Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 386

 

Ц.С, Т.М, В.Б, А.С

 А.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,

Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын

газарт тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    М.Батсуурь

Шүүгчид:       Х.Батсүрэн

                        Б.Мөнхтуяа

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа 

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Л.Б-ын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгуулах тухай”,

Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Б-ын газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгон уг захирамжийн иргэн Л.Б-од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг, Барилгын тухай хуулийн /2016/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг тус тус даалгуулах тухай,

Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар захирамж, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Л.Б-од холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0770 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0271 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.О

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Ш.М, өмгөөлөгч Н.Б нар,

Гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, гуравдагч этгээд Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0770 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Барилгын тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.8, 7 дугаар зүйлийн 7.2.4, Барилгын тухай хуулийн /2016/ 4 дүгээр зүйлийн 4.1.24, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч  А.С, В.Б, Т.М, Ц.С нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны ар талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Б-ын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгах, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 155 дугаар захирамж, 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/368 дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Л.Б-од холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжаар иргэн Л.Б-ын газар эзэмших эрхийг баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0271 дүгээр магадлалаар: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 122/ШШ2017/0770 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, Барилгын тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1.8, 7 дугаар зүйлийн 7.2.4, 26 дугаар зүйлийн 26.1.1, Барилгын тухай хуулийн /2016/ 7 дугаар зүйлийн 7.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч  А.С, В.Б, Т.М, Ц.С нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талын далан дээр иргэн Л.Б-ын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоогоогүй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Б-ын зөвшөөрөлгүй барьсан уг барилгын 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан “иргэн Л.Б-ын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахдаа нэхэмжлэгч  А.С, В.Б, Т.М, Ц.С нарын өмчлөлийн 3 давхрын 18 тоот, 4 давхрын 26 тоот, 5 давхрын 34 тоот, 6 давхрын 42 тоот орон сууцнуудын хойд зүг рүү харсан цонхонд харгалзах, үзэгдэх орчныг хязгаарласан хэсгийг буулгах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй” гэж нэмж,

тогтоох хэсгийн “2” дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн “3” дахь заалтыг “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан шинжээчийн зардал болох нийт 1,725,400 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 862,700 төгрөгийг тус бүр гаргуулан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т 725,400 төгрөг, Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектур, хот байгуулалтын зөвлөлд 1,000,000 төгрөг тус тус олгуулсугай” гэж өөрчлөн”, тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарыг хасч, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М-ийн гомдол: “... тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Р.Т миний өмчлөлийн Ү-2205023593 тоот үл хөдлөх хөрөнгө нь хэдийгээр нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн боловч Л.Б-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн буулгахыг даалган шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Р.Т миний өмчлөлийн байр нь иргэн Л.Б-ын емчлөлийн байртай залгаа салгах боломжгүй байдлаар баригдсан барилга. Энэхүү барилгыг буулгаснаар би өөрийн өмчлөлийн барилгыг зориулалтын дагуу ашиглах эзэмших боломжгүй болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

4. Мөн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн Давж даалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасныг үл харгалзан урьдач нөхцөл байдал бүрдээгүй байхад иргэн Л.Бын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг буулгахыг даалган шийдвэрлэж байгаа нь хууль бус байна.

5. Мөн анхан шатны шүүхийн 770 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 271 дүгээр магадлалд Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ иргэн Р.Т миний эрх ашиг хөндөж байхад мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт зөвлөмжгүйгээр салгах боломжгүй нөхцөл байдалтайгаар баригдсан үл хөдлөх хөрөнгийг буулгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

6. Иймд гомдлын шаардлагыг ханган нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Гуравдагч этгээд Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацралын гомдол: “... хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй байхад даалган шийдвэрлэсэн тухай: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй   орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч нар иргэн Л.Бын Ү-2205022332 дугаар үл хөдлөх хөрөнгийн талаар Барилгын тухай хуулийн 35  дугаар зүйлийн 35.1.7-д заасны  дагуу улсын ерөнхий байцаагчид хандах ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг ба нийслэлийн Засаг дарга нь улсын ерөнхий байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шүүхээс гаргасан шийдвэр байхгүй байхад иргэн Л.Бын хууль ёсоор өмчилж буй өмчийн эрхэд халдах шийдвэр гаргасан нь Үндсэн хуулиар олгосон өмчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

8. Мөн анхан шатны шүүхийн 770 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 271 дүгээр магадлалд Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн   35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн   дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасан зохицуулалтыг буруу  тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

9. Тодруулбал нэхэмжлэгч нарын эрх ашиг Л.Б-ын Ү-2205022332 дугаар үл хөдлө хөрөнгийн улмаас хөндөгдсөн талаар улсын ерөнхий байцаагчид ямар нэгэн байдлаар хандаж, дүгнэлт гаргуулаагүй, мөн энэ талаар иргэний хэргийн   шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдсоор байтал нийслэлийн Засаг даргад Ү-2205022332 дугаар үл хөдлөх хөрөнгийг буулгахыг даалган шийдэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нарын ердийн орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж шүүхээс дүгнэж, мөн давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцлийг тогтоосон мэтээр тайлбарлан дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир н нэхэмжлэгч нарын өмч гэх орон сууцнуудыг шүүхийн үзлэгээр ердийн бус гэж дүгнэх боломжгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар болон нэхэмжлэгч нар нь одоог хүртэл өөрсдийн орон сууцаа зориулалтын дагуу ашиглаж байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдсоор байтал ердийн нөхцөлд амьдрах эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн нь хууль бус байна. Нэхэмжлэгч нарын ердийн нөхцөлд амьдрах боломжгүй нөхцөлд амьдарч байгааг шүүхийн үзлэгээр тогтоох ямар нэг боломжгүй юм. Мөн техник технологи өндөр хөгжсөн энэ үед нарын тусгалыг нэхэмжлэгч нарын орон сууцанд оруулахаар шийдэх олон арга техникийн нөхцөл байхад Л.Бын өмчлөлийн байрыг хэсэгчлэн буулгахыг даалган шийдвэрлэж байгаа нь үндсэн хуулиар олгогдсон өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байна.

10. Мөн шинжээчдийн дүгнэлтэд “орон сууц, нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын ээвэрлэлтийн хангамж” БНбД 23-02-07-д “орон сууцны барилгын нар тусах зүүн, урд, баруун зүгийн цонхонд тусах нарны тусгалын нэг өдрийн үргэлжлэх хугацааг тооцдог бөгөөд хойд зүгийг тооцдоггүй” болохыг тодорхой заасан. Нэхэмжлэгч нар нь хойд зүг рүү харсан цонхтой орон сууцанд амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоор байтал Л.Бын өмчлөлийн барилгыг буулгахыг даалган шийдвэрлэсэн.

11. Шинжээчийн дүгнэлт болон хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгчийн тайлбараар Л.Б барилгыг өндөрлөөгүй болох нь тогтоогддог ба 2005 оноос хойш нэмж өндөр болгоогүй барилга нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг ямар нэгэн байдлаар хөндөх боломжгүй нөхцөл байдал байгааг дүгнээгүй.

12. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд хууль буцаан хэрэглэх талаар ямар нэг зохицуулалт байхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс 2008 оны Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг хэрэгжүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй гэж тооцсон нь үндэслэлгүй. Хэдийгээр маргаан нь тухайн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад эхэлсэн байдаг боловч 2008 оны барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгчийн шийдвэр үндэслэлгүй байвал түүнийг дээд шатны улсын байцаагч хүчингүй болгоно, мөн хуулийн 25.4-д дээд шатны улсын байцаагч нь хяналт хэрэгжүүлэгчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг хянан шийдвэрлэхдээ техник, технологийн асуудлаар түүний гаргасан дүгнэлтийг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэсэн заалтуудын хүрээнд ямар нэг ажил хийгдээгүй байгааг үл харгалзан нэг талыг баримтлан, хуулийн үндэслэлгүйгээр, хууль буруу хэрэглэн магадлал гаргалаа.

13. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг”, 10 дугаар зүйлийн 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” гэж заажээ.

14. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн удирдамжийн дагуу улсын байцаагч нар иргэн Л.Бын барьж буй барилгад хяналт шалгалт явуулсан байх ба хяналт шалгалтаар иргэн Л.Б нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг ажлын зураг төсөлгүйгээр хийж гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр “Барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай” 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02-07-94/160 дугаар акт үйлдэж, зөрчлүүдийг арилгуулахаар 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-94/304 дүгээр албан шаардлагыг Л.Бод хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагчийг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

15. Нэхэмжлэгч нараас дээрх улсын байцаагчийн акт болон албан шаардлагатай маргаагүй, харин иргэн Л.Б-ын хууль зөрчин барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барьсан барилгыг буулгахыг даалгуулахыг хүссэн шаардлага гаргасан бөгөөд барилгын ажлыг бүрэн зогсоох болон барилгыг буулгах шийдвэр гаргах эрх хэмжээ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт хуулиар олгогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүхээс нөхцөл байдлыг үгүйсгэн хууль буцаан хэрэглэж, гуравдагч этгээдийн өмчлөгчийн эрхэд халдаж байгаа нь үндэслэлгүй байна.

16. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх,  хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд барилгыг албадан буулгах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй үүсээгүй байна.

17. Иймд нэхэмжлэгч нарын “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хуульд заасан илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож чадаагүй, шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллагад хандаагүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын тавьж байгаа албан шаардлага нь Л.Бод боломж олгосон, нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн бодит байдалд нийцээгүй акт гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад хууль бус эс үйлдэхүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж байгаа нь хууль бус байна.

18. Хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн тухай: Л.Б-ын өмчлөлийн барилга нь бусдын амь, нас эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн эсэх талаар нэг ч нотлох баримт байхгүй ба нэхэмжлэгч нар нь зөвхөн өөрсдийн амьдарч буй орон сууцны зах зээлийн үнэлгээ буурсан гэдэг үндэслэл гарган маргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

19. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өөрийн амьдарч буй орон сууцанд шүүхийн үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч нэхэмжлэгч нарын орон сууцанд үзлэг хийсэн байдаг. Гэхдээ энэ талаар гуравдагч этгээд нарт танилцуулаагүй ба үзлэгт байлцуулаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг зөрчиж байна. Энэхүү үзлэг нь шүүхийн санаачилгаар хийсэн үзлэг биш болохыг шүүх хуралдаан дээр даргалагчийн “нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу орон сууцанд шүүхээс үзлэг хийсэн” гэх тайлбараас олж мэдсэн. Шүүхийн зүгээс хийсэн тухайн үзлэг нь нэхэмжлэгч нарыг ердийн нөхцөлд амьдрах нөхцөлгүй байгаа болохыг тогтоох боломжгүй үзлэг байсан. Учир нь чухам ямар шалтгааны улмаас ердийн нөхцөлд амьдарч байгаа болон хэвийн бус аюултай, хортой, хүнд нөхцөлд амьдарч байгаа болохыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр л тогтоогдох боломжтой юм. Нэг үгээр шүүхээс нэхэмжлэгч нарыг ердийн бус нөхцөлд амьдарч байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

20. Шинжээчийн дүгнэлтээр хойшоо харсан цонхтой орон сууцанд нарыг ээвэрлэлтийг тооцдоггүй болохыг тогтоосоор байтал шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нарын орон сууцанд байгалийн нарны гэрэл нэвтэрдэггүй харанхуй орчинд амьдарч байгаа нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх нөхцөл байдлыг шүүхийн үзлэгээр тогтоох боломжгүй нөхцөл юм.

21. Нэхэмжлэгч нар одоог хүртэл өөрсдийн орон сууцаа орон сууцны зориулалтаар хэвийн ашиглаж байгаа болон Л.Б-ын үл хөдлөх хөрөнгө нь өмчлөгчийн эрхийг хөндөөгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй.

22. Нэхэмжлэгч нар нь иргэний эрхээ хэрэгжүүлж өөрсдийн сайн дурын үндсэн дээр хойшоо харсан цонхтой орон сууц сонгосон байх ба тухайн Баянгол дүүргийн 6 дугаар хороо нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар “Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” тогтоолын үйлчлэлд хамаарах өндөр барилгажилтын бүсэд оршиж байгаа болохыг шүүхээс дүгнээгүй байна.

23. Харин “Барилгын тухай хуулийн /2016 он/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулснаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд тухайн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалахад захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго оршино.

24. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нарын орон сууцны цонхыг хааж барилга барьснаас нарны гэрэл тусахгүй болсон, гал түймэр гарсан тохиолдолд машин орох зай талбайгүй, газар хөдлөлтийн үед далан дээр барьсан барилга нурах аюултай нөхцөл байдал үүссэн нөхцөл байдал нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай шууд шалтгаант холбоогүй байх бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг дарга Барилгын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

25. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасныг аймаг, нийслэлийн Засаг дарга нь барилга, байгууламжийг албадан буулгахдаа эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардсан зохицуулалт гэж ойлгох бөгөөд гуравдагч этгээд Л.Б-ын барьсан барилгыг буулгах талаар улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гараагүй тул дээрх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагч нийслэлийн Засаг даргыг буруутгах боломжгүй.

26. Тодруулбал, иргэн Л.Б-ын барьсан барилга холбогдох хууль, тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоосон улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэр гарсны дараа дээрх хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нар эс үйлдэхүйтэй холбоотой маргах боломжтой бөгөөд хуулиар шаардсан урьдач нөхцөл бий болоогүй байхад маргасан энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх маргаан бүхий барилга холбогдох хууль, тогтоомж зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй байна.

27. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй талаар: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хэсэгчлэн албадан буулгахдаа нэхэмжлэгч Ц.С, Т.М, В.Б, А.С нарын өмчлөлийн 3 давхрын 18 тоот, 4 давхрын 26 тоот, 5 давхрын 34 тоот, 6 давхрын 42 тоот орон сууцнуудын хойд зүг рүү харсан цонхонд харгалзах, үзэгдэх орчныг хязгаарласан хэсгийг буулгах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр заажээ.

28. Аливаа шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой үндсэн шаардлагыг хангах учиртай гэж бодож байна.

29. Шүүхийн шийдвэр, магадлал нь 2005 оноос хойш буюу нэхэмжлэгч нараас өмнө Л.Бод үүссэн өмчлөгчийн эрхэд халдсан шийдвэр боллоо. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж зохицуулсан. Гэтэл хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад өмчлөгчийн эрхэд халдсан шийдвэр гаргасан.

30. Иймд, гомдлын шаардлагыг ханган нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

31. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай, Барилгын тухай (2008), Барилгын тухай (2016) хуулиудын холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

32. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/110 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жамсранжавын гудамжны зүүн үзүүрт автомашины засварын газрын зориулалтаар 2500 м.кв газрыг иргэн Л.Бод эзэмшүүлсэн, мөн дүүргийн Засаг даргын 2002 оны 191, 2008 оны 155, 2013 оны А/368, А/530 дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг тус тус сунгасан, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/245 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийг баталгаажуулсан, эдгээр захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн, нэхэмжлэгч нараас шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт холбогдуулж гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх уг асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

33. Гуравдагч этгээд Л.Б нь өөрийн эзэмшилийн газар дээр байрлах барилгадаа өргөтгөл хийх зорилгоор 2014 оноос барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай (2008) хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, 16.6-д “барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, “ажлын зураггүй, эрх бүхий этгээдээс олгосон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулалгүйгээр”  барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, ийнхүү хууль зөрчиж барьсан барилгын өргөтгөл нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “...шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан /байх/”, 9.1.4-т “...зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй /байх/” шаардлагуудыг хангаагүй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журам”-ын 2.2, Барилгын норм ба дүрмийн 31-01-10-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5, мөн дүрмийн Галын аюулаас хамгаалах шаардлагын 1-т заасан гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг тус тус зөрчсөн, өртгөтгөлийн зарим хэсэг нь нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн өмчилж буй орон сууцанд өдрийн цагт ердийн байгалийн гэрэл нэвтрэх боломжийг хязгаарласан нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

34. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 31.2-т “нотлох баримт нь хэргийн оролцогч ...-ийн тайлбар, ... шинжээчийн дүгнэлт, ... ... үзлэг, ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг ... /хийнэ/” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэргийн оролцогч нарыг байлцуулан үзлэг хийсэн, үзлэгээр нэхэмжлэгч нарын орон сууцанд өдрийн цагт нэмэлт гэрэл асаахгүйгээр амьдрах “ердийн нөхцөл” хангагдаагүй болох нь нотлогдсон, уг бодит нөхцөл байдлыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж, дүгнэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх тул гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч нар нь одоог хүртэл өөрсдийн орон сууцаа зориулалтын дагуу ашиглаж байгаа ... нь тогтоогдсоор байтал ердийн нөхцөлд амьдрах эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн нь хууль бус, ... нэхэмжлэгч нарын ердийн нөхцөлд амьдрах боломжгүй нөхцөлд амьдарч байгааг шүүхийн үзлэгээр тогтоох ... боломжгүй, ... мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр л тогтоогдох боломжтой” гэх гомдол үндэслэлгүй.

35. Түүнчлэн, шүүхээс маргаан бүхий барилгын холбогдох хэсэг нь “Барилгын норм ба дүрмийн  23-02-07-д заасан “Орон сууц, нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын ээвэрлэлтийн хангамж”-ийн стандартыг зөрчсөн” гэж дүгнээгүй, нэхэмжлэгч нарын амьдрах “ердийн нөхцөл”-д нөлөөлсөн, байгалийн гэрлийг хаасан гэх агуулгаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул “... /дүрмээр/ орон сууцны барилгын нар тусах зүүн, урд, баруун зүгийн цонход тусах нарны тусгалын нэг өдрийн үргэлжлэх хугацааг тооцдог бөгөөд хойд зүгийг тооцдоггүй, ... нэхэмжлэгч нар нь хойд зүг рүү харсан цонхтой орон сууцанд амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоор байтал ... /шүүх буруу шийдвэр гаргасан/” гэх гомдол мөн үндэслэлгүй гэж үзлээ.

36. Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл, шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагт маргаан бүхий газарт үзлэг хийх тухай товыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Г.М, өмгөөлөгч Н.Б нарт мэдэгдсэн, өөрсдөө ирж оролцоогүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй, түүнчлэн, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас тухайн ажиллагааны талаар шүүхэд аливаа гомдол, дахин үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ын “... шүүх үзлэгийн талаар  гуравдагч этгээд нарт танилцуулаагүй ба үзлэгт байлцуулаагүй ... нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг зөрчсөн” гэх гомдлыг хүлээж авахгүй. 

37. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “... захиргааны актыг ... гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах /шийдвэрийг шүүх гаргах/”-аар, Барилгын тухай (2016) хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “... /нийслэлийн Засаг дарга/...  /хуульд/ нийцээгүй барилга байгууламжийг ... шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх”ээр тус тус заасан, тухайн тохиолдолд, иргэн Л.Б-ын дээрх байдлаар хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 10Б байрны хойд талд хамаарах, нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн эрх, хууль ёсны ашиг соирхлыг хөндөж байгаа хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...  нийслэлийн Засаг дарга нь улсын ерөнхий байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шүүхээс гаргасан шийдвэр байхгүй байхад иргэн Л.Б-ын хууль ёсоор өмчилж буй өмчийн эрхэд халдах шийдвэр гаргасан нь Үндсэн хуулиар олгосон өмчийн эрхийг ноцтой зөрчсөн”, “... шүүх Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн”, “...барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгчийн шийдвэр гараагүй, ... урьдач нөхцөл байдал бүрдээгүй байхад иргэн Л.Б-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг буулгахыг даалган шийдвэрлэж байгаа нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй байна.

38. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэргийг шийдвэрлэхэд “... нэхэмжлэгч нар улсын ерөнхий байцаагчид ямар нэгэн байдлаар хандаж, дүгнэлт гаргуулаагүй, мөн энэ талаар иргэний хэргийн   шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэх үйл баримтууд хамааралгүй, тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс захиргааны акт буюу тодорхой үйл ажиллагаа явуулахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй, түүнчлэн, улсын байцаагч дүгнэлт гаргаагүй, эсхүл өөр бусад шүүхийн шийдвэр гараагүй нь хууль бусаар баригдаж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсоны улмаас түүнийг  албадан буулгахыг эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхийн эрх, хэмжээг хязгаарлахгүй юм.

39. Засгийн газрын 11-11 дугаарын утсанд ирүүлсэн иргэдийн гомдлын дагуу иргэн Л.Бын явуулж буй барилга угсралтын ажилд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар 05-ны өдрийн “Барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай" 02-07-94/160 дугаар акт, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-94/304 дүгээр албан шаардлагыг Л.Бод хүргүүлсэн, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай (2008) хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д “.../барилгын техникийн улсын байцаагч/... /зөвшөөрөлгүй/ барилга угсралтын ажил ... эрхэлсэн иргэнийг ... торгож, зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгах ...”-аар заасан байх тул нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тухайн үед хяналт, шалгалтаар дээрх зөрчил илэрсэн даруйд иргэн Л.Бын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоох боломжтой байсан, энэ үүргээ биелүүлээгүй нь “хууль бус эс үйлдэхүй мөн” болох талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

40. Иймд, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн, ... барилгын ажлыг бүрэн зогсоох болон барилгыг буулгах шийдвэр гаргах эрх хэмжээ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт хуулиар олгогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй ... /байхад/ давж заалдах шатны шүүх ... хууль буцаан хэрэглэж, гуравдагч этгээдийн өмчлөгчийн эрхэд халдаж байгаа нь үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлгүй.

41. Шүүх маргааны үйл баримтад холбогдуулж хуулийг хэрэглэхдээ, тухайн үйл баримт болсон цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг тайлбарлан хэрэглэдэг, 2014 онд болсон үйл баримтын хувьд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэснийг “... шүүх хуулийг буцаан хэрэглэсэн” гэж үзэхгүй юм.

42. Эдгээр үндэслэлээр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0271 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд  Р.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд нараас тус бүр тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА