| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2017/0353/Э |
| Дугаар | 339 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 339
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Н-д холбогдох эрүүгийн 1710000000188 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 03-нд Ховд аймгийн Цэцэгнуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хадам эх, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *********** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М овогт Б-ын Н .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч П.О-г бусадтай хардаж, үснээс нь зулгааж, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *********** тоотод хамтран амьдрагч буюу хохирогч П.О-г бусадтай хардан үснээс нь зулгаах, толгойн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч П.О-гийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 6/
3. Хохирогч П.О-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хамтран амьдрагч Б.Н-ын хамт Б.Н-ын төрсөн дүү Г-ынд очсон юм...Тэгээд бид нар 2,5 литрийн 3-4 пиво уусан...Тэгээд Б- эхнэр хүүхэдтэйгээ гэртээ харилаа гэж хэлэхээр нь би Б.Н-ыг үлдээгээд Б-гаар гэрлүүгээ хүргүүлэхээр явсан. Тэгээд Б- эхнэр хүүхэдтэйгээ хамт намайг гэрийн үүдэнд буулгачихаад яваад өгсөн. Тэгээд би гэртээ ороод унтах гээд орондоо ороод бага хүүгээ тэврээд хэвтэж байхад Б.Н надруу тэр чинь хаана байна, хаана нуусан гэсэн мессеж бичихээр нь би хүүхэдтэйгээ унтах гэж байна чи хүрч ирээд харж болно гэсэн утгатай мессеж бичсэн. Тэгээд бага хүүгээ тэврээд хэвтэж байхад Б.Н байшингийн хаалга нүдэхэд онгойлгож өгөхөд шууд орж ирээд хаана байна гэж хэлэхээр нь манайд ямар нэгэн хүн байхгүй чи өөрөө шалгаж болно хүү бид 2-оос өөр хүн байхгүй гэж хэлэхэд миний хоолойноос багалзуурдаад орон дээр хэвтүүлээд чамайг хүмүүс утсаар яриад гарлаа гэж хэлсэн тэр хүн чинь хаана байна гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ би чиний хажууд байж байгаад утсаар ярилгүй Б-тай хамт гараад явсан гэж хэлэхэд тэгвэл тэд нартай очиж уулзая гэж хэлэхэд ээж Г.Д надад хандан чи юуг нь авсан юм бэ, юу хайгаад байгаан гэж хэлэхэд би П.О-г утсаар яриад гарсан гэж сонссон гэхэд юу яриад байгаа юм бэ энэ гэрт чинь бид 4-өөс өөр хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Б.Н намайг хамтдаа гарчихаад ирье гээд хэлчихээд байшингаас хамтдаа гараад 2-3 алхаж байхад Б.Н араас үсдэж байгаад толгойн зүүн талруу 2-3 удаа гараа атгаж байгаад цохьсон. Тэгээд би Б.Н-ад тайвшираа болиочээ гэж хэлэхэд үсдэхээ болихгүй байсан. Тэр үед ээж Г.Д байшингийн цонхоор хараад гарах гэтэл гаргахгүй гээд хаалгыг нь гаднаас нь түлхээд байсан...Миний зүүн нүдний гадна талд хавдсан, баруун мөр, зүүн шуу хэсэгт хөхөрсөн, хамрын нуруу, зүүн нүдний гадна талын булан хэсэг, баруун өвдгөнд зулгарсан байсан. Намайг шороон дээр чирсэнээс болж миний өвдөг зулгарсан. Харин зүүн нүдний хэсэгт нэг удаа цохиж хамрын хэсэгт маажсаны улмаас уг гэмтлүүд нь үүссэн...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/
4. Гэрч Г.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед манай охин П.О гэртээ ирсэн юм. П.О хүү Д-той хамт унтана гээд өрөөлүүгээ аваад орсон. Араас нь 20 минутын дараа Б.Н байшингийн хаалга нүдэхээр нь манай охин П.О онгойлгож өгсөн юм. Би тэр үед том өрөөний буйдан дээр...зээ охин Энэрэлийн хамт унтаж байсан ба хаалга тогшихоор нь сэрсэн ба гал тогооны өрөөнд орж ирсэн зогсож байхад Б.Н П.О-тэй хамт жижиг өрөөлүү орсон ба П.О-г чи хаагуур хэнтэй явж байгаад ирэв нуусан хүнээ гаргаад ир гээд орилоод үсдээд чирээд гадагшаа гарсан, тэр үед охин маань унтаж байсан болохоор дотуур хувцасаа өмсөж амжаагүй байсан юм. Тэгээд манай охиныг үсдээд чирч гаргахаар нь араас нь гарах гэтэл хаалгыг нь дараад гаргахгүй байсан...Тэгээд би шууд гэрээсээ гараад цагдаад дуудлага өгсөн...2013 оноос хойш хамтран амьдарч байгаа. дундаасаа 1 хүүтэй юм. 2016 онд Б.Н манай охин П.О-тэй маргалдахдаа түлхэж өшиглөж унагааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13105/-ний дүгнэлт:
-П.О--н биед зүүн нүдний гадна булан, баруун мөр, зүүн шуунд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний гадна булан, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 35/
6. Яллагдагч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр П.О бид 2 дүү Гантулга, найз Б-, Чимэдцэрэн, эхнэр хүүхдүүдийн хамт хошиг шог үзэцгээсэн юм. Тэгээд Нисэхэд очиж караокед орох гэж байгаад дүү Гантулгынх руу очиж уухаар болоод Гантулгынх руу бүгдээрээ очиж пиво ууцгаасан. Тэгээд П.О бид нартай хамт сууж байгаад гэнэт гараад явчихсан ба араас нь Б-, эхнэр хүүхэдтэйгээ П.О-г хүргэж өгөхөөр явсан...би хашаа руу ороод байшингийн хаалгыг нь нүдэхэд П.О онгойлгож өгөхөөр нь жижиг өрөөлүү П.О-тэй хамт ороод чи яагаад уурлаад байгаа юм, хоёулаа гараад уулзая гэж хэлээд...чи яагаад гэнэт зүгээр сууж байгаад яваад өгч байгаа юм уурлах шалтгаан байхгүй байхад чи яагаад надад уурлаад байгаа юм, чи хэнээр хүргүүлсэн юм, Б-тай очиж нүүрэлдэе гэж хэлэхэд П.О тэгвэл хамт очиж нүүрэлдэж болно гээд хувцасаа өмсөөд гарах гэтэл хадам ээж Г.Д гаргахгүй гэж хэлэхээр нь хэлсэн үгийг нь тоохгүй П.О-г гаръя гээд байшингаас гаргах гэтэл коридорт П.О би явахгүй гээд доошоо суухаар нь үснээс нь татсан. Тэгээд би үснээс нь татаж байхдаа П.О-гийн толгой хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд би мөрнөөс нь татаад гаръя гээд татсан. Тэр үед хувцастай нь базагдсан байсан байх...Миний зүүн шуунд учирсан гэмтлийг би өөрөө хутгаар зүсэж гэмтээсэн юм...Би П.О-гээс уучлалт гуйж эвлэрсэн...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13105/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Н нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *********** тоотод хамтран амьдрагч буюу хохирогч П.О-г бусадтай хардан үснээс нь зулгаах, толгойн тус газар нь цохих зэргээр зодож биед нь зүүн нүдний гадна булан, баруун мөр, зүүн шуунд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний гадна булан, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх/ хүлээн зөвшөөрсөн, хохирогч П.О-гийн “...Би Б.Н-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Б.Н-ад холбогдох хэргийг хялбаршуулсан... шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй...” гэсэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Хан-Уул дүүргийн Прокурорын газарт тус тус гаргасан өргөдөл, хүсэлт /хх-ийн 53, 58/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Б.Н-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-ын Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Б-ын Н-ыг 245 /хоёр зуун дөчин тав/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Б.Н-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР