Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 92

 

Д.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Д.Б-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар магадлалтай, Д.Б-т холбогдох 1824000590046 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Их-уул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Их-Уул сумын Оргих багт оршин суух,

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Алаг адуу овогт Д-н Б-.

Б- нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 07 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Мааньт” гэх газрын ойгоос 5.188 м.куб мод бэлтгэж, ойн санд 202,332 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дээрх модыг иргэн Б.Д-ийн эзэмшлийн 25-91 ЗАА дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Завхан аймгийн Тосонцэнгэл сум Оргих багийн “Мааньт” гэх газраас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Д.Б-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25-91 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Д-ид буцаан олгож, түүний үнэ болох 4,500,000 төгрөг, 5.188 м.куб 1.6-1.7 метрийн урттай мод, моторт хөрөө зэргийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Прокурор уг хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Тээврийн хэрэгслийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ хэлсээр байтал прокурор өөр гарц байхгүй гэж сүрдүүлсэн. Мөн улсын өмгөөлөгч миний хэргийг нэр төдий өмгөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Өмгөөлөгч намайг тээврийн хэрэгслийн үнэлгээн дээр гомдол гаргамаар байна гэхэд хүлээн аваагүй. Прокурортой хуйвалдаж хийсэн хэргээ хүлээн зөвшөөрвөл автомашины үнийг 2-3 хувааж төлүүлэхээр шийдвэр гаргуулна гэх мэтээр ятгаж гарын үсэг зуруулсан. Шүүх хуралдаан дээр энэ тухай хэлж чадаагүй. Модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нь миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин тээврийн хэрэгслийн үнийг үнэн зөв үнэлээгүйд гомдолтой байна. Шинжээч ямар баримтан дээр үндэслэж үнэлгээ гаргасан нь эргэлзээтэй байдаг. Энэ тээврийн хэрэгсэл нь зах зээлийн үнэлгээгээр 4,500,000 төгрөгөөр үнэлэгдэхгүй хуучин машин. Тээврийн хэрэгслийн үнэлгээтэй санал нийлэхгүйгээ илэрхийлж байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх нь зүйтэй гэсэн өмгөөлөгч, прокурор нарт гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ гэж заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ. Прокурорын шүүхэд шилжүүлсэн саналаас албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулсан, яллагдагч нь зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй. Анхан шатны шүүхийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэхийг анхаарч үзээгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт 450,000 төгрөгөөр торгох саналаа яллагдагчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж тодорхой заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан тодорхойлон тогтоосон ялыг танилцуулсан атлаа, 7.2 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг прокурор яллагдагчид танилцуулаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүхээс прокурорын саналыг үндэслэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.4-т заасан “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх”-ийг хянах байтал тус эрхээ хэрэгжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гаргасан гомдол хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн эсэх талаарх баримт, шийдвэрийг хавтаст хэрэгт тусгаагүй нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН