Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/844

 

 

 

 

 

 

  2022             08              23                                          2022/ДШМ/844

 

 

Р.З, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Р.З-ын өмгөөлөгч Д.Э,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Н,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/616 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай прокурорын эсэргүүцлээр Р.З, Б.Билгүүдэй нарт холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Р.З нь 2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “P хотхоны ....байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай цаасны хамт нийт 11.744 грамм хэмжээтэй, бор шаргал өнгийн цаасанд боож 2 хэсэг болгон хуваан хийсэн хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ...тоотод оршин суух гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, 2 хэсэг хувааж гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 5.3655 грамм, гялгар уутанд хийсэн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0614 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Р.З, Б.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.З, Б.Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Р.З, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар Р.З, Б.Бнар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тэдгээрт ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт хураагдсан Р.З-ын өмсөж явсан хувцас, гэр болон машинаас нь хураагдсан “1” гэж дугаарласан цаасанд ороосон ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан дотор хэсэг нь шаргал өнгийн тос мэт зүйлээр бохирлогдсон дугуй хэлбэртэй хуванцар сав, хуйлсан цаас, “1” гэж дугаарласан бор шаргал өнгийн наалдамхай бодис, шаргал өнгийн цаасны хамт 11.2 гр, “2” гэж дугаарласан бор шаргал өнгийн наалдамхай бодис, шаргал өнгийн цаасны хамт 0.50 гр, тугалган цаас, “3” гэж дугаарласан улаан өнгийн эвхдэг хутга, “4” гэж дугаарласан “хар өнгийн хайрцаг, мөн Б.Бн гэрээс хураагдсан “1" гэж дугаарласан үзүүр хэсэгтээ тос мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан бохины цаас, тос мэт зүйлээр бохирлогдсон шилэн болон төмөр хэрэглүүр, “2” гэж дугаарласан хар өнгийн цахилгаантай, жижиг цүнхтэй гялгар уутны хамт 6.3 гр жинтэй өвс ургамал, 3 ширхэг тугалган цаас, цагаан өнгийн хуванцар гуурс, дотроо бохирлогдсон нэг удаагийн хуванцар сав, дотроо бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг хуванцар сав, “3” гэж дугаарласан зип лок түгжээтэй гялгар уутны хамт 1.6 гр жинтэй ногоон өнгийн өвс ургамал, “4” гэж дугаарласан гялгар уутны хамт 1.0 гр жинтэй шавар мэт бодис, “5” гэж дугаарласан 2 ширхэг, бор өнгийн нимгэн цаас, бохины хуйлсан цаас 1 ширхэг, хуйлсан дэвтрийн цаас 1 ширхэг, төмөр соруул 1 ширхэг, тогоо хэлбэрт оруулсан тугалан цаас 1 ширхэг, “6” гэж дугаарласан 0.5 гр хуванцар сав, “7” гэж дугаарласан дугуй төмөр савтай бор өнгийн цаас 1 ширхэг, модон шүдний чигчлүүр, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас 2 ширхэг, “8” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ бор шаргал өнгийн тос мэт шингэнтэй цахилгаан тамхи мэт зүйл, “9” гэж дугаарласан цагаан өнгийн dicway гэсэн бичиглэлтэй төмөр төхөөрөмж, “10” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ тахир төмөр соруул зэрэг эд зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, “3” гэж дугаарласан хуйлсан 1000 төгрөгийн дэвсгэрт, “6” гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, “2” гэж дугаарласан хуйлж гадуур нь скочоор ороосон 50 төгрөгийн дэвсгэртүүдийг зохих байгууллагад шилжүүлэхийг /Монгол банкинд/ тус тус Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Р.З, Б.Б нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Р.З, Б.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Р.З, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 616 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Р.З, Б.Бнарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан нь үндэслэлгүй ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна. Учир нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай. Мөн шүүгдэгч Р.З нь 2018 оноос хойш, Б.Б нь 2019 оноос хойш тасралтгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн, мөн тэдгээрийн хууль бусаар хадгалж байсан бодис нь байгальд ургадаг өвс гэх нэршилтэй бодисыг агууламж, хэлбэр хэмжээний хувьд технологийн аргаар өөрчилж шавар гэх нэршилтэй өөр төрлийн бодис болгосон байгааг ял оногдуулахдаа харгалзаж үзэх ёстой байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 616 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Р.З-ын өмгөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Өөрөөр хэлбэл, ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг зааж өгсөн. Шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх тухай дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.З нь 2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “P” хотхоны ....байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай цаасны хамт нийт 11.744 грамм хэмжээтэй, бор шаргал өнгийн цаасанд боож 2 хэсэг болгон хуваан хийсэн хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ...тоотод оршин суух гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, 2 хэсэг хувааж гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 5.3655 грамм, гялгар уутанд хийсэн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0614 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Р.Зын яллагдагчаар: /1хх 185-187/, шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар: /1хх 190-191/ гэх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд,

 “... “1” гэж дугаарласан зип лок ууттай шаргал өнгийн цаастай бор шаргал өнгийн наалдамхай бодис, “2” гэж дугаарласан зип лок ууттай шаргал өнгийн цаастай бор шаргал өнгийн наалдамхай бодис, тугалган цаас, “3" гэж дугаарласан зип лок ууттай улаан өнгийн эвхдэг хутга, “4” гэж дугаарласан зип лок ууттай хар өнгийн хайрцаг зэрэг зүйлсээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэж дугаарласан зип лок ууттай шаргал өнгийн цаастай бор шаргал өнгийн наалдамхай бодисны цаасны хамт жин нь 11.2401 грамм, “2” гэж дугаарласан зип лок ууттай шаргал өнгийн цаастай бор шаргал өнгийн наалдамхай бодис цаасны хамт жин нь 0.5039 грамм байна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 678 дугаартай дүгнэлт /1хх 119-121/,

“... “2” гэж дугаарласан дотор хэсэг нь шаргал өнгийн тос мэт зүйлээр бохирлогдсон, дугуй хэлбэртэй хуванцар сав, “3” гэж дугаарласан хуйлсан АU6230412 серийн дугаартай Монгол Улсын 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “3” гэж дугаарласан хуйлсан цааснаас Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэж дугаарласан цаасанд ороосон шаргал өнгийн нунтаг дээжнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “1” гэж дугаарласан цаасанд ороосон шаргал өнгийн нунтаг дээжний цэвэр жин нь 1.5155 грамм байна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 677 дугаартай дүгнэлт /1хх 128-129/,

“...Р.З гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 679 дугаартай дүгнэлт /1хх 135-136/,

“...Б.Б гэж хаягласан шээсний тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцод багтдаг болно. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 717 дугаартай дүгнэлт /1хх 163-164/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаартай дүгнэлт /1хх 149-151/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 92, 162 дугаартай дүгнэлтүүд / 1хх 141-142, 169-171/, Б.Бн эзэмшлийн 499165766 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2хх 24-25, 27-33/, Р.Зын Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “P” хотхоны ....байрны …………тоот гэрт болон түүний ……………..улсын дугаартай ……………… маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14-16, 18-22/, Б.Б-н Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ………… тоот гэрт нэгжпэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 33-40/, хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 23-32, 41-42/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүх, шүүгдэгч Р.З, Б.Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Р.Зын 2022 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “P” хотхоны ....байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай цаасны хамт нийт 11.744 грамм хэмжээтэй, бор шаргал өнгийн цаасанд боож 2 хэсэг болгон хуваан хийсэн хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.Б-гийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ...тоотод оршин суух гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, 2 хэсэг хувааж гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 5.3655 грамм, гялгар уутанд хийсэн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.0614 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.З, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Шүүх, шүүгдэгч Р.З, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээд шатны прокурор А.Энхжаргалын “...Шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн учраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 616 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү....” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүхээс шүүгдэгч Р.З, Б.Б нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй ял хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ... дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, ял хөнгөдсөн гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуульд зааснаар хязгаарлагдсан байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/616 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/616 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ