Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 0752

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Н.Номичимэг

улсын яллагч: Ж.Энхжаргал

шүүгдэгчийн өмгөөлөгч : О.А

хохирогч: А.Б

шүүгдэгч: Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт Б овогт Г А холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1703000010063 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г А,  1991  оны 02 дугаар сарын 09-ний өдөр  Дорноговь аймгийн  Сайншанд  суманд төрсөн,  настай, эмэгтэй,  дээд  боловсролтой, уул уурхайн менежмент   мэргэжилтэй, Монгол-Алт ХХК-д эдийн засагч ажилтай,  ам бүл 2, охины  хамт  Чингэлтэй  дүүргийн   дугаар хороо  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЕЮ91020906,

Холбогдсон хэргийн талаар:

          Г.А нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Офицеруудын ордоноос Чулуун овоо явах замд Тоёота Приус маркийн 44-05 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон  ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч А.Б мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Г.А   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 09.00 цагийн үед би Офицероос Чулуун овоо явах замд 44-15 улсын дугаартай Приус маркийн машин жолоодож яваад 1-2 дугаар эгнээ рүү шилжих үедээ явган зорчигч Б зүүн талын гэрлээрээ мөргөсөн. Машины ард хохирогч хэвтэж байсан. Намайг машинаасаа буухад түргэн ирсэн байсан. Хохирогчийг гэмтлийн эмнэлэг руу авч явсан би хэргийн газар хэмжилт хийж дуусахыг хүлээж үлдсэн гэв.

   Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  А ярьж байгаа үнэн. 9 дүгээр сарын 5-нд А жолоодож явсан машинд мөргүүлж тархиндаа хүнд гэмтэл авсан. Гавлын ясны шугаман хугарал, цус хуралт, хавантай гэж оношлосон. Эмнэлэгээс гарах үед цус хуралт эдгэрсэн. Гэвч тархины өвдөлт их байгаа. Явахаар толгой эргэж өвддөг болсон. Нэг гэрээс гараад хэд хоног гэртээ хэвтэх болдог. Би маш их эм тариа дусал хэрэглэж байгаа. Осолд орох үедээ би 4-5 долоо хоногтой жирэмсэн байсан. Одоо хүүхэд гайгүй байгаа. Хөлдөө зөөлөн эдийн гэмтэлтэй. Уг гэмтэл шөнө янгинаж өвддөг. Одоо гүйцэд эдгэсэн зүйл байхгүй байна. Би ажил хийж чадахгүй байгаа. Хэвтрийн дэглэм сахиж байгаа. Үүнээс болж хүүхдэд маань янз бүрийн асуудал гарах бий гэж айж байна. Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж тархины цус шимэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн. Ямар нэгэн хагалгаанд ороогүй. Үүнээс хойш дүүргийн эмнэлэгийн гэмтлийн эмчид үзүүлж байгаа. Жирэмсэн хүн тул томографийн зураг дахин дахин авахуулах муу гэсэн тул  дахин авахуулаагүй. Цээжний зураг ч авахуулаагүй. Одоогоор тархины цусан хангамж бага байгаа тул толгой өвдөж байгаа гэв.

        Шүүгдэгч    Г.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 09.00 цагийн орчимд ажилдаа явахаар өөрийн эзэмшлийн Т.Приус 20 маркийн 44-15 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон ганцаараа Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо офицерүүдийн ордоноос Чулуун Овоо орохоор ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн урагш чиглэлтэй замд замын нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байгаад хоёрдугаар эгнээрүү шилжин орох үед ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг автомашиныхаа зүүн урд их гэрэл орчмоор мөргөөд тоормос гишгээд зогсох үед хохирогч шидэгдэж автомашины хойд талд зам дээр дээш харсан байрлалтай хэвтэж байсан. Түргэний эмч ирээд хохирогчийн биеийн байдлыг үзээд шууд ГССҮТ-рүү авч явсан. Би ослын газраа байж байгаад цагдаагийн алба хаагч нартай хамт хэргийн газрын үзлэг хэмжилтээ хийлгэсэн. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, асфальтан замын хөдөлгөөн сийрэг, цаг агаар тогтуун, бороогүй, хуурай, зам эвдрэл гэмтэлгүй, явган хүний замтай, 6 эгнээ суурингийн доторхи зам байсан гэжээ. /хх-ийн 63/

          Хохирогч  А.Б  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо офицерүүдийн ордноос Чулуун овоо явах замд манай байгууллага автобусны буудал барьж байсан рүү явж байсан юм. Би тэнд ажиллаж байсан хүмүүсийн ажил шалгахаар очсон. Тэгээд би явган хүний гарцтай газраар зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байтал ертөнцийн зүгээр баруун хойноос офицерүүдийн ордноос чигтэй Чулуун овооруу явдаг замын хоёрдугаар эгнээгээр явж байтал түүгээр явж байсан автомашин явган хүний гарцан дээр зогсож байтал зам тавьж өгсөн. Би автомашины урдуур алхтал нэгдүгээр эгнээнд явж байсан автомашин зогсолгүй шууд ирээд мөргөсөн. Би цааш юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Нэг сэрэхэд түргэн тусламжийн автомашинд явж байсан. Тэгээд шууд эмнэлэгт хэвтсэн гэжээ.  /хх-н 20-24/

          Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал,  осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-н 8-13/, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 14-15/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 16/: Г.А драйгер багаж ашиглан шалгахад 0.00% үзүүлэлт ирлэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо гэжээ.

          Г.А асууж авсан тайлбар /хх-н 17/

           Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 25/

      2017.09.15-ны өдрийн 11554 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.А.Б биед дагз ясны хугарал, зөөлөн бүрхүүлийн доорхи голомтлог цус харвалт, баруун тохой, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт, баруун ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 26-27/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 28-29/,

А.Б эмчилгээнд зарцуулсан мөнгөний задаргаа /хх-н 30-35/

А.Б замын цагдаагийн албанд  гаргасан хүсэлт /хх-н 36/: эмчилгээний зардал болох 1.200.000 төгрөгийг жолооч Г.А бүрэн хариуцсан тул цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй  гэжээ. А.Б өвчний түүхийн хуулбар /хх-н 37-47/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 48/

2017.9.28-ны өдрийн 17/52072 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх текникийн хяналтын үзлэгийн төвд 44-15 ДГА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Ганбат овогтой А эзэмшлийн Тоёота Приус маркийн мөнгөлөг өнгөтэй Япон улсад үйлдвэрлэгдсэн 4-1 ДГА улсын NHW207709159 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13.40 цагаас 14.10 цаг хүртэл MNS4598:2011 Автотээврийн хэрэгсэлийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон MNS5011:2003 автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлтээр салхины шил зүүн доод буландаа 60х60 см хэмжээтэй талбайд хагарч цөмөрсөн, зүүн гар талын их гэрлийн гаднах бүрхүүл шил бүрэн хагарсан зэрэг нь тээврийн хэрэгсэлийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага NMS4598:2011 стандартын шаардлагыг хангахгүй байна гэжээ.  /хх-н 49-52/

    Гэрч Н.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны  9 дүгээр сарын 5-ны өглөө 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр офицерүүдийн ордноос Чулуун овоо явах замд манай компани автобусны буудал шинээр барьж байсан юм. Тэр өдөр манай ажилтан А.Б нь ажилчдын ажлыг шалгаж үзчихээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад гарцан дээр автомашинд мөргүүлсэн байсан. Би тухайн үед Б осолд орчихлоо гэж мэдээгүй. Гарцаар хүн гарч яваад мөргүүлчихлээ гэж бодоод ойртоод очтол зам дээр хэвтэж байсан хүн манай ажилтан Б байсан. Би сандраад буцаж гүйгээд зам хөндлөн гарч цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Осол болох үед түргэн тусламжийн автомашин явж таараад Б шууд ГССҮТ-рүү авч явсан. Би тухайн үед ажлаа хийгээд байж байсан юм.  Гэтэл гэнэт автомашины тоормосны чахарсан дуу гарсан. Эргээд хартал явган хүний гарцан дээр нэг хүн үсрээд зам дээр унаж байгаа харагдсан. Тухайн өдөр үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа байгалийн гэрэлтэй, зам түгжрэлгүй, суурингийн доторхи тогтуун, эерэг хөдөлгөөнтэй 4 эгнээ зам байсан гэжээ.  /хх-н 56-57/

   Гэрч Б.М  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Г овогтой А Дорноговь аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийн 7 дугаар ангид нэг ангид орж суралцсанаасаа хойш өнөөдрийг хүртэл найз нөхдийн холбоотой байгаа юм. Манай найз Г.А Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 53 дугаар байрны 23 тоотод охин Түвшингийн хамт амьдардаг юм. Тэрээр өрх толгойлсон эмэгтэй юм. Манай найз сургуульд байхдаа онц сурдаг охин байсан, зан байдлын хувьд бол шулуун шударга, цоглог, дайчин зантай, төлөв даруу, их нямбай ажилсаг муу зуршилгүй архи тамхи хэрэглэдэггүй юм гэжээ.  /хх-н 58-59/

  Мөрдөгчийн магадлагаа /хх-н 60/:

        Г.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 61-62/

   Г.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н  1-3,/, /хх-н 63-64/

 Жолоочийн лавлагаа: Г.А нь В ангилалын тээврийн хэрэгсэл жолоолдох эрхтэй. 2024 он хүртэл хүчинтэй гэжээ./хх-н 66/

    Г.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67-70/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 73/, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 10 дугаар байрны 350 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон  Засаг даргын тодорхойлолт /хх-н 18/, зөрчлийн талаарх баримтууд /хх-н 74/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-н 83/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 89-91/ зэрэг болно.  

     Г.А нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Офицеруудын ордоноос Чулуун овоо явах замд Тоёота приус маркийн 44-05  ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон  ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэснийг зөрчиж явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас зам хөндлөн гарч явсан  явган зорчигч А.Б мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:   

      А.Б биед дагз ясны хугарал, зөөлөн бүрхүүлийн доорхи голомтлог цус харвалт, баруун тохой, баруун өвдөг, баруун шилбэний цус хуралт, баруун ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 11554 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 26-27/

        Хохирогч А.Б мөрдөн байцаалтад өгсөн … би явган хүний гарцтай газраар зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байтал ертөнцийн зүгээр баруун хойноос офицерүүдийн ордноос чигтэй Чулуун овооруу явдаг замын хоёрдугаар эгнээгээр явж байтал түүгээр явж байсан автомашин явган хүний гарцан дээр зогсож байтал зам тавьж өгсөн. Би автомашины урдуур алхтал нэгдүгээр эгнээнд явж байсан автомашин зогсолгүй шууд ирээд мөргөсөн. Би цааш юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Нэг сэрэхэд түргэн тусламжийн автомашинд явж байсан. Тэгээд шууд эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдүүлэг .  /хх-н 20-24/ 

      Гэрч Н.Б  мөрдөн байцаалтад  өгсөн … А.Б нь ажилчдын ажлыг шалгаж үзчихээд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад гарцан дээр автомашинд мөргүүлсэн байсан. Би тухайн үед Б осолд орчихлоо гэж мэдээгүй. Гарцаар хүн гарч яваад мөргүүлчихлээ гэж бодоод ойртоод очтол зам дээр хэвтэж байсан хүн манай ажилтан Б байсан. Би сандраад буцаж гүйгээд зам хөндлөн гарч цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Осол болох үед түргэн тусламжийн автомашин явж таараад Батцэцэгийг шууд ГССҮТ-рүү авч явсан. Гэтэл гэнэт автомашины тоормосны чахарсан дуу гарсан. Эргээд хартал явган хүний гарцан дээр нэг хүн үсрээд зам дээр унаж байгаа харагдсан. Тухайн өдөр үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа байгалийн гэрэлтэй, зам түгжрэлгүй, суурингийн доторхи тогтуун, эерэг хөдөлгөөнтэй 4 эгнээ зам байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 56-57/

           Шүүгдэгч Г.А өгсөн …Чулуун Овоо орохоор ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн урагш чиглэлтэй замд замын нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байгаад хоёрдугаар эгнээрүү шилжин орох үед ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг автомашиныхаа зүүн урд их гэрэл орчмоор мөргөөд тоормос гишгээд зогсох үед хохирогч шидэгдэж автомашины хойд талд зам дээр дээш харсан байрлалтай хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/  зэрэг болно.

  Г.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Г.А автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоов.

Г.А хохирогчид өнөөдрийн байдлаар гарсан эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Г.А нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүх  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  2 жилийн  хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.А гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

   Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Г.А нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,3 6.12,3 6.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Г А автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зэааснаар Г.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаатай хасаж 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.А гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Г.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3–д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацааг тоолсугай.

 

5. Г.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. Г.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.А нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

      

        8.Хохирогч А.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10.Давж заалдах, гомдол,гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН