дээрх хууль зөрчсөн шийдвэрийг үл зөвшөөрөн Төрийн албаны зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 30-нд хандаж өргөдөл гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* албан бичгээр Б.*******ийг “Нийгмийн хамгааллын хяналтын салбарын ахлах шинжээчийн /ахлах түшмэл/ албан тушаалд түр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.т мэдэгдсэн. Уг албан бичгийг хэрэгжүүлж ажиллах ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд миний бие Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй 3 удаа уулзаж албан бичгийг хэрэгжүүлж ажиллах талаар хүсэхэд ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно.
Төрийн захиргааны ангилал, зэрэглэл нь агентлагийн газрын дарга, яамны ахлах шинжээч хоёрын хооронд ялгаатай. Засгийн газрын тогтоолоор одоо эрхэлж байгаа ажил, чиг үүргийн дагуу шилжүүлнэ үү гэсэн. Одоо миний томилогдсон байгаа албан тушаал ТЗ-4 дээр байгаа. Ангилал, зэрэглэл буурсан. Засгийн газрын агентлагийн дарга гэдэг албан тушаал нь ТЗ-3 дээр байгаа. Салбарын ерөнхий байцаагч гэдэг эрх нь яамны газрын даргын эдлэх эрх гээд хяналт шалгалтын журамд заасан. Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор батлагдсан хяналт шалгалт хийх нийтлэг журам батлах тухай журамд заасан.
Иймд Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын ******* дугаар тогтоолын дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд томилолгүй албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.*******ийг Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын ******* дугаар тогтоолын дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж өгнө үү.” гэв.
8.Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“1.Б.******* нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, гомдлын хариуг мэдэгдсэнээс хойш Захиргааны ерөнхий хуулийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гэж заасан хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан.
2. Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, чиг үүргийг салбарын яамдад шилжүүлсэн. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Албан хаагчдыг шилжүүлэх тухай” ******* дугаар албан бичгээр мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан 162 улсын байцаагчийн орон тоотойгоор манай салбарт шилжин ирсэн.
3.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 cap хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.” гэж заасны дагуу татан буугдсан байгууллагын ажилтнуудыг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шинэ албан тушаалын тодорхойлолт нь батлагдтал түр томилсон нь Төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.
4. Б.******* нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар төрийн албаны тусгай шалгалт өгөлгүй, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргаар түр томилогдож, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар чөлөөлөгдсөн. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан./
5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б.*******ийг Салбарын хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ******* //төгрөгийн үндсэн цалинтай томилж эрх зүйн байдлыг дордуулаагүй ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж байх хугацаандаа агентлагийн газрын даргаар // төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан.
6. Мэргэжлийн хяналтын зарим чиг үүрэг манай яаманд шилжиж ирсэнтэй холбогдуулан “ХНХЯ-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т тодорхой шалтгааны улмаас зохих өөрчлөлтийг оруулж чадаагүй тул шинээр байгуулагдсан Салбарын хяналтын газрын албан тушаалын тодорхойлолтууд батлагдаагүй байна. Албан тушаалын тодорхойлолт батлагдсаны дараа Төрийн албаны тухай хууль, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд нээлтэй зарлаж томилох хуулийн зохицуулалттай юм.
Анх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар татан буугдсанаар шилжүүлсэн. Яаманд үндсэн албан тушаал нь ахлах шинжээч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гээд яамны албан тушаалуудад шилжин ирж, манай яаман дээр албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй ч гэсэн улсын байцаагч, ерөнхий байцаагч гэсэн орон тоо, албан тушаалууд байхгүй. Мэргэжлийн хяналтаас шилжиж ирсэн өмнөх юмнаасаа салж чадахгүй би улсын ахлах байцаагч гэсэн асуудал яригдаад байдаг. Засгийн газрын тогтоолоор татан буулгахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална. Иргэний хуулийн 32 дугаар зүйлд хуулийн этгээдийг татан буулгах асуудлыг хуульчилсан. Иргэний хуулийн 32.1.4 дэх хэсэгт хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол татан буулгасан гэж үзнэ. Засгийн газрын ******* дугаар тогтоолын үндэслэх хэсгийн 6 дугаар зүйлд агентлагийг өөрчлөх буюу татан буулгах гэсэн зохицуулалттай. Тэгэхээр энэ байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдаагүй, нэгтгэгдээгүй, тусгаарлаагүй, өөрчлөгдөөгүй. Төрийн албан хаагчдын ажиллаж байсан төрийн байгууллагыг татан буулгасан тул Төрийн албаны тухай хуулийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа, төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсвэл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэшил, мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих эрхтэй гэж заасан. Б.******* ахлах шинжээчийг цалин хөлсийг нь бууруулаагүй, энэ хуулийн заалтын дагуу томилсон. Өөр ажил, албан тушаалаар түр ажлын байраар хангаад цалин хөлсийг нь бууруулаагүй. Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 62.1.4, 62.1.3 хоёрыг хольж хутгаад бичсэнээ хууль зөрчсөн байна гэсэн. Бид нар Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл биелүүлэхгүй байх эрхтэй.
Б.******* нь өнөөдрийг хүртэл ахлах шинжээчийн албан тушаалд томилогдсоноо хүлээн зөвшөөрөөд, ажлаа хийгээд, цалин хөлсөө аваад явж байгаа төрийн албан хаагч. Үнэхээр эрх, ашиг зөрчигдсөн гэж байвал тухайн үедээ ажлаа хийлгүйгээр, цалин хөлсөө авахгүйгээр энэ асуудлаа тавих байсан юм болов уу гэж бодож байгаа. Албан тушаалын тодорхойлолт тодорхой шалтгааны улмаас батлагдаагүй, түүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Хэрвээ энэ асуудал яригдах бол цаг хугацаанаас болоогүй, салбарын хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолт батлагдсаны дараа энэ албан тушаал дээр томилогдох байсан гэж нэхэмжлэлээ гаргах ёстой байсан юм болов уу гэж үзэж байгаа. Яагаад гэвэл одоо салбарын хяналтын газар гэсэн бүтэц байгаа болохоос биш тийм, тийм албан тушаалын тодорхойлолт гэж батлагдаж гараагүй байгаа тул ахлах шинжээч Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад шилжиж ирсэн хүмүүс ч гэсэн өнөөдрийг хүртэл албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа. Одоо салбарын хяналтын газар ямар чиг үүрэгтэй, юу хийх вэ, ямар албан тушаал байх вэ гэдэг асуудал нь чиг үүргүүд нь батлагдаад, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах үйл ажиллагаа одоо хийгдээд явж байгаа.
Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоолоор Төрийн албаны зөвлөлөөр батлуулаад, зөвшөөрөл аваад батлагдсаны дараа Авлигын эсрэг хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу урьдчилсан мэдүүлэг хянуулах, урьдчилсан мэдүүлэг хянуулахад тухайн албан тушаалын тодорхойлолт нь байж заавал урьдчилсан мэдүүлэг хянуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Тэгэхээр энэ асуудлын дараа гомдлоо гаргах ёстой байсан юм болов уу гэж үзэж байна. Татан буугдсан байгууллагыг тодорхой албан тушаалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс хангаж ажиллуулж байна гэж үзэж байна.
Иймд Б.*******ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Дараах үндэслэлээр Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.*******ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргасан.
2.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга /эрхэлсэн түшмэл/, салбарын ерөнхий байцаагчийн албан тушаалыг эрхэлж байгаад Засгийн газрын ******* дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар албан бичгийн дагуу хяналтын газрын дарга, Салбарын ерөнхий байцаагчийн албан тушаалд шилжин ирсэн боловч ... Нийгмийн хамгааллын хяналтын салбарын ахлах шинжээчийн /ахлах түшмэл/ албан тушаалд түр томилсон нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулан холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн,
2.2.Төрийн албаны зөвлөлөөс Б.*******ийг Нийгмийн хамгааллын хяналтын салбарын ахлах шинжээчийн /ахлах түшмэл/ албан тушаалд түр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулалгүй томилгоо хийхийг даалгасныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга биелүүлээгүй.
3.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар Б.*******ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргаар, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргын албан тушаалд томилжээ.
4. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээ авах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар албан бичгээр алба хаагчдыг шилжүүлэх түүний дотор Б.*******ийг төрийн албан тушаалын ТЗ-11-5 ангилалд хамааруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын газрын дарга, салбарын ерөнхий байцаагчийн албан тушаалд шилжүүлэн томилохоор шийдвэрлэсэн байна.
5.Эдгээр шийдвэрийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга, салбарын ерөнхий байцаагч Б.*******ийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шилжүүлсэн байна.
6.Харин дээрх шийдвэрийн дагуу шилжин очсон Бийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар тус яамны Салбарын хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалд түр томилжээ.
7.Ийнхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б.*******ийг тус яамны Салбарын хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалд түр томилж, ТЗ-4-д ангилалд хамруулснаар Б.*******ийн урьд эрхэлж байсан эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв, албан тушаалын ангилал, зэрэглэл буурсан.
Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал зэрэглээр ТЗ-11 ангилал нь эрхэлсэн түшмэлд хамаарч байгаа бол Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор батлагдсан ангилал, зэрэглэлээр ТЗ-4 ангилал ахлах түшмэлийн зэрэг дэвд хамаарч байна.
8.Түүнчлэн Б.*******ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээчийн албан тушаалд түр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.”Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”, 44.3.”Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.” гэж заасныг зөрчсөн.
9.Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу ...” гэж,
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.” гэж заасныг тус тус зөрчжээ.
10.Хариуцагчаас “Б.******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар төрийн албаны тусгай шалгалт өгөлгүй, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргаар томилогдож, уг газар татан буугдсантай холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар чөлөөлөгдсөн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
11.Учир нь Б.******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарласан төрийн албаны сул орон тоог нөхөн тусгай шалгалтад тэнцэж, уг газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Б.*******ийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсний дагуу тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын даргын албан тушаалд томилогдсон байна.
12.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ******* албан бичгээр Б.*******ийн гомдлыг шийдвэрлээд “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдаж, Засгийн газрын тогтоолоор Салбарын улсын ерөнхий байцаагчийг орон тоо, чиг үүрэг нь холбогдох яам буюу ... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжсэн байхад тухайн албан тушаалд ажиллаж байсан Б.*******ийг Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээчийн албан тушаалд түр томилсон нь Төрийн албаны хуулийг зөрчсөн байна...” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Маргаан бүхий актаар томилогдсон албан тушаалд Б.*******ийн цалин хөлс буураагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс маргаагүй болно.
13.Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.*******ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.*******ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН