Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/814

 

 

 

 

 

 

  2022             08              16                                          2022/ДШМ/814

 

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ю.Батсүх,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Э.Чингис, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/856 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” хотхоны ... блокийн ... тоотод 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5 настай өөрийн төрсөн хүү буюу бага насны хохирогч Б.С-ийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан, уг үйлдлийг үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар гэж өөрчилж, шүүгдэгч Д.Б-ыг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 95 /ерин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б миний бие 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/856 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 6 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлсэн. Анхан шатны шүүх Д.Б надад холбогдох хэргийг хуулийг буруу тайлбарлан хүн амины хэрэг болгон хүндрүүлж байгаад маш их гомдолтой байна. Б миний бие өөрийн хийсэн хэргээ үнэн зөв мэдүүлж гэм буруугаа хүлээдэг. Гэхдээ би хүн алаагүй. Намайг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл анги нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд хүн алах гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж хуульчилсан. Иймд Б надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилан заажээ. Иймд Б би өөрт тохирсон зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 хэсэгт зааснаар зүйлчилэгдэх ба 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэнд маргадаггүй. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг туйлд нь хүргэлгүй сайн дураараа татгалзсан. Энэ нь гэрч Б-ы “...хаалга тогшиход дүү нь хаалга тайлсан, түүний нулимс хатаад халтайсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э-ын “...цагдаад дуудлага өгчихөөд сэмээрхэн очоод харахад хүүхдээ татаад оруулчихсан байсан, үүнээс хэсэг хугацааны дараа хаалга дуугарч хүүхдийг ээж нь аваад явсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Эндээс дүгнэхэд Д.Б-ыг хүнийг алахыг завдсан үйлдлээсээ сайн дураараа татгалзсан гэж үзэхээр байна. Мөн миний бие хэргийн газрын үзлэгт оролцсон. Үүдний хаалганаас тагтны хаалга хүртэл 9 метр, тагтны хаалганаас цонх хүртэл 80 гаруй сантиметр байсан. Дээрх зайг харгалзан үзэхэд хаалга тогшиход хүүхдийг татаж оруулж амжихгүй, мөн шүүгдэгч хөгжлийн бэрхшээлтэй, сонсгол муутай хүн юм. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ю.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримтаар хэргийн бодит нөхцөл байдал хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” хотхоны ... блокийн ... тоот өөрийн гэртээ 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн,  5 настай өөрийн төрсөн хүү, бага насны хохирогч Б.С-ийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан, уг үйлдлийг үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

бага насны хохирогч Б.С-ийн “...Миний төрсөн аав Б нь Улаанбаатар хотод амьдардаг. Намайг харах хүн байхгүй гээд аав дээр үлдээхээр болж бид 2 уулзсан. Би аавын гэрийн хаягийг мэдэхгүй байна. Тэгээд гэрт нь хамт хоёулхнаа байсан. Аав гэртээ ганцаараа архи уучихсан байсан. Аав намайг “миний аав биш” гэж хэл гэсэн. Тэгээд би “та миний аав биш” гэж хэлсэн. Тэгсэн миний хоолойг боосон. Хүзүү рүү гараараа цохьсон. Тэгээд гэрийнхээ болконыхоо цонхыг онгойлгоод намайг болконы гадна гаргаад миний хөлнөөс бариад байсан. Тэгсэн миний өмсөж байсан хар саравчтай малгай маань газар уначихсан. Тэгээд бас миний мөр рүү гараараа цохиод байсан. Бас миний амыг дараад байхаар нь би уйлсан. Ээж Б аавын утас руу залгахад нь би утсыг нь аваад “намайг болкон дээрээс унагаах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд намайг болкон дээрээс унагаах гэж байхад Б ах хаалга тогшоод ирж намайг аваад гэр лүү нь цуг явсан. Намайг аав Б зодохдоо “Чамайг болкон дээрээс шидчихнэ шүү” гээд байсан. Тэрнээс хойш би аавтайгаа уулзаагүй. Миний ам, хүзүү, мөр өвдөөд байсан. ...” /1хх 17/,

Хамгийн сүүлд аавтайгаа байхад аав бид 2 дэлгүүрээс чихэр, банана, зайрмаг хиам бас аав ногоон шилтэй /тэрийг уугаад согтсон/ архи аваад гэртээ ороод байж байгаад аав миний хүү аавдаа хайртай юу гээд асуугаад байсан. Би хайртай гэсэн чинь аав дахиад аавдаа хайртай юу гээд намайг унтуулахгүй байсан. Миний нойр хүрээд унтах гэсэн унтуулахгүй намайг татаж байгаад аавдаа хайртай юу гээд байхаар нь би унтмаар байна гээд уйлсан чинь аав битгий уйлаад бай гээд уурлаад миний амыг гараараа дараад, боож алах гээд хүзүүнээс бариад, намайг болкон дээр гаргаж байгаад цонхоор гаргаад хөлнөөс барьсан. Тэгээд би дээшээ харах гэсэн чинь миний дуртай малгай газар унасан. Дуртай малгай маань бүр байхгүй болчихсон. Ээждээ хэлнэ гээд уйлсан чинь ээждээ хэлээд яадаг юм, ээж чинь чамайг тоохгүй ажлаа хийдэг биз дээ гэсэн. Аав миний нэг хөлнөөс нэг гараараа, нөгөө гараараа миний гарнаас барьж байгаад жижиг цонхоор гаргасан. Би дээшээ харах гээд чадахгүй малгай уначихсан. Намайг уйлсан чинь гэрийн хаалга хүн цохиод тэгээд аав чимээгүй байгаарай. Хэн хаалга цохиод байна гээд хутга барьсан. Гэхдээ хутгаар намайг айлгаагүй. Хүн ирж байна уйлж болохгүй шүү гэсэн. Хаалга тогшоод аав намайг цонхны гаднаас оруулаад буйдан дээр суулгаад чимээгүй байгаарай уйлж болохгүй шүү гэж хэлээд хаалга онгойлгоод Б агаа орж ирээд намайг аваад явсан. ...” /1хх 145/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.С-ийн “...2021 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт ууланд ажлаа хийж байх үед миний салсан нөхөр Б над руу залгаад энэ зулбасагаа ирж аваа, авахгүй бол би боож ална шүү, миний хүү биш гэж байна гэж байсан бөгөөд цаана нь С орилоод ээжээ битгий утсаа салгаарай намайг унагаах гээд байна гэж орилоод байсан. Тэгээд би 102, 108 дугаар луу холбогдож нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн юм. Тэгээд би хүү Б руу залгаж дүүгээ Б-аас яаралтай очиж аваарай гэж хэлсэн. Б.С-ийн хүзүүний урд хэсэгт маш том улаан толбо үүссэн, зүүн хацар дээр 4 хурууны мөр, баруун хацар дээр 1 эрхий хурууны мөр байх ба уг мөр нь амыг нь дарж базсан гэмээр харагдаж байсан. Б.С нь сэтгэл санаагаар маш их унасан, гутранга үзэлтэй болчихсон бөгөөд зураг их зурдаг юм. Одоо зургийг нь ажиглаад байхад тамын эвэртэй зураг зурж мөн өгөгдөлтэй будаг зурагны нүдийг нь дардаг, сохолдог болчихсон байсан. Тухайн өдрөөс хойш Сийн зүүн хамарнаас нь цус 2-3 дараалж гарсан. Д.Б-д хэн нэгэн нь чиний хүүхэд мөн юм уу биш юм уу гэж хэлсэн байх тэрийг бодож явсаар тухайн өдөр уураа гаргах болсон байх гэж бодож байна. ...” /1хх 20/,

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б-тай 2-3 удаа утсаар ярьсан. Энэ үед бид 2 хоорондоо маргалдаагүй, найзындаа тавилга угсарч байна гээд ярьсан. Тэгээд 23:30 цагийн орчимд залгахад Б бид дэлгүүрээр ороод банана, ундаа авлаа гээд одоо гэртээ харилаа гэж ярихаар нь гэртээ харьж байгаа юм байна гэж бодоод унтаж байтал 40-50 минутын дараа дуу хоолой нь өөрчлөгдсөн согтуурсан байдалтай Б над руу залгаад “энэ миний хүүхэд биш гэнэ, миний аав чи биш” гэж хэлж байна миний аавыг Б гэдэг гэж байна “энэ зулбасгаа ирж авахгүй бол би аллаа” гэж хэлчихээд утсаа салгачихаар нь би айж, сандраад 102, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, ... хороо хариуцсан цагдаагийн утас руу, мөн 108 руу залгаж дуудлага өгсөн. Энэ хооронд Б над руу залгасаар л байсан. Би тайвшруулж сатааруулахын тулд дээрх тусламж авах дугаар руу залгах завсраар Б-ын дуудлагыг авч байсан. Б-тай ярьсан дараагийн ярианд “чи намайг болон миний ээж, эгч нарыг хуурч байсан, энэ хүүхэд миний хүүхэд биш юм байна гэж хэлчихээд утсаа тасалчихсан. Ер нь бол өөрийнхөө хэлэх үгийг хэлчихээд утсаа тасалчихаад байсан. Энэ хүүхдийг чинь ална, яаж алуулмаар байна. Боож ална, би чанаж иднэ гэх мэтчилэн үг хэлчихээд утсаа салгачихаад байсан. Би энэ хооронд дүү О, Э нар руу залгахад утас нь холбогдохгүй байхаар хүү Б-ы .......... дугаар луу залгаад дүүг чинь Ж ална гээд байна. Дүүгээ очоод аваадах гэсэн. Тэгээд Б-ыг юу ч гэсэн гараад такси бариад тарвилан хийд чиглээд явж бай би Б-аас хаягыг нь тодорхой аваад эргээд залгая гэж хэлчихээд Б руу утасдаад би хүн явуулья, чи хаягаа хэлээдэх гэтэл надад сэнгүр горхины хажууд “............” хотхон .......... блок ........... тоот гэж хэлчихээд бушуу ирж энэ хүүхдээ авахгүй бол хүүхдийг чинь дүүжилж ална шүү гэж хэлэхээр нь утсаа салгаад хүү Б руу залгаад хаягыг нь тодорхой хэлж өгсөн. Намайг ярихад Б таксинд суучихсан явж байна гэж яриад утсаа салгатал Б дахиад залгаад утсаа автал цаана нь С “ээжээ битгий утсаа салгаарай, намайг унагаах гээд байна яа яа” гээд орилж байгаа нь сонсогдоод Б утсаа салгачихаар нь би хүү Б руу залгаад очиж байна уу гэсэн байрны дугаар нь мэдэгдэхгүй байна гэж хэлэхээр нь ямар нэгэн аргаар хурдан олж ороод дүүгээ аваадхаач, ........ тоот шүү хурдлаарай гэж хэлээд утсаа салгаад удаагүй байтал Б над руу залгаад дүүгээ авчихлаа гээд ярихаар нь би ч тайвшраад хүү С-ээ ямар байдалтай байгааг асуугаагүй. Шууд Б-ын утасны дугаарыг блок хийчихсэн. Би Б-аас хаягыг нь авчихаад Б-д өгчихөөд цагдаагийн алба хаагч руу бас хаягыг хэлж өгсөн байсан. Тэгээд 01:30 цагийн үед цагдаагийн алба хаагч над руу залгаад “..............” хотхон ....... блок ......... тоот хаалгаа тайлахгүй байна, та хүүхдээ авсан уу гэж ярихаар нь би манай хүүхэд очоод авчихсан, дуудлага буцаая гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн үед хүү С-ийг авахаар Төв аймгаас шууд Б-ы гэрт ирэхэд С-ийн төвөнх нь улайчихсан, нүүрний зүүн талын шанаанд гарын хурууны ор гарсан улайтал базсан байдалтай байхаар нь хүүхдээ хувцаслаад, цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгсөн. ...” /1хх 147-148/,

гэрч И.Б-ы “...Тухайн орой 23-00 цагийн хооронд байх санахгүй байна. Манай ээж С надруу залгаад дүүгээ Б-ын гэрээс очоод аваадах, Б дүүг чинь уйлуулаад байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад ганцаараа Б-ын гэр болох “..........” хотхоны байранд Б-ын гэрт очиход Б согтуурсан байдалтай, манай дүү уйлчихсан байдалтай байхаар нь шууд аваад гэр лүүгээ очсон юм. Б өөрөө бие муутай болохоор ямар нэг зөрчил үүсгэлгүй шууд л гэрээс нь гарсан. Тэгээд гэртээ очоод дүүгээ унтуулах гэхэд хүзүү хэсэг нь боймилсоноос үүссэн байдалтай улаан хүрэн өнгийн толбо үүссэн байдалтай байхаар нь дүүгээс яагаад хүзүү чинь ийм болчихсон юм бэ гэж асуухад “аав миний хоолойг боогоод цонхоор гаргаж шидэх гэж байсан” гэсэн тайлбар хэлсэн. Ингээд би дүүгээ унтуулаад, маргааш өглөө нь ээж манайд ирээд дүүгийн хүзүүний улайлтыг харахад нь би дүүгээс сонссон зүйлээ ээжид хэлсэн. ...” /1хх 34/,

гэрч Л.Э-ын “...Баянзүрх дүүрэг ...... хороо “.............” хотхоны .... давхарт байрлах ...... тоот гэртээ байхад 2021 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 00:30-00:40 цагийн үеэс эхлээд доод айлд эрэгтэй хүн хүүхдээ чи миний хүүхэд биш гэж загнаж уйлуулаад, ээжийн талаар юм хэлээд уурлаад байсан. Ээжийнх нь талаар яаг юу хэлж байсныг нь санахгүй байна. Тэгээд хүүхэд нь уйлахаа болиод хэсэг чимээгүй болохоор дахиад л хүүхдээ чи миний хүүхэд биш гэж уйлуулаад, зодоод байх шиг байсан. Хүүхэд нь ааваа болиочээ гэхээр чи миний хүүхэд биш гээд уйлуулаад байсан юм. Энэ үйл явдал 40-50 минут орчим үргэлжилсэн. Манай байр хана, тааз нимгэн болохоор надад маш сайн сонсогдож байсан. Би зүгээр гайгүй болчих юм болов уу гээд нилээн сонсож байгаад дуудлага өгсөн. Би дуудлага өгөхдөө өөрийнхөө дугаараас “согтуу хүн хүүхдээ болконы цонхоор доошоо унагаах гээд байна” гэж дуудлага өгсөнөө сайн санаж байна. Яагаад гэвэл гадаа хүүхэд уйлах шиг болохоор нь би өөрөө өрөөний болконы цонхоор шагайгаад хартал хүүхдээ бүтэн биеэр нь гаргаад барьчихсан тэр хүний гар, толгой хэсэг нь гарчихсан байсан. Хүүхдийн яг хаанаас нь барьсан байсныг санахгүй байна харчихаад сандраад шууд 102 залгаад дуудлага өгсөн. Тэр үйл явдал 40-50 минут үргэлжилсэн. Хүүхэд уйлж байгаад гэнэт дуугүй болчихдог хүүхдийг аргадаж байгаа юмуу гэхээр юу ч сонсогдохгүй чимээгүй болчихдог. Тэгээд ойролцоогоор 10 минут орчим чимээгүй болчихоод дахиад уйлуулаад байсан. Хүүхэд ааваа гээд уйлахаар чи миний хүүхэд биш гээд хэсэг чимээгүй болж байгаад дахиж уйлуулаад байсан. Тэгж байснаа сүүлдээ хүүхэд чи миний аав биш гэж хэлэхэд тэр хүн дахиж тэгж хэлвэл ална шүү гэж хэлээд удаагүй байтал хүүхдийн уйлах дуу тод сонсогдохоор нь би болконы цонхоороо доош хартал яг манай доод айлын болконы цонхоор эрэгтэй хүн хүүхдээ бүтэн биеэр нь гаргачихсан байсан. Тэр хүний гар, толгой хэсэг нь надад харагдсан. Манайх тэр айлын дээд давхарт нь байдаг. Тэр хүний хүүхдээ болконы цонхоор унагаах гэж байгаа үйлдлийг би өөрийнхөө гэрийн болконы цонхоор толгойгоо гаргаад харсан. Эрэгтэй хүн хүүхдээ болконы цонхоор бүтэн биеэр нь гаргачихсан, хүүхэд ааваа битгий л дээ гэж хэлээд уйлж байсан. Миний санаж байгаагаар тэр хүн хүүхдийн нэг хөлнөөс барьсан байх шиг байсан. Хүүхдийг доошоо унжуулсан байдалтай нүүр царай нь харагдахгүй байсан. Тэгээд би шууд эргэж хараад утсаа аваад цагдаа дуудаж байгааг сонсчих вий гэж бодоод болконоосоо холдоод 102 руу залгасан. Дуудлага өгчихөөд сэмээрхэн очоод хартал хүүхдээ оруулчихсан байсан. Тэгээд хүүхдээ яасан бол гэж бодоод чимээ чагнаж байтал тэр айлын, хаалга дуугарах шиг болсон. Удаагүй гадаа хүүхэд бархирах шиг болохоор юу ч гэсэн хүүхдийг ээж нь ирээд авч дээ гэж бодсон. Хүүхдийг уйлуулж байхдаа ээжтэй нь утсаар яриад байсан. Гэхдээ юу яриад байгааг нь сонсоогүй. Цагдаа нар намайг дуудлага өгсөнөөс хойш 6-7 минут болсон байхаа ирээд яг аль айл вэ гээд асуусан. Би манай доод айл гээд хэлсэн. Хаалгаа онгойлгохгүй байна гэж хэлээд надаас мэдүүлэг аваад явсан. ...” /1 хх 150/ гэх мэдүүлгүүд,

 “...Б.С-ийн биед духанд зулгаралт, цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн хацар, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7578 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 40-41/,

“...Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Б нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдан жолоодох чадвартай байна. Д.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 814 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 44-45/,

“...Б.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй байна. Б.С нь өөрийнхөө насны түвшинд тохирсон сэтгэцийн хөгжилтэй байна. Б.С одоогоор хэргийн улмаас шалтгаалан үүссэн гэх сэтгэцийн өвчин эмгэггүй байна. ...” гэсэн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 385 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 162-163/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 138-143/, БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /1хх 7/, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /1хх 8-9/, бага насны хохирогч Б.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх 12/, бага насны хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /1хх 13/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Б-ыг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Д.Б-ыг өөрийн төрсөн хүү, бага насны хохирогч Б.С-ийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан, уг үйлдлийг үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б-ын “...надад холбогдох хэргийг хуулийг буруу тайлбарлан хүн амины хэрэг болгон хүндрүүлэн үзэж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд, шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь бусдын үйлдлийн улмаас таслан зогсоогдсон болох нь бага насны хохирогчийн “...хаалга тогшоод аав намайг цонхны гаднаас оруулаад буйдан дээр суулгаад чимээгүй байгаарай уйлж болохгүй шүү гэж хэлээд хаалга онгойлгоод Б агаа орж ирээд намайг аваад явсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “С “ээжээ битгий утсаа салгаарай, намайг унагаах гээд байна яа яа” гээд орилж байгаа сонсогдсон...”, гэрч Л.Э-ын “...гадаа хүүхэд уйлах шиг болохоор нь би өрөөний болконы цонхоор шагайгаад хартал хүүхдээ бүтэн биеэр нь гаргаад барьчихсан тэр хүний гар, толгой хэсэг нь гарчихсан байсан. Дуудлага өгчихөөд сэмээрхэн очоод хартал хүүхдээ оруулчихсан байсан. Тэгээд хүүхдээ яасан бол гэж бодоод чимээ чагнаж байтал тэр айлын, хаалга дуугарах шиг болсон. Удаагүй гадаа хүүхэд бархирах шиг болохоор юу ч гэсэн хүүхдийг ээж нь ирээд авч дээ гэж бодсон. ...” гэсэн мэдүүлгүүдээр  нотлогдон тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг үйлдэхээс Д.Б өөрөө сайн дураараа татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Б нь Б.С-ийг орон сууцны болкон дээрээс унагааж алах үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу гэрч И.Б хаалга тогшсоны улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх тул хүнийг алахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн  Б.С-ийг алахыг чиглэсэн үйлдэл хийх явцдаа түүний биед духанд зулгаралт, цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн хацар, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалганд цус хуралт бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд  Д.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/856 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                                  Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ