Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 895

 

 

 

 

 

 

 

 

 

М.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00569 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Эгийн хариуцагч ЖИДҮСд холбогдуулан гаргасан 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин 21 717 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар тус сангийн ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлсөн дээрх шийдвэр нь хууль бус хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2627 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2084 дүгээр магадлалаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасан.

Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн захирамж гарснаар хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2019 оны 9 дүгээр сард албадан гүйцэтгүүлэх журмаар шүүхээр тогтоогдсон цалин 2 270 809 төгрөгийг олгосон. Өнөөдрийг хүртэл ажилд маань эргүүлэн томилоогүй байна. М.Э миний бие 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны нийт цалин 21 717 000 төгрөгийг хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2627 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2084 дугаар магадлалаар нэхэмжлэгч М.Эг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2 270 809 төгрөгийг тус сангаас гаргуулж М.Эд олгон, энэхүү олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буцаан төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч талд даалган шийдвэрлэсэн.

Тус шийдвэр, магадлалын үндсэн дээр бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу нэхэмжлэгч М.Эд 2019 оны 9 дүгээр сард ажилгүй байсан хугацааны цалин 2 270 809 төгрөгийг олгосон бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн бүтэц, орон тоо батлах тухай А-96 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогч гэх орон тоо батлагдаагүй.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нягтлан бодогч М.Эгийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалингийн тооцооллыг гаргасан ба уг хугацаанд М.Э нийт 19 104 900 төгрөгийн цалин авах ба гарт олгогдох нь 15 485 165 төгрөг болно.

Уг цалингийн тооцооллыг тус сангийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/06, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/03 тоот тушаалуудын дагуу тооцоолж гаргасан. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Үүнээс илүү гарч байгаа зөрүүг хариуцагч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар М.Эгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19 104 900 төгрөгийг хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргуулан нэхэмжлэгч М.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 612 100 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Эгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 266 535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 253 473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Эд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин 21 717 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бидний зүгээс 19 104 900 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналыг шүүх хуралдааны явцад гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар үргэлжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар зохигчид эвлэрэх тохиолдолд талуудын хүсэл зориг нэг байх шаардлага тавигддаг. Гэтэл нэхэмжлэгч талаас эвлэрэх хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүхийн зүгээс хэргийг шийдвэрлэхдээ “...335 хоног ажилгүй байгаа ба тэрээр уг хугацаанд 17 289 015 төгрөг авахаар...” гэжээ. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бус нэхэмжлэгч талд тавьж буй эвлэрэх санал юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч ЖИДҮСд холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин 21 717 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт М.Эг урьд эрхэлж байсан Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас түүний ажилгүй байсан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговорт 2 270 809 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 26271 дугаартай шийдвэр, уг шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус авагдсан, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 5-15/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч М.Эг ажилд нь эгүүлэн томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй, харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах” тухай А-96 тоот тушаалаар тус санд ерөнхий нягтлан бодогчийн орон  тоо батлагдаагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байна.

 

Тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2627 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр биелүүлэхтэй холбоотой 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад болсон уулзалтын дараагаар нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн нь шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй тэнцэх нөхөн олговрын хэмжээг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 51 609 төгрөгийг ажилгүй байсан 335 хоногт тооцон 17 289 015 төгрөг болж байх боловч хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу           19 104 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/00569 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                    

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД                                                                   

                                   ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                      Д.ЦОГТСАЙХАН