| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2017/0166/э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 159
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чд холбогдох эрүүгийн 1730001350096 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, Б.Ч.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Ч нь /гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны буюу 17 нас 11 сар 10 хоногтой байсан/ 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 24 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Цагаан-Овооны ... тоотоос хохирогч С.Бын эзэмшлийн улаан өнгийн Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 11-р сарын 01-ний шөнө хөдөө явах гээд Б ахын мотоциклийг авч явсан. Би хөдөө айлын мал харах ёстой байсан. Мотоциклийг нь буцаагаад хохирогчид хүлээлгэж өгсөн. Мотоциклийн эвдэрсэн эд зүйл, бензиний мөнгө гэж 55000 төгрөг өгсөн гэв.
-Хохирогч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цаг 30 минутын үед бие засахаа гарахад миний мотоцикль гэрийн гадаа байсан. 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд дахин гарч бие засахад мотоцикль байхгүй байсан. Миний мотоцикль Даюунг маркийн улсын дугааргүй, шатахууны савны хүзүүн дээр нь наалттай, яндан нь ачаанаасаа гинжээр бэхэлсэн, ачааны буруу тал нь гагнаастай урд талын кирло цоолж боосон улаан өнгийн тээврийн хэрэгсэл юм. Ямар нэг баримт бичиг байхгүй, Анх манай төрсөн дүү уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Харин манай дүү нас барсан тул уг тээврийн хэрэгслийг би эзэмшиж байна. Хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авсныг мэдэхгүй байна. Би мотоциклийг 500 000 төгрөгөөр үнэлж байна. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
-Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтанд гаргасан: Б.Ч нь миний хүү байгаа юм. Ч 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиа орхиод лам болсон. Улмаар шашны сургуульд суралцаж байгаад 2017 оны 03 дугаар сараас шашны сургуулиа хаяад ирсэн. Ааш зангийн хувьд хүнд тусархуу, хүний үгээр зөөлөн хүүхэд байгаа юм. Б.Ч нь өмнө хэрэгт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03, 5-6-р хуудас/
-Тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9-р хуудас/
-С.Бын мотоциклийн үнэлгээ /хх-ийн 22-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08/01-59 дугаар тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/
-Б.Ч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 27-р хуудас/
-Б.Ч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.Ч нь нь /гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны буюу 17 нас 11 сар 10 хоногтой байсан/ 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 24 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Цагаан-Овооны ... тоотоос хохирогч С.Бын эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Чийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Бын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Чд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.Чийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Чд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Чийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн болно.
Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Бд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Чийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6,8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Чд мэдэгдсүгэй.
4. Ялтан Б.Ч нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Бд хохирол төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА