Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 855

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 103/ШШ2020/00051 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Б ХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11 461 997 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.           

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ5002017165 дугаар зээлийн шугамын гэрээ байгуулж, уг гэрээгээр 500 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1540000617 дугаар зээлийн гэрээг байгуулж,  7 445 775 000 төгрөгийг жилийн 14 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн өдрөө ЗГ1540000618 дугаар зээлийн гэрээг байгуулж 6 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээг байгуулж 3 128 835 380 төгрөгийн зээлийг жилийн 14 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээг байгуулж 8 500 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус зээлсэн.

Хариуцагч байгууллага нь гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар гэрээний үүргийн зөрчлийг арилгуулсан. Иймд хариуцагч байгууллагаас 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар ЗГ5002017165 дугаартай зээлийн шугамын гэрээний үүрэгт 21 570 795 төгрөг, ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1 005 801 020 төгрөг, ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 754 561 080 төгрөг, ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 82 960 038 төгрөг, ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1 492 184 807 төгрөг нийт 3 357 077 740 төгрөг мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны төлбөр 1 357 757 227 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 6 777 162 090 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч байгууллагын хувьд гэрээний үүргийн зөрчил байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 11 461 997 057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 4 986 826 097 төгрөгөөр багасгуулах байр суурьтай байна. Зээлдэгчийн зүгээс 165 дугаартай 700 000 000 төгрөгийн шугамын зээлийн гэрээг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 5 удаагийн зээлийн гэрээнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 1 зээлийн гэрээг орхигдуулсан. Иймд дээрх байдлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргана.

Талуудын байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 714 дугаар зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусах ёстой байсан. Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 7 556 229 910 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 920 410 909 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29 854 980 төгрөг нийт 8 506 495 800 төгрөгийг нэхэмжилсэн. Гэрээг хугацаанаас өмнө нь цуцалсантай холбогдуулан гэрээний дагуу хариуцагч байгууллагын эдлэх байсан эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байна. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хариуцагч 2 816 229 910 төгрөг төлөх үүргийг биелүүлээгүй. Иймд нэг талын хүсэл зоргоор зээлийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна. Энэхүү зээлийн гэрээний хувьд үүргийн зөрчил гаргаснаа хариуцагч хүлээн зөвшөөрдөг.

Зээлийн гэрээний хавсралтад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тодорхой заасан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 880 000 000 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 230 000 000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 390 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 714 дугаар гэрээг хамруулж нэхэмжлэл гаргасан нь зээлдүүлэгч байгууллага зээлийн гэрээний үүргээ зөрчсөн үйлдэл байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээгээ гэнэт цуцалж, давуу эрхээ ашигласан. Гэрээг цуцлахад талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалтаас гадна Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дах хэсгийн заалтуудыг хэрэглэнэ.

Дээрх хуулийн зохицуулалтад зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгч талд мэдэгдэх, хугацаа тогтоох үйл ажиллагааг банк явуулаагүй нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд заасан үүргийг зөрчсөн. Иймд гэрээ цуцалсантай холбоотой болон зээлийн гэрээний төлбөрт 4 904 831 637 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх төлөх ёстой байсан үнийн дүнг хүлээн зөвшөөрнө. Үүнээс хойшхи хугацааны төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 714 дугаар гэрээний дагуу хариуцагч төлөлт хийсэн. Зээлийн тооцоолол дээр зөрчил гаргасан болохоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх дарааллыг заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд үүнтэй адил зохицуулалт бий. Гэтэл нэхэмжлэгч нь төлбөр төлөлтөөс эхлээд хүү, дараа нь үндсэн төлөлтийг суутгадаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хийсэн төлөлтийг үндсэн төлөлтөөс хасч тооцвол түүний хүүгийн хэмжээ багасана. Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т тодорхой заасан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Гэтэл банкнаас үндсэн гэрээний хугацаа дууссан байхад 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг тухай бүрт нь суутгасны улмаас нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүнээс илүү хэмжээтэй байна.

Талуудын хоорондын гэрээ, эргэн төлөлтийн график хэрэгжихгүй байна. Зээлийн гэрээний дагуу хүү, үндсэн төлөлтөө суутгаж авах ёстой байсан. Б ХК-аас төлбөр төлөлт хийх бүртээ гүйлгээний утгыг “зээлийн төлөлт”, “хүү төлөлт” гэж бичиж байгаагүй. Зээлийн гэрээ тус бүр тусдаа харилцах данстай бөгөөд дансанд орсон орлогыг банк тухай бүрт нь байгууллагын хүсэл зоригоос хамааралгүйгээр шууд татдаг байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн хүү төлсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар хугацаа тогтоох шаардлагагүй гэсэн. Хэрэгт гэрээг цуцлах талаар санал гаргасан гэх баримт авагдаагүй. Иймд Иргэний хуулийн 204, 205, 225 дугаар зүйлд заасан гэрээг цуцлахаас өмнө хийгдэх нөхцөл журам хангагдаагүй тул зээлдэгчийн зээлийн гэрээ болон хуульд заасан эрхийг зөрчиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд хийгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1540000714 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Б ХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 461 997 055 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 933 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 57 933 775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан баримтыг маргааны үйл баримтад ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шүүх ямар баримтад үндэслэж зээлийн тооцооллыг зөв гэж дүгнэснээ тайлбарлаагүй. Гэтэл талууд зээлийн тооцоололд маргадаг. Нэхэмжлэгч талын гаргасан  зээлийн дансны хуулгыг тооцоолол гэж үзсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нэг загвараар хийгдсэн. Гэрээний 1.4-т зээлийн эргэн төлөлтийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлөх талаар тохиролцсон боловч эсрэгээрээ хэрэгжсэн. 617 дугаар зээлийн гэрээнд 2017  оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 21-ний  өдөр хүртэлх 7 хоногийн дотор 7 удаагийн гүйлгээгээр 922 000 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Банк эхлээд өмнө нь төлөгдөөгүй байсан хүү, нэмэгдүүлсэн хүүг авсны дараагаар өдрийн хүүг авсан байдаг. Зээлийн эргэн төлөлтийн хуваариар сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Өдөр бүрийн төлөлтөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү авдаг. Талууд энэ талаар маргаж байгаа учраас хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан. “Юнистар аудит” ХХК-аас зээлийн тооцоолол зээлийн гэрээтэй нийцээгүй гэсэн дүгнэлт гарсан. Тодруулбал, 617 дугаар зээлийн гэрээнд 59 799 278 төгрөг, 618 дугаар зээлийн гэрээнд 52 000 000 төгрөг, 717 дугаар зээлийн гэрээнд 61 000 000 төгрөгийн зөрүүтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг хэрэгт хавсаргасан боловч шүүх үнэлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас дээр дурдсан хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны үеэр 714 дугаар зээлийн гэрээг цуцлаж байгаа талаар мэдэгдсэн. Гэтэл уг зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусах байсан. Өмнөх гэрээнүүдийн төлбөр төлөгдөөгүй учраас энэ гэрээг цуцласан гэсэн үндэслэлээр төлбөрийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн зүгээс уг зээлийн гэрээг цуцалснаас хойш шаардаж буй   4 740 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзсан. Гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах харилцааг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан зохицуулалтаар зохицуулдаг. Гэрээ цуцлах талаар нөгөө талдаа мэдэгдэх, зөрчил арилгах хугацаа тогтоох зэрэг хуульд заагдсан процесс ажиллагаа явагдах ёстой атал зээлдүүлэгчийн зүгээс уг ажиллагааг хэрэгжүүлээгүй. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4 883 392 732 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б ХК-д холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар ЗГ5002017165 дугаартай зээлийн шугамын гэрээний үүрэгт 21 570 795 төгрөг, ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1 005 801 020 төгрөг, ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 754 561 080 төгрөг, ЗГ1540000666 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 82 960 038 төгрөг, ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1 492 184 807 төгрөг, нийт 3 357 077 740 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, ЗГ502017165, ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээг тус тус цуцалж, ЗГ502017165 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 700 000 000 төгрөг, ЗГ1540000617 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1 522 848 007 төгрөг, ЗГ1540000618 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 762 653 249 төгрөг, ЗГ1540000714 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 8 506 495 800 төгрөг, нийт 11 461 997 057 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч тал үнийн дүнгийн зарим хэсэг буюу 4 986 826 097 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 53, 149/

Талууд зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, нийт гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол маргааны гол зүйл болсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзан зээлийн тооцоолол нь гэрээ болон эргэн төлөлттэй тохирохгүй талаар тайлбарлаж, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч Б.Тэрбишийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Зээлийн үүргийн тооцооллыг хийсэн аудиторын тайлбар” гэх 15 хуудас баримтыг хэрэгт нотлох баримтаар өгчээ. /хх 192- 206/

 

Дээрх баримтыг хариуцагч талаас хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу танилцуулагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар талуудыг уг баримтад тусгагдсан тооцооллын талаар мэтгэлцүүлээгүй, мөн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй байна.

 

Түүнчлэн, уг нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь шийдвэрт тусгагдаагүй байх тул шүүхээс үндэслэл бүхий шийдэл гаргасан гэж үзэхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 103/ШШ2020/00051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Багануур” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 574 913 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН