Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0171

 

 

 

 

     2024           02             27                                       128/ШШ2024/0171

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б******* /РД:ДЭ*******/,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч*******     

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:  Ж.Э*******                    

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Эн*******, Б.Л******* нарын хоорондын төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагүй буцалтгүй тусламж олгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т*******баяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эн*******, Б.Л******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Л.Б******* нь “...Л.Б*******д төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Гаалийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-1.1/3968 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Л.Б*******д нэг удаагийн буцалтгүй тусламжийг холбогдох журмын дагуу тооцож олгохыг Гаалийн ерөнхий газарт даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Л.Б******* нь анх 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газарт мөнгөн касс, тооцооны нярав албан тушаалд томилогдож хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/147 дугаартай тушаалаар Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдож ажилласан.

2.2. Улмаар нэхэмжлэгч нь Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/679 тушаалаар “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0539 дугаар шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03/1438 тоот албан бичгийг тус тус харгалзан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар Улаанбаатар хот дахь гаалийн улсын байцаагч Л.Б*******гийн гаалийн улсын байцаагчийн эрх болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлснийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс цуцалж, мөн өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

2.3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0539 дугаар шийдвэрээр Л.Б*******гаас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1.1/1658 тоот тэтгэвэр тогтоохоос татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Л.Б******* намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг Гаалийн ерөнхий газарт даалгах” тухай шаардлагыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1 дэх хэсэг, 2711.1.10, 2711.1.11. дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1.1/1658 тоот тэтгэвэр тогтоохоос татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Л.Б*******д өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг Гаалийн ерөнхий газарт даалган шийдвэрлэж, тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

2.4. Нэхэмжлэгчээс дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад “...өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож өгнө үү” гэж хандсаныг

Гаалийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны 01-1.1/3968 дугаар албан бичгээр “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар 16-ны өдрийн 128/ШШ2023/0539 дүгээр шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03/1438 дугаар албан бичиг, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан таны хүсэлт зэргийг харгалзан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/679 дугаар дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Дээрх тогтоол шийдвэр, албан бичиг, мөн таны гаалийн байгууллагын удирдлагад гаргасан хүсэлтэд тэтгэмжийн талаар огт дурдагдаагүй байсан болно” гэж хариуг өгчээ.

2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч Л.Б******* 2001 оноос эхэлж 2023 оны хүртэл Гаалийн байгууллагад гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан. 2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл, хуульд заасан шаардлага боломж бүрдэж тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан. Тухайн үед тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хариуцагч байгууллаас шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж хууль бус татгалзал мэдэгдсэн. Үүнтэй холбоотой Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож Л.Б*******г өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг даалгаж шийдвэрлэсэн. Өмнө нь хууль бусаар татгалзаж тэтгэвэрт гаргах байсан шалтгаан нь Л.Б*******тай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахаас өмнө Л.Б******* өндөр насны тэтгэвэрт гарах боломж нөхцөл бүрдсэн байсан. Тухайн хүсэлтээ гаргаж эрүүгийн хэргийн шүүхээс тодорхой ял шийтгэл гарахаас өмнөх хугацаанд тэтгэвэрт гарах өргөдлөө өгч шийдвэрлүүлж байсан. Өмнө нь өргөдлөө өгч байгаа нь эрүүгийн хэргийн шүүхээс ямар шийдвэр гарахаас үл шалтгаалж Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар тэтгэвэр авах эрхийг буцаалгахгүй талаар шийдвэр гарч шийдвэрлэгдсэн. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбар дээр Л.Б*******тай холбоотой тэтгэвэрт гаргах шийдвэр гарсан. Гэвч нэг удаагийн буцалтгүй тусламж олго гэдэг шүүхийн шийдвэр гараагүй тул тусламж олгохгүй гэдэг байдлаар тайлбарлаж татгалзал хэлж байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т өндөр насны тэтгэвэр тогтоолгож гарч байгаа төрийн жинхэнэ албан хаагч хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг холбогдох журамд нийцүүлж авах эрхтэй. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс тухайн тусламжийг олгох үүргийг журмаар нарийвчилж зааж өгсөн байгаа. Түүнээс биш зөвхөн тусламжийг дангаар нь авах боломж байхгүй. Тэтгэвэрт гарч байгаа бол нэмэлт баталгаа болгож олгож мөнгөн тусламж болохоос биш шагнал урамшуулал байдлаар олгож байгаа асуудал биш. Энэ байдлаар тайлбарлаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь улсад 22 жил ажилласан хөдөлмөрийг үнэлүүлж тухайн хугацаанд нийгмийн даатгалын зохих шимтгэлийг төлөөд явж байсан. Үүнийхээ үр шимийг тусламж хэлбэрээр авч байгаа. Хариуцагчаас өнөөдрийг хүртэл татгалзал нь тодорхой бус байдаг. Өмнө нь тэтгэвэр тогтоолгох эс үйлдэхүй гаргахдаа хүртэл тодорхой бус тайлбар өгдөг. Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэсэн асуудлаас болж тэтгэвэрт гаргаж болохгүй байна. Тэтгэвэрт гаргасны дараа тусламж өгч чадахгүй байна гэж тайлбарлаж байгаа боловч яг хариуцагчийн дурдаж байгаа татгалзлын үндэслэл болж байгаа шүүхээс Л.Б*******д тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарлах, нэг удаагийн тусламжийг хязгаарласан байдлаар эрхийг нь хязгаарлаж шийдвэр гараагүй. Зөвхөн Л.Б*******г гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10,000 нэгжтэй тэмцэх хэмжээгээр торгох шийтгэл оногдуулсан. Энэ ял шийтгэлтэй холбоотойгоор хүний үндсэн эрхийг давхар хязгаарлаж болохгүй гэж үзэж байна. Өмнөх тэтгэвэр тогтоолгохгүй байна гэдэгтэй холбоотой шүүхийн шийдвэр 2023 оны 6 дугаар сард гарын дараа нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сард тэтгэвэр тогтоохдоо тусламжийг үлдээлээ яагаад үлдээв ээ. Тусад нь шийдвэрлээд байна гэдэг байдлаар хандахад эрүүгийн шүүхтэй холбоотой асуудлыг ярьдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хувийн ашиг сонирхол харагдаж байна. Л.Б*******д хохирол учруулах нь Гаалийн ерөнхий газарт юм уу, нэг албан тушаалтанд таатай байгаа юм шиг явж байгаа. Нэхэмжлэгч Л.Б*******гийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж эрхийг нь зөрчиж байгаа үйлдэл болох албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламжийг холбогдох журамд нийцүүлж олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн үйлдлээр гэмт хэрэгт холбогдсон. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Л.Б******* тэтгэвэрт гарах ёстой байсан. Гаалийн ерөнхий газрын зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тэтгэвэрт гарсан талаар мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2022 оныг дуусах хүртэл ажиллах хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэрээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар шүүхийн шийдвэрээр ажиллах хүсэлттэй байх хугацаандаа ял авсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ял авсны дараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэргийг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Гаалийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-1.1/3968 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

1.1. Дээрх албан бичгээр “Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж хүссэн таны өргөдөлтэй танилцлаа. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0539 дүгээр шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03/1438 дугаар албан бичиг, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан таны хүсэлт зэргийг харгалзан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Б/679 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Дээрх тогтоол шийдвэр, албан бичиг, мөн таны гаалийн байгууллагын удирдлагад гаргасан хүсэлтэд тэтгэмжийн талаар огт дурдагдаагүй байсан болно” гэх хариуг нэхэмжлэгч Л.Б*******д өгчээ.

1.2. Нэхэмжлэгчээс “...Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0539 хүчин төгөлдөр шийдвэр байхад миний буцалтгүй тусламжийг олгохгүй, төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангахгүй байгаа хууль бус” гэж маргажээ.

1.3. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.1-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж заасан.

1.4. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба тус журмын 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө” гэж заасан.

1.5 Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0539 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 7-д “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлаас авч үзэхэд, нэхэмжлэгч Л.Б******* нь 1967 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн бөгөөд 1987 оноос өнөөдрийг хүртэл хөдөлмөр эрхлэн 56 нас хүрсэн, гаалийн байгууллагад анх 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газарт мөнгөн касс, тооцооны нярав албан тушаалд томилогдож, хамгийн сүүлд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/147 дугаартай тушаалаар Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдож ажилласан үйл баримт тогтоогдлоо.

8-д Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх хуулийн дагуу үүссэн байна.

 9-д Хэдийгээр хариуцагчийн зүгээс тайлбарлаж буй Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоол Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ДШМ/346 дугаартай магадлалаар Л.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэснийг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Л.Б*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхэд шууд нөлөөлөхгүй, тухайн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

...15-д Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй. гэж заасныг хариуцагч Гаалийн ерөнхий газар анхаарвал зохино” гэж үзэж Л.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01-1.1/1658 тоот тэтгэвэр тогтоохоос татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Л.Б*******д өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.

1.6. Тус шүүхийн шийдвэрээр Л.Б******* нь Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын нийтлэг үндэслэлд заасан төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт тогтоосон шаардлагад нийцсэн гэж үзнэ.

1.7. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмаар төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн тэтгэмж олгохоор зохицуулсан байхад Гаалийн ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-1.1/3968 албан бичгээр “Дээрх тогтоол шийдвэр, албан бичиг, мөн таны гаалийн байгууллагын удирдлагад гаргасан хүсэлтэд тэтгэмжийн талаар огт дурдагдаагүй” гэж нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан үйлдэл хууль зүйн үндэслэлгүй байна.

1.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-1.1/3968 албан бичгийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэгэнт шүүхээс Гаалийн ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-1.1/3968 албан бичиг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Л.Б*******д Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д тус тус заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.4 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1  дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-1.1/3968 тоот нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Л.Б*******д нэг удаагийн буцалтгүй тусламжийг холбогдох журмын дагуу олгохыг Гаалийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА