Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 0415

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1725003800220 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, эцэгийн хамт  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Д.Б 

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах Эрдэнэт-Булганы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн зааланд тоглож байгаад хохирогч Т.Г-ийн Iphone 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 11 сарын 04-ний өдөр Эрдэнэт Булганы станцын зааланд тоглосон. Тоглолтын дундуур бид хоолоо идсэн. Тэгээд тоглолт үзэхээр ороод буцаж гарахад коридорын сандал дээр iphone-7 гар утас байсан. Түүнийг аваад гадагш гарч тамхи татчихаад орж ирсэн. Тэгээд буцаж орж ирэхэд манайх тоглох болж үргэлжлүүлээд 2 тоглолт хийгээд хожигдоод гараад явсан. Ингээд 2 хоногийн дараа найз О- дээр уг утасны кодыг нь нээлгэх гээд очсон. Тэгээд О-т үлдээчихээд явсан. О-аас гар утсыг аваагүй байж байхад цагдаагаас ирж асуухад О-т байгаа гээд утсыг нь буцааж өгсөн. Хохиролд гар утсыг нь өгөөд дээр нь 680.000 төгрөг өгсөн. Тухайн үед Г- утсаа алдчихлаа гэхэд тийм үү гээд өнгөрсөн. Би өөрийгөө хулгай хийсэн гэж бодохгүй байна. Би хулгайлаагүй, олж авсан гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Т.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 сарын 04-ний өдөр 14 цагийн үед Баянцагаан багт байрлах Эрдэнэт, Булган дулааны цахилгаан станцын зааланд тоглож байгаад өмсөж явсан хар өнгийн хүрэмний халааснаас Iphone-7 маркийн гар утсаа хулгайд алдсан. ...заалны коридорт бөөнөөрөө сууж хоол идчихээд орж ирээд ээжтэйгээ утсаар ярьж дуусаад кармандаа хийсэн. ...намайг гар утсаа алдчихлаа гээд хайж байхад Б- ирээд өө гар утсаа алдсан юм уу. Тэгээд цагдаад хэлээч гэх мэтийн зүйл ярьж байгаад салаад явсан гэсэн мэдүүлэг /хх 7-10 ху/,

 

-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Намайг ажил дээр байж байхад Б- ирээд гадна талд нь ягаан цайвар өнгөтэй Iphone-7 маркийн гар утас зааланд тоглож байгаад олсон гээд чи надад ID кодтой байна уу, үгүй юу үзээд өгөөч гэж хэлсэн. Тухайн утас нь дэлгэц нь кодтой байсан гэсэн мэдүүллэг /хх 12 ху/,

 

-Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Г-ийг утсаа алга болгосон талаар мэдээгүй, тэмцээн дуусаад би найз Давааг хүргэж өгчихөөд  ирэхэд утас алга болсон гэдгийг мэдээд хайж байсан, тухайн үед би Г-тэй таарахад утсаа хулгайд алдсан байна гэж хэлэхээр нь би утас олсон талаар хэлээгүй нуугаад цагдаад хэлсэн юм уу гэж хэлээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх 11 ху/

 

            -Эд зүйлийн үнэлгээ /хх 16 ху/

-Д.Б-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 23-26 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/

              -Эд мөрийн баримт болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 5, 36 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах Эрдэнэт-Булганы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн зааланд тоглож байхдаа хохирогч Т.Г-ийн Iphone 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Т.Г-ийн “...2017 оны 11 сарын 04-ний өдөр 14 цагийн үед Баянцагаан багт байрлах Эрдэнэт, Булган дулааны цахилгаан станцын зааланд тоглож байгаад өмсөж явсан хар өнгийн хүрэмний халааснаас Iphone-7 маркийн гар утсаа хулгайд алдсан” гэсэн /хх 7-10 ху/, гэрч Б.О-ын  “...Намайг ажил дээр байж байхад Б- ирээд гадна талд нь ягаан цайвар өнгөтэй Iphone-7 маркийн гар утас зааланд тоглож байгаад олсон гээд чи надад ID кодтой байна уу, үгүй юу үзээд өгөөч гэж хэлсэн” /хх 12 ху/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би өөрийгөө хулгай хийсэн гэж бодохгүй байна. Би хулгайлаагүй, олж авсан” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг, хэргийн болон өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй боловч түүний дээрхи мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн “...заалны коридорт бөөнөөрөө сууж хоол идчихээд орж ирээд ээжтэйгээ утсаар ярьж дуусаад кармандаа хийсэн. ...намайг гар утсаа алдчихлаа гээд хайж байхад Б- ирээд өө гар утсаа алдсан юм уу. Тэгээд цагдаад хэлээч гэх мэтийн зүйл ярьж байгаад салаад явсан” гэсэн мэдүүлэг /хх 7-10 ху/,  мөн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Г-ийг утсаа алга болгосон талаар мэдээгүй, тэмцээн дуусаад би найз Давааг хүргэж өгчихөөд ирэхэд утас алга болсон гэдгийг мэдээд хайж байсан, тухайн үед би Г-тэй таарахад утсаа хулгайд алдсан байна гэж хэлэхээр нь би утас олсон талаар хэлээгүй нуугаад цагдаад хэлсэн юм уу гэж хэлээд яваад өгсөн” гэсэн мэдүүлгүүдээр /хх 11 ху/ няцаагдаж байна.

 

                     Шүүгдэгч Д.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                     Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

 

                     Энэ хэргийн улмаас хохирогч Т.Г-т 1.000.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овгийн Д,Б-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА