Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Маргааны төрөл: Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүйн улмаас тэтгэвэр тогтоогдоогүй байсан 2021 оны 6 дугаар сараас 12 сар хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг нөхөн гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүйн улмаас тэтгэвэр тогтоогдоогүй байсан 2021 оны 6 дугаар сараас 12 сар хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг нөхөн гаргуулах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: А******* Б миний бие Цагдаагийн байгууллагад 1997-2021 он хүртэл ажиллан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19- ний өдрийн дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Харьяа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс тус тушаалын хувийг Цагдаагийн Ерөнхий газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй, хуулбар хувь байна" гэх шалтгаанаар уг материалыг хүлээн авахаас татгалзсан тул 2021 оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Солонгос Улс руу эхнэрийн хамт яаралтай эмчилгээнд явсан. Тухайн үед эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгүүлэхээр банк, санхүүгийн байгууллагаас зээл авч эмчилгээний төлбөр, зардлыг шийдвэрлэсэн. Одоог хүртэл зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байна. Миний бие 2021 оны 12 дугаар сүүлээр буцаж ирэн тушаал гарснаас хойш 6 сарын дараа дахин Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс өмнөх материалаа /ЦЕГ-ын даргын гарын үсэггүй, хуулбар тушаалын хувь/ өгч тэтгэвэр тогтоолгосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тэтгэвэр тогтоогдоогүй байсан 2021 оны 6 дугаар сараас 12 сар хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг нөхөн гаргуулах асуудлаар нэхэмжлэл гаргасан. Шүүгчийн захирамжид тусгагдсан "Нийгмийн даатгалын байгууллагат энэ асуудлаар урьдчилан хандаж шийдвэрлүүлсэн байх" гэсний дагуу Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаманд өргөдөл гаргаж Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас өргөдлийн хариуг бичгээр албан ёсоор ирүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган Нийслэл дэх давж заалдах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан. Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны дүгээр тушаалыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээж аваагүйгээс 2021 оны 6 сараас 12 сар хүртэлх хугацааны тэтгэвэр тогтоогдоогүй тул миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хохирсон гэж үзэж байна. Тухайн үед 2021 оны ээлжийн амралтыг энэ оны энэ оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эдлэх хугацаандаа Улсын 1 дүгээр төв эмнэлэг, "С*******" зэрэг эрүүл мэндийн байгууллагын удаа дараагийн нарийвчилсан шинжилгээгээр тухайн үед буюу энэ оны 05 дугаар сарын 06-ны өдөр эхнэр А.М*******г элэгний хатуурлын хүнд хэлбэрт шилжсэн гэсэн оноштойгоор элэг шилжүүлэн суулгуулах мэс заслыг гадаад улсад хийлгүүлэх болсон гэнэтийн шийдвэр нь миний хувьд сэтгэл санааны цочрол, хүнд байдалд орсны улмаас цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн дүгээр тушаалаар цэргийн байнгын тэтгэвэр тогтоох эрх зүйн акт нь эрх бүхий албаны тушаалтны гарын үсэг зурагдаагүй, тушаалын хувийг хэвлэмэл хуудсанд хэвлээгүй зэрэг шаардлагыг бүрэн хангаагүй хууль бус байсан. Харьяа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс тус тушаалын хувийг Цагдаагийн Ерөнхий газрын дарга гарын үсэг зураагүй, хууль бус зөрчилтэй, хуулбар тушаал байна" гэсэн шалтгаанаар холбогдох материалыг хүлээн авахаас татгалзсан тул холбогдох материалыг бүрдүүлж амжилгүй 2021 оны 6 дугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Солонгос Улс руу яаралтай эхнэрийн хамт эмчилгээнд явсан. А.Б миний бие тэтгэвэр тэтгэмж тогтоосон тушаал нь стандарт шаардлагыг хангаагүй тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, буцаан томилж өгнө үү хэмээн Цагдаагийн ерөнхий газрын даргын нэр дээр энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл хүргүүлсэн. Хүний нөөцийн хэлтсээс шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр албан бичгээр өгсөн. Миний бие 2021 оны 12 дугаар сүүлээр буцаж ирэн тушаал гарснаас хойш 6 сарын дараа дахин Нийгмийн даатгалын байгууллагад өмнөх материалаа /тушаалын хувь/ өгч тэтгэвэр тогтоолгосон. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал нь эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зурагдаж баталгаажаагүй байхад хуурамч бичиг баримт эсэхийг нягталж шалгахгүйгээр тэтгэвэр тогтоосон нь хууль бус зөрчилтэй эрх зүйн баримт гэж үзэж байна. Энэ нь "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгвэр тэтгэмжийн тухай хууль"- ийн 27 дугаар зүйлийг зөрчсөн миний тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны хууль бус тушаалын улмаас 2021 оны 6 сараас 12 сар хүртэлх хугацааны тэтгэврийг ийг тогтоолгож чадаагүй тул дээрх хугацааны сар бүрийн тэтгэврийг нөхөн олгож шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр миний бие цагдаагийн байгууллагаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон. Тухайн үед манай гэр бүлийн хүн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор Солонгос улс руу яаралтай явахаар болсон байсан тул аргагүйн эрхэнд ажлаасаа гарахаар болсон. Тухайн үед тэтгэвэр тогтоолгох материалаа оршин сууж байгаа Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгөх гэж нэг эмэгтэй байцаагчтай очиж уулзсан. Гэтэл миний ажлаас чөлөөлсөн тушаалыг хараад хуулбар тушаал байна, мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга өөрөө гарын үсэг зураагүй байна. Иймд эх хувиар нь авчирч өгөхөөр энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн. 2021 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдөр очсон. Энэ хугацаанд миний Солонгос руу явах виз гарсан, гэр бүлийн хүнээ авч явах шаардлагатай болсон байсан. Ингээд би Цагдаагийн ерөнхий газар ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа эх хувиар нь авч, нийгмийн даатгалын газарт очиж тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байна гэдэг агуулгатай хүсэлтээ өгчхөөд Солонгос улс руу явсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас миний хүсэлтийн хариуг бичгээр өгсөн. Тухайн хариу бичигт Манай тушаал хууль ёсны байна гэсэн агуулгатай өгсөн. Би тэр үед Солонгост эхнэрээ сахиж байж байгаад 12 дугаар сарын 13-ны өдөр Монголд ирсэн. Ингээд дахин материалаа бүрдүүлээд 12 дугаар сарын 28,29-ний өдрийн хавьцаа нийгмийн даатгалын хэлтэст очиход нэг залуу хүлээж аваад шийдвэрлээд өгчихсөн. Шийдвэрлэхдээ өмнөх хуулбар тушаалаар шийдвэрлээд өгчихсөн. Тухайн үед тэтгэвэр 1,800,000 төгрөгөөр тогтоогдсон. Одоогоор нэмэгдээд 2,530,000 төгрөг авч байгаа. Миний гол зорилго миний тэтгэврийн материалыг хүлээж авах боломжтой байсан юм бол анх очиход авчихгүй яасан юм болоо гэж маргаад байгаа юм. Тухайн үед шаардлагатай нотлох баримтуудаа аваад тэтгэврээ эрт тогтоолгох боломж байсан байна. Би тухайн үед өвчин зовлонтой, ажлаас гэнэт гарахаар болсон зэрэгтэй холбоотой сэтгэл санаа тогтворгүй байсан. Хуулийн дагуу тэтгэвэр нөхөн олгох боломж байвал нөхөн авах байдлаар шүүхэд хандсан. Тухайн үед миний хувийн зохион байгуулалт дутмаг байсныг ойлгож байна. гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн А.Б нь тус хэлтэст холбогдуулан "Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тушаалыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүйн улмаас тэтгэвэр тогтоогдоогүй байсан 2021 оны 06 дугаар сарын 12 дугаар сар хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус дүүргийн 3 дугаар хорооны иргэн А******* Б (РД: *******) нь тус хэлтэст 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох баримт материалыг тэтгэврийн байцаагчаар хянуулсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24- ний өдрийн ******* дүгээр тушаалаар "Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ыг батлагдсан журмын 2.1.8 "тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр, 7.1.1-т "Цэргийн албанд томилогдсон тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлсөн тухай цэргийн анги, байгууллагын тушаал, шийдвэр, цэргийн алба хаасан хугацааны талаарх цэргийн байгууллагын архивын лавлагаа", 7.1.6-т "Цэргийн алба хаагчийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх сонгосон дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлсний лавлагаа", "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т "Цэргийн албан хаагчийн алба хааж байсан анги салбар, салбарын холбогдох албан тушаалтан нь тухайн цэргийн алба хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу иргэн А.Б******* материалыг хянан шалгахад тухайн иргэний ажилласан хугацааны 5 жилийн Дундаж цалин, хөлсний лавлагаа дутуу гэх үндэслэлээр журмын дагуу материалыг буцаасан. Өөрөөр хэлбэл иргэн А.Б нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний Өдөр цэргийн тэтгэврээ тогтоолгох гэж ирэхдээ 5 жил буюу 60 сартай тэнцэх хэмжээний хөдөлмөрийн хөлс, дундаж цалингийн тодорхойлолт, лавлагааг байгууллагаасаа баталгаажуулж ирээгүй учир материалыг буцаасан. А.Б нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2016-2019 оны хоорондох дундаж, цалин хөлсний тодорхойлолт, лавлагааг бүрдүүлж ирүүлснийг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд "Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч-т хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно" гэж заасны дагуу цэргийн тэтгэврийг тогтоосон болно гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цэргийн тэтгэвэр нь улсын төсвөөс санхүүждэг. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нь хүсэлтээ бичгээр гаргаад нийгмийн даатгалын хэлтэс хувийн хэрэг нээж тэр өдрөөс эхлэн тэтгэврийг тогтоосон байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа хүн нь цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тогтоолгоно. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна гэсэн байдаг. Энэ заалтын хүрээнд өргөдөл өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тэтгэврийг тогтоогоод явсан байдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тушаалаа аваад нийгмийн даатгалын газарт ирсэн гэж ярьдаг. Нийгмийн даатгалын хэлтэс бүрэн гүйцэт бүрдүүлсэн материалыг л хүлээж авдаг. Тэгэхээр 7 сарын хугацааны тэтгэврийн мөнгийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон бол ажил олгогч 100 хувь барагдуулна. Мөн ажил олгогч нь ямар ч саадгүйгээр тушаал гарсан өдрөөс баримт материалыг гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн шаардсан мөнгийг манай байгууллага гаргаж өгөх ямар боломжгүй. Хуульд заасан хүндэтгэх үзэх шалтгаанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох нь хамаардаггүй. Тухайн үед яг ямар ямар баримтууд авчирч өгөөд буцаасан гэдэг нотлох баримт байхгүй байдаг. Энэ үйл явцтай холбоотойгоор Чинэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбаруудыг гаргаж өгсөн байдаг. Би бодохдоо тухайн ажил олгогч байгууллага нь тэтгэвэрт гарч байгаа хүндээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хэрэв ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон бол холбогдох байгууллагад хандах эрхтэй байх. Нийгмийн даатгалын хэлтсийн буруутай зүйл байхгүй гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тушаалыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүйн улмаас тэтгэвэр тогтоогдоогүй байсан 2021 оны 6 дугаар сараас 12 сар хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг нөхөн гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тушаалын 2 дахь заалтаар Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт, дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа А.Б******* цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, цагдаагийн хурандаа цолыг хадгалуулж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосугай гэж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь миний өргөдөл, материалыг Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тушаалд эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй, хэвлэмэл хуудсанд хэвлээгүй, хуулбар хувь байна зэрэг үндэслэлгүй шалтгаанаар хүлээн авалгүй буцаасны улмаас А.Б би 2021 оны 6 дугаар сараас эхлэн тэтгэврээ тогтоолгож чадаагүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Хариуцагч нь А.Б******* материалыг хянан шалгахад тухайн иргэний ажилласан хугацааны 5 жилийн дундаж цалин, хөлсний лавлагаа дутуу гэх үндэслэлээр журмын дагуу материалыг буцаасан. Өөрөөр хэлбэл иргэн А.Б нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний Өдөр цэргийн тэтгэврээ тогтоолгох гэж ирэхдээ 5 жил буюу 60 сартай тэнцэх хэмжээний хөдөлмөрийн хөлс, дундаж цалингийн тодорхойлолт, лавлагааг байгууллагаасаа баталгаажуулж ирээгүй учир материалыг буцаасан, харин 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж ирүүлсэн тул түүний цэргийн тэтгэврийг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоосон гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэл болон хариуцагчийн бичгийн тайлбар зэрэг баримтуудаас үзэхэд, хариуцагч нь нэхэмжлэгчийн өргөдөл материалыг дүгээр тушаалд эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй, хэвлэмэл хуудсанд хэвлээгүй, хуулбар хувь байна, ажилласан хугацааны 5 жилийн дундаж цалин, хөлсний лавлагаа дутуу зэрэг үндэслэл шалтгаанаар буцаасан байна.

Нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн өргөдөл, материалыг буцаасан хариуцагчийн 2021 оны 6 дугаар сарын үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна. гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 1994 оны хуулийн 6 дугаар зүйлд Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно. гэж, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно. гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн гарсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны ******* дүгээр тушаалаар батлагдсан Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ын 2.1.8-д Тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр;, 7.1.1-д Цэргийн албанд томилогдсон, тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлсөн тухай цэргийн анги, байгууллагын тушаал, шийдвэр, цэргийн алба хаасан хугацааны талаарх цэргийн байгууллагын архивын лавлагаа;, 7.1.6-д Цэргийн алба хаагчийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх сонгосон дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлсний лавлагаа; гэж тус тус заасан байна.

Иймд дээрх хууль, журмын зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримтуудыг бүрэн гүйцэт бүрдүүлж өгөх нь нэхэмжлэгч А.Б******* өөрийнх нь үүрэг байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн дээрх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 1994 оны хуулийн 6 дугаар зүйлд зааснаас үзэхэд, өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн тэтгэврийг олгож эхлэхээр хуульчилсан байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүрдүүлэх баримтуудаа бүрэн гүйцэт бүрдүүлж өргөдлөө гаргасны дагуу 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн цэргийн алба хаасны тэтгэврийг тогтоосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 1994 оны хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн аваагүйн улмаас тэтгэвэр тогтоогдоогүй байсан 2021 оны 6 дугаар сараас 12 сар хүртэлх хугацааны тэтгэврийн мөнгийг нөхөн гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч А.Б******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ