| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2017/0083/Э/ |
| Дугаар | 91 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр
Улсын яллагч Д.Ариунжаргал
Хохирогч М.А
Шүүгдэгч С.М, С.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М, С.З нарт холбогдох 17160007700035 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт С-ын З
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт С-ийн М
Шүүгдэгч С.М, С.З нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд М.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.М, С.З нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд М.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь:
Шүүгдэгч С.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би яагаад машины түлхүүр аваад явчихсан юм гээд тэрнээс болж маргалдсан. Тэгээд эргэж ирээд намайг машинд сууж байхад цохисон. Тэрнээс болж маргалдаж, зодолдсон тэгээд байж байтал эхнэр нь ирсэн. Би эхнэрийг нь цохиж зодсон зүйл байхгүй, манай эхнэр хохирогч хоёр маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүгдэгч С.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би салгаж байхад эхнэр А нь ирээд та нарт машинаа өгсөн миний буруу байж гээд манай нөхрийг ирээд алгадсан. Тэгэхээр нь би чи болиоч гээд очоод түлхсэн чинь намайг гарлуу цохисон тэгээд бид хоёр маргалдаад би алгадаад тэгээд бид дөрөв харилцан зодолдсон, манай нөхрийг түлхүүртэй гараараа цохисон. Тэгээд А нөхрөө машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч М.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Гэртээ нөхөр бид хоёр 09 дүгээр сарын 26-ны өдөр багш нарын баярт аймгийн төв явах гэж байсан. Шүүгдэгч нараас машиныхаа үлдэгдэл мөнгийг авах гээд манай нөхөр машинтай явсан. Би тухайн үед гэртээ хоол хийгээд байж байтал цэцэрлэгийн нэг хүүхэн над руу яриад Б М хоёр зодолдож байна гэж хэлсэн. Тэгээд би мотоцикльтой хүнтэй очиход энэ гурав зодолдож байсан. Тэгээд би болиоч гээд С.М-ийн ар ууцан дээр нь нэг цохисон тэгтэл намайг хэл амаар доромжлоод зодсон. Би зугтаад явтал хашааны буланд оруулж байгаад зодсон. Миний өмсөж байсан цамц тэр чигтээ цус болсон байсан. М миний толгой болон цээж рүү цохисон. З миний нүүр хөлрүү цохисон...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Б-ийн “...Би М-тай зодолдож байтал манай эхнэр болох А нь хүрч ирээд М, З нарыг болиоч ээ та нар яасан ичдэггүй юм бэ ахтайгаа муудалцаад гээд М-ийн нуруунд нь нэг удаа алгадтал М нь манай эхнэр болох А-г хэл амаар доромжилж толгойнд нь гараараа хоёр удаа цохисон. Тэгэхэд нь би М-г чи яагаад хүний эхнэр цохидог юм бэ гээд бариад авсан гэтэл М-ийн эхнэр З нь манай эхнэр А-г хашааруу шахаж байгаад нүүрэнд нь гараараа нэлээд хэдэн удаа цохиж, хөлрүү нь бас хэд хэдэн удаа өшиглөсөн, би очиж салгаад эхнэртэйгээ хамт гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг, / ХХ15-16/
Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 290 дугаартай “...1. Иргэн А-ийн биед гэмтэл учирсан байна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх27-28/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ7/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул шүүгдэгч С.М, С.З нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч С.М, С.З нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-н өдрийн 46 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн /ХХ3-4/ бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурорын гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, С.З нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ийн М, Х овогт С-ын З нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С-ийн М, Х овогт С-ын З нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, С.З нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч С.М, С.З нарт сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч С.М, С.З нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М, С.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.М, С.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА