Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 637

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Жгийн иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00299 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Жгийн Ө ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 39 895 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ж нь 2016 оны 08 сарын 31-ний өдөр “Гариг Констракшн” ХХК, Ө ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Монтед” цогцолбор хорооллын 1-р блок байрны 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 39 895 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Дээрх гэрээний 3.1-т “Гариг Констракшн” ХХК-д захиалагч тал төлбөрөө 100 хувь төлнө гэсний дагуу тус компанийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дах 47101142 тоот дансанд 39 895 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар 31-ний өдөр бүрэн төлсөн. Гэтэл Ө ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ цуцлах тухай” албан бичгийг надад өгсөн. Үүний дагуу Ө ХХК-ийн удирдлагуудтай уулзаж гэрээний дагуу орон сууцаа авах эсвэл төлбөрт төлсөн 39 895 000 төгрөгийг буцаан авахаар хүсэлт гаргасан боловч “мөнгө өгсөн “Гариг Констракшн” ХХК-аас хохирлоо барагдуул” гэсэн. “Гариг констракшн” ХХК, Ө ХХК-иуд нь үгсэн хуйвалдаж орон сууц ашиглалтад орох хугацаа дөхөөд ирэхээр иргэдийн мөнгийг 6-7 сарын хугацаанд эргэлдүүлж байраа босгож авсан.  Г.Ж нь гэрээний төлбөрөө төлсөн атал өнөөдрийг хүртэл орон сууцгүй, мөнгөгүй болсон байна. Иймд Ө ХХК-аас орон сууцны төлбөр болох 39 895 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Өнгөт фасад ХХК нь 2016 онд Монтед-84 айлын орон сууц төслийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, барилгын ажил гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд “Гариг констракшн” ХХК, захирал Д.Мөнхтөртэй 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 09 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 1.2-т зааснаар захиалагч “Гариг констракшн” ХХК нь 40.8-81.4 м.кв талбайтай нийт 10 ширхэг байрыг /526.2 м.кв/ 1 м.кв нь 1 200 000 төгрөгөөр нийт 63 144 000 төгрөгийн захиалга хийсэн билээ.

“Гариг констракшн” ХХК, захирал Д.Мөнхтөртэй байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай гэрээг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр манай компани нь “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г ГЖамъянсүрэнтэй байгуулсан. Гэвч “Гариг констракшн” ХХК, захирал Д.Мөнхтөртэй байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай гэрээг тус гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тул үндсэн гэрээг цуцалсан. “Гариг констракшн” ХХК-тай байгуулсан үндсэн гэрээ цуцлагдсан учраас 09/01 дугаартай гэрээний захиалагч Г.Жд гэрээ цуцлагдсан болохыг албан ёсоор мэдэгдсэн. Нэхэмжлэгч Г.Ж нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 39 895 000 төгрөгийг гэрээний дагуу “Гариг констракшн” ХХК-д шилжүүлсэн нь тодорхой бөгөөд тус компаниас миний харилцах “Хаан банк” ХХК-ийн 5009446608 тоот дансанд Г.Жгийн захиалсан байрны төлбөр гэсэн утгатай мөнгө шилжиж ирээгүй болох нь дансны хуулгаар нотлогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг хнирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж зааснаар хариуцагч гэх “Өнгөт  фасад” ХХК нь нэхэмжлэгч Г.Жгийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал байхгүй болох нь нэхэжлэгчийн нэхэжлэлийн шаардлагад тодорхой дурдагдсан байх тул “Өнгөт  фасад” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан жинхэнэ хариуцагч биш болох нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө ХХК-аас 39 895 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Жд олгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас 357 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Жд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, талуудын хооронд ямар гэрээний үүрэг үүссэн. Тухайн гэрээгээр хариуцагч “Өнгөт  фасад” ХХК ямар үүрэг хүлээж байгаа зэрэгт шүүх дүгнэлт өгч чадаагүйгээс болж, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад “...Дээрх гэрээний 3.1-т заасны дагуу “Гариг констракшн” ХХК-д захиалагч тал төлбөрөө 100 хувь төлнө гэсний дагуу “Гариг констракшн” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь төгрөгийн 46101142 дугаар дансанд 39 895 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлсөн юм...” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байтал шүүхийн шийдвэрт “Өнгөт  фасад”ХХК-ийн зүгээс “орон сууцны үнийг тогтоох” эрхийг “Гариг констракшн” ХХК-д олгосон мэтээр дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр 39 895 000 төгрөгийг хангаж шийдвэрлэжээ. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр орон сууц захиалгын үнийг тогтоох эрхийг “Гариг констракшн” ХХК-д олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй байхад ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна

            “Өнгөт  фасад” ХХК болон “Гариг констракшн” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Харин захиалагч “Гариг констракшн” ХХК нь өөрийн захиалсан орон сууцны захиалагчийн эрхийг иргэн Г.Жд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу иргэн Г.Ж болон “Гариг констракшн” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлээр зохицуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ болох нь захиалагч тал гэдэгт Г.Ж болон “Гариг констракшн” ХХК нар нь гарын үсэг зурсан байгаагаар нотлогдоно. Гэтэл ажил гүйцэтгэгч гэрээний 2 захиалагч нь хоорондоо орон сууц худалдах, худалдан авах талаар тохиролцож орон сууц захиалах гэрээг байгуулан өөрсдөө орон сууцны үнийг тогтоогоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Нөгөөтэйгүүр ажил гүйцэтгэх гэрээний захиалагч “Гариг констракшн” ХХК нь захиалагчийн эрхээ дангаараа гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ ашиглалтанд ороогүй байсан орон сууцны захиалгын үнийг бууруулан байгуулсан гэрээний /Орон сууц захиалах онцгой гэрээ/ үүргийг “Өнгөт  фасад” ХХК хариуцахгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 39 895 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч тухайн мөнгөн хөрөнгийг “Гариг констракшн” ХХК хүлээн авсан тул уг этгээд хариуцна гэж маргажээ. /хх 1, 17-18/

 

Хэрэгт авагдсан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г нэг талаас ажил гүйцэтгэгч /төсөл хэрэгжүүлэгч/ Ө ХХК болон орон сууцны анхны захиалагч, хөрөнгө оруулагч “Гариг констракшн” ХХК, нөгөө талаас захиалагч Г.Ж нар байгуулж, уг гэрээгээр төсөл хэрэгжүүлэгч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол, Алтай 14 дүгээр гудамж 431А, 432Б, 433А тоот хаягт баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орц, 6 дугаар давхар, E загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чанартай барих, захиалагч Г.Ж нь ажлын үр дүнг хүлээн авах, гэрээний төлбөрийг “Гариг констракшн” ХХК-д төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх5-8/

 

Хэргийн 9 дэх талд авагдсан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн ”Орлогын ордер”, зохигчдын тайлбараас үзвэл, захиалагч болох нэхэмжлэгч Г.Ж нь гэрээний дагуу 39 895 000 төгрөг төлсөн, харин төсөл хэрэгжүүлэгч нь нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Талууд энэхүү үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчийн төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хариуцагч нарын хэнд хамаарах эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Дээрхээс үзвэл, захиалагч болох нэхэмжлэгч гэрээний дагуу тодорхой хэмжээний /39 895 000 төгрөг/ мөнгөн хөрөнгө шилжүүлсэн боловч түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргээ төсөл хэрэгжүүлэгч одоог хүртэл биелүүлээгүй нь тогтоогдсон байна. Энэ тохиолдолд Г.Ж нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм.

 

Шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний үүргийн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь талууд гэрээний зүйлийг “50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц” гэж тодорхойлсон болохоос уг эд хөрөнгө бий болох ажиллагаа буюу хэрхэн яаж гүйцэтгэх талаар харилцан тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.  

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан Ө ХХК-ийн орон сууцны барилгын хэсгийн гэрээт борлуулагч “Хангарьд пропертийз” ХХК, “Гариг констракшн” ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 9 дугаартай “Орон сууц захиалгаар байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр /хх19-21/ борлуулагч нь “Гариг констракшн” ХХК-ийн захиалсан нийт 526.2 мкв талбай бүхий 10 орон сууцыг 1 м.кв талбайг 1 200 000 төгрөгөөр бусдад худалдан борлуулахаар тохиролцсон байна. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан гаргуулах үүрэг бүхий этгээдийг хариуцагч Ө ХХК гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дах хэсэгт заасантай нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн  “2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хувьд Ө ХХК, “Гариг констракшн” ХХК-иуд нь хамтран үүрэг гүйцэтгэгч” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Г.Ж, “Гариг констракшн” ХХК-ийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалах онцгой гэрээ” гэсэн гэрээний үүргийг “Өнгөт  фасад” ХХК нэхэмжлэгчийн өмнө хүлээхгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ө ХХК-аас төлсөн 357 425 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

 

Д.ЦОГТСАЙХАН