Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 859

 

 

 

 

 

 

 

 

 

С.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/00575 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Гийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч С.Гь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 281 дугаар захирамжаар С.Гиас 40 129 173 төгрөгийг гаргуулж, О ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. С.Гийн өмчлөлийн гэрээний үүргийн барьцаанд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2201030807 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москва гудамж, 42 дугаар байр хаягт байрлах 72.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэн 84 700 000 төгрөгөөр тогтоосон. Уг барилга нь хотын А бүсэд байрладаг. Энэ үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул дээрх хөрөнгийн үнэлгээ болох 84 700 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 281 дугаар захирамжаар С.Гиас 40 129 173 төгрөгийг гаргуулж, О ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх 18270656/03, 18270656/05, 18270656/08 дугаартай мэдэгдлүүдийг удаа дараа биечлэн хүргэж байсан. Төлбөр төлөгч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030807 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Москва гудамж, 42 дугаар байр хаягт байрлах 72.8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай зоорь, нэгдүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 298 дугаар тогтоолоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнийг 84 700 000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч С.Гьд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/21724 дугаартай үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээ болон тайлантай хамт танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж, хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 79-02/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай С.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэртээ “...үл хөдлөх эд хөрөнгийг 84 700 000 төгрөгөөр үнэлсэн ажиллагаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. ... харьцуулахад зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй.... барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон дээрх “Мөнх-Оргил трейд” ХХК нь үнэлгээ тогтоохдоо хотын А зэрэглэлд байрлах үйлчилгээний талбайг 1 100 000 орчим төгрөгийн хооронд үнэлсэн нь тухайн байрлалд орших үйлчилгээний газруудын зах зээлийн үнэ ханшинд огт нийцэхгүй хэт доогуур үнэлсэн үнэ байх бөгөөд тухайн байрлалд байрлах шинэ үйлчилгээний талбай 2 000 000-2 200 000 төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар огт маргаагүй бөгөөд харин шүүхийн шийдвэр биелүүлэх явцад гарч байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс ажиллагаанд хууль заасан эрх үүргийн хүрээнд нэхэмжлэгчээс гомдол гаргаад байгаа бөгөөд шүүх процесс ажиллагаанд гомдол гаргаагүй мэтээр дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнтэй холбогдуулан гомдол гаргасан байхад шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг аль хуулийн заалтыг баримтлан зах зээлийн үнээс хэт доогуур үнэлээгүй, үнэлгээ хуулийн дагуу хийгджээ гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүхээс ....С.Гь нь ... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар үндэслэлээ нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл хөрөнгийн үнэлгээний тайлангийн хууль эрх зүйн үндэслэлийн талаар маргаагүй ...нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмааг хавтас хэрэгтэй танилцах, нотлох баримт гаргаж өгөх, хариу тайлбар гаргаж өгөх хуулийн хугацаагаар шүүхээс хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Гь нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 79-02/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1, 24/

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/00281 дугаартай шүүгчийн захирамжаар С.Гь нь 39 950 322 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор үлдэгдэл 34 950 322  төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дотор О ББСБ ХХК-д төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 27-28/

 

 Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох С.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030807 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Москва гудамж, 42 дугаар байр хаягт байрлах 72.8 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай зоорь, нэгдүгээр давхрын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан талаар зохигчид маргаагүй байна. /хх 30, 38, 40-45/

 

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй, хэн аль нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан /хх 46-48/ тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Мөнх оргил трейд” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоосон нь хууль зөрчөөгүй байна. /хх 49-84/

 

            Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч С.Гьт хөндлөнгийн шинжээч барьцааны зүйл болон үл хөдлөх эд хөрөнгийг 84 700 000 төгрөгөөр тогтоосныг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4/21724 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасантэй нийцжээ. /хх 6, 86/

 

            Мөн хариуцагч шинжээч томилох ажиллагааг явуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй, шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, журмын дагуу хийсэн байна.

 

Хэргийн баримтаас үзвэл, шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-ийн тогтоосон үнэлгээ  зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгтэй танилцах, нотлох баримт гаргаж өгөх, хариу тайлбар гаргаж өгөх хуулийн хугацаагаар хангаагүй буюу хуульд заасан эрхийг нь зөрчсөн гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Гь нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн нэрийн өмнөөс шүүхэд төлөөлөх эрх бүхий итгэмжлэлийг Г.Баярмаад олгосон байна. /хх 140/ Анхан шатны шүүх уг итгэмжлэлд үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаад хуульд заасны дагуу эрх, үүрэг тайлбарласан байх ба тэрээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэргийн материалтай танилцуулсан, шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /хх 11, 138, 141/ Энэ тохиолдолд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/00575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН