Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 605

 

 

 

 

 

 

 

 

 

ОБЕГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00145 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ОБЕГ-ын нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох, арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 873 347 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Байгалмаа, М.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Очбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх 48 дугаартай гэрээг байгуулан улсын нөөцөд хадгалагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг сэлгэн шинэчлэхээр хамтран ажилласан. Гэрээнд заасны дагуу шинэчлэгч тал А ХХК нь захиалагч тал Онцгой байдлын ерөнхий газраас 1 615 069 607 төгрөгийн өртөг бүхий 97 715 кг АИ-92 авто бензин, 800 068.96 кг дизель түлш буюу нийт 897 736.96 кг шатахууныг сэлгэн шинэчлэхээр авснаас 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1 235 639 387 төгрөгийн өртөг бүхий 704 190.18 кг дизель түлшийг буцаан нөхөн бүрдүүлээгүй байна. Захиалагч тал Онцгой байдлын ерөнхий газраас шинэчлэгч тал А ХХК-д гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар нийт 3 удаа албан бичгийг хүргүүлж, шинэчлэгч талаас гаргасан 3 удаагийн хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 109 тоот нэмэлт гэрээгээр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр нэмэлт гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, талуудын 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд дурдсаны дагуу гэрээний хугацааг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус сунгасан. Гэрээний 3.2.2-т шинэчлэгч тал нь дизель түлшийг хугацаанд нь нийлүүлээгүй дутуу нийлүүлсэн тохиолдолд нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн шатахууны үнийг гэрээний хугацаагаар тасалбар болгон тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож, шинэчлэгч талаас нэхэмжлэх ба үлдэгдэл өрийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу 0.5 хувиар алдангийг нэмж нэхэмжилнэ гэж заасны дагуу дутуу нийлүүлсэн 235 639 787 төгрөгийн өртөг бүхий 704 190.18 кг дизель түлшийг зах зээлийн үнэлгээнд шилжүүлснээр 1 915 564 953 төгрөг, 346 хоногийн алданги 957 782 476 төгрөг буюу нийт 2 873 947 430 төгрөгийн хохирлыг А ХХК-иас гаргуулж, улсын нөөцийн бараа материалын бүрдүүлэлтэд үүссэн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А ХХК нь О газартай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх 48 дугаартай гэрээ байгуулж нийт                     1 615 069 607 төгрөгийн үнэ бүхий түлшийг хүлээн авсан. Манай компани эдийн засгийн хүнд нөхцөлд орж, авах ёстой байсан авлагуудаа авч чадахгүй, үл хөдлөх эд хөрөнгүүд борлогдохгүй байсны улмаас сэлгэн нийлүүлэлтийг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй. Энэ талаар удаа дараа нэхэмжлэгч талтай уулзаж нөхцөл байдлуудаа танилцуулсаар ирсэн. Гэрээний дагуу нийтдээ 379 430 201 төгрөгийн үнэ бүхий түлшний сэлгэн нийлүүлэлтийг хийсэн. Ингээд талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж нийт                  1 235 639 396 төгрөгийн үнэ бүхий түлш сэлгэн нийлүүлэлт хийгээгүй болохыг баталгаажуулсан байдаг. Тооцоо нийлж баталгаажуулахад талууд алдангийг хасч тооцож баталгаажуулсан бөгөөд өнөөдөр алданги 957 782 476 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Талуудын хоорондын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлж баталгаажуулсан актын дагуу 1 235 639 396 төгрөгийн үнэ бүхий түлшийг хугацаандаа сэлгэн нийлүүлээгүйг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин гэрээнд заасан нөхцөл журмын дагуу 1 235 639 396 төгрөгийн үнэ бүхий түлшийг тодорхой хугацаанд сэлгэн нийлүүлэх замаар барагдуулж, нэхэмжлэгчтэй эвийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Бид гэрээний үүргээ зориуд зөрчөөгүй ба гагцхүү эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас хугацаандаа үүргээ гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан А ХХК-иас 1 853 459 095 төгрөгийг гаргуулж О газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 019 888 335 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5 257 392 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааны товыг шүүхээс лавлахад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10:00 цагт товлогдсон болохыг мэдсэн.

Миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Мэргэн девелопмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Одгэрэл, М.Өлзийсайхан болон “Номин констркашн” ХХК, Ш.Энхбаярт нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08:30 цагт хуралдахаар товлогдсон буюу өмнө нь зарлагдсан байсан тул арга буюу оролцохоор болсон. Ингээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах техникийн алдаа гарган 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэсэн тов илгээсэн байх бөгөөд гол нь миний бие шүүх хуралдаан хойшлуулах, эвлэрэх хугацаа олгож өгнө үү гэсэн хүсэлтдээ 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хурал давхцсан талаар тодорхой бичсэн байхад шүүхээс энэ асуудлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тодорхойгүй байхад мөн энэ асуудлыг тодруулахгүйгээр буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байхад хэргийг шийдвэрлэсэн. Мөн алдангид 617 819 698 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч талтай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар талууд алданги тооцохгүй байхаар тохиролцож тооцоо нийлсэн тул алданги нэхэмжлэх эрх байхгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 48 дугаартай Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх гэрээ, мөн өдөр 49 дугаартай баталгааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3-т заанаар хариуцагч А ХХК нь улсын нөөцөд 100тн АИ-92 авто бензинийг 219 164 810 төгрөгт, 800тн дизель түлшийг 1 400 774 500 төгрөгт нийт 900тн бензин түлшийг 1 619 939 310 төгрөгт тооцон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлэх үүрэг хүлээснээс 704 190.18 кг буюу 1 235 639 396.88 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг нийлүүлээгүй болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх 25/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Зохигчид 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №48 дугаартай гэрээнд шатахууныг буцаан нийлүүлэх гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №109 дугаартай гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр”, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №09 дүгээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Улсын нөөцийн салбарт хүлээлгэн өгөхөөр” тус тус харилцан тохиролцсон байхаас гадна /хх11-16/, мөн гэрээний 3.2.2-т “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар” алданги тооцох талаар /хх 21-23/ тус тус тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч “ОБЕГ-ын даргын 2016 оны тушаалаар дизель түлшний зах зээлийн ханшийг 2 285 төгрөгт тооцсон” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй тул шүүх дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түлшний үнэ 1 235 639 396.88 төгрөг, алданги 617 819 698.34 төгрөг, нийт 1 853 459 095.02 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 019 888.87 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “ОБЕГ-ын даргын итгэмжлэл хэрэгт авагдаагүй, төлөөлөх эрхтэй этгээд нь тодорхойгүй байхад уг асуудлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх боловч хариуцагч энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй байна.

Алдангийг багасгах нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар мөн тогтоогдсонгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагч талын хүсэлтээр удаа дараа сунгагдаж нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид боломж олгож байсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн болно.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаярт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, хариуцагч байгууллагад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг н.Ганзориг гэх хүн хүлээн авч гарын үсэг зурсан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралд оролцох мэдэгдэх хуудсыг хавсарган ирүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх 32, 47, 52/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А ХХК-иас төлсөн 9 425 246 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                    

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН