Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/78

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Х.Н

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хийн Нд холбогдох 1717000470024 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 сарын 23-нд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сум........... оршин суух, одоо Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа,

Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

            - Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлсэн,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжаар /2015 оны/ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээс татгалзсан,

- Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 13 дугаартай магадлалаар /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 3 жил 2 сар 16 хоног гэснийг 8 сар 28 хоног гэж өөрчилж шийдвэрлэсэн,

тархи толгойны өвчтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б. овогт Х.ийн Н. /РД:................./,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.Н. нь 2017 оны 09 сарын 21-нийн өдрийн 11 цагийн үед Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид байрлах цагдан хорих байрны баруун талд тус хорих ангид ял эдэлж байсан Г.Т-нг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний толгойн тус газар нь төмөр жоотуугаар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Х.Н. нь 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байрны баруун талд тус хорих ангид ял эдэлж байсан хохирогч Г.Т-тэй маргалдан улмаар түүний толгойн тус газар нь төмөр жоотуугаар 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Хохирогч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад хоригдол Ц.А, Х.Н, Б.Б, Б.Ба, Т,Т,  Н.Б бид нар хорих 425 дугаар ангийн хашаан дотор цагдан хорих байрны баруун талаас хоол бэлтгэлийн байр хүртэл цэвэр усны шугамын нүх булах, газрыг нь тэгшлэх ажил хийж байсан. 11 цаг өнгөрч байсан байх С, М гэж 2 хоригдол шүүх магадлангаар шоронгоос гарч байсан. Тэд нартай Х.Н гар бариад явуулсан. Би хорих ангиас суллагдах болж байсан бөгөөд удахгүй хорихоос гарлаа даа гэх мэтийн юм ярьж байсан. Х.Н бид 2 муудаж маргах юм болоогүй. Гэнэт л хоригдол Н ажил хийж байсан жоотуугаараа миний толгой руу хальт цохисон. Хальт цохисон болохоор нэг их цус гараагүй. Тэгээд Н бид 2-той хамгийн ойр байсан Баярмагнай гээд хоригдол ирээд Нын барьж байсан жоотууг булааж авсан. Миний духны баруун хэсгээс бага зэргийн цус гарсан. Тэгээд ээлжийн дарга Г.Э намайг эмчид үзүүлсэн. Ийм л зүйл болсон. Би хорих ангиас суллагдсан бөгөөд одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Миний хувьд Нд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

1.3. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг 20 минутын үед Ц.А, Г.Тэ, Х.Н, Б.Б, Б.Б, Т.Т, Н.Б нарын бүхий 7 хоригдолыг авч цагдан хорих байрны баруун талаас хоол бэлтгэлийн байр хүртэл нийт 40-50 метр цэвэр усны шугамын нүх булах, газрыг нь тэгшлэх ажилд гарсан. Миний хувьд тэдгээр хоригдлуудад хяналт тавин ажлыг нь хийлгэж байсан бөгөөд 11 цаг 35 минутын үед хоригдол Г.Т тамхи асаагаад сууж байсан. Хажууд нь хоригдол Х.Н ажлаа хийж байсан жоотуу бариад зогсож байсан. Би тэр хоёроос 20 орчим метрийн зайтай байсан. Тэгээд намайг харж байхад Х.Ня барьж байсан төмөр жоотуугаараа Г.Тэг сууж байхад нь толгой тус газар нь шууд цохих шиг харагдсан. Би хөөе гэж бахираад гүйж очих хооронд Г.Т, Х.Н хоёртой хамгийн ойрхон байсан хоригдол Б.Б эргэж хараад Х.Нын барьж байсан жоотууг нь булааж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн  26-27 дүгээр хуудас /

 

1.4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Бид нар 12 цагт хоолонд ордог бөгөөд хоолонд орохын өмнө буюу 11 цаг 40 минутын үед байхаа намайг ажил хийж байхад ээлжийн дарга Э торны гадна талаас хөөе Б наадхаа болиулаатах гэсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар харсан чинь хоригдол Н хоригдол Тг жоотуугаар цохисон гэж харагдахаар байсан. Тэгээд би Няаас жоотууг нь булааж авсан бөгөөд  хоригдол Тэмүүжин толгойгоо бариад доошоо суучихсан, духнаас нь цус гарч байсан. Хажууд нь Н жоотуу бариад зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад хоригдол Х.Н, Б.Б, Б.Б, Т,Т Н.Б бид нар хорих 425 дугаар ангийн хашаан дотор цагдан хорих байрны баруун талаас хоол бэлтгэлийн байр хүртэл цэвэр усны шугамын нүх булах, газрыг нь тэгшлэх ажилд гараад тус тусынхаа ажлыг хийж байхад өдөр 11 цаг өнгөрч байхад ээлжийн дарга Г.Э наадхаа болиул гээд хашгирсан. Тэгэхээр нь би эргэж харахад Б Нс жоотууг нь булааж аваад цээжээр нь тэврээд холдуулж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хоригдол Г.Т, Б.Б, Ц.А, Н.Б, Х.Н, Б.Б нарын хамт хорих ангид дотроо цэвэр усны шугамын нүх булах, газрыг нь тэгшлэх ажил хийж байсан. НТ нар хоорондоо давааны шүүх хурлын талаар ярьж байсан. Айхтар муудсан зүйл болоогүй. Н Тнар адилхан ЭХ-ийн 96.1-ээр шийтгүүлсэн юм билээ. Тэгээд Т нь шоронгоос гарах болсон. Н нь гарах арай болоогүй гэсэн юм ярьж байсан. Тэгээд намайг нэг харахад Н нь ажил хийж байсан жоотуугаараа Тйн дух руу нь цохичихсон байсан. Т газар суугаад толгойгоо бариад, Бай ирээд Нын жоотууг булаагаад авчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би хамгийн цаад талд ажлаа хийж байсан бөгөөд өдөр 11 цаг өнгөрч байхад Т сууж байсан. Би маргалдсан юм болов уу гээд хүрээд очсон чинь Тйн толгойноос цус гарч байсан. Тэгээд хүмүүс ирээд Тг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Өглөөнөөс хойш Т Н нар ЭХ-ийн 96 дугаар зүйлийг хуулиар хорих ял нь хасагдана, хасагдахгүй гэж яриад тоглоом шоглоом хийгээд байсан. Т Нд хандаад би бол гарна харин чи суусан хугацаа чинь бага болохоор гарахгүй гээд байсан. Тэгээд би хүрзээр газар тэгшлээд байж байхад ээлжийн дарга Энхбат хүүе хаая болоод явчихсан. Тэгсэн Т газар суугаад толгойгоо бариад хажууд нь Ныг Б барьчихсан чи яаж байгаа юм бэ гээд байж байсан. Яг цохихыг нь би хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

 

1.9. Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Өдөр 12 цаг болох гэж байхад хорих ангийн эмнэлэгт хоригдол Г.Тэг Б.Лх эмч, ээлжийн дарга Н.Энар авчирсан. Тэгэхэд Г.Тэйн духны баруун дээд хэсэгт шинэ шархтай шархнаас цус гарч байсан бөгөөд шархны доод хэсэгт харалдаа зулгарсан байсан. Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэг авч яваад шарханд нь 6 оёдол тавиулсан. Г.Тгийн биеийн байдал тогтвортой зүгээр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

1.10. Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Тухайн үед манай хорих анги засвар үйлчилгээтэй байсан учраас томилгоонд байхгүй ээлжийн дарга а/д Г.Э өдрөөр аж ахуй, засвар үйлчилгээнд гарч буй хоригдлуудад хяналт тавин ажиллаж байсан. Өдөр 11 цаг өнгөрч байхад хоригдол Н.Н хоригдол Г.Тг хорихын эмнэлгийн тасаг руу авч явсан гэж байсан. Хэрэг болох үед би хоригдлын амьдралын бүс рүү орж шалгалт хийчэхээд гарч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

1.11. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Тйн биед духанд шарх, зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 53 дугаар хуудас/

 

Иймд шүүгдэгч Х.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Х.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Хоригдол Н нь Дорноговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2017-ШЦТ-51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, тус Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ирсэн.

Хоригдол Ныг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ирэхэд анхны уулзалт хийгээд ярилцаж анкет бөглөсөн...

 ...Х.Ня нь урьд нь зөрчил гаргаж байгаагүй, зан байдлын хувьд үг дуу цөөтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар дунд, огцом түргэн ууртай. Цахилгаан менингит өвчтэй. Байнгын эмнэлгийн хяналтанд байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би Нтай 2013 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд танилцаад 2015 оноос хойш гэр бүлийн харилцаанд орж хамтдаа амьдрах болсон. Х.Н бид 2 дундаасаа 1 настай Б.Бгэж хүүтэй бөгөөд ам бүл 3 гэж явдаг юм. Х.Нямханд бид 2 албан ёсоор батлуулаагүй учир хүүхдээ надаар овоглодог. Манай нөхөр Х.Нн ээж Д.Эн 2004 онд, аав Ж.Х 2013 онд нас барсан гэдэг бөгөөд түүнээс хойш 3 дүүгээ харж ханддаг байсан. Х.Нн төрсөн дүү Х.Н 2017 оны 04 сард, төрсөн дүү Х.С 2017 оны 06 сард нас барсан...

 ...Х.Н зан байдлын хувьд төлөв даруу, дуу цөөтэй, хар бор ажилд сайн. Бие их муутай, цахилгаан мененгит өвчин нь 2-р шатандаа буюу тархи толгой руугаа орсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-67 дугаар хуудас/

 

2.4. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20 дугаар хуудас/

 

2.5. Дорноговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-82 дугаар хуудас/

 

2.6. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 129-130 дугаар хуудас/

 

2.7. Ялын тооцооны тодорхойлолт /улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримт/

           

Шүүгдэгч Х.Н нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 19-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жилийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжаар Х.Над /2015 оны/ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээс татгалзсан байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Х.Ндын гомдлоор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 13 дугаартай магадлалаар “Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжийн 1 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Над 1 жил 2 сар 16 хоногийн ял ногдуулсугай” гэж, захирамжийн 2 дугаар заалтын “3 жил 2 сар 16 хоног” гэснийг “8 сар 28 хоног” гэж өөрчилсүгэй...” гэж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Х.Н нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар биеэр 07 /долоо/ сар 22 /хорин хоёр/ хоног, шагналын 10 хоног, өршөөл болон уучлалын хоног байхгүй, бүгд эдэлсэн 08 /найм/ сар 02 /хоёр/ хоног, үлдсэн 06 /зургаа/ 14 /арван дөрөв/ хоног байна.

 

Иймд шүүгдэгч Х.Няын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Над оногдуулсан  400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 50 /тавь/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 /зургаа/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 50 /тавь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 08 /найм/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүний эдлэх 08 /найм/ сар 04 /дөрөв/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 47 см, бариулын урт 78 см төмөр жоотуу 1 ширхэг нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн эд хөрөнгө байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Нын хорих ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бн овогт Хийн Ндыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Бо овогт Хн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Над оногдуулсан  400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 50 /тавь/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Нд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 50 /тавь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 /найм/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан 08 /найм/ сар 04 /дөрөв/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Х.Ннд нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 47 см, бариулын урт 78 см төмөр жоотуу 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Х.Нын хорих ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Над цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАНДАХ