Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/846

 

 

 

 

 

 

  2022             08              23                                          2022/ДШМ/846

 

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч А.Г, О.Ц,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, Ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Л.Баатар нарын  бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/755 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.Б нь нийт 11 удаагийн үйлдлээр бусдад 22.656.460 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх  заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Б-ийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Ж.Б-өд 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 10 /арав/ жил 3 /гурав / сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-өд оногдуулсан 10 жил 3 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ж.Б-өөс хувийн бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-өөс 22.904.460 /хорин хоёр сая есөн зуун дөрвөн мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулан нэр бүхий хохирогч нарт тус тус олгуулахаар дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Б гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорын шатанд буцааж өгнө үү. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч А.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийг шийдвэрлүүлэхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч О.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна. Учир нь, нэг төрлийн гэмт хэрэгт тус тусад нь ял оногдуулах нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас хэтрүүлэхгүйгээр хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдолдоо Ууганбаяр, Мөнх-Эрдэнэ нарын үйлдэл, холбогдлыг шалгаж өгнө үү гэж дурдсан байна. Хохирогч А.Б-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн үйлдэлд У-аас мэдүүлэг авсан. Мөн хохирогч А.Б-д “...нэг сэрэхэд Ж.Б манай зурагтыг зөөврийн компьютерын хамт аваад гарч байсан...” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч О.Э мэдүүлэгтээ “...нэг хүн Ж.Б-ийн регистрийн дугаараар бүртгүүлж ломбардад эд зүйлс тавьсан...” гэсэн байдаг. Түүнчлэн М-ийн үйлдэл холбогдлыг шалгаж үзээд тухайн гэмт хэргийг Ж.Б ганцаар үйлдсэн гэж дүгнэсэн. Мөн давж заалдах гомдолд “...хохирогч Г.А-ын гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хулгай хийсэн...”, 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Э гэдэг хүний гэрт хулгай орсон гэж мэдэхгүй хохирогч гаргаад ирсэн...” гэсэн байна. Ж.Б-ийн холбогдсон 11 гэмт хэрэгт А гэж хохирогч байхгүй. Хохирогч Э-ийн гэрээс 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр эд зүйлийг хулгайлсан болох нь тогтоогдсон. Энэ хугацаанд шүүгдэгч цагдан хоригдоогүй, гадуур байсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Багануур дүүрэгт 80 кг ноолуур хулгайлсан тухай асуудлын тухайд тус дүүргийн прокурорын газраас болон цагдаагийн хэлтсээс албан тоотоор Ж.Б-өд холбогдох хэрэг байгаа эсэх талаар асуухад түүнд холбогдох хэрэг байхгүй гэсэн хариуг ирүүлсэн. Шүүгдэгчийн насыг буруу бичсэн нь яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Б 1990 оноос хулгайн гэмт хэргийг тасралтгүй үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон учир прокуророос хүндрүүлэн зүйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ж.Б нь 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 22.656.460 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогч Ж.Б-д 298.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-гийн/1хх 23/ гэсэн мэдүүлэг,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан гомдол /1хх 15-16/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-18/, “...32 инчийн болон эрэгтэй савхин хүрмийг нийт 298.000 төгрөгөөр үнэлсэн. ...” гэсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 28-29/,

2. Хохирогч Д.Б-д 684.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч Д.Б-гийн гэсэн мэдүүлэг,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /1хх 57-58/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 59-61/, “...39 инчийн марк тодорхойгүй зурагт, эрэгтэй савхин дээл, эмэгтэй дээлийг нийт 684.000 төгрөгөөр үнэлсэн. ...” гэсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 73-74/,

3. Хохирогч Ж.З-д 254.760 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч Ж.З-ийн гэсэн мэдүүлэг/1хх 160/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 153/,

хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 154-158/,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 169-171/,

“...32 инчийн зурагт болон пүүзийг нийт 254760 төгрөгөөр үнэлсэн. ...” гэсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 179-180/,

4. Хохирогч М.Б-д 240.5000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч М.Б-ын /1хх 212-214/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх 206/,

хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1хх 207-211/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /1хх 230-231/,

5. Хохирогч П.Э-т 588.5000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч П.Э-н гэсэн мэдүүлэг /2хх 21-25/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх 11/,

хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 12-20/,

2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Тод Үнэлгээ ХХК-ийн 397 дугаар эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /2хх 44/,

6. Хохирогч Б.М-т 790.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч Б.М-ын гэсэн мэдүүлэг /3хх 47-48/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /3хх  39/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 40-44/,

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Аривжих-Эстимейт ХХК-ийн №18/114 дугаартай дүгнэлт /3хх 75-76/,

7. Хохирогч Б.Б-т 689.0000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч Б.Б-ын гэсэн мэдүүлэг /3хх 154-162/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /3хх 146/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 147, 150-153/,

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Аривжих-Эстимейт ХХК-ийн №18/112 дугаартай дүгнэлт /3хх 179-180/,

8. Хохирогч Д.Б-д 115.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч Д.Б-ын гэсэн мэдүүлэг /4хх 26-31/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /4хх 15-16/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 17-21/,

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Аривжих-Эстимейт ХХК-ийн №18/111 дугаартай дүгнэлт /4хх 33-34/

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх 48-50/,

9. Хохирогч Г.Б-т 2.476.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч Г.Б-ын гэсэн мэдүүлэг /4хх 92-95/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /4хх 85/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 87-90/,

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Аривжих-Эстимейт ХХК-ийн №18/108 дугаартай дүгнэлт /4хх 102-103/,

10. Хохирогч А.Б-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч А.Б-ын /5хх 56-58, 6хх 88/,

иргэний нэхэмжлэгч О.Э-ны гэсэн мэдүүлгүүд /6хх 94/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /5хх 46-47/,

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ........... ХХК-ийн 642 дугаартай дүгнэлт /5хх 67-69/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5хх 77/,

11. Хохирогч Д.Б-д 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч Д.Б-ын гэх мэдүүлэг /6 хх-ийн 192/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /6хх 177/,

хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 176-180/,

алдагдсан эд зүйлсийг 1.858.000 төгрөгөөр үнэлсэн Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /6хх 203-204/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 60-67/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Ж.Бийг 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 22.656.460 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар  өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 10 /арван/ жил 3 /гурав/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Б-ийн “...Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Ц.Ганцэцэг нь яллах дүгнэлтээ буруу үйлдсэн.  Намайг 46 настай гэж буруу бичсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөвтгөх боломжтой байна. Учир нь,

2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 715 дугаартай прокурорын яллах дүгнэлт /7хх 71-84/-ийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгч Ж.Б-ийг 46 настай гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Ж.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 88/-гаар ....................... төрсөн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Б-ийн “...2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолуудыг хэрэгсэхгүй болгож, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн Д.М, Н.У, Б.Б нартай хохирол хувааж шалгуулах шаардлагатай байгаа байдлыг харгалзан хэргийг прокурорт буцааж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заасан хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, улмаар дадал зуршилтай болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосноор илэрхийлэгдэнэ.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ амьдралынхаа хэвшил болгосон, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгоно.

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 2-3 дугаар сарын хооронд нийт 11 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас бусдад нийт 22.656.460 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заасан хүндрүүлэх шинжийг хангасан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Б-өд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байх бөгөөд гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж  дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Мөн шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Б-ийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Ж.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 945 /есөн зуун дөчин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохдоо орхигдуулсан тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн тухайн заалтад нэмж оруулж шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/755 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын  “Шүүгдэгч Ж.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Ж.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 945 /есөн зуун дөчин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай” гэж өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                                  Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ