Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00482 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Тгийн хариуцагч Б.Сд холбогдуулан гаргасан 2014 оны 10 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Б.Сын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Тгийн нэр дээр шилжүүлэн бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Тгийн эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 сард Б.Т нь хүргэн ах н.Мөнхтөрийн “...хүнээс зээл авсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өгөөч, найдвартай буцаагаад авна...” гэсэн хүсэлтийх нь дагуу нотариатын газар очиж, барьцаат зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаар нэхэмжлэлд дурдсан. Гэтэл 2017 оны 09 сард Б.С гэх хүн Б.Тгийн өмчлөлийн орон сууцнаас аав, ээжийг нь албадан гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар орон сууцны өмчлөх эрх хууль бусаар Б.Сын нэр дээр шилжсэнийг мэдсэн. Б.Т нь Б.Сыг огт танихгүй, уулзаж байгаагүй. Б.С 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Т гэх хүнээс 1 өрөө орон сууц худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцаа суллаж өгөөгүй гэж нэхэмжлэлдээ бичсэн. Б.Т нь өөрийн өмчлөлийн орон сууцаа хүнд худалдаагүй, нотариат дээр очиж гарын үсэг зураагүй, гарын үсгийг хууль бусаар хуурамчаар зурж, өмчлөх эрхийг нь хууль бусаар шилжүүлж авсанд гомдолтой байдаг. Б.С нь Б.Тгийн хүргэн ахад мөнгө зээлдүүлсэн, н.Энхтайван гэх хүний эхнэр болохыг анх нэхэмжлэл гаргахдаа мэдсэн. Шүүхэд өгсөн гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр 5 000 000 төгрөгөөр орон сууцаа худалдсан гэж бичсэн байсан. Б.Т нь 67 000 000 төгрөгөөр худалдаж авсан орон сууцаа 5 000 000 төгрөгөөр яагаад ч зарахгүй гэж нэхэмжлэлдээ дурдсан. Б.Т нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад огт худалдаагүй байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гарын үсэг зурж, өмчлөх эрхийг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу Б.С, Б.Т нарын хооронд байгуулсагдсан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 23 дугаар байр, 64 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Б.Сын 0003555853 тоот гэрчилгээний дугаартай Ү-2205017834 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Тгийн нэр дээр шилжүүлэн бичилт хийлгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь энэ хэрэг шүүхэд шийдэгдсэн. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Т, Б.С нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээн дээр худалдагч талыг төлөөлж Б.Т гэх хүн өөрийн биеэр нотариатаар батлуулж гарын үсэг зурсан. Б.С энэ гэрээнд оролцсон. Шүүхэд гаргаж байгаа гол үндэслэл нотолгоо нь би энэ гэрээнд гарын үсэг зураагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үздэг. Гэтэл энэ хэрэг дээр 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарч, Б.Т гэж гарын үсэг зурсан нь Б.Тгийн гарын үсэгтэй тохирч байна гэх дүгнэлт гарсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан нөхцөл байдал үүсээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр Б.С гэх хүн өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. Улсын бүртгэлийн үнэн зөв эсэхтэй хариуцагч маргадаггүй. Нэгэнт өмчлөгчөөр тогтоогдсон этгээд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой саад болж байгаа зүйлийг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, захиран зарцуулах, амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд орон сууцыг хариуцагч Б.Тгийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээ бодит байдалд огт хийгдээгүй. Гэрээ байгуулагдсан гэж маргаж байгаа боловч Б.С нь 2017 оны 9 сар хүртэлх 2 жилийн хугацаанд орон сууцыг чөлөөлөх тухай шаардлагыг амаар болон бичгээр гаргаж байгаагүй. Нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Б.Сын нэр дээр байгаа учир Б.Тгаас өмчлөх эрхээ эдлэхэд саад болж байгаа зүйлийг шаардаж байна гэж нэхэмжлэгч тал гэж тайлбарлаж байна. Б.Т нь өнөөдрийн байдлаар маргаан бүхий орон сууцанд ямар нэгэн байдлаар амьдраагүй. Энэ орон сууцанд Б.Тгийн аав, ээж, дүү зэрэг хүмүүс амьдардаг. Одоогоор Б.Т нь өрх тусгаарлаж, Хан-Уул дүүрэгт амьдардаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сд холбогдох, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 23 байр 64 тоот орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205017834 дугаар бүртгэлтэй, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, гэрчилгээг Б.Тгийн нэр дээр шилжүүлэн бичилт хийхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 23 байр 64 тоот орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205017834 дугаар бүртгэлтэй, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Б.Тгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн          94 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: Маргаанд дурдагдсан иргэний хэргийг урьд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хоёр дүгнэлт харилцан зөрүүтэй учраас гарын үсгийг дахин шинжилж нэмэлт дүгнэлт гаргах нь зүйтэй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж маргаан бүхий гэрээ болон нотариатчийн бүртгэлийн дэвтэрт таталж зурагдсан гарын үсгийн хэвд шинжээч дахин томилж зайлшгүй тодруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шинжээч н.Баярмааг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан боловч шинжээч шүүх хуралдаанд ирэх боломжгүй гэх үндэслэлээр захирамжаа өөрчилж шинжээч н.Баярмааг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх талуудын нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх боломжийг хаасан. ...Маргаан бүхий гэрээнд Б.Т нь үл уншигдах бүтцээр гарын үсгээ зурдаггүй гэж мэдүүлдэг. Гэтэл шинжээч нь үл уншигдах элементээс бүрдсэн гарын үсгийн загвар ирүүлээгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй гэдэг. Шинжээч н.Баярмаа нь “...үл уншигдах элементээс бүрдсэн гарын үсэг нь Б.Тгийн гарын үсэгтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт гаргасан. Бид энэ эргэлзээтэй байдлыг арилгуулахаар дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Маргаан бүхий байрыг Б.Тгийн аав, ээж анх 67 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дээр дурдсан худалдаж авсан үнийн дүнгээс 13 дахин бага үнээр буюу 5 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гарын үсэг зураад орон сууцыг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн албан татварыг Б.С төлснийг шүүх анхаарч үзнэ үү. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Б.Т нь тус орон сууцанд амьдардаггүй, түүний эцэг, эх амьдардаг. Хэрэгт авагдсан баримтаар Б.Т нь Хан-Уул дүүрэгт амьдардаг болох нь нотлогдсон. Анхан шатны шүүх нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дахин шинжээч томилуулах ажиллагааг бүрэн хийгээгүй. Иймд дахин шинжээч томилуулахаар хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлагатай тул давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Б.Сд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Б.Сын өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулан, гэрчилгээг Б.Тгийн нэр дээр шилжүүлэн бичилт хийлгэхийг эрх бүхий байгууллагад  даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Б.Тгийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 13, 63, 69/

 

Хэрэгт авагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэг талаас худалдагч Б.Т, нөгөө талаас худалдан авагч Б.С нар байгуулж, худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 23 дугаар байр, 64 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205017834 дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч нь худалдагч талд 5 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээх нөхцлийг харилцан тохиролцсон байх ба гэрээнд орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн талаар тусгагдсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. /хх 107/

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын үндэслэлээ “...өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний гарын үсгийг дуурайлган зурсан...” гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 668 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Шинжээчийн дүгнэлт /хх 100-104/, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4749 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй Шинжээчийн дүгнэлт /хх 91-97/, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч Э.Солонгын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 135-137/ зэргээр гэрээнд зурагдсан гарын үсэг Б.Тгийн гарын үсгийн хэв загвартай тохирсон болох нь тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Учир нь хариуцагч Б.С нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ түүний нэр дээр шилжсэн, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг худалдан авагч талд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч буюу Б.С нь өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, дахин шинжээч томилуулах шаардлагатай байсан энэ талаар гаргасан хүсэлтийг хангаагүй гэж тайлбарлах боловч хэрэгт цугларсан дээрх шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар нэмэлт болон дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүйн гадна анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН