Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                             Д.Ганчимэг

Шүүгдэгч                                                              *******           

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Г.Ганцэцэг        

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын ******* тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонсголын аппарат нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх” тухай 05/2018 дугаартай гэрээ байгуулж, тус аймгийн иргэнд сонсголын аппарат нийлүүлж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 23 000.000 (хорин гурван сая) төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл 12 000.000 (арван хоёр сая) төгрөгийн санхүүжилтийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар үндсэн зорилтын 1-д заасан “Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах” үүргээ гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, удаа дараа хахууль өгөхийг шаардаж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******ын Хаан банкны харилцах дансаар 3 500.000 төгрөгийн хахууль авсан,

мөн Дорнод аймагт хиймэл шүдний үйлчилгээ үзүүлдэг “” эмнэлгийн захирал Д.Чулуунбаатар нь аймгийн асрамжийн газрын ахмад настнуудад зориулан 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хандивласан 1 000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл “халамжийн сангийн орлогын эх үүсвэр”-т зааснаар төсвийн орлогод авалгүй, иргэн *******ын Хаан банкны харилцах дансаар дамжуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сохирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр,  мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн,  нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жил Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4 500.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж, улсын төсөвт оруулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “******* миний зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй бөгөөд оногдуулсан ял шийтгэлийн зарим хэсгийг зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаанд гарахыг хориглосон нь миний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Би хөдөө орон нутагт хаягийн бүртгэлтэй бөгөөд Улаанбаатар хотод амьдарч байгаа боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа заавал Улсын нэгдсэн төв эмнэлэг гэх мэт өөр дүүрэгт орших улсын хэмжээний эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой. Өрхийн болоод дүүргийн эмнэлэг нь хөдөө орон нутгийн харьяалалтай хүнийг хүлээн авч үздэггүй. Мөн хувийн эмнэлгүүдэд үзүүлэхэд ч нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоо хийдэг ихэнх эмнэлгүүд өөр өөр дүүрэгт байрлаж байна. Миний хувьд бага насны 2 хүүхэдтэй, нөхөр хөдөлмөрийн чадвараа алдсан, группд байдаг. Би гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг тул хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхлэхгүй бол гэр бүлээрээ амьдрах боломжгүй болоод байна. Ажил хөдөлмөр эрхлэхийн тулд зөвхөн Баянзүрх дүүргээс гаралгүйгээр ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Харин давж заалдах шатны шүүхээс торгуулийн ял оногдуулсан тохиолдолд  би бүрэн төлж барагдуулна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдолдоо: “*******ийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй бөгөөд оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

*******ийн хувийн байдлын тухайд бага насны 2 хүүхэдтэй, нөхөр нь хөдөлмөрийн чадвараа алдсан группд байдаг. ******* нь гэр бүлээсээ ганцаараа жил хөдөлмөр эрхэлдэг тул 7 жилийн хугацаанд ямар ч ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр гэр бүлээрээ амьдрах боломжгүй болоод байна. Харин давж заалдах шатны шүүхээс торгуулийн ял оногдуулсан тохиолдолд ******* нь төлөх чадвартай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн ялын доод хэмжээгээр ял шийтгэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Харин манай нөхөр тархины хавдартай, 80 хувийн групптэй, эмнэлгээр явж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Би өөрөө амьдрал ахуйгаа авч явдаг. Иймд миний амьдралын энэ байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч, шүүгдэгчийн амьдралын байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурорын зүгээс торгох ялын санал гаргасан. Шүүх хуульд заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.******* нь Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга буюу Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонсголын аппарат нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх” тухай 05/2018 дугаартай гэрээ байгуулж, тус аймгийн иргэдэд сонсголын аппарат нийлүүлж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийн санхүүжилтийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийн санхүүжилтийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар үндсэн зорилтын 1-д заасан “Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах” үүргээ гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, удаа дараа хахууль өгөхийг шаардаж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******ын Хаан банкны харилцах дансаар 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хахууль авсан,

мөн Дорнод аймагт хиймэл шүдний үйлчилгээ үзүүлдэг “Море Члире” эмнэлгийн захирал Д.Чулуунбаатар нь аймгийн асрамжийн газрын ахмад настнуудад зориулан 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хандивласан 1 000 000 /нэг сая/ төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл “халамжийн сангийн орлогын эх үүсвэр”-д зааснаар төсвийн орлогод авалгүй, иргэн *******ын Хаан банкны харилцах дансаар дамжуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч *******ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“ ... 2018 оны 8 сард ээжийн минь бие хүндээр өвдсөн байсан учир Т.Баярмагнайгаас 1 000 000 төгрөг байна уу гэхэд дансны дугаараа өгөөрэй гэсэн. Тэр үед *******той хамт байсан учир *******ын дансны дугаарыг явуулсан. Тухайн үед “” ХХК-иас юм уу, иргэн Т.Баярмагнайгаас шилжүүлсэн эсэхийг мэдээгүй, мөн үнийн дүнг мэдээгүй байсан. Дараа нь 3,5 сая төгрөг орж ирснийг *******оос мэдсэн.

... “Море Члэри” ХХК нь Дорнод аймагт ганц байдаг шүдний хэв суулгадаг аж ахуйн нэгж байгууллага юм. Энэхүү компани нь 2006 оноос эхлэн гэрээ байгуулан хамтарч ажиллаж байсан. Би энэ аж ахуйн нэгж байгууллагаас ямар нэгэн байдлаар хандив авсан зүйл байхгүй. Хэрэв хандив авсан тохиолдолд Нийгмийн халамжийн тухай хуулиар дээд шатны байгууллагатай байгуулах тусгай журамтай байдаг. Мөн төрийн байгууллага нь хандив авах эрх зүйн үндэслэл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хх 146-147/

гэрч *******ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “******* бид хоёр дотно харилцаатай байсан. ... Би тухайн үед өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг байсан тул миний дансаар их мөнгө орж гардаг байсан. Би “” ХХК, “МореЧлире” шүдний эмнэлгийг мэдэхгүй. Азжаргал, Чулуунбаатар гэх хүмүүсийг ч танихгүй учир тэд нараас мөнгө зээлж байсан удаа байхгүй. Тэр компаниудаас миний данс руу мөнгө шилжиж орсныг сайн санахгүй байна. Миний өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. ******* нь картгүй үедээ ч юм уу миний дансаар бусдаас мөнгө шилжүүлж авч байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 150-152/

гэрч Л.Мөнхбилэгтийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:  “ ... би маш завгүй ажиллаж байхад манай байгууллагын нягтлан бодогч “нөгөө хүн чинь яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа 3 500 000 төгрөг зээлээч” гэнээ гэсэн. Тэгэхэд нь эргэж орж ирэх мөнгө бол баримтаа сайн бүрдүүлээд шилжүүлээрэй гэж хэлсэн. Энэ мөнгө нь байгууллагын мөнгөн хөрөнгөнөөс шилжүүлсэн мөнгө юм. ...” гэсэн мэдүүлэг, /хх 153/

гэрч Д.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Бид нар энэ мөнгийг Дорнод аймгийн ахмад настны асрамжийн газарт байгаа ахмад настай хүмүүст зориулж хандивласан. ... 1 000 000 төгрөгийг өөрийн хүү Ч.Мөнхнарын харилцах данснаас *******ийн хэлсэн ******* гэж хүний данс руу шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1 хх 70-72/

гэрч Г.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...байгууллагынхаа санхүүгийн баримтыг шалгахад тухайн 3 500 000 төгрөгийг шилжүүлсэн АТМ-ын баримт гарч ирсэн. Тухайн баримтыг хараад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай “” ХХК-ийн ерөнхий нягтлан бологч Т.Баярмагнай эгч надад 3 500 000 төгрөгийг бэлнээр нэг дансны дугаарын хамт өгч энэ данс руу наад мөнгөө хийчих, утга дээр нь “”-иас гэж бичээрэй гэж хэлсэн. ... Тухайн мөнгийг ямар учраас ******* гэж хүний данс руу хийлгүүлснийг би мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1 хх 17-18, 20-22, 24-25/

гэрч Т.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ... эхний санхүүжилт орсны дараа Дорнод аймгийн Халамжийн газрын дарга ******* нь миний утасны дугаар руу өөрийн дугаараас залгаад эгч нь хотод байр авах гээд урьдчилгаа мөнгө дутаад байна гэж ярьсан. ... Гэтэл дахин дахин ******* нь залгаад байхаар нь би захирал Мөнхбилэгтэд энэ тухай хэлсэн. ... үлдэгдэл санхүүжилт 12 000 000 төгрөг орсны дараа ******* нь бас л дахин дахин яриад байсан учир захирал арга буюу мөнгийг өгье гээд хэлэхэд ******* өөрийнхөө данс биш өөр нэг хүний дансыг миний утас руу мессэжээр явуулсан. Би дансыг нягтлан бодогч Нямсүрэнд бэлнээр 3 500 000 төгрөгийн хамт өгч шилжүүлсэн. ... олон удаа түүн рүү залгаж та нөгөө мөнгөө өгөх боломж байна уу гэхэд тэрээр эгч нь боломжтой болоод  өгнө өө, яг одоо боломжгүй байна гэж хэлдэг байсан. ******* нь мөнгөө өгөхгүй байсан учир сүүлдээ нэхэхээ больсон. ...” гэсэн мэдүүлэг, /1 хх 63-64/

гэрч Б.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Тухайн үед 35 000 000 төгрөгийг бүрэн нэг удаа шилжүүлж болох байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1 хх 100-102, 104/ гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хх 13/  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 26-32/  аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын ажлын байрын тодорхойлолт, /1хх 124-126/  банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх 200/ *******, ******* нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1 хх 216-221/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч  Н.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон,

мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сохирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нар нь: “Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Миний хувьд бага насны 2 хүүхэдтэй, нөхөр хөдөлмөрийн чадвараа алдсан, тархины хавдартай, 80 хувийн групптэй, эмнэлгээр явж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Би өөрөө амьдрал ахуйгаа авч явдаг. Надад шүүхээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 2 жил гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Би хөдөө орон нутгийн харьяалалтай учир тус дүүргийн өрхийн болон дүүргийн эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байдаг. Иймд миний амьдралын энэ байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэрэгт шүүгдэгчийн нөхөр Нарангэрэлийн Гангэрэл нь Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар, “ЭХМК-ийн ердийн өвчний жагсаалтын III-42 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар, 24 сараар тогтоосон” тухай шийдвэр, мөн нөхөр 13-17 насны 2 хүүхдийн хамт ам бүл 4-үүл амьдардаг тухай Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн лавлагаа зэрэг  нотлох баримтууд авагдсан байна. /1 хх 110-113, 8 хх 126/

Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч *******ийн хувийн болон амьдралын нөхцөл байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзэв. Тухайлбал: Шүүгдэгч *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6 000 000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгж буюу 8 000 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  6000 нэгж буюу 6 000 000 төгрөгөөр торгох ял дээр,  мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгж буюу 8 000 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн,  нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 14 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авч,  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг,

“шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгж буюу 6 000 000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгж буюу 8 000 000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр,  мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн,  нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  6000 нэгж буюу 6 000 000 төгрөгөөр торгох ял дээр,  мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгж буюу 8 000 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн,  нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.” гэснийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                                ШҮҮГЧИД                                             С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                              З.ЭНХЦЭЦЭГ