Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/796

 

 

 

 

 

 

  2022             08              09                                          2022/ДШМ/796

 

 

Г.С-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч Г.С,  

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/906 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ......................дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны ......... тоот хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, 42 инчийн "Самсунг" загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн А.Э-д бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.С-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.С-эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.С-эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.С-ийг урьд нь цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шүүгдэгч Г.С бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Г.С-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар журамлаж өгнө үү. Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр байхгүй учир 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийг прокурорын зүгээс үндэслэл бүхий гэж үзсэн. Г.С-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдлыг гаргасан байна. Энэ талаар прокурорын зүгээс тусгайлан гаргах санал байхгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.С нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны ..... тоот хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, 42 инчийн "Самсунг" загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн А.Э-д бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Э-ын “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн ....... хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны .......тоот хаалга нээх гээд татахад хаалганы цоож нь эвдэрсэн байсан. ...хаалга онгойлгоод хартал гэрийн баруун урьд талд, ширээн дээр байсан Самсунг загварын 42 инчийн зурагт алга болсон байсан...” /хх 10-11, 41/,

яллагдагч А.С-ийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн .......... хорооны нутагт байрны ............тоот гэртээ ганцаараа байж байхдаа архи ууж байсан ба ..............тоот өрөөнд зүс таних залуу байдаг түүнтэй хамт архи авч уух санаатай очтол гэрийн нь хаалга хаалттай байсан ба цааш түлхэхэд онгойсон. Гэрт нь ортол хүн байхгүй байхаар нь хар өнгийн Лед зурагт авч гараад гэртээ оруулаад гэртээ унтаж байсан...” /хх 39/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-6/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч А.С-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч А.С-т нь хохирогч А.Э-ын байнга амьдардаг, Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны ....... тоот хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, 42 инчийн "Самсунг" загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.С-т нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүх, шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч Г.С-ийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг хэрэглэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.С-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн заалттай нийцэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолд магадлалд дурдсан өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/906 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.С-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.”  гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.С-ийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                                  Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ