Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2024/00337

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * хот, *дүүрэг, *хороо, * гудамж, өөрийн байранд байрлах Э*,

Хариуцагч: * аймаг, * сум, * баг, *гудамж *тоотод оршин суух Г* овогт Д*ын Л*,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,405,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э*шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нөхөн төлөгдсөн байдлыг судалж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан.

** аймгийн * сумын *баг Ш* уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12:17 цаг орчимд * улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д*овогтой Л*жолоодон яваад *улсын дугаартай Nissan Х-Trail маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна.

Хохирогч Д.О* нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ, эмийн эмчилгээ, амбулаторийн үзлэгт орсон байх ба үүнд зарцуулсан 1,405,450 төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна.

Эрүүл мэндийн ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх-ээр заасныг үндэслэн тухайн гэмт хэргийн хувьд бус харин прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтийг ирүүлсэн болно.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Прокурор нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, 41 дүгээр зүйлийн 41.1-д шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж тус тус хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эрх үүсвэрээс бүрдэж нийт датгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Прокурор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Дээрх ажиллагааны хүрээнд зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Л* шүүхэд гаргасан хариу тайлбараа: 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан зам тээврийн ослын буруутай этгээд гэж тогтоогдсоны улмаас гэм хохирол гаргуулах мэдэгдэх хуудас 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авсан ба уг зүйлд:

*

Бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай этгээд гэх зүйл тусгагдсан,

*дугаартай Нэгдсэн эмнэлгийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 10,460,000 төгрөг сэлбэг хэрэгсэл, засварыг өөрийн мөнгө хөрөнгөөр авч засварласан уг тээврийн хэрэгслийг бэлэн болгож байгууллагыг хохиролгүй болгох, Учир нь талуудын хийсэн буруутай гэрээний улмаас тээврийн хэрэгслийн даатгал олдоогүй,

Хохирогч гэх Ч*ийн 5,750,000 төгрөгийг 5,000,000 төгрөгийг Тэнгэр даатгалаас гаргуулж үлдэгдэл 750,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээний бас бус гэх 1,200,000 төгрөгийг хоёр хуваан төлж байгууллага болон хувь хүний хохирлыг барагдуулсан болно.

Уг хохирлыг яаралтай барагдуулахын тулд их хэмжээний мөнгө зээлж үндсэн цалин болох 1,200,000 төгрөгөөс одоог хүртэл төлж барагдуулж байгаа. Уг осол гарахад би албан үүргээ гүйцэтгэж явсан ба нэн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай ухаан алдсан хүүхэд тээвэрлэж явсан ба Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу улаан гэрлээр орох шаардлага гарсан ба дүрмийн дагуу гэрлэн дохио дуут дохио ажиллуулж нэмэлт анхааруулга болох аваарын гэрлэн дохио, сигнал өгч явсан болно. Дуут дохио, гэрлэн дохио ажиллуулж яваа бичлэг надад байгаа ба гэрчлэх эмч, өвчтөний ээж мэдүүлэг өгнө.

1.    Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм 4.4-т тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа нөхцөлд хөдөлгөөнд оролцож яваа ямар ч тээврийн хэрэгсэл зам тавьж өгч чөлөөтэй зорчих боломжийг нь хангаж өгнө гэсэн заалтыг авч хэлэлцээгүй шийдвэр дүгнэлт гаргасан.

2.    Улаанбаатар хотод явуулсан шинжээчийн дүгнэлт гаргуулах материалд чөлөөтэй байгаа 2-р эгнээгээр зорчин уулзварт нэвтэрч байгаа * бичлэгийг явуулаагүй эсрэгээр ослын газрын схем зурган дээрээ эсрэг урсгалаар явж осол гаргаснаар зураг үйлдэж явуулж дүгнэлт гаргуулсан.

3.    Гэрч Б.Ж* нь хохирогч гэгдэх Ч*ийн нөхөртэй садан төрлийн холбоотой,

4.    Энэ Эрүүл мэндийн сангаас нэхэмжилсэн эмч О*ийн гэмтэл эмчилгээний зардалд шүүх шинжээчийн дүгнэлт хамаатай эсэх,

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Э* нэхэмжлэлтэй Д.Л*холбогдох 1,405,450 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрэв үүнд:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 1,405,450 төгрөгөөс 21,000 төгрөгийг татгалзаж үлдэх 1,384,450 төгрөгийг 1 жил 5 сарын хугацаанд буюу 09 дүгээр сараас эхлэн сар бүр 80,000 төгрөгөөр, сүүлийн сард 104,450 төгрөгөөр тус тус төлж барагдуулах харилцан тохиролцов.

Иймд хариуцагчаас дээрх хугацаанд 1,384,450 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хялбаршуулсан журмаар захирамжилж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлт, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн лавлагаа, Дорноговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай тогтоол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/618 дугаартай итгэмжлэл, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол, тэмдэглэл, Дорноговь аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/099 шинжээчийн дүгнэлт, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас, дүрс оношилгооны хэсэг компьютерт томограф оношилгоо,2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа,* дугаартай шийтгэлийн хуудас, Д.О*ийн ЭМБ-с авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э* нэхэмжлэлтэй Д.Л*д холбогдох 1,405,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 21,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 1,384,450 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сараас эхлэн 1 жил 5 сарын хугацаанд сар бүр 80,000 сүүлийн сард 104,450 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Э*н нэхэмжлэлтэй Д.Л*д холбогдох 1,405,450 төгрөг тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 21,000 төгрөгийг багасгаж үлдэгдэл 1,384,450 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сараас эхлэн 1 жил 5 сарын хугацаанд сар бүр 80,000 төгрөгөөр сүүлийн сард 104,450 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,503 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ