| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2109008770102 |
| Дугаар | 2022/ДШМ/816 |
| Огноо | 2022-08-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/816
2022 08 16 2022/ДШМ/816
Б.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Буянхишиг
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” сүлжээ дэлгүүр дотор иргэн Г.Б-ийн эзэмшлийн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне X” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 11 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Мөн бусдад учруулсан хохирол гомдлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг журамлаж өгнө үү. Иймд Б.Т миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргаж байсан. ...” гэжээ.
Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Т-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянаж үзээд шүүгдэгч Б.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” сүлжээ дэлгүүр дотор иргэн Г.Б-н эзэмшлийн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне X” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Б-ийн “...Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ... байр “CU” нэртэй худалдааны газарт ажиллаж байхад 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр менежерийн өрөөнийхөө ширээний доор “Айфоне X” загварын гар утсаа цэнэглээд үлдээчихээд цаашаа агуулах руу орсон. Тэгэхэд нүдэнд бүрэлзэх шиг болсон. Тэгтэл ногоон малгайтай, хөх саарал цамцтай залуу утас аваад халаасандаа хийсэн. Тэгэхээр нь би “хүүе” гээд гараад ирэхэд согтуу хүн байсан. Тэгээд миний утсыг бариад зогсож байхаар нь гар утсаа шүүрээд авсан. Тэгээд явах гэхээр нь хашиж зогсож байгаад хамгаалагч дуудаад цагдаа дуудсан. ...” /хх 17-18/,
яллагдагч Б.Т-ын “...Би тухайн үед барилга дээр хамт ажиллаж байсан Н гэх найзындаа очиж хувцсаа авах гэж очоод тэндээс гарч “CU” дэлгүүрт орж дэлгүүрийн хэсэгт онгорхой хаалган дотор утас байхаар нь, мөн эзэнгүй байхаар нь ороод гар утас авсан. Тэгээд гарах гэж байтал дэлгүүрийн ажилтан цаанаас гарч ирээд намайг барьж авсан. Тухайн үед би авсан гар утсаа буцааж өгсөн...” /хх 77-79/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34-38/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 17-19/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Б.Т иргэн Г.Б-ийн эзэмшлийн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна.
Шүүгдэгч Б.Т-ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүхээс Б.Т-д оногдуулсан 11 сарын хорих ялыг хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй шударга ёсны зарчимд нийцнэ.
Түүнчлэн, шүүгдэгч Б.Т нь урьд хулгайлах гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлсэн ба тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ