Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/00928

 

                                                                   Д.Бадамхандын нэхэмжлэлтэй                                                                     иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01547 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 971 дүгээр магадлалтай,

            Д.Бадамхандын нэхэмжлэлтэй,

            Я.Цэрэндоржид холбогдох

            Гэм хорын хохиролд 1.655.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

            Хариуцагч Я.Цэрэндоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн       

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Манай дээд давхрын 113 тоотод оршин суух Я.Цэрэндоржийн гэрээс удаа дараа цэвэр, бохир ус алдаж, миний өмчлөлийн орон сууцанд хохирол учруулсан. Энэ талаар Я.Цэрэндоржид мэдэгдсэн боловч тэрээр тодорхой арга хэмжээ авахгүй, дахин ус алдсан. Сүүлд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр их хэмжээний ус алдаж, манай 3 өрөө байрны хана, тааз, шал ашиглахын аргагүй болсон. Я.Цэрэндоржид энэ талаар мэдэгдэхэд арга хэмжээ аваагүй тул би өөрөө засварласан тул хохирол 1 655 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ус алдсан явдал нь манай гал тогооны шугам, турба задарч доод айл болох Д.Бадамхандынд ус алдсан нь үнэн. Харин өмнөх ус алдалт нь манайхаас болоогүй дээд айлаас ус алдсан. Би "Москва-Өргөө" орон сууцны конторын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, мөн шинжээчийн дүгнэлтийн үнэлгээг зөвшөөрөхгүй.” гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01547 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Я.Цэрэндоржоос 1 629 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бадамхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бадамхандаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Цэрэндоржоос улсын тэмдэгтийн хураамжид 41 014 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бадамхандад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Я.Цэрэндоржоос шинжээчийн ажлын хөлс болох 50 000 төгрөгийг /Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 51/13 дугаар Хохирлын үнэлгээний тайлангийн ажлын хөлс нэхэмжлэхийн дугаар 178/ гаргуулан "Итгэлт-Эстимэйт" ХХК-ийн 464009061 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ. 

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 971 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагч Я.Цэрэндоржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 971 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт ...“Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна” гээд ... 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Я.Цэрэндоржийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22/Б байрны 113 тоот орон сууцны гал тогооны өрөөний ус холигчийн уян хоолойд гэмтэл гарч, ус алдсанаас тус байрны 109 тоотод оршин суух Д.Бадамхандын өмчлөлийн орон сууцны зочны өрөө, жижиг өрөөний таазны эмульс, ханын цаас хууларсан, унтлагын өрөөний тааз шарласан, угаалгын өрөөний таазны замаск, эмульс хууларсан, коридорын замаск эмульс, обой шарлаж гэмтсэн нь Москва-Өргөө ОНӨААТҮГ-ын 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, тухайн орон сууцны гэмтсэн хэсгийг баталгаажуулан авсан гэрэл зураг баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцэж байна” гэжээ. Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийг тогтоохдоо ус алдахад буруутай болон хохирол учирсан орон сууцны эздийг байлгаж, ерөнхий инженер, ус дулааны инженер, цахилгааны инженер, ашиглалтын байцаагч нараас бүрдсэн комисс хэмжилт хийж дүгнэлт гаргах ёстой байтал 2014 оны 08 сарын 05-ны өдрийн Орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн тогтоосон дүгнэлтийг Ц.Ууганбаяр гэх хүн гаргаж, комиссын бүрэлдэхүүний бусад гишүүд байхгүй байхад бүгдийг нь төлөөлж Ц.Ууганбаяр гарын үсэг зурсан байдаг. Энэхүү дүгнэлт нь хууль бус баримт бөгөөд уг дүгнэлтэд үндэслэж хийсэн хохирлын үнэлгээ нь бас хууль ёсны бус баримт юм. Мөн шүүхээс томилогдсон “Итгэмт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ нь өмнөх хийсэн хохирлын үнэлгээ, нэхэмжлэгч талаас өгсөн фото зурагт үндэслэж үнэлгээ, дүгнэлт гаргасан байдаг. Ийм байхад давж заалдах шатны шүүх дээрх баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтээ нийцэж байна гэж дүгнэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт ... “Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3.1 дэх хэсэгт зааснаар дангаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглах, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүй эс үйлдлээр бусдад гэм хор учруулсан тохиолдолд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ. Хариуцагч өөрийн өмчлөлийн орон сууцны гал тогооны өрөөний ус холигчийн уян хоолойг бүрэн бүтэн байлгаагүйн улмаас учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй” гэжээ. Давж заалдах шатны хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг орон сууцны барилгад 5-6 удаа ус алдаж, гэрт нь ус орж ирж байсан. Сүүлд 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Я.Цэрэндоржийнхоос ус алдсан гэж мэдүүлдэг бөгөөд үнэлгээний компани болон анхан болон давж заалдах шатны шүүх нь нөхцөл байдлыг үнэлэхдээ Я.Цэрэндоржийн орон сууцнаас ус алдсаны улмаас хэдий хэмжээний хохирол учирсан болох, дээрх үйл явдал болохоос өмнөх 4-5 удаагийн ус алдалтын улмаас нэхэмжлэгч Д.Бадамхандын өмчлөлийн орон сууцанд учирсан хохирлыг зааглаж үзэлгүй бүх хохирлыг 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Я.Цэрэндоржийн орон сууцнаас ус алдсанаас үүссэн хохирол гэж үзэж, хариуцагчийн хувьд төлөх ёсгүй хохирол төлбөрүүдийг хамааруулж байгаа нь давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Хариуцагч Я.Цэрэндоржийн үйлдэл, уг үйлдлийн улмаас шууд учирсан бодит хохирлыг тодорхойлж чадалгүй нэхэмжлэгчийн орон сууцанд учирсан бүх хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 971 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.        

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Бадамханд нь хариуцагч Я.Цэрэндоржид холбогдуулж гэм хорын хохиролд 1 655 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасныг анхан шатны шүүх  2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01547 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Я.Цэрэндоржоос 1 629 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бадамхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 971 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Я.Цэрэндорж нь хяналтын журмаар гомдол гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 4475 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Я.Цэрэндорж  нас барснаар түүний иргэний эрх зүйн чадвар Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,  хариуцагч буюу хэргийн оролцогчийн чадвар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар дуусгавар болсон байна.

Шүүхээс хяналтын шатны шүүх хуралдааны тов болон эрх залгамжлах хүсэлт гаргах эрхийн талаар хариуцагчийн 88187355 дугаартай утас руу залгаж мэдэгдсэн, хүү Ц.Эрдэнэбаатар нь “...ар гэрээс нь шүүх хуралдаанд оролцохгүй”  гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хариуцагчийн эрх залгамжлагчаар тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан нөхцөл үүссэн байна. 

   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бадамхандын хариуцагч Я.Цэрэндоржид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   Нэхэмжлэгч Д.Бадамханд нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах өөр этгээдэд холбогдуулан шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/01547 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 971 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Бадамхандын Я.Цэрэндоржид холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1.655.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Хариуцагч Я.Цэрэндоржийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 41.014 /дөчин нэгэн мянга арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.АМАРСАЙХАН

                                          ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН