| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2020/0601/и |
| Дугаар | 860 |
| Огноо | 2020-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 860
Ц.Эийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00601 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Эийн хариуцагч Б.Бод холбогдуулан гаргасан орон сууцны үнэ 168 055 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн танил Д.Цтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Станцын баруун талд ТЭЦ-4 хаягт байрлах 3 197 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг түүний нэр дээр шилжүүлэх, Д.Цтөлбөрт нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ХД-88 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 115.9 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 450 000 төгрөг, нийт 168 055 000 төгрөгөөр тооцож миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр намайг орон нутагт байхад миний бизнесийн түнш найз Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван Рен Гүй утсаар холбогдож “дээрх орон сууцыг бэлэн мөнгөөр авах хүн байна” гэхээр нь Д.Цтэй ярьж “Ван Рен Гүй гэх хүн ярина, тэр хүний хэлсэн хүнд нь орон сууцаа шилжүүлээрэй” гэж хэлсэн. Үүний дагуу Б.Бтой үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг шилжүүлсэн боловч Б.Б нь гэрээний дагуу мөнгө төлөх үүргээ биелүүлэхгүй, хохироож байна. Иймд Д.Цд өгсөн газрын төлбөрт дүйцүүлэн авсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, ХД-88 дугаар байрны 9 тоот 115.9 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба тухайн орон сууцны үнэ болох 168 055 000 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч тал Ц.Этэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй гэж байгаа нь үндэслэлгүй. Хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүсэл зориг илэрхийлэгдсэн байх, хууль зүйн дагуу байх, иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн байхыг ойлгоно. Анх Д.Ц, Ц.Э нарын хооронд дээр дурдсанчлан иргэний эрх зүйн харилцаа үүссэн. М.А, Д.Цнар нь иргэний эрх зүйн харилцаанд орж, орон сууцны эзэмшил Д.Цд шилжсэн байсан ба өмчлөх эрхийн гэрчилгээний бүртгэл шилжээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн Ц.Э, Д.Цнарын хооронд байгуулагдсан гэрээгээр тухайн үед орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон байсан. Хариуцагч нь М.Агэдэг хүнтэй иргэний эрх зүйн харилцаанд орсон гэх боловч М.Атухайн орон сууцыг Д.Цд өгөх ёстой байсан. Цааш нь хэрхэн борлуулах эсэх нь Д.Цгийн асуудал бөгөөд надад мөнгө төгрөгийн асуудал байхгүй гэж тодорхойлолт гаргаж, нотариатаар баталгаажуулж шүүхэд өгсөн. Хариуцагч нь М.Агэдэг хүнээс орон сууц авсан бол тэр хүнд төлбөрийг төлөх ёстой байсан байх. Гэвч Ц.Эийн хэлснээр 13 000 000 төгрөгийг Ван Рен Гүйн данс руу шилжүүлсэн тул М.Ад биш Ван Рен Гүйд орон сууцны мөнгийг шилжүүлнэ гэдгийг мэдэж байсан. Гараар бичсэн худалдах, худалдах авах гэрээнд Ван Рен Гүй, Б.Б нар гарын үсэг зурсан бөгөөд 13 000 000 төгрөг шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Д.Цболон Ван Рен Гүй нар гэрчээр асуугдаж дээрх үйл баримтын талаар мэдүүлсэн. Хэрэгт М.Амбагын гаргасан тодорхойлолт авагдсан. Орон сууц шилжүүлэх тохиролцоо М.А, Б.С, А.Т, Д.Цнарын хооронд хийгдэж, орон сууцыг Д.Цгийн зөвшөөрөл авсны үндсэн дээр бусдад шилжүүлэх тохиролцоог хийсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийгдэж Ц.Э, Б.Б, Ван Рен Гүй нар нь гарын үсэг зурсан байдаг гэжээ.
Хариуцагч Б.Бын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Ц.Эд ямар нэгэн өглөг, авлага байхгүй, түүнтэй иргэний эрх зүйн харилцаанд орж байгаагүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талууд иргэний эрх зүйн харилцаанд ороогүй. Тухайн орон сууцыг М.Аболон түүний гэр бүлийн хүнээс шилжүүлэн авсан тул Ц.Э шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлын хүрээнд талуудын хооронд байгуулсан хэлцэл байх ёстой бөгөөд хэлцлийн үндсэн дээр шаардах эрхтэй байдаг. Орон сууцны өмчлөл шилжүүлсэнтэй холбоотой нэхэмжлэл гаргахын тулд хэлцэл юм уу, үүрэгтэй холбоотой гэрээ байх ёстой. Бусад этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээ нэхэмжлэгчид хамааралтай гэж байгаа нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Ц.Эийн нэр дээр бүртгэгдсэн тохиолдолд мөнгө өгсөн, өгөөгүй талаар ярилцаж болно. Гэтэл ийм зүйл байхгүй. н.Жавзмаа, Ван Рен Гүй нар нь хамтран амьдардаг. н.Жавзмаа Б.Боос мөнгө зээлсэн. Энэ талаарх баримт байгаа. Д.Цтэй газар өгч авсан талаар тайлбарладаг боловч уг үйл баримт нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр буюу М.Аас Б.Б руу үл хөдлөх хөрөнгө шилжсэнээс хойш хийгдсэн хэлцэл байгаа юм. Иймд Ц.Э нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эийн хариуцагч Б.Боос орон сууцны үнэ 168 055 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990 225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Ц.Э 2019 оын 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн танил Д.Цд хөрөнгө оруулалт хийж, харилцан туслалцах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ТЭЦ-4 хаягт байрлах газрыг орон сууцаар сольж иргэний эрх зүйн харилцаанд оролцсон. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ц.Э орон нутагт байх үед бизнесийн түнш болох БНХАУ-ын иргэн Ван Рен Гүй нь “орон сууцыг бэлэн мөнгөөр худалдан авах хүн байна, газрынхаа үнэд тооцож авах орон сууцаа зарах уу” гэхэд нь зөвшөөрч, 1 м.кв-ыг 1 260 000 төгрөгөөр тооцоод мөнгийг нь авч бай гэж хэлсэн. Д.Цд энэ талаар хэлснээр орон сууцны өмчлөгч нар Б.Бтой үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Б.Б нь БНХАУ-ын иргэн Ван Рен Гүйд орон сууцны үнэ 13 000 000 төгрөг өгснөөс өөр төлбөр төлөөгүй.
Анхан шатны шүүх анх ямар харилцаа үүссэн, хэнд шаардах эрх байсан, хэн хохирч байгааг огт анхаараагүй шийдвэрлэсэн. Шүүх хэргийн бодит байдал, маргаан хэрхэн, яаж үүссэн талаар нарийвчлан судлах, нэхэмжлэгчийн тайлбартай холбоотой баримтыг огт үнэлэхгүй шийдвэрлэсэн. Учир нь, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Ц.Эийн нэр дээр шилжээгүй ч, хэрэгт авагдсан бусад гэрээ тохиролцоогоор түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл, захиран зарцуулах эрх хэлбэрийн хувьд Ц.Эд байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Хөрөнгө оруулалт хийж, харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, орон сууц шилжүүлэх тухай тохиролцоо, гэрч Д.Ц, БНХАУ-ын иргэн Ван Рен Гүй нарын мэдүүлэг, М.Амбагын “...Д.Цгийн өмнө орон сууц шилжүүлэх үүрэг хүлээсэн учраас Д.Цгийн шилжүүл гэсэн хүн рүү шилжүүлсэн” талаарх тодорхойлолт тус тус авагдсан. Д.Цнь газар авч, оронд нь М.Анарын орон сууцыг өгөх тохиролцоо хийсэн нь үнэн гэдгийг гэрчээр оролцохдоо мэдүүлсэн. БНХАУ-ын иргэн Ван Рен Гүй нь “орон сууцыг худалдан борлуулж, мөнгийг нь Ц.Эд өгөх байсан. Гэтэл надад 13 000 000 төгрөг ирсэн, өөр мөнгө ирээгүй” гэдгийг гэрчилсэн. 19/07А, 19/07Б дугаар гэрээнд орон сууцны үнийг Б.Б төлөхөө илэрхийлсэн. Эхний ээлжинд 13 000 000 төгрөг, мөн А.Жавзмаад өгсөн, үүнийг аваад Ц.Эд өгнө гэдэг байдлаар 2 худалдах, худалдан авах гэрээнд дурдсан. А.Жавзмаа гадаад улсад байдаг бөгөөд түүнтэй уулзаж учраа олох байдлаар явж, тохиролцсон тухай гэрээнд тусгагдсан. Б.Боос орон сууцны үнэд 13 000 000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Ван Рен Гүйн “Хаан банк” ХХК-ийн данс руу шилжүүлсэн дансны хуулга байдаг. Эдгээр баримтууд, Ц.Эийн захиран зарцуулах эрхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.
Ц.Э нь шударга эзэмшигч мөн бөгөөд энэ асуудлаа шүүх хуралдаанд тайлбарласан. Өнөөдрийн байдлаар Ц.Э нь газаргүй, орон сууцгүй, мөнгөгүй болсон. Анх орон сууцыг нэхэмжилсэн боловч орон сууц нь бусдад худалдагдаж, бусдад дамжсан байсан учир орон сууцны үнийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн буруу дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тохиолдолд хариуцагч талд гардуулж, 14 хоногийн дотор хариу тайлбар авах зохицуулалттай. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь заалтуудад нийцээгүй. Үндэслэх хэсэгт орон сууцны үнийг Б.Боос шаардах эрхгүй гэж дүгнэсэн боловч хэрхэн шаардах эрхгүй болохыг тайлбарлаагүй. Б.Бод орон сууц шилжүүлэх үндэслэл болсон гэрээ, тохиролцоо, мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга зэргийг хууль зүйн ач холбогдолгүй гэж үзсэн болон ямар нотлох баримтыг үндэслэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа талаар тайлбарлаагүй атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Шүүх бодит нотлох баримтуудын хууль зүйн холбоо хамаарлыг дүгнэхгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэн. Ц.Э маргаан бүхий орон сууцны төлбөрт өөрийн эзэмшлийн газрыг яагаад шилжүүлсэн, үүнээс болж хохирсон иргэн Ц.Эийн хохирлыг хэн хариуцах талаар дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заана гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.Бод холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-88 дугаар байрны 9 тоотод байрлах 115.9 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа өөрчлөн орон сууцны үнэ 168 055 000 төгрөг гаргуулна гэснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 19, 37/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, дээрх гэрээний зүйлийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч захиран зарцуулах эрх бүхий этгээд тул орон сууцны үнийг шаардана гэж тайлбарласан бол хариуцагч нь орон сууцыг бүртгэлтэй өмчлөгч нараас нь гэрээ байгуулснаар шилжүүлэн авсан, нэхэмжлэгчтэй аливаа байдлаар иргэний эрх зүйн харилцаанд ороогүй тул тэрээр тухайн орон сууцны үнийг шаардах эрхгүй гэж татгалзлаа илэрхийлжээ. Талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэхээ хариуцагч нь орон сууцыг шилжүүлэн авсан бол үүний дагуу төлвөл зохих төлбөрийн үүргийг зохих этгээд нь төлж барагдуулсан эсэхээ нотлох үүргийн хуваарилалт бий болсон гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Орон сууц шилжүүлэх тухай тохиролцоо” гэх хэлцэл авагдсан байх бөгөөд уг хэлцлээр маргаан бүхий орон сууцны өмчлөгч М.А, А.Т, Б.С нар Д.Цд орон сууцыг гүйцэтгэсэн ажлын төлбөрт дүйцүүлэн тооцож, өмчлөх эрхийг хэнд, хэрхэн шилжүүлэх талаар өмчлөгч нар нь Д.Цгээс зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэрлэх, тохиролцоонд талууд гарын үсэг зурсан үеэс эхлэн орон сууцны өмчлөгч буюу эзэмшигч нь Д.Цболохыг баталсан талаар тусгасан байна. /хх 8/
Уг хэлцлээр Д.Цд өмчлөх эрх үүсч, захиран зарцуулах эрхтэй болсноор 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хөрөнгө оруулалт хийж, харилцан туслалцах гэрээ”-г Д.Ц, Ц.Э нар байгуулж, Д.Цнь орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байх үедээ дээрх хэлцлийн дагуу олж авсан эрхийн хүрээнд орон сууцыг Ц.Эд шилжүүлэн өгөх, Ц.Э нь өөрийн эзэмшил газрыг Д.Цд шилжүүлэх, газар шилжүүлэн авсан төлбөрийг 168 055 000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцаар дүйцүүлэн солилцох талаар харилцан тохиролцсон байна. Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу Ц.Э өөрийн эзэмшил газрыг Д.Цгийн нэр дээр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх 8-10/
Дээрх гэрээгэээр Д.Цнь Ц.Эийг шаардсан үед орон сууцны өмчлөгч нараас өмчлөх эрхийг нь Ц.Эийн нэр заасан этгээдэд шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч Д.Цгийн “...Ц.Эөөс худалдаж авсан газрын үнэд дүйцүүлэн өгсөн орон сууц...шударга эзэмшигч нь Ц.Э...” гэх, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Ван Рен Гүйгийн “тухайн орон сууцыг Ц.Эийн байр гэж бодсон, байр худалдаж авах хүн олж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу орчуулагч н.Жавзмаагийн танил Б.Бод худалдахаар болсон... төлбөрт 13 000 000 төгрөгөөс өөр мөнгө төлөөгүй...” гэх агуулга бүхий мэдүүлгүүдийг өгсөн байх бөгөөд уг мэдүүлгүүдийг харьцуулан үзвэл /хх 63-64/ Ц.Э нь хариуцагч Б.Бод өмчлөх эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Ц.Э нь Д.Цд Б.Бын нэр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, Б.Бод өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг зөвшөөрч, аман хэлбэрээр зөвшөөрөл өгснөөр Б.Бод орон сууцны өмчлөх эрх 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу М.А, А.Т, Б.С нараас шилжиж хариуцагч нь өмчлөгч болж, улмаар Б.Б нь орон сууцны өмчлөгч болсны дараа маргаан бүхий орон сууцыг бусад этгээдэд дамжуулан нэр шилжүүлж, худалдан борлуулсан тухай үйл баримт тогтоогджээ.
Мөн Б.Б нь маргааны зүйл болох 4 өрөө орон сууцны үнэд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын иргэн Ван Рен Гүйд “battogtokh-s bairnii tulburt” гэх гүйлгээний утгаар 13 000 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон ба өмчлөлдөө шилжүүлэн авсан орон сууцны төлбөрөөс өөр байдлаар мөнгөн хөрөнгө төлсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хх 61/ Иймээс Б.Быг бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Учир нь Ц.Э болон Б.Б нарын хооронд хууль буюу гэрээний дагуу үүрэг үүсээгүй байна. Маргаан бүхий орон бүхий орон сууцыг хариуцагч Б.Б өөр бусдад худалдан борлуулсан тул арилжааны гэрээгээр дүйцүүлэн тооцсон 168 055 000 төгрөгөөс тооцох үндэслэлтэй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан гэрээнүүд, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг хооронд нь харьцуулан дүгнэвэл Ц.Э, Д.Цнарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Хөрөнгө оруулалт хийж, харилцан туслалцах гэрээ” нэртэй арилжааны гэрээний дагуу Ц.Эд маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх үүсч улмаар захиран зарцуулах эрх шилжиж ирсэн, түүнчлэн Д.Цд бусдын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрхийг олгосон гэж үзнэ. Д.Цнь уг эрхийнхээ дагуу Б.Бод орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрснөөр Б.Б нь орон сууцны өмчлөгч болсон боловч Б.Б нь орон сууцны үнийг төлөөгүй бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авч улмаар Ц.Эд орон сууцны үнэ болох 168 055 000 төгрөгийн 155 055 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00601 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Боос орон сууцны үнэ 155 055 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 998 225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 933 225 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Эөөс төлсөн 998 225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЦОГТСАЙХАН