| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00367/И |
| Дугаар | 136/ШШ2024/00344 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 136/ШШ2024/00344
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: * аймаг, * сум, * баг, * гудамж, * тоотод оршин суух Ш* овогт Б*С*,
Хариуцагч: *аймаг, * сум, *баг, * гудамж * тоотод оршин суух О* овогт Г*н Г*,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 06 дугаар сарын 21-нд иргэн Г.Г*, Б.А* нартай гэрээ хийж 5,000,000 төгрөгийг зээлүүлсэн байдаг. Г.Г*, Д.А* хоёр нь тухайн үед Улаанбаатар төмөр замын татах хэсэгт засварчин каналын арчигч ажилтай байсан бөгөөд хувиараа эсгийний үйлдвэр бариад барилгын ажил нь дөхсөн дээврийн материал дутуу байна, дээврийн материалаа татаад авчихвал дээврээ хийгээд үйл ажиллагаагаа яаралтай эхлүүлэх хэрэгцээтэй байна гэж анх уулзсан. Тухайн үед Г.Г* ахын эхнэр А* эгч надтай ирж уулзсан. Тэгэхээр нь таны нөхөр зөвшөөрвөл гэрээ хийе гэж хэлэхэд Г* ах өөрөө ирж зөвшөөрч ямар ч асуудалгүй сарын хугацаатай найдвартай мөнгийг буцааж өгнө гэж харилцан тохиролцоод бичгээр гэрээ хийж мөнгөө авч өгөлцсөн. Тухайн үед миний хүү Э.Т* G80 оноштой хүнд хэлбэрийн тархины саажилт байнгын асаргаанд байдаг. Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг байсан. Би өөрөө хувиараа ажил эрхэлдэг, нөхөр маань ажил хийх боломжгүй хамт хүүгийнхээ эмчилгээнд нь явдаг байлаа. Би хувиараа ажил эрхэлдэг хүний мөнгөний асуудал их гардаг, материал дутах зовлонг ойлгодог байсан учраас Г* ахад итгэж нөхрөөсөө нууцалж хүүгийнхээ эмчилгээнд хэрэглэх мөнгөнөөс зээлүүлсэн юм. Миний бие өөрөө банкинд асуудалтай хүүхдээ байнга эмчилгээнд авч явдаг мөнгөний асуудал их гардаг учраас хүүгийнхээ эмчилгээний төлбөрт нэмэр болох нь гэж тухайн үед бас бодож тус үйлдэл хийсэн. Орон нутагт эмчилгээний ямар ч үйлчилгээ байхгүй тул байнга Улаанбаатар хот руу явдаг байсан. Гэвч Г* ах, А* эгч хоёр хэлсэндээ хүрэхгүй авсан мөнгөө хэлсэн хугацаандаа өгөөгүйгээр зогсохгүй удаа дараа худлаа хэлж намайг шалтгаан тоочиж өдийг хүргэлээ. Тухайн үед уулзаж ярих тоолонд асуудалгүй мөнгийг нь өгнө гэсэн боловч энэ хугацаанд хүргэлээ. Миний гэр бүл хүүхдээ байнга эмчилгээнд авч явдаг байсан болохоор нөхөр маань ажил хийх боломжгүй өөрсдийн ажиллуулдаг дэлгүүрээрээ олсон орлогоо эмчилгээний зардалдаа чадан ядан болгож байсан. 2022 оны 03 сарын 18-нд хүү минь хүнд өвчний улмаас таалал төгссөн. Хэлсэн хугацаандаа авсан мөнгөө өгөөгүйгээр барахгүй миний гэр бүлийн уй гашууг мэдсэн мөртлөө бас л сураггүй, мөнгөө нэхэх болгонд худлаа шалтиг тоочиж мөнөө өгөөгүй байна. Иргэн Г*, А* нар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр уулзаад 6 дугаар сард мөнгийг өгнө гэж бичиг хийж өгсөн боловч бас л худал хэлсээр өдийг хүрлээ. Сүүлд 2023 оны 04 дүгээр сард уулзаад 2023 оны 06 дугаар сар хүртэл хүлээгээ ч асуудлаа шийднэ гэсэн боловч одоог хүртэл сураггүй байна. Иргэн 2023 оны 09 дүгээр сард эвлэрүүлэн зуучлалаар орсон тохиролцож чадаагүй. Миний асуудлыг шийдэж мөнгийг өгнө гэсэн боловч өдийг хүртэл худлаа хэлсээр бүр сураггүй болсон. Хэрэгтэй үедээ авсан мөнгөөрөө үйлдвэрийн дээврийг хийж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Миний бие иргэн Г.Г*, Д.А* нараас 9,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г* шүүхэд гаргасан хариу тайлбараа: Иргэн С*с эхнэр А* нь 9,900,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Намайг гарын үсэг зурвал өгнө гэсэн болохоор би зурж мөнгө авсан. Нэхэмжилсэн мөнгийг нь төлнө. 2024 оны 10 дугаар сараас 1,500,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.С*ийн нэхэмжлэлтэй Г.Г*т холбогдох 9,900,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрэв үүнд:
1.Нэхэмжлэлийн шаардлага 9,900,000 төгрөгийг 06 сарын хугацаанд буюу 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 05, 12 дугаар сарын 05, 2025 оны 01 дүгээр сарын 05, 02 дугаар сарын 05, 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 1,650,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ, Э.Т*ний төрсний гэрчилгээ, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, нас барсны бүртгэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.С*ийн нэхэмжлэлтэй Г.Г*т холбогдох 9,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 9,900,000 төгрөгийг 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 1,650,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрчээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.С*н нэхэмжлэлтэй Г.Г*т холбогдох 9,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлага 9,900,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 1,650,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,350 төгрөгөөс 86,675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,675 төгрөгийг, 86,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ