Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 139

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг  даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Г.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд  хаалттай хийсэн шүүх  хуралдаанд

         Иргэдийн төлөөлөгч Г.Одцэцэг

               Нарийн бичгийн дарга С.Энхтайван

  Улсын яллагч А.Ариунзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Золжаргал

Хохирогч А.Дашням

Хохирогчийн өмгөөлөгч А.Намсрай нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Бат-Эрдэнийн Билгүүдэйд холбогдох эрүүгийн 1731000000019 тоот хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

    Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,, ам бүл 3, ээж, өвөөгийн хамт, Сэлэнгэ аймаг Ерөө сумын 2 дугаар баг Буурагчин гудамжны 2-15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэл хүлээж байгаагүй, Хотгойд овогт Бат-Эрдэний Билгүүдэй РД:/МЕ-99090312/

 

Холбогдсон хэргийн талаар

     Шүүгдэгч Б.Билгүүдэй нь 2017 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг 9 дүгээр хэсэг 81 тоотод архидан согтуурсан үедээ А.Дашдаваагийн хоолойг боож газарт унаган толгойн тус газарт нь олон удаа цохиж, өшиглөн амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

         Шүүгдэгч Б.Билгүүдэйн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Аззаяа гэдэг эгчийн хашааг засаж янзлахаар уулзаад засаж янзалж дуусгаад 19 цагийн үед талийгаач Н.Содхүү А.Авралт-Од бид 4, 3 баян гэдэг нэртэй дэлгүүр явсан. Дэлгүүрийн гадна очоод Н.Содхүү А.Авралт-Од нар дотогшоо орсон. Удаа ч үгүй дэлгүүрт худалдагч хийдэг Г.Монголжингоо гэх охин гарч ирэн надтай болон талийгаачтай орй зуурын юм ярьж зогссон. Дэлгүүрийн худалдагч манай нөгөө ангийн Г.Монголжинг орсны дараа А.Авралт-Од гарч ирсэн. Би “Н.Содхүү яасан юм бэ” гэхэд “дотор 2 шил архи барчихаад зогсоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр лүү ороход Н.Содхүү цэнхэр алчуурандаа 2 шил “Хараа” архи боогоод барьчихсан зогсож байсан. Г.Монголжингоо надаас нуугдах гээд лангуунхыаа араар ороход нь би ардаас нь яваад очоод эргээд ирэх хооронд Н.Содхүү гараад явчихсан. Би гараад хартал машинд сууцгаасан байсан. Би очоод “ингэж болж байгаа юм уу?” гэхэд Н.Содхүү “болноо болно” гэж хэлсэн. Ингээд дэлгүүрээс хөдлөөд явж байгаад талийгаач А.Авралт-Од нарыг А.Авралт-Одын гэрийн гадна буулгаад Н.Содхүү бид хоёр манай гэр лүү явсан. Манайд очоод машинаа тавьчихаад би өвөөд хандан “Н.Содхүү бид хоёр гол орж усанд орчихоод ирье” гэж хэлээд гарсан. Гарах үед өвөө маань Аззаяа эгчийн чинь хашааны моднууд уначихсан байсан янзлаад өгөөрэй гэж хэлсэн. Гараад явж байтал талийгаач болон А.Авралт-Од нар манай гэрийн ойролцоо ирсэн байсан. Бид 4 нийлээд гол орохоор явцгаасан. Наадмын маргааш болоод ч тэрүү гол дээр маш их хүн байсан. Би нөгөө 3 таа хандан манай эгчийн хашааны мод нь уначихсан гэсэн хэдүүлээ очиж янзалчихаад архиа орой ууя гэхэд талийгаач болон А.Авралт-Од нар тэгье гэж дэмжсэн. Харин Н.Содхүү “одоо уухгүй бол болохгүй эгч уурлана би өнөөдөр гэртээ хононо гүүрний доор ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь өвөөд мэдэгдчихвэл болохгүй гээд бид 3 буцаад явтал Н.Содхүү араас хүрээд ирсэн. Ингээд бид 4 Аззаяа эгчийн гэрт очсон. Тэднийд очоод талийгаач А.Авралт-Од нарыг үлдээгээд Н.Содхүү бид хоёр манайх руу шон болон түүнийг суулгах багаж авахаар явсан. Хашаагаа янзалж дуучихаад архиа ууцгаасан. Талийгаач, Н.Содхүү бид гурав бие засахаар гарахад тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Гэрт байхад ч том том дуу гаргаад хэрэлдээд байсан. Н.Содхүү “яагаад байгаа пизда вэ” гэхээр нь би эргээд хартал тэр хоёр хоорондоо хий цохилцоод зогсож байсан. Би очоод “адилхан ууж идчихээд та хоёр больцгоолдоо” гэхэд миний үгэнд орохгүй байсан. Үгэнд орохгүй болохоор нь би хоёуланг нь нэг нэг цохиж авсан. Ингээд арай гайгүй болохоор нь би унасан шон дээр ирээд тамхи татаад сууж байтал тэр хоёр ахиад хоорондоо маргалдаад зодолдож эхэлсэн. Би дахиж очоод та хоёрыг боль гээд байхад яах гээд байгаа юм гээд Н.Содхүүг цохиход талийгаач нүүрээ бариад доошоо суусан. Би талийгаачид хандан зүгээр үү гэж асуухад босч ирээд намайг шууд цохиод авсан. Тэгэхээр “би чамайг өмөөрч байхад чи яаж байгаа юм” гээд цохиод унахаар нь өшиглөсөн. Тэгээд тэнд нь орхичихоод гэр лүү ороход гэрт хэн ч байхгүй байхаар нь А.Авралт-Од Н.Содхүү хоёр хаачсан юм бол гээд хайсан. Хайгаад олдохгүй болохоор нь талийгаач дээр буцаж очоод гэрт оруулсан хоймрын хивсэн дээр хэвтүүлээд буцаж гараад нөгөө хоёрыг ахиад хайсан чинь Н.Содхүү манай эгчийн амбаарт авдрын хажууд явган өвдгөө тэврээд сууж байсан. Би Н.Содхүүг “наанаа юу хийж байгаа юм бэ орж унтъя” гэхэд “би дөнгөж саяхан гүн жалга орчихоод ирлээ сүнс харсан сүнс яг мөн байсан гээд сонин юм яриад байхаар нь би Н.Содхүүг гэр лүү оруулаад бид хоёр орон дээр хамт унтсан. Өглөө босоод би бие засчихаад байж байсан чинь А.Авралт-Од ирээд талийгаачийг хараад “хэн зодсон юм яагаад зодсон юм дух нь ямар аймар хавдчихсан байгаа юм бэ” гэхээр нь би зодсон гэдгээ хэлсэн. Удалгүй Н.Содхүү сэрсэн. А.Авралт-Од талийгаачийн царай сонин болчихсон байна та хардаа гэж надад хэлэхээр нь хартал нээрээ сонин байхаар нь гэр лүүгээ очиж машин авч ирээд талийгаачийг арын суудал дээр хэвтүүлээд эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд Н.Содхүү бид хоёр түрүүлж ороод “ухаан алдсан хүн оруулчих уу” гэхэд тэг тэг хаана байгаа юм гэсэн. Бид хоёр буцаж гараад машинаасаа талийгаачийг өргөж эмнэлэгт оруулсан. Тэгээд удаа ч үгүй 5 минутын дараа эмч гарч ирээд нас барчихсан байна гэж хэлсэн. Би найзыгаа алъя гэсэн санаа байгаагүй. Ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна. Би энэ буруутай үйлдлээ үхэн үхтлээ санаж явах болно. Маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг

         Хохирогч А.Дашнямын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг гардаг өдөр би ээлжийн ажилтай байсан тул хэргийн талаар ярих зүйл байхгүй. Маргааш өглөө нь намайг эмнэлэг дээр ирэхэд дүү маань маш их зодуулж нас барсан байдалтай хэвтэж байсан. Ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүнийг зодож амь насыг нь хохироосон үйлдэлд маш их гомдолтой байна. Би дээрээ ах эгчгүй ганцхан дүүтэй байсан. Гэтэл дүү маань ингээд бусдын гарт алтан амиа алдлаа. Зөвхөн надад биш ээж аав маань бүр ч их хэцүү байдалд байгаа. Миний дүү 2015 онд Баяржаргал гэх бүсгүйтэй гэр бүл болж хүүтэй болсон. Хүү нь одоо 2 настай. 2 настай хүүхэдтэй эмэгтэй бэлэвсэрч үлдэж байна. Түүгээр ч барахгүй миний дүүгийн хүүхэд насаараа хагас өнчин явахаар боллоо. Талийгаач амьд сэрүүн байсан бол хүүгээ 18 нас хүртэл цаашлаад өөрийгөө аваад явах хүртэл нь асарч хамгаалж явах байсан. Тиймээс шүүгдэгчийн талаас миний дүүгийн хүүг 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх бүхий нөхөн олговрыг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Н.Содхүүгийн Одын 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “... Болсон хэргийн талаар ярихад 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Аззаяа эгчийн гэрийн хашааг засаж янзлахаар Билгүүдэй, Авралт-Од, Дашдаваа бид нар Гурван баян нэртэй дэлгүүр орж 2 шил 0,75 гр Хараа архи авч Аззаяа эгчийнд орж ууцгаасан. Тухайн Аззаяа эгчийнд аваачиж тавиад Бурхантай толгойн дэргэд байдаг тоглоомын талбайд очиж хүүхдийн хамт гар бөмбөг, сагсан бөмбөг тоглож орой харанхуй болохын өмнө би талийгаач А.Дашдаваа, Б.Билгүүдэй, А.Аврал-Од бид нар хамт тоглоомын талбайгаас урагшаа Аззаяа эгчийнд очиж архи уухаар явцгаасан. Бид нар Аззаяа эгчийн гэрлүү явсан. Тухайн үед Аззаяа эгчийнд хүн байхгүй байсан. Ингээд бид 3 Аззаяа эгчийн гэрт ороод архи гаргаад шаазан аяганд хийж угаацгаасан. Тухайн үед дэлгүүрээс 4 ширхэг бэлэн гоймон авсан байсан ба түүнийгээ идсэн. Архи уугаад шөнө орой болсон байсан ба цагийн баримжаа мэдэхгүй байна ямар ч байсан шөнө болсон хойно архи ууж дуусгасан. Архи ууж дуусаад А.Дашдаваа, Б.Билгүүдэй бид нар гарч бие зассан. Бие засаж байхдаа бид нар ер нь их согтсон байсан. тэгээд бие засаж зогсож байгаад Б.Билгүүдэй, А.Дашдаваа нар хоорондоо маргалдсан. Тухайн үед архи уусан байсан болохоор юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. бид бодохдоо А.Дашдаваа бид нараас 2-3 насаар ах учир ахархаад байсан байх гэж бодож байна. Тэгээд Б.Билгүүдэй, А.Дашдаваа нар хоорондоо маргалдаад байхаар нь би салгахаар очиход Б.Билгүүдэй чи яагаад байгаа юм бэ гээд миний нүүр лүү гараараа цохихоор нь би айгаад хашаанаас гараад урд айлын хашааны буланд суугаад байж байхад Б.Билгүүдэй, А.Дашдаваа нар хоорондоо зодолдоод байгаа  юм уу зодоод байгаа юм шиг чимээ гараад байсан. тухайн үед би хашааны буланд чагнаж сууж байгаад архи уусанаасаа болоод хэсэг унтсан байсан. Тэгээд сэргээд босоод чагнахад дуу чимээ гарахгүй байхаар нь Аззаяа эгчийн хашаанд гэрийнх нь амбаарынх нь цонхны дор суугаад хэсэг хугацаанд унтсан. Тэр үед Б.Билгүүдэй ирээд намайг сэрээгээд А.Авралт-Од байхгүй байна. А.Дашдаваа байхгүй байна гэхээр нь бид 2 хайсан боловч олдоогүй. Тэгээд бид 2 Аззаяа эгчийн гэрт ороод бид 2 хамт 1 орон дээр гараад унтсан. Тэгээд би унтаж байгаад 10 цагийн үед сэрэхэд А.Авралт-Од ирчихсэн А.Дашдаваа гэрт орж ирчихсэн гэрийн хойморын хивсэн дээр дээшээ хараад хэвтэж байсан ба нүүр нь хөхөрч хавдсан, гар хөл нь зулгарсан унтаж байгаа юм шиг амьсгалж байсан. Тухайн үед унтаж байна гэж бодсон. Тэгсэн чинь Б.Билгүүдэй надад “Дашдавааг шөнө өөрөө хүнд зодуулчихсан орж ирсэн гэж цагдаа асуувал хэлээрэй” гэж надад хэлээд бид 2 ингэж хэлэхээр тохирсон байсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа А.Дашдаваа амьсгал нь сонин болоод ухаан орохгүй байсан тул эмнэлэгт хүргэж өгөхөөр болж
Б.Билгүүдэй гэрээсээ машин авчирахаар явсан. Удалгүй өөрийнхөө Тоёота Свик машинтайгаа ирээд А.Аврал-Од Б.Билгүүдэй нар талийгаач А.Дашдавааг машинд өргөж оруулж хэвтүүлээд машинаар сумын эмнэлэгт хүргэсэн. Ингээд эмнэлэгт үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/

Насанд хүрээгүй гэрч А.Авралт-Одын 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...2017 оны 07 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед би Авирмэд ахын гэрээс талийгаач Дашдаваа ахын /Дашдаваа ахыг Жаажаа гэж дууддаг/ хамт гарч Бурхантай толгойн дэргэд байдаг тоглоомын талбайд очиж хүүхдүүдийн хамт сагсан бөмбөг, гар бөмбөг тоглож орой харанхуй болохын өмнө би А.Дашдаваа ах, Б.Билгүүдэй, Н.Содхүү нарын хамт тоглоомын талбайгаас урагшаа гэрлүүгээ явах замд Б.Билгүүдэй, Н.Содхүү нар гэрлүүгээ явлаа гээд урд зүгт явж талийгаач ах бид хоёр зүүн тийшээгээ Авирмэд ахынд очсон. Авирмэд тамхи аваар ир гэхээр нь талийгаач ах бид хоёр буцаж гараад Сүхбаатар ахын дэлгүүрээс 1 тамхи авч буцаад Авирмэд ахынд очиж тамхиа Авирмэд ахад өгөөд талийгаач ах А.Дашдаваа бид хоёр дахин гарч урд шинээр баригдсан Ганбаяр ахын баруун хойд талд байдаг тоглоомын газарт очиход харанхуй байсан учир тоглоомын талбайд хүн байгаагүй талийгаач ах А.Дашдаваа бид хоёр тоглоомын талбайд байдаг сараанд сууж байхад А.Дашдаваа ах намайг харь араас чинь удахгүй яваад очино гээд намайг явуулаад сарнаад ганцаараа суугаад үлдсэн юм. Тэгээд би Авирмэд ахынд хоноод 2017 оны 07 дугаар сарын 13-ны өглөө сэрэхэд А.Дашдаваа ах ирээгүй байсан ба Авирмэд ах Дашдаваа ахыг олоод ир гэхээр нь би гараад Мөнгөнчимэг эгчтэй таарч утсаар нь Б.Билгүүдэй ахын утас руу залгаж би Жаажаа ах байна уу гэхэд Б.Билгүүдэй байна гэхээр нь би ганцаараа Б.Билгүүдэй ахын хоносон Азаа эгчийн гэрт очоод хаалгыг нь тогшиход Б.Билгүүдэй ах хаалга онгойлгож өгөхөөр нь би яваад ороход гэрийн баруун талын орон дээр Н.Содхүү унтаж байсан харин А.Дашдаваа ах гэрийн хойд талд хивсэн дээр шорт өмссөн дээгүүрээ нүцгэн гэрийн баруун тал руу толгойгоо харуулаад доошоогоо харсан байдалтай толгойгоо урагшаа харуулсан байхаар нь би яваад очиход А.Дашдаваа ахын нурууны орчимд зүүн талд зулгарсан, баруун зүүн гар нь хөхөрсөн байсан. Би А.Дашдаваа ахыг татаж босгоод суулгахад амьсгаатай  толгойгоо гудайлгаад юу ч дуугарахгүй ухаангүй шахуу байдалтай байсан энэ үед Н.Содхүү ах бид хоёр босож ирээд надтай хамт А.Дашдаваа ахын судсыг надтай хамт барихад судас нь муу цохилж байсан би эмнэлэг явъя гэхэд Б.Билгүүдэй гарч явсан Н.Содхүү ах бид хоёр А.Дашдаваа ахыг дээш харуулан хэвтүүлээд би ус авч ирээд ам руу нь хийхэд жаахан ус балгаад байсан ба Б.Билгүүдэй суудлын машин олж ирээд би машины арын суудалд А.Дашдаваа ахыг авч хэвтүүлээд толгойг нь өвдөг дээрээ авч, урд суудалд Б.Билгүүдэй, Н.Содхүү ах нар суугаад эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тэгээд удалгүй Дашдаваа ах нас барсан юм......

........2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд “Гурванбаяр” хүнсний дэлгүүрээс Б.Билгүүдэй, Н.Содхүү хоёр орж 0,75 литрийн Хараа архи 2-ыг авч ирээд Азаа эгчийн гэрт /хэрэг болсон гэрт/ очиж тавьсан. Тэгээд шөнийн 22 цагийн үед А.Дашдаваа ах бид хоёр Азаагийн гэрт очиход Б.Билгүүдэй, Н.Содхүү нар байсан бөгөөд А.Дашдаваа, Б.Билгүүдэй, Н.Содхүү нар өдөр авсан архиа хувааж уусан. Би тухайн үед орон дээрээ хэвтэж байхад архи уусны дараа Н.Содхүү, А.Дашдаваа нар хоорондоо том том дуугаар маргалдаж, Б.Билгүүдэй нар гурвуулаа гарч явсан. Удалгүй Б.Билгүүдэй гэрт орж ирээд намайг хэвтэж байхад араас нуруу руу цохиж А.Дашдавааг олоод ир гээд хэлэхээр нь би босч хөл нүцгэн гэрээс гарахад хашааны гадаа Н.Содхүү Жаажаа /Дашдаваа ахыг/ гээд хашгираад байсан. Би гэрийн ойролцоо болон хашааны гадуур А.Дашдаваа ахыг хайгаад олоогүй болохоор нь би шууд Авирмэд ахынд ороход Авирмэд ах надаас А.Дашдаваа ахыг асуухаар нь би мэдэхгүй гэж хэлээд унтсан юм. Тэгээд өглөө нь би Азаа эгчийн гэрт очиход А.Дашдаваа, Б.Билгүүдэй, Н.Содхүү нар байсан. Би А.Дашдаваа ахыг хараад А.Дашдаваа ахыг яагаад ийм болтол зодсон бэ юугаар цохьсон гэхэд Б.Билгүүдэй юмаар цохиогүй гэхээр нь би хэн зодсон бэ гэхэд Б.Билгүүдэй би гараараа цохьсон гэж хэлж би өөрөө үнэнээ хэлнэ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Хувьтөгөлдөрийн  2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “ ...Би 2017 оны 07 дугаар сарын 12-ний орой 18 цагийн үед гэрлүүгээ сургуулиас гараад харих гээд явж байтал миний араас Б.Билгүүдэй, Н.Содхүү нар машинтай ирсэн. Тэгээд Б.Билгүүдэй надаас мөнгө байна уу архи уухуу гэхээр нь надад мөнгө байгаа тэгье гэж хэлээд бид 3 машинтай “Френдли” маркет дэлгүүр орж архи авах гээд дэлгүүр ороход надад 8,000 төгрөг байсан учир мөнгө хүрэхгүй байсан. Би дэлгүүрээс буцаж гарч ирээд мөнгө хүрэхгүй байна пиво авах уу гэж асуухад Б.Билгүүдэй зээлээр авчих гэхээр нь тэгвэл хамт оръё гээд бид хоёр дэлгүүр лүү орсон. Тухайн үед дэлгүүрийн худалдагчаар нь манай дээд ангийн охин Өнөржаргал сууж байсан ба Б.Билгүүдэй бид хоёр зээл авъя гэсэн өгөхгүй гэж байгаад гуйгаад байсан чинь бид хоёрт 0,5 гр сархад архи зээлээр авсан. Тэгээд бид 3 тоглоомын талбай ороод ундааны мөнгө хүнээс Маргадтай тааралдаж Маргадыг аваад Б.Билгүүдэй гэрийнхээ хашаанд машинаа оруулж тавиад Б.Билгүүдэйгийн гэрийн урд талд эзэнгүй байдаг хашааны амбаарт орж бид нар архиа хувааж уусан. Ингээд бид нар тоглоомын талбай орж юм ярьж сууж байгаад сагс тоглож байсан. Тухайн үед А.Дашдаваа сагс тоглоод хамт байсан ба тоглож дуусаад 22 цагийн үед Б.Билгүүдэй, Н.Содхүү, Б.Бадамцэцэг А.Дашдаваа, А.Авралт- Од нар явлаа гээд явсан чухам хаашаа явсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/

Гэрч М.Цэцгээгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “ ... 2017 оны 07 дугаар сарын 12-ний орой А.Авралт-Од гэж хүүхэдтэй хамт гарчихаад ирье гээд гэрээсээ гараад явсан. Тухайн үед орой болсон хойно хаачих нь уу гэхэд ойрхон яваад ирье гэж хэлээд явсан. Ингээд тэр оройноо ирээгүй ба шөнө хамт явсан А.Авралт-Од гэж хүүхэд нь манай гэрт орж ирээд манай гэрт унтсан. Тухайн үед хамт явсан А.Дашдаваа хаана байна гэхэд араас орж ирнэ гэхээр нь бид унтсан. Ингээд маргааш өглөө босход манай хүү А.Дашдаваа нь гэртээ ирж хоноогүй байхаар нь би А.Авралт-Одыг хамт явсан хүн чинь ирсэнгүй яваад олж ир гээд явсан ч хүүхэд байхгүй, манай хүү А.Дашдаваа ч ирэхгүй байсан. Ингээд өдөр нь манай хажуу айлын хөрш айлын эмэгтэй Алтанцэцэг гэрийнхээ хашааны дээгүүр намайг дуудаж та нарыг яаралтай эмнэлэг дээр хүрээд ир гэж байна гэхээр нь эмнэлэг дээр нөхөр Авирмэдийн хамтаар эмнэлэг дээр ирхэд манай хүү А.Дашдаваа нас барсан байна гэж эмч хэлсэн. Надад тухайн үед юугаар яагаад нас барсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/

           Насанд хүрээгүй гэрч Б.Бадамцэцэгийн  2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн үед манай гэрийн хашааны зүүн тал унасан  байсан тул Б.Билгүүдэй, Н.Содхүү бид нар янзлахаар очсон бөгөөд би гэрийг нь найз Мөнгөнчимэгийг утсаар дуудаж авчран цэвэрлэж харин Б.Билгүүдэй ах, Н.Содхүү нар хашаа  янзалж байхад талийгаач А.Дашдаваа, А.Авралт- Од ирж хашааг хамт янзлаад дуусч байхад би Б.Билгүүдэй ахтай “Өөлд” дэлгүүр орж нэгж аваад буцаад гэртээ ирэхэд Н.Содхүү, талийгаач А.Дашддаваа, А.Авралт- Од нар хашаа янзлаад дуусчихсан байсан. Тэгээд Н.Содхүү, талийгаач А.Дашдаваа, А.Авралт-Од, Б.Билгүүдэй ах нар цуг машинтай явсан би гэртээ үлдээд гэрээ цэвэрлэж дуусаад өвөөгийнх рүүгээ явсан. Орой 20 цагийн үед би бурхантай толгойн тоглоомын талбайд сагс тоглох гээд очиход Н.Содхүү, талийгаач А.Дашдаваа, А.Авралт- Од, Б.Билгүүдэй ах нар байсан ба талийгаач А.Дашдаваа ах архи уусан шинжтэй нүд нь сонин болчихсон байсан бусад нь зүгээр юм шиг харагдсан. Тэгээд намайг сагс тоглож байхад Н.Содхүү, талийгаач А.Дашдаваа, А.Авралт-Од, Б.Билгүүдэй ах нар явсан, би харанхуй болохоор нь гэртээ өвөөгийндөө очсон. Түүнээс хойш тэр дөрөв надтай тааралдаагүй юм. 2017 оны 07 дугаар сарын 13-ны өглөө өвөөгийнд байхад 11 цагийн орчимд танай гэрт хулгай орсон, хаалга нь онгорхой байна гээд дүү Үржинбадам хэлэхээр нь би гэртээ яваад очиход гэрийн хаалга онгорхой гэр дотор яваад ортол ширээн дээр 4 бэлэн гоймон идсэн байдалтай зарим нь асгарсан мөн 1 кола ундааны хоосон сав, хөзөр байсан харин цагаан өнгийн гар утас болон нөөтбук тавилга дээр байсан. Би ширээг цэвэрлэж ундааны хоосон ундааны хоосон сав болон бэлэн гоймонг гаргаж хаяад хөзрийг унинд хавчуулж, нөөтбукийг цүнхэнд нь хийж утасны хамт тавилга дээр тавьсан. Ширээний дэргэд шавар болсон байхаар нь шалаа угааж цэвэрлэж орыг хураасан юм. Тэгээд би гэрээ цоожлоод өвөөгийндөө очсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/

         Насанд хүрээгүй гэрч Г.Монголжингоогийн 2017 оны 07 дугаар сарын 14-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “ ...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед намайг дэлгүүр дээрээ сууж байхад манай дэлгүүрт их хүн хүн байсан ба нэг харахад Н.Содхүү, А.Авралт-Од нар манай дэлгүүрт орж ирээд зогсож байсан. Тэгэхээр нь та хоёр юу авах гэж байгаа юм бэ гэхэд Н.Содхүү архи руу толгойгоо дохихоор нь би наадах чинь мииний мэдэх асуудал биш би энэ дэлгүүрт суудаггүй, ёстой тийм зүйл байхгүй гэж хэлэхэд дуугүй зогсоод байсан. Тэгээд би лангуун дээрээ очиж суугаад наймаа хийж байгаа хүмүүсийн тооцоо хийгээд байж байх хооронд А.Авралт-Од гараад явсан тэр үед Н.Содхүү ганцаараа дэлгүүрт үлдээд архи зардаг хэсэгт очоод зогсож байсан. Тэгээд би нэг харахад Н.Содхүү цамцандаа хоёр шил архи хийчихсэн ирж байхаар нь би яах гэж байгаа юм бэ наадах чинь юу юм бэ гэхэд архи гэж хэлэхээр нь би наадхаа буцаагаад тавь гэж хэлэхэд Н.Содхүү тавихгүй үүдний дэргэд зогсоод байсан. Тэгэхээр нь би архи зарахгүй яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Н.Содхүү надад хандан чамтай Б.Билгүүдэй уулзья гэнээ гэхээр нь би дэлгүүрээс гарахад Б.Билгүүдэй машинаас бууж ирээд найздаа 2 шил архи өгч туслаач гэхээр нь минйи мэдэх зүйл биш би мэдэхгүй гэж хэлээд буцаад дэлгүүрлээгээ орсон чинь Б.Билгүүдэй миний араас орж ирж байгаа харагдахаар нь би Б.Билгүүдэйгээс нуугдаад зогсож байтал Б.Билгүүдэй намайг хайж байх хооронд Н.Содхүү авсан байсан архи аваад машинд суугаад Б.Билгүүдэй араас нь машинд суугаад явцгаасан. Тухайн үед архины мөнгө төгрөг өгөөгүй аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар тал/

            Гэрч Л.Болормаагийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Б.Билгүүдэй нь ам бүл 3 өвөө, ээж нарын хамтаар оршин суудаг. Өвөө Төгсмандах нь өндөр насны тэтгэвэрт, ээж Т.Золжаргал нь БТЕГ ХХК-д ажилладаг. Амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж амьдралтай, зорилтод бүлгийн өрхөд хамрагдсан айл өрх биш. Дундаж амьдралтай айлуудын нэг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар тал/

           Насанд хүрээгүй гэрч Г.Өгөөдэйн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Билгүүдэй нь илүү дутуу зан байхгүй, бусдыг байлдан дагуулж манлайлах чадвартай, хүнтэй эвсэг найрсаг, анги хамт олон дундаа нэр хүндтэй, их хөгжилтэй, хичээл сургалт, урлаг, спортоор бусдыгаа манлайлдаг, тэр болгон хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, уур уцаар багатай, бид нар хамт явахад онигоо яриад инээлгээд л явдаг сайн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр тал/

       Насанд хүрээгүй гэрч Д.Саранчимэгийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Билгүүдэй нь үнэнч шудрага, харьцааны соёлтой, бусдыг байлдан дагуулж манлайлах чадвартай, хүнтэй их эвсэг найрсаг, анги хамт олон дундаа нэр хүндтэй, их хөгжилтэй, ангийн тэргүүний сурагч, хүүхдүүдийг байнга л инээлгэж явдаг их сайн хүүхэд байгаа юм. Ээж өвөөгийн хамтаар амьдардаг ар гэрийн анхаарал халамж сайтай, хичээл сургалт, урлаг, спортоор бусдыгаа манлайлдаг хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/

       Гэрч Г.Алтан-Одын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би гэртээ байж байхад манай хүү Н.Содхүү надруу утсаар яриад “ээж эмнэлэг дээр хүрээд ир Б.Билгүүдэй хүн зодсон чинь нөгөө хүн нь нас барсан байна” гэхээр нь би эмнэлэг дээр ирэхэд манай хүү Н.Содхүү гэрээсээ өмсөж гарсан хувцастайгаа явж байсан ба их айсан сандарсан байдалтай байсан....

       Тухайн үед Н.Содхүүгийн биед ил гарагдах гэмтэл шарх сорви байхгүй байсан. Би хүүгээсээ өвдөж байгаа зүйл байна уу гэж асуухад зүрх өвдөж байна гэж хэлж байсан. Н.Содхүү тухайн үед гэрээсээ гарахдаа өмсөж явсан хувцастайгаа явж байсан ба ямар нэгэн урагдсан, цоорсон, гэмтсэн, цус болсон зүйл байхгүй байсан. Манай хүү Н. Содхүү надад хэлэхдээ Б.Билгүүдэй А.Дашдавааг зодоод нөгөө хүн нь нас барчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “Чи тэр үед хаана байсан юм бэ?” гэж асуухад Б.Билгүүдэй намайг зодох гээд байхаар нь би айгаад зугтаачихсан юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 186 дугаар тал/

         Гэрч З.Эрдэнэбаярийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэгээс “Манай эмнэлэг дээр нас барсан хүн ирлээ” гэсний дагуу эмнэлэг дээр очиход талийгаач А.Дашдаваа гэгчийг эмнэлэгийн цогцос хадгалах байранд оруулсан гэж хэлсэн. Талийгаач А. Дашдаваагийн цогцос байхгүй байсан тул хамт хэн хэн байсан талаар асуухад Ерөө сумын харъяат Б. Билгүүдэй, Н.Содхүү, А.Авралт-Од нар байсан гэсэн тул дээрх нэр бүхий хүүхдүүдийг дагуулан Цагдаагийн хэсэг дээр авчирсан. Удалгүй Сэлэнгээс ажлын хэсэг ирж шалгалтын ажиллагаа явуулж Б.Билгүүдэй үйлдсэн болохыг тогтоосон. Тухайн үед Н.Содхүү, Б.Билгүүдэй нарын бид ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 187 дугаар тал/

               Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №46/17 тоот  “....           1.Яллагдагч Б.Билгүүдэй нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан. 2.Б.Билгүүдэй нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. 3.Б.Билгүүдэй нь сэтгэцийн хувьд ямар нэгэн удамшлын өвчин байхгүй. 4.Б.Билгүүдэй нь сэтгэцийн хувьд эрүүл учир албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 85 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №6898 тоот “.........

1.Шинжилгээнд ирүүлсэн А.Дашдаваагийн өмссөн байсан гэх хувцаснууд дээр цус илрээгүй.

2.Б.Билгүүдэйн өмссөн байсан гэх хувцаснууд дээр цус илрээгүй.

3.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хөх, цагаан өнгийн хөндлөн судалтай цамц дээр цус илрээгүй.

4.Б.Билгүүдэйгийн гэх цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 91 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7025 тоот “..........

1.Шинжилгээнд ирүүлсэн А.Дашдаваа 21н эр гэж хаягласан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэх дүгнэлт /хх-ийн 101 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №7026 тоот “........

1.Шинжилгээнд ирүүлсэн А.Дашдаваагийн гэх цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 102 дугаар тал/

Шүүх эмнэлэгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №77 тоот магадлан шинжилгээний актанд “......

1.Талийгаач А.Дашдаваагийн биед хуйхны дотор салстад цус хуралт, хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины эдийн няцрал, дух, хүзүү, уруулын дотор салст, зүүн шанаа, зүүн эрүү, баруун мөр, нуруу, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт, Дух, хүзүү, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, зүүн чих, зүүн мөр, цээж, нуруу, баруун зүүн дал, баруун зүүн бугалга, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, дух, зүүн чих, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Талийгаач А.Дашдаваагийн биед учирсан дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчиллээр хүчтэй цохилт, доргилт, үрэгдлийн үед үүсгэгдэнэ.

3.Талийгаач А.Дашдаваа нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4.Талийгаач А.Дашдаваа нь ямар нэг архаг хууч өвчингүй байжээ.

5.Талийгаач А.Дашдаваа нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

6.Талийгаач А.Дашдаваа нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

7.Талийгаач А.Дашдаваа нь О/I/ бүлгийн цустай байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 103-104 дүгээр тал/

Шүүх эмнэлгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №103 дугаартай нэмэлт шинжилгээний актанд “.....

1.Талийгаач А.Дашдаваагийн биед хуйхны дотор салстад цус хуралт, хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины эдийн няцрал, дух, хүзүү, Дух, хүзүү, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, зүүн чих, зүүн мөр, цээж, нуруу, баруун зүүн дал, баруун зүүн бугалга, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, дух, зүүн чих, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэлүүд нь цохилт доргилтын улмаас үүсгэгдэнэ. Дух хүзүү, уруулын дотор салст, зүүн шанаа, зүүн эрүү, баруун мөр, нуруу, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд нь үрэгдэл чирэгдлийн улмаас үүсгэгдэнэ.

2.Талийгаачид учирсан гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тогтоох боломжгүй.

3.Талийгаачид учирсан гэмтлүүдийг аль нь түрүүнд, аль нь сүүлд үүссэн болохыг тогтоох боломжгүй, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан...” гэх дүгнэлт /хх-ийн 190-191 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-10 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-21 дүгээр тал/

Хохирлын баримтууд /хх-ийн 32-50 дугаар тал/

Талийгаач А.Дашдаваагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 51-53 дугаар тал/

Б.Учралтөгөлдөрийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55 дугаар тал/

Амгалан дулааны станц ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 56 дугаар тал/

Нийслэлийн Багануур дүүргийн 3-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр тал/

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 103 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 60-61 дүгээр тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 136-140 дүгээр тал/

Гэрч яллагдагчийг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл /хх-ийн 141-142 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 144-145 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 148 дугаар тал/

Б.Билгүүдэйг хамт олны зүгээс тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 149 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 150 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн бүрэн дунд сургулийн тодорхойлолт /хх-ийн 151-153 дугаар тал/

Б.Билгүүдэйгийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Эрүүл мэндийг хянах карт зэрэг баримт бичгийн хуулбар /хх-ийн 156-170 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 197-198 дугаар тал/

Б.Билгүүдэйг 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 128-130 дугаар тал/

Б.Билгүүдэйг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 132-134 дүгээр тал/

Б.Билгүүдэйг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 135 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл, оногдуулах

ял шийтгэлийн талаар дүгнэхэд:

 

             Шүүгдэгч Б.Билгүүдэй нь 2017 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг 9 дүгээр хэсэг 81 тоотод архидан согтуурсан үедээ А.Дашдаваагийн хоолойг боож газарт унаган толгойн тус газарт нь олон удаа цохиж, өшиглөн амь насыг нь хохироосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

      Үүнд; хохирогч А.Дашнямын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 26-27/, насанд хүрээгүй гэрч Н.Содхүүгийн /хх-ийн 62-63/, А.Авралт-Одын /хх-ийн 65-66/, Б.Хувьтөгөлдөрийн /хх-ийн 67-68/, Б.Бадамцэцэгийн /хх-ийн 70-71/, Г.Монголжингоогийн /хх-ийн 72/, гэрч З.Эрдэнэбаярын /хх-ийн 187/ нарын  мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-10 дүгээр тал/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-20 дугаар тал/, шүүх эмнэлэгийн 77 тоот дүгнэлт /хх-ийн 103-104/, шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээ хийсэн 103 тоот дүгнэлт /хх-ийн 190-191/, шүүгдэгч Б.Билгүүдэйг хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон 46/17 тоот шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 85/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 136-140 дүгээр тал/, Гэрч яллагдагчийг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл /хх-ийн 141-142 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 144-145 дугаар тал/ зэрэг  болно.

     Харин талийгаач А.Дашдаваагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 51-53 дугаар тал/, Б.Учралтөгөлдөрийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55 дугаар тал/, Амгалан дулааны станц ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 56 дугаар тал/, Нийслэлийн Багануур дүүргийн 3-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр тал/, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 103 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 60-61 дүгээр тал/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 148 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар амь хохирогчийн хүү Б.Учралтөгөлдөрийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй холбоотой үнэлсэн баримтууд болно.  

           Шүүх энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.Дашням, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

      Учир нь: Хохирогч, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хуульд заасан шаардлагыг хангасан байна.  

           Тухайн хэрэгт ажил үүргийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмч нарын дүгнэлт,насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлж байгаа бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч Б.Билгүүдэй нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг 9 дүгээр хэсэг 81 тоот айлын хашаанд амь хохирогч А.Дашдаваа, А.Авралт-Од, Н.Содхүү нартай  согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Н.Содхүү, А.Дашдаваа нарын хооронд үүссэн таарамжгүй харилцааг таслан зогсоох зорилгоор амь хохирогч А.Дашдавааг түүний өмсөж явсан цамцаар боож газар унах үед нь толгой тус газарт нь удаа дараа өшиглөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.         

         Шүүгдэгч Б.Билгүүдэйд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүнийг алах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, энэ зүйл хэсэгт заасны дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

         Шүүгдэгч Б.Билгүүдэй өөрийн үйлдсэн хэрэгт гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол буюу амь хохирогчийн оршуулгын зан үйлийн болон бусад зардлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялын доод хэмжээнээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар доод татаж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч Б.Билгүүдэй 18 насанд хүрэхийн өмнө анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.  

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Билгүүдэйн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

         Хохирогч А.Дашнямаас амь хохирогч А.Дашдаваагийн хүү Б.Учралтөгөлдөрийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

         Учир нь амь хохирогч А.Дашдаваа нь Д.Баяржаргалтай 2013 оны 05 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байх хугацаанд хүү Б.Учралтөгөлдөр 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болох нь Багануур дүүргийн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШШ2017/00318 тоот шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

        А.Дашдаваа нь Амгалан дулааны станц ХХК-д 2015 оноос 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл дамжлагын машинчаар ажиллаж байсан ба түүний сарын дундаж цалин хөлс нь 951.300 төгрөг болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн түүний нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Амгалан дулааны станц ХХК-ий тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1-д тус тус зааснаар амь хохирогч А.Дашдаваагийн сард авсан байсан дундаж цалин хөлс болох 951.300 төгрөгийн амь хохирогч, гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүүхдэд тэнцүү хэмжээгээр хуваахад нэг хүнд 317.100 төгрөг ногдож байгаа ба үүнээс тэжээгчээ алдсны тэтгэмж 140.000 төгрөгийг хасахад 177.100 төгрөгийг болж байна.

        Дээрх 177.100 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Б.Учралтөгөлдөрийг 16 нас хүртэл суралцаж байгаа нөхцөлд 18 нас хүртэл шүүгдэгч Б.Билгүүдэйгээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

        Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хараа нэртэй архины шил хоёр, цэнхэр өнгийн судалтай цамц нэг, хар өнгийн цамц нэг, хар өнгийн шорт, хар өнгийн дотоож нэг, саарал өнгийн пүүз нэг хос, хар өнгийн оймс нэг хос, хар өнгийн фубволк нэг, улаан өнгийн шорт нэг, цагаан өнгийн сандаал нэг хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хотгойд овогт Бат-Эрдэнийн Билгүүдэйг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “..хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Бат-Эрдэнийн Билгүүдэйд 05 /тав/ жил 05 /таван/ сарын хорих ял шийтгэсүгэй.           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Бат-Эрдэнийн Билгүүдэйн эдлэх 05 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Билгүүдэйн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хараа нэртэй архины шил хоёр, цэнхэр өнгийн судалтай цамц нэг, хар өнгийн цамц нэг, хар өнгийн шорт, хар өнгийн дотоож нэг, саарал өнгийн пүүз нэг хос, хар өнгийн оймс нэг хос, хар өнгийн фубволк нэг, улаан өнгийн шорт нэг, цагаан өнгийн сандаал нэг хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.  

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1-д тус тус зааснаар 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Б.Учралтөгөлдөрийг 16 нас хүртэл суралцаж байгаа нөхцөлд 18 нас хүртэл шүүгдэгч Б.Билгүүдэйгээс сар бүр 177.100 төгрөг гаргуулан хохирогч А.Дашнямд олгон тэжээн тэтгүүлсүгэй.

8.Шүүгдэгч Б.Билгүүдэйд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

                              ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

                                        ШҮҮГЧ                                Г.САРАНТУЯА

                                                                                    Б.ХЭРЛЭН