Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 701

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Игийн иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00127 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Игийн нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, Б.Цэрэнчунт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.         

 

Нэхэмжлэгч Х.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 51 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг 2017 оны 8 дугаар сарын10-ны өдөр Б.Мын Төрийн банк дахь 340004012940 дугаарын дансаар олгосон. Б.М нь зээлж авсан мөнгөө өнөөдрийг хүртэл огт төлөөгүй. Энэ хугацаанд хариуцагчтай удаа дараа утсаар холбогдож байсан, төлөх тухай хэлж байсан ч төлөхөөс зайлсхийсэн. Талууд бичгээр хийсэн гэрээ байхгүй тул хүү яригдахгүй, иймд үндсэн зээл 51 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлсэн 51 000 000 төгрөгөөс 29 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин 22 000 000 төгрөгийг цааш нь н.Онон гэдэг хүнд зээлсэн тул бүхэлд нь хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Маас 51 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 412 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам давж заалдах гомдолдоо: “...2017 оны 08 дугаар сарын 10-ний өдөр иргэн Х.Игоос 51 000 000 төгрөгийг Б.М болон Ц.Онон нар хамтран зээлэхээр болж зээлдэгч хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Б.М зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр 51 000 000 төгрөгийг дангаараа хариуцах болоод байгаад хариуцагч талаас гомдолтой байна. Нэхэмжлэгч хэн хэнд зээлж байгаагаа мэдэж байгаа ч ганц Б.Маас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Шүүх хурлын үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн авсан        22 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн ба харин хамтран зээлдэгч Ц.Ононгийн 29 000 000 төгрөгийг бид төлөх үндэслэлгүй болохоо илэрхийлсэн ч шүүх энэ талаар анхаарч үзэлгүй Б.Маас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй.

Шүүх хурлын үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой ба дээрх мөнгийг Ц.Ононтой холбогдсоны үндсэн дээр тодорхой хугацаанд манай зүгээс төлөх боломжтой гэдгээ илэрхийлж, талуудад эвлэрэн хэлэлцэх хугацаа олгож шүүх хурлыг нэг удаа хойшлуулж өгөхийг хүссэн ба шүүхээс эвлэрэн хэлэлцэх боломж олгоогүйд хариуцагч талаас гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Х.И нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 29 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 22 000 000 төгрөгийг н.Онон гэх хүн зээлсэн тул хариуцахгүй гэж маргажээ.

 

            2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Х.Игийн “Төрийн банк” ХХК дахь 103900863146 тоот данснаас Б.Мын “Төрийн банк” ХХК дахь 340004012940 тоот данс руу 51 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 4, 24-26/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зав тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хоорондын зээлийн гэрээ дүгнэсэн нь зөв байна.

 

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгсөн, авсан талаар маргаагүй, харин хариуцагч нь 22 000 000 төгрөгийг н.Онон зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Ирэгэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж зааладах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...талуудад эвлэрэн хэлэлцэх хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.

 

Хүсэлт хэлэлцэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгчээс эвлэрэн хэлэлцэх талаар асууж тодрууллаа, эвлэрэх талаар ярилцаагүй гэж байна. Иймд шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан байх ба шүүх уг тайлбарыг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.  

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Маас төлсөн 267 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

 

Д.ЦОГТСАЙХАН