Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 94

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М
Шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Т-д холбогдох 17160002100047 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц овогт Ө-ын Т гэв.

Шүүгдэгч Ө.Т нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг 30 минутын үед 00-00 УНЗ улсын дугаартай Хово маркын автомашин жолоодон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс хойш 30 км газарт явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 9.4, 21 дүгээр бүлгийн 21.8 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөний улмаас Хово маркын автомашин онхолдож автомашинд сууж явсан иргэн Х.Ш, Д.Н, Б.Г нар нас барж, “Н д” ХХК-д 101.309.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:


1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 
Шүүгдэгч Ө.Т нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг 30 минутын үед 00-00 УНЗ улсын дугаартай Хово маркын автомашин жолоодон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс хойш 30 км газарт явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 9.4, 21 дүгээр бүлгийн 21.8 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж  автомашинд сууж явсан иргэн Х.Ш, Д.Н, Б.Г нарын амь насыг хохироож, “Н д” ХХК-д 101.309.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ө.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...тухайн аймгаас гараад 30км яваад осол гарсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Бид нар 30-40км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед ган гачиг ихтэй болохоор зам их халсан түүний улмаас дугуй хагараад тэгээд машины тэнцвэр алдагдсан гэж бодож байна. Шулуун зам байсан бол зогсоож болох байсан. Гэвч эргэлттэй зам байсан тул уг осол гарч гурван хүний амь насанд хүрсэндээ харамсаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.Б-ийн “...2017 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн үед миний 99999999 дугаар луу танихгүй юнителийн дугаараас танай дүү Ш аваарт орчихлоо бие нь муу байна гэж эрэгтэй хүн ярьсан. 10 орчим минутын дараа ахин 70-тай дугаараас залгаад дүү чинь аваарт ороод амь насаа алдсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг / ХХ36-37/,
 Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Б-ийн “...Манай төрсөн дүү Г-ийг нас барсан талаар хамаатны хүн Б-ээс сонссон. Тэгээд аймаг руу ах дүүсээрээ явсан. Талийгаачийн цогцсыг аймгийн төв дээр авч ирсэн байсан. Талийгаач тухайн компанид ажилд ороод 3 сар болж байсан...” гэх мэдүүлэг /ХХ41-42/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч П.О-ийн “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өглөө манай хамаатны дүү Р утсаар яриад Н Говь-Алтай аймагт аваарт орсон талаар хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймаг руу гараад 30-ны өглөө ирээд талийгаачийн шарилыг аваад буцсан...” гэх мэдүүлэг /ХХ50-51/, 
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Э-ын “...2017 оны 07 дугаар сарын 28-ны орой манай Баян-Өлгий аймаг руу ажлаар явж байсан Хово машинтай ажилчид зам тээврийн осолд орж 3 хүн амь насаа алдсан. Тэгээд би тэр оройгоо гараад 29-ний өглөө Говь-Алтай аймагт ирсэн... Ийм хэрэг болсонд харамсаж байна...” гэх мэдүүлэг /ХХ46-47/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Т-ын “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Говь-Алтай аймгаас гараад Баарангийн даваа уруудаад явж байхад манай хамт явсан Хово маркын 00-00 УНЗ улсын дугаартай машин осолд орсон, 3 хүн нас барсан байсан... Ө.Т жолоо бариад хажууд нь Г, Н голд нь суусан, Ш орон дээр хэвтэж байсан байх цонхоор харагдаагүй. Бидний хажуугаар гарахад дундаж хурдтай хэвийн явсан. Т Баянхонгорт Өлзийтийн даваа даваад наклад муудсан байна. Гэхдээ шахчихлаа одоо гайгүй байх гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ66-67/,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Б-ийн “...2017 оны 07 дугаар сарын 28-ны орой Баарангийн даваа даваад 30 орчим км газарт чиргүүлийн дугуй хагараад зогссон байсан. Дугуйгаа янзлах гээд байж байтал баруун талаас том улаан ачааны машин их хурдтай орж ирээд замын баруун гар тал буюу ертөнцийн зүгээр хойд тал руу унаж осолдсон... Доод тал нь 80 орчим км цагийн хурдтай түүнээс ч их хурдтай явсан байж магад... Эхэлж толгой нь тэнцвэр алдаж, замаас гарч унаад дээр нь байсан зүйл замын хажуу руу унаж хоцорсон. Тэгээд чиргүүл нь түрж орж ирсэн. Тойргоор орж ирэхдээ тэнцвэр алдаад 40-50 метр зайд тэнцвэрээ алдаад явсан. Замаас гараад шууд унасан. Өнхөрч эргээд шууд дээшээ харсан... Цаанаас ирэхдээ их хурдтай орж ирсэн. Хурдаа тогтоож дийлэхгүй, хүнд ачаатай машин хурдаа авсан тул замын тойрог хэсгээр эргэхдээ бага зэрэг тэнцвэр алдаад тэр чигтээ замаас гарч онхолдсон гэж би жолооч хүний хувьд, ослыг нүдээр харсан хүний хувьд бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ68-69/, 
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Б-ийн “... их хурдтай орж ирсэн. Угаасаа газар нь алсаараа уруу байсан. Их хурдтай миний баримжаалж байгаагаар 60 км цагийн хурдтай явсан. Чиргүүлээ гуядаад данхалзаж тэнцвэр алдаад замын баруун гар тул руу онхолдож унасан...” гэх мэдүүлэг /ХХ70-71/,
2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ77-79/, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ96-97/, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ112-113/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ10/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ11-13/, гэрэл зургийн үзүүлэлт /14-24/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ25-26/, тээврийн хэрэгсэлд нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ27-32/, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн авто машины аюулгүй ажиллагааны үзлэг /ХХ198/, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын дүгнэлт /ХХ143-150/, хөрөнгийн үнэлгээчин Р.Ц-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн хохирлын үнэлгээний тайлан /ХХ159-164/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 /хоёр/ буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Ө.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ /ХХ239/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай тогтоол /ХХ240/-оор хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ө.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзаж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ172/-аар, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болох нь хохирогч Х.Б, Б.Б, П.О, Д.Э нарын хэргийн материалтай танилцаад гомдол саналгүй гэж гарын үсэг зурсан баримт /ХХ233-235, 237/  зэргээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял ногдуулахдаа харгалзаж үзэв.
Шүүгдэгч Ө.Т-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
“Н Д” ХХК/Д.Э/-ны зүгээс иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч уг гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл байх тул хохирогч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн 2/хоёр/ ширхэг гэрчилгээ, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн 2/хоёр/ ширхэг гэрчилгээг тус тус хууль ёсны эзэмшигч “Н д” ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Ө.Т-ийн иргэний үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, хэрэгт хураагдаж ирсэн нэвтрэх зөвшөөрлийн 2 ширхэг баримт, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий 2 ширхэг CD зэргийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч Ц овогт Ө-ын Т-г  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 /хоёр/ буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 
4. Монгол улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссан дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тоолж эхэлсүгэй.
5. Шүүгдэгч Ө.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Н д” ХХК /Д.Э/ нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 
7. Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ө.Т-ийн УМ00000000 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, №00000000, №00000000 дугаартай тээврийн хэрэгслийн, ТА№0000000, ТА№0000000 дугаартай  автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээнүүдийг хууль ёсны эзэмшигч “Н Д” ХХК /Д.Э/-д  тус тус буцаан олгосугай.
8. Хэрэгт хураагдаж ирсэн нэвтрэх зөвшөөрлийн 2 ширхэг баримт, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий 2 ширхэг CD зэргийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай. 
9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
10 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА