| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2202000090030 |
| Дугаар | 2022/ДШМ/694 |
| Огноо | 2022-07-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2022/ДШМ/694
А.М холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Соёлмаа,
яллагдагч А.М, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/136 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.М холбогдох эрүүгийн 22 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А.М,
Яллагдагч А.М нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо С хорооллын 11 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан Метамфетамины /Methamphetamine/ агууламжгай “мөс” гэх нэршилтэй, цэвэр 0,069 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саруул хорооллын 114 дүгээр байрны 13 давхарт байрлах агуулахын байранд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад баггсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай “шавар” гэх нэршилтэй, нийт 69,6951 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокуророос: Яллагдагч А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Учир нь, гэрч Б.Б мэдүүлэхдээ: “яллагдагч А.Мын гэрийн гадаа цахилгаан дугуйтайгаа очсон, байрны доод талын гараж руу хоёул дугуйтайгаа орж нөгөө байрны доор очиж дугуйнуудаа орхиод дээш гарсан. Яллагдагч А.М 2 залууд хар тамхи зарсан. Тэндээсээ яллагдагчийн аавын зуслангийн байшин руу очиж дугуйгаа цэнэглэнгээ аавтай нь хамт пиво ууцгаасан, ... яллагдагчтай хамт хар тамхи хэрэглэж мансуурч унтсан байсан. ...А.М нь намайг хэрэгт чирэх гээд, намайг чадах гээд байна” гэдэг. Яллагдагч А.М мэдүүлэхдээ: “гэрч Б З Сарын ойролцоо байх цахилгаан барааны дэлгүүрт нь очиход тэр хэсэг залуусын хамт байсан ба надаа хар тамхины төрлийн зүйл өгсөн. Би авсан. Билгүүтэйгээс зурагт худалдаж авсан. Удирдлага эвдрээд Билгүүтэй гэрт ирж засаж өгөхдөө юмаа орхисон байсан. Тэр нь хар тамхи байж... “Никитон”-ы тоглолт цахилгаан тасарснаас болоод тараад гарч явахад Б таарсан ба надад татаж байсан цахилгаан тамхинаасаа татуулсан. /уг үеийн цаг хугацааг өөр өөрөөр мэдүүлсэн/ Тэр нь хар тамхитай байж. Би мэдээгүй. Б манай зусланд очиж байгаагүй, хаана байдгийг сайн мэдэхгүй. Б өгсөн, мартаж орхисон зүйлсээс л боллоо” гэх агуулгатай зүйлс хэлдэг. Гэрч Б.Б нь мэдүүлэхдээ би өмнөх мэдүүлэгтээ А.М М-д хар тамхи зарсантай холбоотой асуудлаар худлаа мэдүүлсэн гэдэг. Гэтэл хэрэгт гэрч Б нь 2021 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдад хар тамхи худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан тогтоол авагдсан. /хх 72-74/ Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг “...гэрч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Хан-Уул дүүргийн шүүхээр шийдэгдсэн талаар өмгөөлөгч нь надад хэлсэн. Хэрэв уг хэрэг нь прокурорын хэлснээр хэрэгсэхгүй болсон бол Б.Б нь бусдад өөрийн хар тамхийг хадгалуулж орхиод түүнийг илчилсэн мэтээр хууль сахиулах байгууллагын хүмүүстэй хамтран ажиллаж өөрөө бусад хэргээ хэрэгсэхгүй болгуулж ял завшиж байна гэдэг бол прокурор Б.Соёлмаа “...Б.Бд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон. Энэ талаар баримт буюу тогтоолыг би хэрэгт хавсаргасан гэх авч хэрэгт тийм баримт байхгүй. Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-31/ болон 426 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх 100-102/ дээрх бодисын жин харилцан адилгүй, зөрүүтэй.
Эдгээр байдлуудаас үзэхэд гэрч, яллагдагч нар нь эрс зөрүүтэй мэдүүлсэн байх ба гэрч нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгөхдөө өмнө өгсөн зарим мэдүүлгээ үгүйсгэдэг, мөн өөрөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа буюу ашиг сонирхлын зөрчилтэй байдал байж болзошгүй байдлууд байх тул хэрэг болсон гэх газар буюу 2 орон сууцны орчин мөн гэрч Б “Зд, Са”-ын ойролцоо байх цахилгаан барааны дэлгүүр болон ойр орчны газарт тухайн цаг хугацааны хяналтын камерын бичлэг хийгдсэн байх боломжтой эсэх, бичлэг сэргээх боломжтой эсэх, гэрч Б, Ч.Ааас дахин мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд тэднийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах. Гэрэл зургийн үзүүлэлтүүд дээрх бодисын жингийн зөрүүний ялгааг тодорхой болгох, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийн гадаргуу дээр хүний хурууны хээ байгаа эсэх, хэнийх болохыг тогтоох шинжилгээ хийлгэх. Мөн яллагдагч А.Мын шээснээс авсан шинжилгээгээр илэрсэн гэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хэдий хэмжээний тунгаар хэрэглэснээс хойш ямар хугацаанд хүний биеэс илрэх боломжтой эсэх байдлыг тодруулах зэрэг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байна. Эдгээрийг шалгаж тогтоох нь гэмт хэргийг хэн үйлдсэн, хамтран үйлдсэн этгээд байгаа эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа эсэх зэргийг тогтооход чухал ач холбогдолтой юм.
Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна. Иймд Баруун Жаргалант овогт Алтансүхийн А.Мт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, яллагдагч А.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Соёлмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Яллагдагч А.М нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо С хорооллын 11 дугаар байрны 00 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан Метамфетамины /Methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй, цэвэр 0,069 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
Мөн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саруул хорооллын 114 дүгээр байрны 13 давхарт байрлах агуулахын байранд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад баггсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай “шавар” гэх нэршилтэй, нийт 69,6951 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гэрч Б.Бн яллагдагчаар татагдан шалгагдсан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь 3 дугаар хавтаст хэргийн 105-108 дугаар хуудсанд хавсаргагдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний 2 удаа гэрчээр өгсөн мэдүүлэгт /1хх 62-63, 64-65/ ”...яллагдагч А.Мыг агуулахын байрнаасаа үл таних 2 залууд шар өнгийн шавар мэт бодисноос өгч байсныг харж үзсэн.” талаараа мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх яллагдагч А.Мын эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлэгт хэт хөтлөгдөн, гэрч, яллагдагч нар нь эрс зөрүүтэй мэдүүлсэн, тухайн цаг хугацааны хяналтын камерын бичлэг хийгдсэн байх боломжтой эсэх, бичлэг сэргээх боломжтой эсэх зэргээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг, гэрч Б.Б, Ч.Анараас дахин мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд тэднийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах зэргээр ямар ач холбогдолтой нь тодорхойгүй, улмаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийн гадаргуу дээр хүний хурууны хээ байгаа эсэх, хэнийх болохыг тогтоох шинжилгээ хийлгэх, яллагдагч А.Мын шээснээс авсан шинжилгээгээр илэрсэн гэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хэдий хэмжээний тунгаар хэрэглэснээс хойш ямар хугацаанд хүний биеэс илрэх боломжтой эсэх байдлыг тодруулах зэргээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй ажиллагааг тус тус дурдаж буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн нэгжлэг хийх үед мөрдөгчөөс хураан авсан эд зүйлийг албаны цахилгаан жингээр уут, савны хамт жинлэж үзсэн жин, хэмжээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан мэргэжлийн байгууллагын тухайн бодисын цэвэр жин хэмжээг тогтоосон хэмжээнүүд өөр өөр байна гэж дүгнэж байгаа нь өөрөө үндэслэл муутай, нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1376 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Яллагдагч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэнд маргаагүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр буюу худалдаалах зорилготой хадгалсан гэж зүйлчилсэнд маргаж байна. Прокурор А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхдээ гэрч Б.Б мэдүүлэг болон яллагдагчийн дансны хуулгаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэрч Б.Б 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ анхны мэдүүлгээсээ буцсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Б талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад прокурор А.Мыг сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэж дүгнэн, үүнийгээ гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн А.Мын дансны хуулгаар нотлогдсон гэдэг ч дансны хуулганы талаар А.Маас нэг ч удаа тайлбар аваагүй. Мөн гэрч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Хан-Уул дүүргийн шүүхээр шийдэгдсэн талаар өмгөөлөгч нь надад хэлсэн. Хэрэв уг хэрэг нь прокурорын хэлснээр хэрэгсэхгүй болсон бол Б.Б нь бусдад өөрийн хар тамхийг хадгалуулж орхиод түүнийг илчилсэн мэтээр хууль сахиулах байгууллагын хүмүүстэй хамтран ажиллаж өөрөө бусад хэргээ хэрэгсэхгүй болгуулж ял завшсан байж болзошгүй. Иймд анхан шатын шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч А.М холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1376 дугаартай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Мыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саруул хорооллын 113 дугаар байрны 46 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан Метамфетамины /Methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй, цэвэр 0,069 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саруул хорооллын 114 дүгээр байрны 13 давхарт байрлах агуулахын байранд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад баггсан дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай “шавар” гэх нэршилтэй, нийт 69,6951 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Дээрх шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдлыг шалгахгүйгээр прокурорын эсэргүүцэлд дурдсан хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1376 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1376 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.