Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 690

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00116 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 456 474 175 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, экскаваторын түрээсийн төлбөр 168 460 790 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил,

Хариуцагчийн төлөөлөгч Р.Ариунболд,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Наранбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.        

 

Нэхэмжлэгч “Баярсоулд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани М ХХК-тай харилцан тохиролцож, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт нэртэй газарт алтны шороон ордод хамтран ажиллахаар гэрээ байгуулсан М ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 2, 4, 6, 7, 8 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэн гэрээг цуцалсан. Гэрээг цуцалснаас хойш М ХХК, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Манай талаас тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өнөөдөр уг сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор үндсэн нэхэмжлэл болгон М ХХК-иас 456 474 175 төгрөг буюу тоног төхөөрөмжийн зардалд 132 012 750 төгрөг, ус ашигласны төлбөрт 47 302 250 төгрөг, харуул хамгаалалтын төлбөр 16 802 750 төгрөг, дизель түлшний төлбөр 187 856 425 төгрөг, бульдозер ашигласан, цахилгаан үүсгүүрийн түрээсийн төлбөр 72 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Талууд тохиролцож ашгаа хуваахдаа өөрсдийн алт угаах төхөөрөмжөөр угааж, олборлож авсан алтны хэмжээнээс үл хамааран өөрсдийн өмчлөлд авахаар зөвшөөрсөн буюу М ХХК 176 958 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлнө гэснээр эдлэх эрх, үүрэг нь баталгаажсан. Тус гэрээний 3 дугаар зүйлд Б тал буюу М ХХК өөрийн техник, хөрөнгөд холбогдох зардлыг бүрэн хариуцан, олборлолт нөхөн сэргээлтийг тасралтгүй явуулна гэж заасан. Харин нөхөн сэргээлтийн ажилд хариуцагч оролцоогүй учраас нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан мөнгийг нэхэмжилсэн байгаа. Мөн гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч төлөх ёстой зүйлээ төлөөгүй. 5 дугаар зүйлд Б тал өөрт ногдох алтыг Монголбанкны Б ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн дансаар тушаах ба холбогдох зардлыг компанийн тайланд оруулан тооцохоор, 9 дүгээр зүйлд ажиллаж буй экскаватор, дизель түлшийг адил хэмжээгээр кодолж төлнө гэж тохиролцсон. Уг түлшний төлбөрийг хариуцагч төлсөн гэх боловч төлсөн баримт хэргийн материалд авагдаагүй. Манай талаас холбогдох баримтыг хэрэгт өгсөн. Эдгээр гэрээний заалт зөрчигдсөн учраас Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1 хэсэгт заасны дагуу талууд хамтран ажиллах боломжгүй болж мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.4 хэсэгт хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ гэж зааснаар хамтын үйл ажиллагааны явцад түлш, харуул хамгаалалт, ус ашигласны төлбөр, нөхөн сэргээх зэрэг зардлуудыг талууд хамтран хариуцахаар байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  н.Бумангэрэл гэх хүн Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд уг компанитай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Бидний хамтарч ажиллах болсон шалтгаан нь н.Бумангэрэл надтай уулзаад мөнгөний хэрэгцээ гарлаа, чи надад туслаач гэхэд нь өөрийн өмчлөлийн цэцэрлэгийн зориулалтаар барьсан 4 давхар үл хөдлөх хөрөнгийг н.Бумангэрэлийн нэр дээр шилжүүлэн өгч, уг үл хөдлөх хөрөнгийг н.Бумангэрэл “Төрийн банк” ХХК-д барьцаанд тавьж зээл авсан. Үүний дараа чи намайг хэцүү байхад тусалж ямар ч асуудалгүйгээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлж өгсөн учраас чамайг өөрийн уурхайн ажил руу оруулна гэж хэлээд энэ гэрээ хийгдсэн. Ингэхдээ уурхай эхлэх 176 958 000 төгрөгийг намайг гаргаж өгөөч гэхэд нь зөвшөөрч, 170 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууцыг н.Бумангэрэлийн нэр дээр шилжүүлж уурхайд ажиллахаар болсон. Уурхайн ажил 2017 оны 5 дугаар сарын сүүлээр эхэлсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сард н.Бумангэрэл өөр хоёр компанийг ажиллуулж, хоорондын хувийн харилцааны таарамжгүй байдлаас биднийг явуулсан. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрээр намайг 170 000 000 төгрөгийн орон сууц өгсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй гэдгийг баталсан байдаг. Надад н.Бумангэрэл гэрээг цуцлахаар болсон, компаниа зарах гэж байгаагаа хэлж, мэдэгдэж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу алтны орд газар дээр хамтран ажиллах явцад 2 компани нэг, нэг экскаватор гаргаж ажилласан бөгөөд уулын ажлын бүтээмж муу байсан учир талууд ярилцаад экскаватор түрээслэхээр болсон. Тухайн гэрээ яагаад М ХХК-ийн нэр дээр хийгдсэн гэхээр экскаваторыг авсан хүн миний найз байсан. Мөн Б ХХК тус түрээсийн гэрээний шаардлага хангахгүй нөхцөл байдалтай байсан учир М ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээг байгуулан, Хюьндай маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, шинэ экскаваторыг сарын түрээсийн төлбөр 49 500 000 төгрөг байхаар тооцож түрээслэж авсан. Тухайн экскаваторыг Б ХХК-ийн гаргасан экскаватор жижиг ажиллах боломж муутай байснаас уулын ажилд хоёулаа ашиглаж, түрээсийн зардалд 336 121 565 төгрөгийг төлсөн баримтыг хэрэгт өгсөн. Иймээс хамтран ажиллахдаа гарсан зардлаа талууд хувааж төлөхөөр гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалж, дураараа өөр компаниудтай гэрээ байгуулан ажилласан тул манай компани их хэмжээний хохиролд орсон гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар Б талын гарган ажиллуулах төхөөрөмжүүдийг заасан байдаг. Энэ гэрээ санхүүгийн түрээсийн гэрээ буюу лизинг юм. Б тал үүргээ биелүүлэхдээ хаанаас тоног төхөөрөмж авна уу, түрээслэнэ үү манайд хамаагүй асуудал. Гэхдээ нэхэмжлэгч экскаваторыг уурхайн үйл ажиллагаанд ашигласан талаар маргахгүй. Тухайн төхөөрөмжийг М ХХК худалдаж авсан. Гэрээнд худалдах үнэ 370 700 доллар, урьдчилгаа төлбөрт 99 000 долларыг төлсөн байна. Сар бүр төлөх түрээсийн төлбөр 49 500 доллар гэж байгаа. Хэрвээ энэ гэрээний дагуу тухайн экскаваторыг худалдан авч чадахгүй бол төлсөн төлбөрүүд түрээсэнд тооцогдож явах талаар гэрээний 3 дугаар зүйлд санхүүгийн түрээсийн гэрээний шилжих нөхцөлийг заасан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт түрээслэгчийн төлсөн төлбөрийг хүү, алданги, үндсэн төлбөр гэсэн дарааллаар суутгана, мөн гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хүлээх үүргийг, 12.3.21 дэх хэсэг гэрээний агуулга болж байгаа бөгөөд иймээс санхүүгийн түрээсийн гэрээ лизингтэй холбогдож байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд өөрсдөө хариуцна гэж заасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасныг баримтлан М ХХК-иас 155 829 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, үлдэх 300 644 205 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 440 320 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 000 254 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж                   937 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1 000 254 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Соёл-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндсэн нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 155 829 970 төгрөг дээр алт угаах төхөөрөмжийн баримтаар тогтоогдсон дүн 32 950 250 төгрөг, түлшний машины тал үнэ 9 000 000 төгрөг, ус ашигласны төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 3 650 000 төгрөг, төлөгдөөгүй түлшний үнэ 104 968 405 төгрөгийг нэмж тооцон, нийт 306 398 625 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн тухайд хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлд “Б” тал нь өөрийн техник, хөрөнгө, холбогдох зардлыг бүрэн хариуцаж, олборлолт, нөхөн сэргээх үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэгтэй болохыг зааж өгсөн. Харин хамтран хариуцах буюу түрээсийг хамтран төлөх нөхцөлийг гэрээний 4, 9 дүгээр зуйлд тодорхой зааж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд гүйцэтгэсэн ажлаас үл хамааран хариуцах ёстой буюу гэрээний 4 дүгээр зүйлд экскаваторын үнийг хувааж төлөхгүй талаар тохиролцоогүй гэж дүгнэсэн нь буруу байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Ариунболд давж заалдах гомдолдоо: “...Манай компаниас хамтын ажиллагаанд оруулсан 256 063 617 төгрөгөөс хог хаягдлын төлбөр, харуул хамгаалалтын хөлс, алт угаах төхөөрөмжийн үнэ, түлшний савны үнэ бүрэн төлөгдсөн. Харин хамтын ажиллагааны явцад Бульдозер, Цахилгаан үүсгүүр огт түрээслээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт “Ти Эм Би Эм дриллинг” ХХК-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 003 дугаартай түрээсийн гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 005 дугаартай түрээсийн гэрээ гэх баримтыг гаргаж өгсөн ч уг гэрээ тухайн үед хамтын ажиллагааны үед огт байгуулагдаж байгаагүй, ийм техник түрээслэж аваагүй болно. Энэ нь тухайн гэрээний агуулгаас бүрэн харагдаж байгаа. Тухайлбал, “Ти Эм Би Эм дриллинг'’ ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнүүдэд ямар хүчин чадалтай, ямар маркийн, улсын дугаар. техникийн гэрчилгээтэй техникийг хаана, ямар зориулалтаар түрээслэж байгаа нь тодорхойгүй байдаг. Түүнчлэн уг гэрээнүүдийн төлбөрийг төлсөн талаар албан ёсны санхүүгийн баримт байхгүй. Гэтэл анхан шүүх хэрэгт хамааралгүй, санхүүгийн баримтгүй гэрээнд үндэслэн манай компаниас Бульдозерийн түрээсийн төлбөрт 22 500 000 төгрөг, “Цахилгаан үүсгэврийн төлбөр 50 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамаарах нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 456 474 175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч экскаваторын түрээсийн төлбөр 168 460 790 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Талууд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, нэхэмжлэгчийн эзэмшлийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байрлах, ашигт малтмалын ашиглалтын МҮ-018764 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий Бөөрөлжүүт нэртэй талбайд алт олборлож, олсон ашгаа хувааж, М ХХК-иас 176.958.000 төгрөгийг төлж, өөрийн техник, хөрөнгө, холбогдох зардлаа бүрэн хариуцаж, 2 ширхэг ковш, 6 ширхэг самосвал автомашин, 1 ширхэг баяжуулах шугам гарган ажиллаж, өөрт ногдох алтны зардлыг компанийн тайланд тооцуулан, гэрээг жил бүрийн 11 дүгээр сард дүгнэн, нөхөн сэргээлт хийсэн талаар тооцоо нийлж, талбай хүлээлцэх акт үйлдэн, зохигчид 1 ширхэг бульдозерын түрээсийн төлбөрийг хамтран төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзвэл хамтран ажиллах гэрээний зардал гаргуулахаар хэн аль нь шаардсан байх ба хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар цуцалж, дуусгавар болгож байгаа тохиолдолд мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэж заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хамтран ажиллах гэрээг дуусгавар болсноор талууд үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдсэн гэх баримт авагдаагүйгээс гадна, гэрээг цуцалж, дуусгавар болгох үед ямар хөрөнгүүд байсан, эдгээр хөрөнгийн үнэлгээ тодорхой бус, тэдгээрийг хэнд хуваарилах асуудлуудыг тодорхойл болгох нь ач холбогдолтой болно.

 

Түүнчлэн, шүүх дундын эд хөрөнгөд хамаарах болон хамаарахгүй зардлыг ялгаж, зааглахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх ажиллагааг шүүх хангалттай явуулсан гэж үзэхээргүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хуваарилалт, мэтгэлцэх үндэслэл нь тодорхой болж, шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 689 943 төгрөг, хариуцагч М ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН