Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 814

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн эрх хүлээн авагчийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00493 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн эрх хүлээн авагчийн Б.Б, Б.Бнарт холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, хариуцагч нарын хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, Б.Б нар нь өөрсдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012682 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, А ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2105006178 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн хэрэглээний зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарь удаа дараа зөрчигдсөн. Улмаар зээлдэгч Б.Б, Б.Б нар нь нийт 80 140 167 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба талуудын эвлэрлийг тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 184/ШЗ2016/03002 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Хариуцагч нар нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. Дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулан, үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр ажиллагаа дуусгавар болгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч нар нь тус орон сууцанд амьдарч байгаа тул хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б, Б.Б нар нь А ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2105006178 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 36 хувийн хүүтэйгээр авч, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлэх боломжгүй болсон тул маргаан үүсгэлгүй       80 140 167 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрснээр шүүгчийн захирамж гарсан. Маргаан бүхий орон сууцыг А ХХК нь хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх ёстойг ухамсарлаж байна. Хариуцагч нар одоог хүртэл дээрх орон сууцанд амьдарч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үеп А ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгийг түр манай нэр дээр шилжүүлчих, төлбөрийг төлөөд дууссан тохиолдолд буцаагаад өгнө гэсэн ойлголт өгснөөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж шийдвэр гүйцэтгэгчийн хэлсэн үгийг хариуцагч нар бичиж өгсөн болохоос өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж бичээгүй болно. Үүнээс үзэхэд биднийг хуурч хууль бусаар орон сууцны өмчлөх эрхийг А ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичсэн “Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот орон сууцыг төлбөрт тооцон А ХХК-нд шилжүүлнэ” гэсэн агуулгатай хүсэлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн боломжтой. Мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг А ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тус байр нь манай банкинд шилжиж ирэх үед хариуцагч нар аав, ээжийн хамт амьдарч байсан ба зээлийн үлдэгдэл мөнгийг удахгүй төлж дуусгана хугацаа өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргасан. Банкны зүгээс үлдэгдэл мөнгийг төлөөд дуусгавал үл хөдлөх хөрөнгийг эргүүлэн өгөх талаар Б.Б, Б.Бнарт хэлж байсан. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлнэ, орон сууцаа буцаан авна гэсэн боловч одоог хүртэл огт төлөлт хийгээгүй. Банкнаас удаа дараа зээлээ төлөх болон байрыг суллаж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэгт хариуцагч нарын өөрсдийнх нь гараар бичиж өгсөн нотариатаар баталгаажуулсан хүсэлт авагдсан. Нэхэмжлэгчийн эзэмшлийн орон сууцыг одоог хүртэл ашиглаж байгаа ба түрээсийн төлбөрийг ч төлөлгүйгээр банкийг хохироож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан А ХХК-ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч Б.Б, Б.Бнарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагч нарын А ХХК-д холбогдуулж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн хүсэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын оролгод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...барьцааны эд хөрөнгийг өмчлөх эрхийг барьцаалуулагч буюу хариуцагч эдэлдэг учраас барьцаалагч буюу нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгийн эрх үүсэхгүй байхаар хуульд зохицуулсан байна. Харин хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөл хангагдахаар заажээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө барьцаалагч буюу нэхэмжлэгч нь үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцааны зүйлийг шууд өөрийн өмчлөлд авах эрхгүй, харин эд хөрөнгийг захиран зарцуулсан орлогоос өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй байхаар хуульд заажээ... мөн хариуцагч нарыг маргаан бүхий орон сууцыг хууль бус эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд одоо ч тухайн байранд Б.Б гэр бүлийн гишүүдийн хамт амьдардаг. Тус орон сууцны өмчлөгч байсан болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар тогтоогдож байгаа ба эзэмшил нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй...” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Б.Б, Б.Б нар нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 136 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, А ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2105006178 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн хэрэглээний зээл авсан. Улмаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь удаа дараа зөрчигдөж ирсэн ба А ХХК-ийн зүгээс Б.Б, Б.Б нартай эвлэрэн тохиролцож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ/2016/03002 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нараас 80 140 167 төгрөг гаргуулахаар эвлэрэн тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулсан. Хариуцагч Б.Б, Б.Б нар нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэвч өнөөдрийг хүртэл А ХХК-ийн эзэмшлийн орон сууцанд Б.Б, Б.Б болон түүний гэр бүлийнхэн амьдарч байгаа бөгөөд банкны зүгээс орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хүлээн авахгүй байна. Иймд дээрх иргэдийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх талаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хөрөнгийг албан ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан А ХХК нь өөрийн өр төлбөртөө шилжүүлэн авсан ба А ХХК-ийн албан ёсны өмч юм. Уг хөрөнгө нь тус банкны өмч учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь хяналгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зээлдэгч Б.Б, Б.Б нар нь өөрсдийн өрийн үлдэгдэлд уг төлбөрт уг орон сууцыг А ХХК-д шилжүүлэн өгөх талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан ёсоор хүсэлт гаргасан. Үүний дагуу уг орон сууц нь А ХХК-ийн эзэмшилд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шилжиж ирсэн. Үүнээс хойш эдгээр хүмүүс нь тус банкны эзэмшлийн орон сууцыг өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүйгээр хууль бусаар ашиглаж байна. Энэ хугацаанд эдгээр иргэдийг орон сууц чөлөөлөх талаар удаа дараа мэдэгдэж шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир шүүхэд хандсан. Энэ бүгдийг анхан шатны шүүх хянаж үзэлгүй хууль хэрэглээний хувьд буруу шийдвэр гаргаж байгаа нь хэт нэг талыг барин шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 00493 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлага болох дээрх иргэдийг орон сууцны эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Б, Б.Буянжаргал нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан бичсэн гар бичмэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Хэрэглээний зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2016/03002 дугаар “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай”, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ2016/04322 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж /хх 6-9, 14-16/, зохигчдын тайлбараас үзвэл, хариуцагч нар нь нэхэмжлэгч банкнаас хэрэглээний зориулалтаар 50 000 000 төгрөгийг, жилийн 36 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд өөрсдийн өмчлөлийн дээрх орон сууцыг барьцаалсан. Улмаар зээлийн гэрээний үүрэгт нийт 80 140 167 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч талууд эвлэрснийг шүүх баталгаажуулсан боловч зээлдэгч нар мөнгөн хөрөнгө төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр /захирамж/-ийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. /хх 6-9/ Харин маргаан бүхий орон сууцыг хариуцагч нар хуулийн дагуу эзэмшиж байгаа эсэх, нэхэмжлэгч нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн эсэх нь маргааны гол зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас “нэхэмжлэгч нь барьцаалагч тул эд хөрөнгийг шаардах эрхгүй”, “хариуцагч нь орон сууцыг хууль бус эзэмшсэн гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Тодруулбал, мөнгөн хөрөнгийн төлбөр төлөх үүргээ хариуцагч нар сайн дураар биелүүлээгүйн улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /захирамж/-ийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгч нар нь барьцааны зүйлийн өмчлөх эрхийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэх талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргасан /хх 17-18/, уг хүсэлтийн дагуу орон сууцны өмчлөх эрх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн /хх 19/ үйл баримт тогтоогдсон ба энэхүү бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгч гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А-17 дугаартай тушаалаар А ХХК-ийн эрх хүлээн авагчаар Д.Ганбат томилогдсон байна. /хх 88/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг хууль болон гэрээнд заасан ямар үндэслэлээр эзэмшиж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас хууль бусаар эзэмшиж байгаа буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг хууль болон гэрээний дагуу эзэмшиж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоохдохгүй байна.

 

А ХХК нь хууль бусаар маргаан бүхий орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан “Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байр, 136 тоот орон сууцыг төлбөрт тооцон Ариг банкинд шилжүүлнэ” гэсэн агуулгатай хүсэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэх сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн алинд хамаарч байгаа болон ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэсэн тайлбараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дээрх хуулийн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2020/00493 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримтлан А ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 33-р байр, 136 тоот хаягт байрлах Ү-2201012680 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 56 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч Б.Б, Б.Бнарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул хариуцагч нарын А ХХК-д холбогдуулж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн хүсэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын оролгод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-ийн эрх хүлээн авагчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн эрх хүлээн авагч нь давж заалдах гомдол гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2020/03815 дугаар “Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН