Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 603

 

 

 

 

 

 

 

 

 

КБСын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00114 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч КБСын нэхэмжлэлтэй, Д.Мад холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Батчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Намнансүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн КБС/Kim Boo Seop/ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь найз нөхөд, ажил хэргийн харилцаа холбоогоо ашиглан өөрийн хувийн хэрэгцээндээ КБСоос бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ, шаардлага гарсан тул туслахыг хүсч, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 49 000 000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 21 000 000 төгрөгийг тус тус зээлж, нийт 120 000 000 төгрөгийг бэлнээр зээлж авсан байдаг. Тухайн үед зээлдүүлэгч КБСнь өөрийнхөө 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эм Би Эс Мед”  ХХК-ийг Д.Мад хариуцуулж, түүнийг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байсан найз нөхөд, ажил хэргийн хамтрагчийн харилцаатай байж, ихээхэн итгэл үзүүлж байсан тул харилцан итгэлцлийн үндсэн дээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөнгийг бэлнээр өгсөн байдаг. Ийнхүү Д.Мад бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ, шаардлага бий болж, өөрт нь хандах бүрт КБСнь хамтрагч, найзын хувиар хэд хэдэн удаа мөнгө зээлдүүлсэн үйлдэл давтагдсан тул 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 21 000 000 төгрөгийг зээлүүлэхдээ өмнө нь зээлдүүлсэн мөнгөний тооцоог нийлэн баталгаажуулж, Солонгос, Монгол хэлээр “Зээлийн баримт” гэх баримтыг үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Уг баримтаар хариуцагч Д.М нь 120 000 000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг ба 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах амлалтыг өгсөн. Гэвч Д.М нь энэхүү амлалтандаа хүрээгүй, зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй өнөөдрийг хүрсэн тул Д.Маас 120 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭБСМ ХХК-ийг Д.М 2013 онд үүсгэн байгуулсан. Д.М нь Ким Бү Собтой ажил хэргийн журмаар танилцсаны дараа КБСнь Солонгост татварын асуудал үүсчихлээ, чи компаниа түр хугацаанд шилжүүлж өгөөч гэж гуйсны дагуу тус компанийг Ким Бү Собд шилжүүлсэн боловч тэрээр буцааж шилжүүлээгүй. Ким Бү Собоос авсан 120 000 000  төгрөгийг Д.М нь хувийн журмаар аваагүй, уг мөнгийг ЭБСМ ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь санхүүгийн баримт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа. Мөн хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан Дунсон хууль зүйн товчооноос Ким Бү Собоос иргэн С.Батчимэгт олгосон итгэмжлэлийн асуудал байгаа. Дунсан хууль  зүйн товчоо гэж байгаа боловч Монгол улсын нотариатын тухай хуульд зааснаар нотариатын үйлдэл хийх шаардлага хангасан, хууль эрх зүйн шалгалтанд тэнцсэн хүн нотариатын үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл энэ Дунсан хууль зүйн товчоо нь нотариатын эрхтэй эсэх баримт энд байхгүй байна. Нотариатын баталгаажуулалтын эхний мөрөнд Ким Бү Собын биет төлөөлөгч болох Пак Дыг Ил гэгч энэ нотариатын хууль зүйн товчоон дээр ирээд жолооны үнэмлэхээ үзүүлээд, энэ хүний гарын үсгийг тодорхойлсон асуудал байна. Тэгэхээр Ким Бү Собын С.Батчимэгт олгосон итгэмжлэл дээрх гарын үсэг Ким Бү Собын гарын үсэг мөн эсэх талаарх эргэлзээтэй асуудал үүсч байна. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхтэй эсэх талаар эргэлзэх нөхцөл байдал үүсч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д.Маас 120 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч КБСд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн           757 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 757 950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “КБСд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй. Мөн гэрч Д.Баасанжав, М.Энхээ нарын мэдүүлгээр Ким Бү Собоос зээлсэн мөнгийг ЭБСМ ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар мэдүүлсэн, уг гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, нотлох баримт шинжлэн судлах шатанд нотлох баримтаар шинжлэн судлагдсан байхад шүүхээс нотлох баримтыг илт үгүйсгэн дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар уг мөнгийг иргэн Д.Маас нэхэмжлэх бус ЭБСМ ХХК-иас нэхэмжлэх үндэслэлтэй болох нь тогтоогдож байгаа ба харин нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг солих талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно. ЭБСМ ХХК нь иргэн Д.Мын компани биш, харин нэхэмжлэгчийн өөрийнх нь компани болсон байгаа бөгөөд уг мөнгийг өөрийнхөө компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэхээс зайлсхийж Д.Маас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн зүгээс ЭБСМ ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр, гэрчээр, сөрөг нэхэмжлэл гаргах замаар хэрэг хянан шийдэрлэх ажиллагаанд оролцуулахаар анхан шатны шүүхэд удаа дараа хүсэлтийг гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй, уг асуудлыг огт тодруулалгүйгээр шийдвэрлэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч КБС /Kim Boo Seop/ нь хариуцагч Д.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх гадаад улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн КБС-оос С.Батчимэгт олгосон итгэмжлэлийг баталгаажуулсан нотариатын үйлдлийг гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах /апостиль/ шаардлагад нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Батчимэгийг нэхэмжлэгч Ким Бү Соб-ыг шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий  дүгнэлт хийсэн  байна.

Хэргийн 11-12 дугаар талд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн баримт гэх бичгийн нотлох баримт авагдсан байх ба уг зээлийн баримтаас үзэхэд “зээлдүүлэгч Ким Бү Соб, нөгөө талаас зээлдэгч Д.М 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 49 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 21 000 000 төгрөг, нийт 120 000 000  төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон агуулга тусгагдсан, уг зээлийн баримтад хариуцагч Д.М гарын үсэг зурж баталгаажуулсан нь  Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн байна.

Хариуцагч нь уг зээлийн баримтад гарын үсэг зурсан талаар маргаагүй, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч дээрх байдлаар зээл олгосон гэх байдлаа нотлосон бол хариуцагч нь дээрх зээлийн мөнгөн хөрөнгийг “....ЭБСМ ХХК-ийн нэрийн өмнөөс зээлж авсан бөгөөд тус компанийн үйл ажиллагаанд зарцуулсан...”  гэж тайлбарлаж байгаа боловч уг зээлийн баримтад энэ талаар тусгагдаагүй байна.

Мөн хариуцагч тал гэрчээр Д.Баасанжав, М.Энхээ нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэрч Д.Баасанжав “...2014 оноос хойш КБСгэх хүн бэлэн мөнгөтэй ирээд их бага хэмжээгээр зээл гээд өгдөг байсан. Мөнгөний тоог санахгүй байна. Эмнэлгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан. Гурван талт гэрээний дагуу Солонгос улс руу 50 000 000 төгрөг шилжүүлдэг байсан...” гэж, М.Энхээ “...2014 оноос эхлээд компанийн үйл ажиллагаанд зориулж зээл авч байсан. Компанийн үйл ажиллагаатай холбогдуулан зээл авдаг байсан...” гэж  тус тус мэдүүлсэн байх боловч дээрх зээлийн 120 000 000 төгрөгийг ЭБСМ ХХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан, уг мөнгөн хөрөнгийг санхүүгийн баримтад хэрхэн тусгасан талаар тодорхой мэдүүлээгүйгээс гадна, эдгээр гэрчийн мэдүүлэг санхүүгийн анхан шатны баримтаар давхар нотлогдоогүй, санхүүгийн тайланг хэрэгт гаргаж өгөөгүй буюу гэрч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй байна. /хх-ийн 121-124, 2хх 51-52/

Ийм учраас хариуцагч нь тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа зээлийн баримтыг үндэслэл бүхий баримтаар няцааж үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.

 

Хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт болон тус дүгнэлтийг гаргахад ашигласан ЭБСМ ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд авагдсан байх боловч  уг дүгнэлтээр КБСнь ЭБСМ ХХК-д 718 366 291 төгрөгийн өглөгтэй болохыг тогтоосон болохоос хариуцагчийн татгалзал, тайлбарын үндэслэлийг нотлоогүй байна. /1хх190-250, 2хх 1-37/.. 

 

Хариуцагч тал “Ириум болон ЭБСМ ХХК-иудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар хүсэлт гаргасан ба гуравдагч этгээдээр оролцуулах, эсхүл оролцох тухай хүсэлтээр шүүх уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “оролцуулж болно” гэж заасан хуулийн зохицуулалтыг “оролцуулах үүрэгтэй”, “зайлшгүй оролцуулна” гэж ойлгох үндэслэлгүй болно.

 

Шүүх гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хангах, эсэхийг тухайн маргааны зүйл, хэргийн нөхцөл байдлыг үндэслэн өөрөө шийдвэрлэх бөгөөд зохигчдын хоорондох зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны талаар гарах шүүхийн шийдвэр энэ гэрээний оролцогч бус ЭБСМ ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хх-176-189/

 

Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж, тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн   анхан шатны шүүхийг ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Маас төлсөн 758 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.   

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН