Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/797

 

 

 

 

 

 

  2022             08              09                                          2022/ДШМ/797

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/941 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ......дугаар хорооллын орчим авга ах Д.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь доод эрүү ясны хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүү, зүүн завжны зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 830.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас 145.400 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т олгож, хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б-аас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Хохирогч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Б нь маш бага шийтгүүлсэн учир би эрүүл мэндээрээ хохирч үлдсэн тул гомдолтой байна. Цаашдаа гарах зардлаа ажилгүй хэвтэрт байсан цаг хугацаагаа нөхөн төлүүлмээр байна. ...” гэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар хорооллын орчим авга ах Д.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь доод эрүү ясны хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүү, зүүн завьжны зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ын: “...намайг машинаас чирч буулгаад миний нүүр хэсэг рүү буюу нүд рүү цохиж унагаагаад жолооч залуу хөлөөрөө дэвсээд байсан, үргэлжлүүлээд зодож байхад хамт архи уусан Я орилж байгаад салгасан. ...Маргааш өглөө Б над руу гар утасныхаа дугаарыг нууцалж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагаас хойш залгаад “та миний үхсэн аавын ясыг өндөлзүүлсэн болохоор би таныг зодсон” гэж хэлсэн. Гэхдээ надаас уучлалт гуйгаад 50.000 төгрөг шилжүүлнэ гэсэн боловч дахин надтай холбоо бариагүй алга болсон...” /хх 10-12, 15-16/,

гэрч Д.Я-ын “...Б, Б хоёр “буугаад үзчихье” гэж хэлээд, гэнэт машинаа зогсоогоод хоёулаа бууж машины хойд талд маргалдаж байснаа сүүлдээ дуу нь чангарч, машин хөдөлгөж түлхэлцэж барьцалдаад байх шиг байхаар нь нөгөө хоёрт “зодолдох гээд байна, буугаач” гэж хэлчихээд түрүүлж буухад машины хойд талд тэр хоёр харилцан заамдалцсан байдалтай зогсож байсан тул салгах гэтэл дийлдэхгүй байсан. ...намайг гарахад босоогоороо заамдалцсан зогсож байсныг салгасан...” /хх 24-25/,

гэрч Н.М-ын “...Я утсаар ярихдаа "бид нарыг хүргэж өгсөн манай дүү Б нь “Б-ыг зодсон” гэж утсаар хэллээ гэсэн...” /хх 27-28/,

гэрч Ц.А-ийн “...2021 оны 10 дугаар сард Б.Б өөрөө миний фейсбүүк хаяг руу залгаж “Д.Б ахын дугаар байна уу” гэсэн, “байхгүй” яасан гэсэн чинь “өчигдөр орой хүн авахаар очсон чинь Д.Б ах тэр хүмүүстэй хамт байж таарсан ба бид хоёр хамт тамхи татсан чинь манай аавын талаар олон юм яриад байхаар нь цохисон” гэсэн, тэгэхээр нь “тэр хүн чинь гайгүй юм уу, хэр их зодсон юм бэ” гэсэн чинь “дугаарыг нь олоод өгөөч, хүмүүс аймаар болсон гээд байна, очиж уучлалт гуймаар байна” гэсэн зүйл яриад өнгөрсөн...” /хх 30-31/,

гэрч Х.А-ийн “...Б.Б нь ...Д.Б ахыг чатаар хаана байгааг асуухаар нь “мэдэхгүй” гэсэн чинь “өчигдөр олон юм хуцаж байгаад нохой шиг зодуулсан” гэж бичихээр нь хариуд нь “юу юм бэ” гэсэн ойр зуур бичиж байгаад орхисон...” /хх 33/ гэх мэдүүлгүүд,

 “...Д.Б-ын биед доод эрүү ясны хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүү, зүүн завьжны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10901 дугаартай дүгнэлт /хх 19-20/,

гэрч Х.А, шүүгдэгч Б.Б-тай цахим хаягаар харьцсан тухай гэрэл зургийн хуулбар /хх 42/, гэрч Ц.А-ийн шүүгдэгч Б.Б-тай цахим хаягаар харьцсан тухай гэрэл зургийн хуулбар /хх 52-53/, хохирлын баримтууд /хх 43-50/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Б.Б-ыг хохирогч Д.Б-ын биед халдаж, эрүүл мэндэд нь “доод эрүү ясны хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүү, зүүн завьжны зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Хохирогч Д.Б-ын “...шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохироогүй, мөн цаашид гарах зардлаа нөхөн төлүүлмээр байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б нь 830.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан баримтын хүрээнд Б.Б-гаас 145.400 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т олгохоор дурджээ. Мөн хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

Мөн анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Бг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг ял хөнгөдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/941 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                                  Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ