Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 606

 

 

 

 

 

 

 

 

 

А.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/00189 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Хгийн нэхэмжлэлтэй, НШШГГт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Халиунаа шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: НШШГГ зээлийн барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 3 дугаар гудамжны 70 тоотод байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг шинжээч томилж, 33 459 600 төгрөгөөр үнэлсэн байна. НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үнийн санал авах үүрэгтэй боловч А.Хгаас үнийн санал авалгүйгээр шууд шинжээч томилон үнэлүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ү-220102758, Г-2201026213 улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилон 33 459 600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Х фэйсбүүк хаягт үзлэг хийлгэхийг зөвшөөрөхгүй. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчний тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтыг шаардан авах тухай хүсэлт гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр НШШГГ дээр очиж, тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримттай танилцахад тусгай зөвшөөрлийг 2018 онд сунгасан байгааг олж мэдсэн тул энэ хүсэлтээсээ татгалзаж байна. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13775 дугаар захирамжаар А.Хгийн фэйсбүүк хаягт маргаан бүхий үнэлгээ мэдэгдсэн гэх “Niislel shuuhiin shiidver” хаяганд үзлэг хийх тухай хариуцагчийн хүсэлтийг хангасан байна. Үзлэг хийх шалтгаан нь “шинжээчээр үнэлгээ хийлгэсэн болохыг мэдэгдсэн" болохыг нотлох зорилготой. Үнийн санал аваагүй хэмээн маргаж, нэхэмжлэл гаргасан, Харин үнэлгээ хийлгэсэн тухай мэдэгдэл ирүүлээгүй... мэдэгдээгүй хэмээн маргасан зүйл нэхэмжлэлийн шаардлагад байхгүй юм, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн болохыг мэдэгдсэн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Хэргийн зохигч төрийн болон хувь хүний нууцад хамааралгүй асуудлаар нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхтэй. А.Хгийн нэхэмжлэлтэй НШШГГт холбогдох иргэний шүүх хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11:30 минутад болох тухай хурлын товыг мэдсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр явуулж, хэрэг маргааныг шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, Д.Мөнхцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 150 тоот захирамжаар Х.Баасансүрэн, Х.Маруся, А.Х нараас 8 336 998 төгрөгийг гаргуулж, “Транскапитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 3 дугаар гудамж, 70 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201027585 дугаартай хувийн сууц, Г-2201026213 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18270714/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18270714/06 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан.

Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч Х.Баасансүрэн, Х.Маруся нар 100 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч А.Х 120 000 000 төгрөгөөр үнэлж, зөрүүтэй үнийн санал ирүүлсэн. Төлбөр авагч “Транскапитал” ББСБ төлбөр төлөгч нарын үнийн саналтай нийцэхгүй байгаа тул хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, “Хөрөнгө эстимэйт” ХХК-иар үнэлүүлэхэд 33 459 600 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч А.Хд үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/11871 тоот мэдэгдлийг түүний эх Ц.Амарзаяад 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гардуулж, гарын үсэг зуруулан өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 4/11871 тоот мэдэгдлийг шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнж 39 дүгээр гудамж, 540 тоот хаягаар баталгаат шуудангаар, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/11870 тоот мэдэгдлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаагаар тогтоосон оршин суух бүртгэлийн хаяг болох Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24-02 тоот хаягаар баталгаат шуудангаар, фэйсбүүк цахим сүлжээний “А.Х” хаяг руу “Niisiel shuuhiin shiidver” хаягаас 2019 оны 5 дугаар сарын 16-нд 4/11870 тоот албан мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Фэйсбүүк цахим сүлжээний “А.Х” хаягаас “Niisiel shuuhiin shiidver” хаяг руу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Х.Баасансүрэн ахын үл хөдлөх эд хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр үнэлэх санал өгч байна” гэх үнийн саналыг ирүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах болно” гэж заасан байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасан ажиллагаанд ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой. Дараа нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 14 хоногийн дотор гомдлоо гаргаад дараа нь шүүхэд хандах ёстой. Энэ гомдлоо гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 3 дугаар гудамжны 70 тоотод байрлах, 63 м.кв талбайтай хувийн сууц, Г 2201026213 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А.Хгийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч А.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Н.Батбаяр миний бие үнэлгээ хийлгэсэн тухай мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч бусад оролцогч нараасаа сонсож мэдсэн хэмээн тайлбарласан байтал шүүх “2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн” хэмээн буруу тайлбарлаж дүгнэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд мэдэгдэл хүргүүлнэ гэсэн заалт байхгүй болно. Үнийн санал аваагүй болохыг А.Х нотлох үүрэггүй ба үүнийг НШШГГ нотлох үүрэгтэй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч НШШГГт холбогдуулан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаар шүүгчийн захирамжаар Х.Баасансүрэн, Х.Маруся, А.Х нар нь 8 336 998 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Транскапитал ББСБ” ХХК-д төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 3-4/

 

 Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Х.Баасансүрэнгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 3 дугаар гудамжны 70 тоотод байрлах, 63 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-2201026213 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхийн газрыг битүүмжилж, хураасан талаар зохигчид маргаагүй байна. /хх 24-41/

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоосон нь хууль зөрчөөгүй байна. /хх 50, 52-64/

            Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас санал авах талаар удаа дараа мэдэгдэхэд өмчлөгч Х.Баасансүрэн нь 100 000 000 төгрөгөөр санал гаргасан, төлбөр төлөгч Х.Маруся нь 100 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч А.Хд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4/11871 тоот “үнийн санал ирүүлэх тухай” мэдэгдлийг түүний оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн, энэ тухай тэмдэглэл үйлдсэн, мөн фэйсбүүк цахим сүлжээний “А.Х” гэх хаяг руу “Niislel shuuhiin shiidver” хаягаас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4/11870 тоот албан мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байх ба “А.Х” гэх фэйсбүүк хаягнаас “Niislel shuuhiin shiidver” хаягт 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Х.Баасансүрэн ахын үл хөдлөх эд хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр үнэлэх санал өгч байна” гэх үнийн саналыг ирүүлсэн нь хэргийн 64 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдсон. /хх 109-110/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч А.Хгаас үнийн санал авалгүйгээр дуудлага худалдаанд оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 9/41 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол, мөн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/18336 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг хариуцагч нь төлбөр төлөгч А.Хд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан болох тогтоогдож байх /хх 72, 73, 138/ ба нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, тэрээр хугацаа хэтрүүлсэн талаарх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2020/00189 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН