Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/775

 

 

 

 

 

 

  2022             08              02                                          2022/ДШМ/775

 

 

Д.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Д.З-ийн өмгөөлөгч Т.Т,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/402 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэвэлмаа, шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Т.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.З-д холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, С-н ...-...-Г тоотод амь хохирогч Л.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар 62 см урттай, 4 см өргөнтэй модоор толгойн зүүн хэсэгт нь цохиж гавал тархины гэмтэл учруулсны улмаас Л.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ий өдөр нас барж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.З-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.З-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-г 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-д оногдуулсан 9 /ес/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-ы 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 40 см урт, 4 см өргөнтэй модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Г.Ц миний бие анхан шатны шүүх хуралд өөрийн хүсэж шийдвэрлүүлэхийг хүссэн асуудлаа бүрэн дүүрэн гаргаж илэрхийлж чадаагүй үүнээс үүдэлтэй шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байж болзошгүй учир нь миний бие төрөлхийн хэл ярианы гажигтай, сонсгол муу хөдөлмөрийн чадвар муудалт 70 хувиар тогтоогдож байдаг юм. Гэхдээ бичгийн чадвар эзэмшсэн тул өөрийгөө бичгээр илэрхийлж чадна. Энэ ч утгаараа Д.З-г хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурор Э.Бадралтай биечлэн уулзаж бичгээр хүсэлт өгч байсан. Мөн шүүхэд ч гэсэн Д.З-д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж хуульд зааснаас доогуур ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэх байсан. Шүүх хуралдааны явцыг бүрэн ойлгож мэдээгүйгээс энэ үгээ хэлж чадаагүй болно. Талийгаач Л.Ц-ын ар гэр төрөл төрөгсөд нь бидэнтэй харьцдаггүй буяны ажил явдлаар нь ирсэн боловч бидэнд хамаагүй гэсэн байр сууринаас хандаж байсан. Эргээд 2 хүүхдэд нь ямар ч дэмжлэг тусламж үзүүлэхгүй гэдэг нь тодорхой байгаа юм. Харин миний эгч Г.Ж, Д.З нар нь өөрийн өмчлөлийн хашаанд өдийг хүртэл биднийг дэмжиж тусалж амьдрал ахуйд минь тус дэм болсоор ирсэн. Өнгөрсөн асуудлаас хойш талийгаач Л.Ц-ын 2 хүүхдийг ажил амьдралд нь хүргэх л зорилго байна. Үүнд туслах хүмүүс нь миний хайрт эгч Г.Ж, түүний хань Д.З нар гэж үзэж байна. Ийм учраас нэгэнт хамтдаа амьдрахаар шийдсэн энэ 2 хүний амьдрал болон 2 хүүхдийнхээ хувь заяаг бодон Д.З-д хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна. Миний хувьд анхан шатны шүүх хурал дээр тэжээгчээ алдсаны тэтгэмж түүний зөрүүг нэхэмжилж байсан боловч үүнийгээ нэхэмжлэхээс татгалзаж байна. Д.З-д ямар нэгэн гомдолгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу 5 жил 3 сараар ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.

            Шүүгдэгч Д.З давж заалдах гомдолдоо: “...Д.З миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2022/ШЦТ/402 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож нээлттэй хорих ангид 9 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Миний бие уг хэргийг үйлдсэндээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Энэ хэргийн хохирогч бид хоёр нь баз хүргэдүүд юм. Хохирогчийн ар гэр болох эхнэр 2 хүүхдүүдийг нь харж хандан мөн насанд хүртэл нь мөнгөн тусламж үзүүлэн туслаж дэмжиж амьдрах шаардлага байгаа нь үнэн бөгөөд уг үүргээс зугтан, татгалзах шалтгаан байхгүй юм. Талийгаачийн ар гэрт хохирол төлбөрийг барагдуулсан бөгөөд хохирогч талаас хохирол гомдол байхгүй гэдгээ мэдүүлсэн байдаг. Миний бие уг хэрэгт шалгагдаж эхэлснээсээ хойш гэм буруу дээр маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн миний бие хурдан суллагдах тусмаа хохирогчийн ар гэрт туслаж дэмжих бодит нөхцөл үүсэх юм. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэжээ. 

            Шүүгдэгч Д.З-гийн өмгөөлөгч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй, түүний өөрийгөө ойлгуулах чадвар муу гээд эх О-г хамт оролцуулах болсон боловч түүний тайлбар хангалттай яригдаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй үндэслэлээ хангалттай заагаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан Д.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх боломж байхгүй. Гэхдээ миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирол төлбөрөөс төлж барагдуулсан бөгөөд цаашид тусалж дэмжихээ илэрхийлсэн байдал, мөн олон бага насны хүүхэдтэй амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/402 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Энэ гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг бөгөөд хохирол, хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэж байгаа учраас түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 14-548-Г тоотод амь хохирогч Л.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар 62 см урттай, 4 см өргөнтэй модоор толгойн зүүн хэсэгт нь цохиж гавал тархины гэмтэл учруулсны улмаас Л.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ий өдөр нас барж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц-н “...З нилээн согтолттой ...дээд хэсгээс бага зэрэг уучихсан архи бариад манай гэрт орж ирсэн. ...Ц-тай хамт тухайн архинаасаа хувааж уусан. ...З ...хүүхдүүдийг утсаар тоглоод та нар одоо боль гээд загнаад байсан. Нөхөр хүүхдүүдээ өмөөрөөд чи хүүхдүүд загналаа гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Ц, З-г гэрээс гаръя зодолдъё, үзье гээд ...гараад явсан. ...Би араас нь удалгүй гарсан чинь манай нөхөр газар уначихсан, З гартаа прүүс мод барьчихсан зогсож байсан. ...Манай нөхрийн хамраас, бас чихнээс цус гоожоод байсан. ...гэмтлийн эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед очиж сэхээн амьдруулах тасагт хэвтээд ...хагалгаанд орохоор болсон. Сэргэхгүй, ухаан орохгүй, сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан. ...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байх үед дахиад хагалгаанд орсон боловч хагалгаа дийлээгүй нас барчихсан. ...З нэлээн согтолттой баруун гартаа дөрвөлжин, прүүс гэж нэрлэдэг уртавтар модыг барьчихсан зогсож байсан. ...талийгаач гэрийнхээ амбаарын ойролцоо газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан. ...З барьсан модоороо цохих гээд дайраад байхаар нь би түлхээд холдуулсан. ...” /хх 44-45/,

насанд хүрээгүй гэрч Ц.А-ны “...З ах гаднаас 1 шил архи барьчихсан орж ирсэн. ...Бид нарыг З ах гар утас оролдоод байна гээд загнахад аав уурлаад чи яагаад манай хүүхдүүдийг загнаад байгаа юм гээд тэр хоёр маргалдаад гэрээс гарсан. ...4-5 минутын дараа гэрээсээ гарсан чинь З ах гартаа нэг урт мод барьчихсан, аав урд хэсэгт газарт уначихсан байдалтай байж байсан. Аавын хамар, чихнээс нь цус гарчихсан байсан. ...аавыг гадаа ухаан алдчихсан байхад ээж өргөөд гэр рүү оруулаад цагдаа дуудсан. ...” /хх 50-51/,

яллагдагч Д.З-гийн “...Ц-д архи өгөөд ...архинаасаа хоёулаа ууж байсан. Би ...та нар утас байнга оролдох юм, наад утас чинь байнга оролдвол нүдний хараа муудна гээд хэлсэн чинь Ц та яагаад хүүхдүүд загнаад байгаа юм,...танд ямар хамаатай юм, манай гэрээс зайл гэсэн. ...Талийгаач эхнэрийгээ өмөөрсөн үү, хүүхдүүдээ өмөөрсөн үү гэнэт уурлаад гадаа гарч хоёулаа зодолдъё гэсэн. Би хойноос нь гараад нэг сэргэсэн чинь Ц газар уначихсан баруун талаараа хэвтчихсэн байсан. Миний хажууханд ...нэг мод байж байсан. ...нэг мод аваад баруун гартаа барьж байгаад Ц-ын толгойн зүүн хэсэг рүү 1 удаа цохисон. ...” /хх 114-115/,

шинжээч Ц.О-н “...Тус гэмтлүүд нь эмнэлгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй байжээ. Зүүн зулайн чамархай ясны цөмөрсөн хугарал нь, суурь яс болон зүүн хацрын нум, эрүү яс руу үргэлжилсэн шугаман хугарал нь толгойн зүүн хэсэгт 1 удаа цохиход үүснэ. Энэ гэмтлийн улмаас тархи дарагдал, тархины хаван үүсэж үхэлд хүргэсэн байна. ...” /хх 190/ гэх мэдүүлгүүд,

Талийгаачийн цогцост гавал тархины гэмтэл, зүүн зулай чамархай ясны цөмөрсөн хугарал, суурь яс болон зүүн хацрын нум, эрүү яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, эдийн няцрал, их тархины суурь ба хүнхрээг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хуйхны дотор зүүн чамархай хэсэг ба зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн чих, зүүн шанаа, дух, зүүн, баруун шуу, зүүн тохой, баруун, зүүн сарвуу, баруун гуяны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 2 хоног эмчлэгдсэн тул спиртийн агууламж үзэх боломжгүй. Талийгаач хоёрдугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 440 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 93-101/,

дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, “...дуудлага мэдээллийн дагуу 14-548-Г тоотод очиход ...Зодуулсан гэх иргэн Ц гэгч нь гэрийн хойморт хамар болон чихнээс нь цус гарсан байдалтай согтуу хэвтэж байв. ...” гэсэн илтгэх хуудас /хх 14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/, мөрдөгчийн тогтоол /хх 191/, эмчийн тодорхойлолт /хх 24/, Л.Ц-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх 181-188/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нас барсан тухай гэрчилгээ /хх 23/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12/, хохирлын баримт /хх 28-41/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.З-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Д.З-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Л.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар модоор толгойн зүүн хэсэгт нь цохиж гавал тархины гэмтэл учруулж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц-н “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу 5 жил 3 сараар ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна”, шүүгдэгч Д.З-гийн “...үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү”, түүний өмгөөлөгч Т.Т-ын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Д.З-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Л.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж модоор толгойн зүүн хэсэгт нь цохиж гавал тархины гэмтэл учруулж алсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц, шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Т.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/402 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-гийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                                  Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ