| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2017/0163/э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2017-11-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | н.Эрдэмбилэг |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 161
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Н.Эрдэмбилэг,
Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Над холбогдох эрүүгийн 1730001690117 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан Х.Н.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн 9-1 тоот хашаанд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Г.Быг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед багын найз Бын гэрт Хын хамт очсон бөгөөд Б нь найзууд ирлээ гээд Тайга нэртэй 0.5 литрийн архи задалж бид гурав хувааж ууцгаасан. Архи ууж дуусгаад харих болсон чинь Х миний машиныг жолоодож намайг хүргэж өгнө гэхээр нь би өөрөө машинаа жолоодоод явчихна чи үлдээд өөрөө явган алхаад харь гэсэн. Би машинаа асаагаад хөдлөхдөө Быг мөргөж, хөлийг нь хугалсан гэв.
- Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой Н, Х, Г нар манайд 22 цагийн орчимд ирсэн юм. Миний хувьд гэртээ унтаж амарч байсан.Биднийг хуучлаад сууж байхад хэн нь гаргасныг мэдэхгүй Болор нэртэй архи гаргачихсан аяга аваад тойруулаад эхэлсэн. Миний хувьд архинаас огт уугаагүй, тэд нар архиа ууж дуусахаар нь Тайга нэртэй 0.5 литрийн 1 шил архи гаргаж өгөхөд хувааж ууж дуусгасан. Удалгүй тэд нар явахаар болоод Н манайд унтаж амарна гэсэн. Тэгтэл Х Нын машиныг жолоодож явна гэхэд Н өглөө эрт Улаанбаатар хот явна, чамд машинаа өгч явуулахгүй гэсэн чинь Х үгээр идээд хоорондоо маргасан. Ингээд би хооронд нь эвлэрүүлэх гэж гэрээсээ гараад эвлэрүүлж, Ныг машинд нь суулгасан. Тэгтэл Н гэнэт машинаа урагш хөдөлгөөд намайг дайрчихсан. Тухайн үед машин хойд зүгт харж байсан бөгөөд хаалганы орчмоос автомашины урдуур нөгөө талд гарах үед дайрагдсан. Үүний улмаас миний баруун хөлийн шилбэ хэсгээр дайрагдаж, хугарсан. Н архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн байсан. Г, Х нар архи уусан байсан. Эмчилгээний зардлыг Н өгөөд байгаа. Миний хувьд найз нөхөд учир гомдол байхгүй. Миний хувьд зээлээ хаалгуулах хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
-Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр 3 найзтайгаа Болор нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Орой 23 цаг өнгөрөөд найзууд нь тарах үед Н манайд амрах болоод цуг явж байсан Д гэрлүүгээ Нын машинаар яваад өглөө авч ирж өгье гэж хэлсэн. Н машинаа өгөхгүй гээд тэр хоёр маргасан. Тэгээд манай нөхөр “та нар согтуу байна би хүргэж өгье” гээд аваад гарсан. Гадаа гараад Д, Н хоёр муудалцахад манай нөхөр салгаад Ныг машинд суулгасан. Тэгсэн Н машинаа барина гээд жолоон дээр суухаар нь манай нөхөр буруу талын хаалгыг хаах гээд машины урдуур гүйтэл хөдлөөд мөргөсөн. Тухайн үед машиных нь буруу талын урд дугуйн доогуур манай нөхрийн баруун хөл ивэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
-Гэрч И.Хын мөрдөн байцаалтанд өгсөн “... Б нэг шил Тайга нэртэй архи задлаад тэр архинаас би бараг уугаагүй тэр хоёр хувааж уугаад явах болтол Н согтчихсон би машиныг нь бариад гэррүү нь хүргээд өгье гэтэл өөрөө явна гээд надаас түлхүүрээ булааж машиндаа суугаад хөдлөх шиг болоод Быг дайрч унагасан. Тэгсэн хөл нь хугарсан байсан эмнэлэгт очиж үзүүлээд тарсан, өөр юм болоогүй. ...Тэр үед Б машиных нь хамар хэсэгт зогсож байсан машин байшингийн зүүн урд цонхны доод хэсэгт хойш нь харуулаад их ойрхон тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оын 11 дүгээр сарын 15-ны өдрийн 414 дугаартай задлан шинжилгээ хийсэн дүгнэлт: 1. Г.Бын биед баруун хөлний шилбэний тахилзуур болон шаант ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй сэлтэрхийт далд хугарал бүхий гэмтэл учирчээ. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” /хх-ийн 19-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт: 1.13-94 УБЦ улсын дугаартай Сента маркийн автомашиныг жолоодож явсан Х.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2.“Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” /хх-ийн 28-р хуудас/
-Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн
-48-р хуудас
-Х.Нын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 43-р хуудас
- Х.Нын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Н нь согтуугаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн 9-1 тоот хашаанд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний оройн 23 цагийн орчимд 13-94 УБЦ улсын дугаартай Сента маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “ жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” мөн дүрмийн 2.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд баруун хөлний шилбэний тахилзуур болон шаант ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй сэлтэрхийт далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Нын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Б , гэрч Б.Г, И.Х нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 414 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 26 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Над холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Х.Ныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Нын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Г.Бд эмчилгээний зардал, хохирол нөхөн төлсөн, хохирогч Г.Б гомдолгүй гэснийг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Ныг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилээр хасаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Над хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7,3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Х.Н нь хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоон, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Х.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /Нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 143484 дугаартай үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Бд эмчилгээний зардал хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА