| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2023/00541/И |
| Дугаар | 133/ШШ2024/00134 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 133/ШШ2024/00134
| 2024 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 133/ШШ2024/00134 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** аймаг, *** сумд үйл ажиллагаа явуулах ***ХХК,
нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, *** хороо, *** байр *** тоотод оршин суух *** нарын нэхэмжлэлтэй
хариуцагч: *** аймаг, *** сумын *** баг, ***-р байр *** тоотод оршин суух ***,
хариуцагч: *** хот, *** дүүрэг, ***-р хороо, *** хороолол, ***-р байр *** тоотод оршин суух *** нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** түүний өмгөөлөгч ***, хариуцагч ***, түүний өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.
Хариуцагч ***т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний эзэмшлийн *** ХХК нь 2007 оноос хойш *** аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2021 онд иргэн *** хөрөнгө оруулъя, та барилга барь, байрлал сайтай газар байна гэсний дагуу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ***ийн эзэмшлийн *** аймгийн *** сумд байрлах 450м.кв газрын эрхийг шилжүүлж авахаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 15,000,000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан. Энэ гэрээнд нэг талаас ***, нөгөө талаас буюу эрх хүлээн авагчаар ***, *** нар оролцсон. 2022 онд 2 блок, 9 айлын 2 ширхэг орон сууцыг дээрх газар дээр барьсан. Барилга эхлэх зөвшөөрөл гарч өгөхгүй Аймгийн *** даргатай Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр маргалдсаар ***ийн нэр дээр байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авч чадалгүй 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүрсэн. Манай компани өөрийн хөрөнгө ажиллах хүчээр 18 айлын орон сууцыг барья, дуусгая гэсэн бөгөөд ***ын оруулсан 262,350,000 төгрөгийг төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохирсон нийт 318,000,000 төгрөгийн үнэ бүхий 53м.кв талбайтай 3 ширхэг орон сууцыг түүнд өгсөн. *** бид хоёр анх ярьж тохирохдоо хамтран ажиллая, хамтран ажиллах гэрээний дагуу орон сууцад шаардагдах хөрөнгийг болон барилгатай холбоотой бүх зөвшөөрлийн бичиг баримтыг *** хөөцөлдөж бэлэн болгох, харин миний зүгээс өөрийн компаниараа барилгыг барьж дуусгах гэсэн тохиролцоотой байсан. Гэхдээ *** нь өөрийн үүрэг болох газрын эрх эзэмших гэрчилгээ гаргуулах, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг бэлэн болгох, хөрөнгө оруулалтыг хийх зэрэг өөрийн хийж гүйцэтгэх ёстой ажлаа хийгээгүй. Энэ үл ойлголцлоос болж *** надаас их хэмжээний мөнгө нэхэх болсон. Манай компани өөрийн бүх хүч бололцоогоороо банк болон иргэдээс хүүтэй мөнгө зээлж арай хийж барилгыг барьж дуусгасан. *** барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг бэлэн болгож чадаагүйгээс барилга баригдаж дууссан хойно зөвшөөрлийнхөө хойноос хөөцөлдөж манай компанид барьсан барилгыг гацаах, царцаах арга саам хийх болсон. ***ын балгаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч чадахгүй байсан тул аймгийн *** даргатай Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр заргалдаж 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр манай талд гарсан. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажил эрхлэх ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшигч *** манай компанийн барьсан 18 айлын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг *** ХХК-д гаргаж өгөхийг бүртгэлийн байгууллагад бичиж өгсөн. *** нь аймгийн газрын алба, албаныхантай хуйвалдаж манай компанийн авсан зөвшөөрлийг хүчингүй болгож дахин 4 ширхэг байр өгөхийг надаас шаардсан. Уг шаардлагыг нь би хүлээн зөвшөөрөөгүй. Арай хийж бүх бичиг баримтаа бүрдүүлж улсын комисст барилгаа хүлээлгэж өгөх болоход хариуцагч нар хуйвалдан надад мэдэгдэлгүй 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөгийн үнэтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын гэрчилгээ надад эх хувиараа байхад гэрчилгээг яаж дахин гаргуулсан нь ойлгомжгүй байгаа юм. Шинээр гэрээ хийхдээ *** өөрийн нэр дээр газрыг шилжүүлэн авсан байна. 18 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч газрыг сууц өмчлөгч нарт буюу сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан бол уг холбоонд нь шилжүүлэн өгөх ёстой байсан байсан юм. *** нь өөрийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар 18 айлын орон сууц худалдан авсан иргэдийг давхар хохироож байна. Барилгыг улсын бүртгэлийн газар бүртгүүлэх, орон сууц захиалсан иргэдэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөд газар эзэмшигчийн зөвшөөрөл байхгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр миний нэр байхгүйгээс бүртгэлийн газар, үл хөдлөх хөрөнгийг бүртгэх, бүртгэж авахаас татгалзаж байна. Иймд 2021 оны 10 сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 08 сарын 22-ны өдөр газар эзэмшигч *** өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтүүд хүчин төгөлдөр байхад хууль бусаар дахин хийсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусаар тооцуулж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн тайлбар:
3.1 Хариуцагч ***: Миний бие нь 2020 онд иргэн ***аас урьдын хувийн тооцоонд *** аймгийн *** сумын *** баг хаягт байрлах *** нэгж талбарын дугаартай 450 м.кв, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байсан. Энэхүү газар дээрээ миний бие өмнө жил барьж ашиглалтанд оруулсан 1 орцтой, 9 айлын орон сууцны зураг төслийн дагуу орон сууцны зориулалттай 2 орцтой, 18 айлын барилга барихаар төлөвлөөд 60 гаруй сая төгрөгөнд барилгын материал татсан байсан ба явцын дунд зээл авч барилгаа дуусгах төлөвлөгөөтэй байсан. Тэгтэл 2021 оны 08 сард "*** ХХК-ийн захирал *** гэх танил эмэгтэй дээрх газарт орон сууц барих ажилд хамтран ажиллая гэсэн санал тавьсан. *** нь ямар нэгэн байдлаар зээл авахгүйгээр хоёулаа хамтраад 2 орцтой, 18 айлын орон сууц барья гэсэн. Би болохоор газар болон нэмж 400,000,000 төгрөг гаргаж чадна гэсэн. Харин *** нь миний энэ саналыг хүлээн зөвшөөрөөд бусад хөрөнгө оруулалтыг би шийдье орон сууцаа барьж дуусаад 1, 1 орцоор буюу нийт орон сууцыг 50, 50 хувиар авахаар хамтран ажиллая, гэрээ байгуулья гэсэн. Ингээд миний бие амаар тохиролцсон тохиролцоогоо баталгаажуулсан хамтран ажиллах гэрээгээ байгуулья гэхэд газрын эрх шилжүүлэх гэрээгээ миний нэр дээр шилжүүлчих тэгээд гэрээгээ хийе гэсэн. Миний бие энэ үгэнд нь итгэхгүй ***аас газрын эрх шилжүүлэхдээ өөрийн болон *** нар луу шилжүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 'газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж Хамтран ажиллах гэрээ-гээ байгуулсны дараа би тан руу газар эзэмших эрхээ шилжүүлье гэж тохирсон. Би 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэснээрээ *** ХХК-ийн *** банк дахь *** дугаартай дансруу болон ***ийн данс руу нийт 280-аад сая төгрөгийг цувуулж төлсөн. *** нь барилгаа барьсаар байсан. Барилга барьж байх хугацааанд Хамтран ажиллах гэрээ-гээ ярьж тохирсноороо хийхийг миний бие удаа дараа шаардсан боловч гэрээгээ хийхгүй яваад байсан тул *** амаар тохирсон ёсоороо барилга барьж дууссаны дараа барилгын 50 хувийг надад өгнө гэдэг нь худлаа болж байгаа сэтгэгдэл төрж ***аас маргаан бүхий газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Хэрвээ *** нь анх барилга барихаар тохиролцсоноороо Хамтран ажиллах гэрээ-гээ байгуулчихсан бол миний бие маргаан бүхий газрын эрхийг "*** ХХК-д шилжүүлэн өгөхөд зүгээс татгалзах зүйлгүй бөгөөд одоогийн байдлаар барьсан барилгынхаа 50 хувь буюу 1 орц, 9 айлын орон сууцаа хүлээж өр зээлээ төлөөд дуусчихсан байсан байх байсан. Миний бие энэ барилгад оруулсан 280-аад сая төгрөгийг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авч хөрөнгө оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар *** ХХК нь тохирсон ёсоор 1 орц 9 айлын орон сууцаа надад хүлээлгэж өгсөн тохиолдолд маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэхэд бэлэн байна. *** миний бие нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч юм. Учир нь миний бие *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** гудамж *** тоот хаягт байрлах *** нэгж талбарын дугаартай 450м.кв талбай бүхийн *** дугаартай газрыг *** аймгийн *** даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай захирамжаар эзэмших эрхийг шилжүүлж авсан болно. Иймээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэв.
3.2 Хариуцагч ***: *** миний бие *** ХХК, ***нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь *** аймаг, *** сумд байрлах 450м.кв газрын эрхийг эзэмшиж байсан бөгөөд *** хотод байнга амьдрах болсон тул 2021 оны 02 сард *** аймагт амьдардаг бүл дүү болох *** миний газар дээр сэндвичээр авто угаалгын газар барьж ажиллуулья гэхээр нь өгөхөөр болсон. Ингээд 2021 оны 10 дугаар сарын эхээр ***д очсон байхад бүл дүү *** нь нөгөө газрыг ***т урьдын өглөгтөө өгөхөөр болсон та газар эзэмших эрхийг шилжүүлээд өгөх үү гэсэн. Нэгэнт бүл дүүдээ өгөхөөр болсон байсан тул би зөвшөөрөөд нотариат дээр уулзахад *** нь ***ийн хамт ирж эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Миний хувьд ***тэй ямар нэгэн өглөг, авлага, газрын эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй. Бүл дүү ***ийн хэлснээр ***т л газрын эрхийг шилжүүлэх байсан. Гэрээ хийх үед *** нь ***ийн хамт ирж ***тэй хамтран ажиллахаар болж байгаа талаар ярьсан учраас л 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хийсэн. Үүнээс хойш 2023 оны 06 дугаар сард намайг *** аймагт ажлаар очсон байхад *** ирж уулзаад *** аймаг, *** сумд байрлах 450м.кв газрын эрхийг шилжүүлэх гэрээ хийе гэсэн. Миний бие урьд гэрээ хийсэн биздээ яагаад дахин гэрээ хийх гэж байгаа талаар асуусан. Гэтэл хамтран ажиллах гэж байсан *** нь надад худлаа ярьж газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн байна. Тэгэхээр өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн юм гэсэн утгатай юм ярьж байсан. Ингээд миний бие нь анхнаасаа ***тэй газрын эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн харилцаа үүсээгүй бүл дүүгийн хэлснээр ***т шилжүүлж өгөх ёстой байсан тул ***тай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г нотариат дээр байгуулсан. Иймээс миний бие нэхэмжлэгчид газар эзэмших эрх шилжүүлэх үүрэг хүлээх ямар нэгэн өр авлага, төлбөр мөнгөний асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. ***ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 10-р сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлдээ: *** миний бие нь *** ХХК, иргэн *** нарын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа билээ. Шүүхэд хариуцагчаар хариу тайлбар гаргахдаа Миний бие нь 2020 онд иргэн ***аас урьдын хувийн тооцоонд *** аймгийн *** сумын *** баг хаягт байрлах *** нэгж талбарын дугаартай 450м.кв орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байсан. Энэхүү газар дээрээ миний бие өмнө жил барьж ашиглалтанд оруулсан 1 орцтой 9 айлын орон сууцны зураг төслийн дагуу орон сууцны зориулалтай 2 орцтой 18 айлын барилга барихаар төлөвлөөд 60-аад сая төгрөгөнд барилгын материал татсан байсан ба явцын дунд зээл авч барилгаа дуусгах төлөвлөгөөтэй байсан. Тэгтэл 2021 оны 08 дугаар сард *** ХХК-ийн захирал *** гэх танил эмэгтэй дээрх газарт орон сууц барих ажилд хамтран ажиллая гэсэн санал тавьсан талаар дурдсан. Гэтэл нэхэмжлэлдээ *** нь ***аас барилга барих зорилготойгоор газрын эрхийг 15 сая төгрөгөөр газрын эрхийг шилжүүлж авсан гэжээ. Дээрх маргаан бүхий газрын эрх шилжүүлэх харилцаа нь газрын эрх эзэмшигч *** *** нарын хооронд ямар ч харилцаа үүсээгүй. Энэ нь сөрөг нэхэмжлэлд хавсаргасан 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Н.Алтанхуягаас миний биед олгосон *** дугаартай итгэмжлэлээр нотлогдоно. Энэхүү газрын эрх шилжүүлэх харилцаа ***бид хоёрын хооронд үүссэн харилцаа байсан бөгөөд миний эзэмших эрхтэй газар дээр *** нь ямар нэгэн байдлаар зээл авахгүйгээр хоёулаа хамтраад 2 орцтой 18 айлын орон сууц барья гэсэн миний хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалтыг би шийдье орон сууцаа барьж дуусаад 1, 1 орцоор буюу нийт орон сууцыг 50, 50 хувиар авахаар хамтран ажиллая, гэрээ байгуулья гэж намайг хуурч мэхлэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан болно. Миний бие энэхүү амаар тохиролцсон тохиролцоог тухайн үед үнэн гэж итгээд баталгаажуулах зорилгоор хамтран ажиллах гэрээгээ байгуулья гэхэд газрын эрх шилжүүлэх гэрээгээ миний нэр дээр шилжүүлчих тэгээд гэрээгээ хийе гэчихээд *** нь барилгаа барьсаар байсан. Барилга барьж байх хугацааанд Хамтран ажиллах гэрээ-гээ ярьж тохирсоноороо хийхийг миний бие удаа дараа шаардсан боловч гэрээгээ хийхгүй яваад байсан бөгөөд 1 удаа ***тэй хамт *** аймаг дахь нотариат дээр дагуулж ороод Хамтран ажиллах гэрээ-г батлуулах талаар хэлсэн. Гэтэл *** нь нотариатад барилгын өртөг, хамтран ажиллах саналын талаар надтай тохирсноосоо өөр намайг илтэд хохироох нөхцлийг ярьж, уурлаад гараад явсан, хэд хоногийн дараа утсаар нь залгахад ***ийн өмгөөлөгч гэх эрэгтэй чи өөрийнхөө газрын эрхийг өөр дээрээ гаргаад авахгүй юу гэж загнасан тул миний бие нь тухайн үед *** нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг-г байгуулахын тулд надтай хамтран барилга барьж, ашгаа 50, 50 хувиар авья гэж хуурч мэхэлж, анхнаасаа хамтран ажиллах гэрээ хийхгүй, 50 хувийн ашиг өгөхгүй гэж бодож хийсэн гэдгийг мэдээд ***тай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хийсэн. Иймээс 2021 оны 10-р сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.
5. ***ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлдээ: *** надад холбогдуулан "***" ХХК, *** нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан. Үүнтэй холбоотойгоор энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие 2021 оны 10 дугаар сарын эхээр ***д очсон байхад бүл дүү *** нь нөгөө газрыг ***т урьдын өглөгтөө өгөхөөр болсон та газар эзэмших эрхийг шилжүүлээд өгөх үү гэсэн. Нэгэнт бүл дүүдээ өгөхөөр болсон байсан тул би зөвшөөрөөд нотариат дээр уулзахад *** нь ***ийн хамт ирж эрх шилжүулэх гэрээ хийсэн. Миний хувьд ***тэй ямар нэгэн өглөг, авлага, газрын эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй. Бүл дүү ***ийн хэлснээр ***т л газрын эрхийг шилжүулэх байсан. Гэрээ хийх үед *** нь ***ийн хамт ирж ***тэй хамтран ажиллахаар болж байгаа талаар ярьсан учраас л 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г хийсэн тухайгаа тайлбартаа бичсэн. Би анхнаасаа ***тэй газрын эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн харилцаа үүсээгүй, газрын эрх шилжүүлэх гэрээнд дурдсан 15 сая төгрөгийг надад төлөөгүй, төлнө гэж тохиролцоогүй, бүл дүүгийн хэлснээр *** бүл дүү хоёрын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй байхад газрын эрхийг шилжүүлэн авах эрхтэй ***ын хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулсан. Энэхүү 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-нь анхнаасаа хийгдэх үедээ хууль зөрчиж, ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй ***т шилжихээр хийгдсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт зааснаар *** нь үндэслэлгүйгээр газрын эзэмших эрхийг олж авах нөхцлийг бий болгож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч *** сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2021 онд иргэн ***: "Хөрөнгө оруулъя, та барилга барь, байрлал сайтай газар байна." гэсний дагуу би өөрийн "***" ХХК-иар барилга барьж хамтран ажиллахаар тохиролцсон. Барилга барих газар болох ***ийн эзэмшлийн *** аймаг, *** суманд байрлах 450м.кв газрын эрхийг шилжүүлж авахаар "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г 15,000,000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан. Энэ гэрээнд нэг талаас ***, нөгөө талаас буюу эрх хүлээн авагчаар ***, *** бид нар оролцсон. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулах үед *** бид хоёр хамтран ажиллах гэрээний ашгийн талаар ярилцсан. Тухайн үед *** ашгийн 30 хувийг авахаар ярилцаж байсан. ***аас авсан дээрх газраа 15.000.000 төгрөгийн, үлдэх хөрөнгө оруулалтаа бэлэн мөнгөөр оруулна гэж тохиролцсон. Хамтран ажиллах гэрээнд оролцогч талууд хөрөнгөө 30%, 70%-аар оруулж ашгаа оруулсан хөрөнгөндөө ноогдох хэмжээгээр авахаар ярилцаж тохирсон боловч бидний дунд үл ойлголцож үүсч хамтран ажиллах гэрээгээ бичгээр хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Нэгэнт гэрээгээ бичгээр хийж чадаагүй учир ашгаа 30%, 70%-аар авах нь тодорхой бус болсон. Харин ***ын оруулсан хөрөнгө тодорхой учир энэхүү 18 айлын орон сууцыг барих төслөөс ашиг гарвал оруулсан хөрөнгөд нь тохирсон ашгийг өгөх нь шударга ёсонд нийцнэ. Гэвч өнөөдрийн байдлаар 18 айлын орон сууцыг барьснаар манай компани алдагдалд ороод явж байна. Хэрэв *** өөрийн хийх ёстой үйлдлүүд болох газар болон барилга барихад шаардагдах бичиг баримтыг цаг тухай бүрт нь бүрдүүлж өгсөн бол орон сууц худалдан авч байгаа иргэдээс төлбөрөө бүрэн гүйцэд авч хохирлоо багасгах байлаа. Манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга бол газрын гэрчилгээгээ нэг мөр асуудалгүй болгож орон сууц худалдан авсан 18 айлд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ хурдан гаргаж өгөн, банкны ипотекийн зээлэнд нь хамруулан үлдэгдэл төлбөрөө авч санхүүгийн тооцооллоо эцэслэн гаргах явдал юм. Гэтэл сөрөг нэхэмжлэл гаргасан агуулгыг харахаар зөвхөн надаас хэдэн төгрөгийн ашиг авах талаар ярилцсан, түүнийгээ авч чадаагүй болохсор хуурч мэхэлж хэлцэл хийсэн мэтээр бичжээ.Би ***ыг хуурах ямарч санаа, зорилго байхгүй. Ковидын цар тахлаас болж бидний тооцоолж байснаас бүх юм өөрөөр эргэж бараа, материалаа *** хотоос бүх бараа матөриалаа тээвэр хийж авчирсан. Бараа материалын үнэ хамгийн багадаа 2 дахин өссөн зэрэг нөхцөл байдал үүсээд байгааг *** ойлгохыг хүсээгүй. Тийм ч учраас бидний дунд үл ойлголцол үүссэн. Намайг шантаачилж ашиг авахын тулд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г аймгийн газрын албанд бүртгүүлээгүй, тэрч байтугай орон сууц баригдаад дууссан байхад барилгыг улсын комисст хүлээж авах ажлыг саатуулах зорилгоор аймгийн *** даргын тамгын газар, газрын албаар хэл, ам хийж явсан байдаг. Миний зүгээс ***ын оруулсан хөрөнгөд 3 ширхэг орон сууц өгсөн бөгөөд нэг нь ч гэсэн энэ төслөөс алдагдалгүй гарах хэрэгтэй гэсэн сайхан сэтгэл гаргаж байхад үнэхээр надад хатуу хандаж байгаад гайхаж байна. Эхлээд газрын асуудлаа шийдээд орон сууц худалдаж авсан иргэдийн эрх ашгийг хурдан хамгаалаад авъя. *** үнэхээр хүсээд байгаа бол энэ төслөөс учирсан алдагдлыг хувааж төлнө биз ковидоос болж ямар их алдагдалд орсныг өөрөө сайн мэдэж байгаа. Сөрөг нэхэмжлэл гаргасан Хариуцагч ,*** хариуцагч *** нарын газрыг би өөртөө авах ямарч санаа зорилго байхгүй. Тэр газар нь орон сууц баригдаад дуусмагц сууц өмчлөгчдийнхөө холбоонд шилжих ёстой. ***, *** болон манай компани, миний нэр дээр буюу хзн алиных нь ззэмшилд ирэхгүй газар. Иймд тэдний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,
-2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,
-*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ***ийн гаргасан өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-*** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-***аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжийн архивын хуулбар,
-2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-*** аймгийн *** сум, *** баг, *** ХХК-ийн 9 айлын 2 блок орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл,
-2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний конандсан хуулбар,
-Иргэний газар эзэмших эрхийн *** дугаартай гэрээний конандсан хуулбар,
-Төлбөрийн баримтууд /10,000,000 төгрөг, 4,800,000 төгрөгийн/
-*** ХХК-ийн *** банкны *** дугаартай дансны 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуулгууд,
-*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн архивын хуулбар,
-*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн хуулбар,
-*** аймгийн *** сумын *** багт баригдсан 18 айлын орон сууц-ны орлого зарлагын тооцоо,
-*** аймгийн *** сумын *** багт баригдсан 18 айлын орон сууц-ны хөрөнгө оруулалтын тооцоо,
5. Хариуцагч ***аас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Иргэний газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээний конандсан хуулбар,
-Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системээс авсан нэгж талбарын тодорхойлолтын конандсан хуулбар,
-*** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа,
-***ын *** банкны *** дугаартай дансны 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хуулга,
-***ын *** банкны *** дугаартай дансны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны хуулга,
-*** ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт,
-2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0394 дугаартай ***аас ***т олгосон итгэмжлэлийн конандсан хуулбар,
6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-*** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн *** сум, *** багт байрлах ***ийн *** нэгж талбар бүхий газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ, холбогдох материалууд,
-*** аймгийн *** даргын тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн *** аймгийн *** даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийн хуулбар,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч *** ХХК болон *** нь ***, *** нарт холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Харин хариуцагч *** нь нэхэмжлэгч ***т холбогдуулан 2021 оны 10-р сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай,
Хариуцагч *** нь нэхэмжлэгч ***т холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
4. Нэхэмжлэгч нь ...2021 онд иргэн *** хөрөнгө оруулъя, та барилга барь, байрлал сайтай газар байна гэсний дагуу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ***ийн эзэмшлийн *** аймгийн *** сумд байрлах 450м2 газрын эрхийг шилжүүлж авахаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 15,000,000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшигч *** манай компанийн барьсан 18 айлын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг *** ХХК-д гаргаж өгөхийг бүртгэлийн байгууллагад бичиж өгсөн. Бүх бичиг баримтаа бүрдүүлж улсын комисст барилгаа хүлээлгэж өгөх болоход хариуцагч нар хуйвалдан надад мэдэгдэлгүй 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөгийн үнэтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, газрын гэрчилгээ гаргуулсан. Иймд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшигч *** өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтүүд хүчин төгөлдөр байхад хууль бусаар дахин хийсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн Газрын албанд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.
Хариуцагч *** нь ...Миний бие нь 2020 онд иргэн ***аас урьдын хувийн тооцоонд *** аймгийн *** сумын *** баг хаягт байрлах *** нэгж талбарын дугаартай 450 м2 орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байсан. 2021 оны 08 сард "*** ХХК-ийн захирал *** гэх танил эмэгтэй дээрх газарт орон сууц барих ажилд хамтран ажиллая гэсэн санал тавьсан. *** нь ямар нэгэн байдлаар зээл авахгүйгээр хоёулаа хамтраад 2 орцтой, 18 айлын орон сууц барья гэсэн. Би болохоор газар болон нэмж 400,000,000 төгрөг гаргаж чадна гэсэн. Харин *** нь миний энэ саналыг хүлээн зөвшөөрөөд бусад хөрөнгө оруулалтыг би шийдье орон сууцаа барьж дуусаад 1, 1 орцоор буюу нийт орон сууцыг 50, 50 хувиар авахаар хамтран ажиллая, гэрээ байгуулья гэсэн. Барилга барьж байх хугацаанд Хамтран ажиллах гэрээ-гээ ярьж тохирсноороо хийхийг миний бие удаа дараа шаардсан боловч гэрээгээ хийхгүй яваад байсан тул *** амаар тохирсон ёсоороо барилга барьж дууссаны дараа барилгын 50 хувийг надад өгнө гэдэг нь худлаа болж байгаа сэтгэгдэл төрж ***аас маргаан бүхий газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** гудамж *** тоот хаягт байрлах *** нэгж талбарын дугаартай 450 м2 талбай бүхийн *** дугаартай газрыг *** аймгийн *** даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай захирамжаар эзэмших эрхийг шилжүүлж авсан болно. Иймээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, татгалзжээ.
Хариуцагч *** нь ...Миний бие 2021 оны 10 дугаар сарын эхээр ***д очсон байхад бүл дүү *** нь нөгөө газрыг ***т урьдын өглөгтөө өгөхөөр болсон та газар эзэмших эрхийг шилжүүлээд өгөх үү гэсэн. Нэгэнт бүл дүүдээ өгөхөөр болсон байсан тул би зөвшөөрөөд нотариат дээр уулзахад *** нь ***ийн хамт ирж эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Миний хувьд ***тэй ямар нэгэн өглөг, авлага, газрын эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй. Энэхүү 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-нь анхнаасаа хийгдэх үедээ хууль зөрчиж, ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй ***т шилжихээр хийгдсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт зааснаар *** нь үндэслэлгүйгээр газрын эзэмших эрхийг олж авах нөхцлийг бий болгож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, татгалзжээ.
Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад баримтат мэдээллийн хүрээнд нэхэмжлэгч *** ХХК-ийн захирал ***, *** нар нь ***ийн эзэмшлийн *** дугаартай улсын бүртгэлийн, *** дугаартай нэгж талбарын дугаартай, 450 м.кв талбайтай газарт 2 блок, 9 айлын 2 ширхэг орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан ***, *** нарт шилжүүлсэн болох нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан ***ийн өргөдөл, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримтын хувьд зохигчид тайлбарлахдаа ***, *** нар орон сууц барихаар хамтран ажиллахаар тохирсон тул газар эзэмших гэрээний шилжүүлэн авагч тал тэд нэг тал болж орсон талаараа маргахгүй байна.
Харин *** сөрөг нэхэмжлэлдээ өмнө нь 2020 онд ***тай тухайн газрыг өөрөө худалдан авахаар тохирсон байсан гэсэн агуулгатай бичсэн байгаа боловч энэ байдал нь баримтаар тогтоогдохгүй байна.
Улмаар орон сууц барих явцад тэдний хооронд үл ойлголцол үүссэн учир хариуцагч *** нь ***тай дахин 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан *** аймгийн *** даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжаар иргэн ***ийн орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа *** нэгж талбарын дугаартай 450 м.кв газрыг ***т эрх шилжүүлж, эзэмшил газрын хэмжээ, байршлыг хавсралтаар баталж, эзэмшүүлсэн нь маргааны зүйл болжээ.
Үүнийг *** тайлбарлахдаа хамтран ажиллах гэрээгээ бичгээр байгуулахгүй, ашиг хуваарилах асуудал тодорхойгүй байсан тул газар эзэмших эрхийг өөр дээрээ шилжүүлэх гэрээг дахиж байгуулсан гэж тайлбарлаж байна.
Дээрх тайлбарууд, нотлох баримтаас дүгнэхэд ***, *** нар нь орон сууц барихаар хамтран ажиллах хэлцлийг аман хэлбэрээр байгуулсан ба энэ тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор барилга барих газрын эрхийг шилжүүлэн авах гэрээнд нэг тал болон оролцжээ.
Иймд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг *** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч ***т даалгах, нэхэмжлэлээс *** ХХК-д холбогдох хэсэг болон ***, *** нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг *** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч ***т даалгах, нэхэмжлэлээс *** ХХК-д холбогдох хэсэг болон ***, *** нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН