Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 815

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00600 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Е ХХК, Б.М, Б.М, Б.М, Б.Цнарт холбогдох, орон сууцны талбайн зөрүү болон бусад зардалд нийт 4 256 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Э,

хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан,

хариуцагч Б.М, Б.М, Б.Цнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Мтэй гэрээ байгуулж Баянгол дүүрэг 18 дугаар хороо Мажеста хотхоны 12 давхрын А блокийн 7 давхарт 1 м.кв-ыг 1 550 000 төгрөгөөр тооцож 97.5 м.кв талбайтай орон сууцыг зарим нэг өөрчлөлт хийлгэхээр гэрээндээ тусгаж гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгч, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээний 1.2-т заасан талбайгаас 2.59 м.кв дутуу, өөрөөр хэлбэл 94.91 м.кв талбай орон сууцыг хүлээлгэн өгсөн. Энэ нь орон сууцны хэмжилт хийсэн “Тоонто Гранд” ХХК-ийн гаргасан сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон баримтаар тогтоогдсон тул /2.59 м.кв х 1 550 000 төгрөг/-өөр үржүүлж 4 014 500 төгрөг, орон сууцны хэмжилт хийсэн зардал 183 000 төгрөг, дахин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад төлөх 54 000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авсан хураамжид төлсөн 5 000 төгрөг нийт 4 256 500 төгрөгийг тэнцүү хэмжээгээр нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Би тус шүүхэд хандаж Д.Ц, Е ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М, Б.М, Б.Цнараас 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний 1.2-т заасан талбайгаас 2.59 м.кв талбай дутуу хүлээлгэн өгсний үнэ 4 014 500 төгрөг, орон сууцны хэмжилт хийлгэсэн 183 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад төлсөн 54 000 төгрөг, архиваас хуулбар хийхэд төлсөн 5 000 төгрөг нийт 4 286 500 төгрөг нэхэмжилж байснаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд иргэн Е ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мээс нэхэмжилсэн 4 256 500 төгрөгийн 50 хувь буюу 2 128 250 төгрөгийг, хувьцаа эзэмшигч Е ХХК-ийн өв залгамжлагч иргэн Б.М, Б.М, Б.Цнараас тус бүр 709 416 төгрөг нийт 2 128 250 төгрөгийг гаргуулахаар тодруулж байна. Е ХХК-ийн өв залгамжлагч, хувьцаа эзэмшигч нараас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Мтэй Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Мажеста хотхоны 12 давхар барилгын А блокны 7 дугаар давхарт байрлах орон сууцыг 1 м.кв-ыг 1 550 000 төгрөгөөр тооцож, 97.5 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь гэрээний 5.1.2-т заасан гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон барилгын норм стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгч захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчиж 2.59 м.кв дутуу талбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагчаас 2.59 м.кв дутуу талбайн төлбөр 4 014 500 төгрөг, орон сууцны талбайд хэмжилт хийлгэсэн зардал 183 000 төгрөг, архиваас баримт хуулбарлан авсан 5 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дахин гаргасан төлбөрт 54 000 төгрөг нийт 4 256 500 төгрөгийн 50 хувийг хууль ёсны өв залгамжлагч Б.М, иргэн Б.Мээс гаргуулж, 50 хувийг Б.М, Б.М, Б.Цнараас гаргуулж өгнө үү, Е ХХК-аас татгалзаж байна, мөн С.Динар, С.Дамир нар нь гадаад улсын иргэн тул тэднээс татгалзаж байгаа гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Эыг танихгүй, гэрээг тухайн үед барилгыг барьж гүйцэтгэсэн Е ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер надаар гарын үсэг зуруулсан. Би өөрөө Е ХХК-д хөрөнгө оруулагч ба захиалагчийн гэрээ хийсэн.Б.Эаас орон сууцны захиалгын үнэ болох мөнгийг аваагүй. Мөнгө хүлээн авагч нь Е ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер, ня-бо нарын гарын үсэгтэй бөгөөд тус компанийн тамгатай орлогын баримт байна. Эдгээр хүмүүс тухайн үед энэ байрны тооцоог надтай хийгээгүй тул нэхэмжлэгч нь мөнгөө Е ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй. Энэ Мажести хотхоны барилгын гүйцэтгэлтэй холбоотой хөрөнгө оруулагч Б.М, гүйцэтгэгч байгууллага Е ХХК-тай эд хөрөнгийн маргаантай байгаа учраас П.Наранхүү, Б.Соёл нарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа гэжээ.

 

Хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э нь тус шүүхэд иргэн Б.Мтэй Орон сууц захиалагчтай хийх гэрээг байгуулсан гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хэд хэдэн удаагийн шүүх хуралдаан болж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гэрээг анх байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.М нь Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах газрын лавлагаагаар тогтоогдсон бөгөөд өмнө нь хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/00987 дугаар тогтоолоор Б.М нь Б.Этай Орон сууц захиалагчтай хийх гэрээг байгуулаагүй болохыг тогтоож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Иргэн Б.М нь Е ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш болно. Хуулийн этгээдийг төлөөлөн хэлцэл хийх болон түүний өмнөөс хариуцлага хүлээхийн тулд хуульд заасан тодорхой шаардлага хангасан байх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг маргаад буй орон сууцыг анх барьсан, ашиглалтад оруулсан, нэхэмжлэгчид түлхүүрийг гардуулан өгсөн, төлбөрийг хүлээж авч өөрсдийн үйл ажиллагаандаа зарцуулсан Е ХХК хариуцах нь хуульд болон бодит байдалд нийцнэ. Нэхэмжлэгч Б.Эын төлсөн гэх байрны төлбөрийг хариуцагч нь авч хувьдаа зарцуулж байгаагүй. Энэхүү байрны төлбөрийг компани авч барилгын үйл ажиллагаандаа зарцуулж байсныг гэрч мэдүүлдэг бөгөөд хариуцагч өөрт авч ашиглаж, хувьдаа зарцуулж байсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч нар буюу Е ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт хуваан хариуцуулахаар тодорхойлж байна. Улсын Дээд шүүхийн тогтоолоор Е ХХК-ийн хувьцааг нийт 6 хүнд хуваасан байдаг бөгөөд бүгд ижил тоо хэмжээтэй хувьцааны өв залгамжлагчид болсон боловч нэхэмжлэгч нь зөвхөн нэг хувьцаа эзэмшигчээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувь буюу тал хэмжээг төлүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэв Е ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс дээрх төлбөрийг гаргуулахаар тогтоож байгаа бол тэнцүү хэмжээгээр нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцан төлөх ёстой болно. Иймд хэргийн бодит байдал болон хуульд нийцээгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын талыг буюу 2 128 250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал хувьцаа эзэмшигч Б.Мээс татгалзаж байна гэж ойлгож байна. Б.Мтэй гэрээ байгуулсан гэж ярьж байна. Гэрээ байгуулсан гэж үзэх нотлох баримт хангалтгүй байгаа гэж үзэж Улсын Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Нэхэмжлэгчийн мөнгийг Б.М аваагүй гэжээ.

 

Хариуцагч Б.М, Б.М, Б.Цнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчаар татагдсан Б.М, Б.М, Б.Цнар нь Б.Балдан-Осорын төрсөн хүүхдүүд бөгөөд аав нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барж түүний 5 хүүхэд, Б.М нарын 6 хүн нь түүний хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон юм. Өв залгамжлагч нар нь Е ХХК-ийн эд хөрөнгийг хариуцах, захиран зарцуулах, хуваан авах өв залгамжлагч нар бишээс гадна төлөөлөх эрх бүхий этгээдүүд ч биш. Нэхэмжлэлийн шаардлага нь өв залгамжлал хийгээд Компаний тухай хуульд заасан хувьцаа эзэмшигч компанийн өрийг хариуцахгүй байх зарчмыг үгүйсгэсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь өв залгамжлагч нарт ялгавартай хандаж байгаа нь шударга бус байна. Мөн гэрээний оролцогч биш бөгөөд Е ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд хамааралгүй, хувьцаа эзэмшигч биш этгээдүүдэд хууль зүйн үндэслэлгүй гэрээний доголдлын төлбөрийг хариуцуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Б.Эын нэхэмжлэлтэй Б.М, Б.М, Б.Цнарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М, Б.М, Б.Цнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хуулийн этгээд, иргэн 2 тусдаа эрх зүйн байдалтай байх ёстой. Хуулиар шаардах эрх үүсээгүй байна. Нэхэмжлэгч Е ХХК-тай гэрээ байгуулаагүй, хувьцаа эзэмшигчийн хувьд шаардаагүй гэж хэлж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Б.Балдан-Осор гэдэг хүнтэй ямар эрх зүйн харилцаанд орсон талаар тайлбарлаж нотлоогүй байж түүний хууль ёсны өв залгамжлагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мээс 1 050 625 төгрөг, Б.Моос 700 417 төгрөг, Б.Моос 700 417 төгрөг, Б.Цолмонгоос 700 417 төгрөгийг тус тус гаргуулан Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 104 624 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Е ХХК-аас татгалзсан, иргэн С.Динар, С.Дамир нарыг хэрэгт хариуцагчаар татаагүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Мээс 29 765 төгрөг, Б.Моос 21 360 төгрөг, Б.Моос 21 360 төгрөг, Б.Цолмонгоос 21 360 төгрөгийг тус тус гаргуулан Б.Эд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 050 625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би орон сууц захиалах гэрээг Б.Мтэй байгуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тус гэрээнд зурагдсан миний болон Б.Мийн гарын үсгийг шинжлээд мөн гэсэн дүгнэлт гаргасан. Би Б.Мтэй гэрээ хийсэн ба тэрээр хөрөнгө оруулалтыг татаад барилгыг Е ХХК ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Би орон сууцны үнийг гурав хувааж өгөхдөө эхлээд Б.Мт, дараагийн удаа  Б.М, Е ХХК-д, хамгийн сүүлийн мөнгийг Е ХХК-д өгсөн. Ийм учраас орон сууцны дутуу талбайн үнийг гэрээ хийсэн Б.М, Е ХХК-аас нэхэмжилсэн. Е ХХК-ийн захирал нас барж компанийн хувьцааг түүний хүүхдүүд болон Б.М нар хууль ёсоор залгамжилж авсан. Тийм учраас би Б.Мээс нийт нэхэмжилж байгаа дутуу талбайн үнийн 50 хувийг Е ХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас 50 хувийг тус тус нэхэмжилсэн. Б.М нь хувьцаа эзэмшигчийн хувьд 50 хувийг зөвшөөрсөн ба шүүх гэрээ хийгээгүй гэж үзээд 1 050 625 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь би анх орон сууц авахдаа дутуу авсан талбайн мөнгийг Б.М, Е ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд өгсөн. Эргээд дутуу талбай бүхий орон сууц авсан учраас илүү төлсөн мөнгөө авах хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М, Б.М, Б.Цнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Иргэн Б.М, Б.Э нарын хооронд гэрээ байгуулагдсан. Мөн Б.М Е ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь хэргийн 185 дугаар хуудсанд авагдсан. Б.М иргэнийхээ хувьд гэрээ байгуулсан атлаа гэрээний доголдолтой холбоотой асуудлыг барилгыг бариулсан компани хариуцна гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Барилга барих үүргийг бусдын өмнө хүлээгээд энэ үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн учраас үр дагаврыг өөрөө хариуцах талаар Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт заасан. Б.Мийн бусдын өмнө хүлээсэн үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн нь түүнийг үндсэн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх иргэний эрх зүйн харилцаа үүссэн талаар буруу дүгнэлт хийсэн. Шүүхээс Е ХХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй гэж тогтоогдсон өв залгамжлагч нарыг буруутгаж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Энэ шийдвэрийнхээ үндэслэлийг шүүх шийдвэртээ тусгаагүй. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд зааснаар компанийн өв залгамжлагч гэдэг ойлголт, нэр томъёо байхгүй. Харин иргэний өв залгамжлах гэх ойлголт байдаг. Хэрэв иргэн ямар нэгэн өртэй бол өв залгамжлагч нь хүлээж авсан эд хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх зохицуулалт байдаг. Гэтэл Е ХХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй гэж шүүхээр тогтоогдоод компанийн хувьцаа эзэмшигч болоогүй хүмүүст тухайн компанийн өрийг хариуцуулж байгаа нь ойлгомжгүй. Тус компани дампуураагүй, татан буугдаагүй, хуулийн этгээдийн хувьд эрх зүйн харилцаанд оролцох бүрэн чадамжтай байхад компанийн хувьцаа эзэмшигч гэж үнэлсэн нь буруу. Эзэмших эрхтэй байж болох ч уг эрхээсээ татгалзсан тохиолдолд тухайн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч нар хувааж авах нөхцөл байдал үүснэ. Тиймээс огт хувьцаа эзэмшигч болоогүй хүмүүсээр төлбөрийг хариуцуулж шийдвэрлэсэн нь буруу болсон. Нэхэмжлэлийн шаардлагын доголдолтой холбоотой асуудлын хувьд хэзээ гаргасан нэхэмжлэлийг хэзээ хүлээж аваад яагаад өнөөдөр нэхэмжилж байгаа талаар дүгнэлт хийгээгүй гэжээ.

Хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх гэрээг байгуулсан талуудыг зөв дүгнэсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу Е ХХК-ийн хувьцааг 6 тэнцүү хуваарилсан асуудлыг дүгнэж, үнэлсэн нь үндэслэлтэй. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хувьцаа эзэмшигч нарт тэнцүү хуваарилаагүй буюу хувьцаа эзэмшигч Б.Мээс 1 050 625 төгрөг гаргуулахаар шийдвэрлээд, бусад хувьцаа эзэмшигч болох Б.М, Б.М, Б.Цнараас 700 417 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн хувьцаа эзэмшигч болох нь шүүхээр тогтоогдсон ба ижил хувьцаа эзэмшиж байгаа нь нийтэд илэрхий учраас тэднээс тэнцүү хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Е ХХК, Б.М нарт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүний үнэ 4 014 500 төгрөг, орон сууцанд хэмжилт хийлгэсэн зардал 183 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дахин гаргуулахад төлсөн 54 000 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн хураамж 5 000 төгрөг нийт 4 256 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Е ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, Б.М, Б.М, Б.Цнарыг хариуцагчаар татан оролцуулсан ба тэдгээрт холбогдуулан 4 256 500 төгрөгийн 50 хувь 2 128 250 төгрөгийг, хариуцагч Б.Мээс 2 128 250 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Э нь 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Е ХХК-ийн дэд захирал Б.Мтэй А/02 дугаартай орон сууц захиалагчтай хийх гэрээ байгуулсан, тус гэрээний 1.1-д “Б.Мтэй харилцан тохиролцож гэрээг байгуулав” гэж байгаа боловч гэрээний сүүлийн хуудсанд гүйцэтгэгч талыг төлөөлж Б.М гарын үсэг зурсан. /хх 14-17/ Энэ гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй талаар 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/00987 дугаартай Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын үндэслэх хэсэгт дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан үйл баримт тогтоогдож байна. /хх 233-236/

 

Дээрх гэрээний оролцогчдыг тогтоохтой холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Е ХХК болон иргэн Б.Э нарын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх гэрээ” /хх 53-57, 102-105/-г Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Ү-2205051299 дугаартай хувийн хэргээс татан авахуулсан байх ба тус гэрээнд ажил гүйцэтгэгч талыг төлөөлж Б.Балдан-Осор гарын үсэг зурж, Е ХХК-ийн тамга дарагдсан байна. Энэ тохиолдолд Б.Мийг Б.Этай хэлцэл хийж, нэхэмжлэгч нь түүнээс орон сууц захиалагчтай хийх гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02195 дугаартай шийдвэрээр “... Е ХХК-ийн энгийн хувьцааны 16.66 хувийг Б.М, 16.66 хувийг Б.М, 16.66 хувийг Б.Цолмон, 16.66 хувийг Б.М...нар өвлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн” байх ба компанийн үүсгэн байгуулагчийн өв залгамжлагч, эрх залгамжлагчийг тогтоосон байдал нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар тухайн компанийн өмнөөс хариуцлага хүлээх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, хэрэгт Б.Эаас орон сууцны үнэд 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 45 337 500 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 45 337 500 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 59 000 000 төгрөгийг тус тус төлсөн байх ба уг баримтуудад Е ХХК-ийн тамга дарагдсан, компанийн нягтлан бодогч гарын үсэг зурсан байна. Иймд хариуцагч Б.Мийг дээрх мөнгөн хөрөнгийг орон сууцны төлбөрт тооцон хүлээж авсан гэж үзэх боломжгүй байна. /хх 5-7/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Е ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Зохигчдын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр орон сууц захиалагчтай хийх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч буюу Б.Э нь Баянгол дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа Мажеста хотхоны А блокын 97.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалж төлбөрийг төлөх, хариуцагч буюу Е ХХК нь 2012 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах нөхцлийг тохиролцсон байна. Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Е ХХК-ийн барьсан орон сууцнаас сонгож, үнийг нь төлсөн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Учир нь гэрээнд тодорхой м.кв бүхий орон сууцыг худалдан авахаар үнийн дүн дээр тохиролцсон байна. Нэхэмжлэгч буюу худалдан авагч өөрөө тухайн барилгын материал зардлыг гаргаж, зураг төслийг нь хийсний дагуу ажил гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Иймд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч гэрээгээр тохиролцсон хэмжээний хувьд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан бол гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг худалдагчид үүснэ.

 

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83-А дугаар байрны 25 тоот орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Э нь өөрийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000278842 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх 58/

 

Нэхэмжлэгч Б.Э нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 577 тоот “Тоонто гранд” ХХК-аар хэмжилт хийлгэсэн тайлангаар орон сууцны талбайн хэмжээг 94.91 м.кв буюу м.кв-ын зөрүү 2.59 м.кв гэж тогтоолгосон байна. /хх 10-12/

 

Улмаар нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Е ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан тул талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар өмнө нь худалдагчид мэдэгдэж байсан эсэх буюу Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э нь гомдлын шаардлага гаргах хугацааны дотор доголдлыг илрүүлж, худалдагч талд мэдэгдэж шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн эсэх үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Е ХХК, Б.М, Б.М, Б.М, Б.Цнарт холбогдох, орон сууцны талбайн зөрүү болон бусад зардалд нийт 4 256 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан Е ХХК, Б.М, Б.М, Б.М, Б.Цнарт холбогдох, орон сууцны талбайн зөрүү болон бусад зардалд нийт 4 256 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.М, Б.М, Б.Цнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 570 төгрөг, хариуцагч Б.Мээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН