Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 896

 

 

 

 

 

 

 

 

 

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00527 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар санал болгосон 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.         

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 379 дугаар магадлалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгох ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоосон. Уг магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/Ш32018/04544 дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ГХ2019/00365 дугаартай гүйцэтгэх хуудас гарсан. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Х.Эрдэнэбаатарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот хаягт байрлах Ү-2205005525 улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид санал болгох ажиллагааг хийсэн боловч дахин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт зааснаар санал болгосон. 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн санал болгосон ажиллагааг давж заалдах шатны шүүхээс буруу гэж дүгнэсээр байтал дахин яг адилхан байдлаар санал болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгох ажиллагааг зохион байгуулж өгнө үү” гэж гомдол гаргасан ч “...хуулийн 73.5-д зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээгээр төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан нь хуульд нийцсэн” гэсэн хариуг  ирүүлсэн. Энэхүү гомдлын хариуг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гомдол гаргасан. Тус газраас гомдлын хариуг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “...Дуудлага худалдаагаар борлогдоогүй барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д зааснаар төлбөр авигчид санал болгосон нь хуульд нийцсэн байна” гэж ирүүлсэн тул бид шүүхэд хандсан.

Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар санал болгосон 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулахыг хүсч байна.

Давж заалдах шатны шүүхээс барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд шууд шилжүүлэх агуулга бүхий шийдвэрийг гаргасан, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар зээлдэгч Х.Эрдэнэбаатараас зээлийн гэрээний үүрэгт 37 258 333 төгрөгийг гаргуулан О ББСБ ХХК-д олгож, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар эрхийн улсын Ү-2205005525 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот, 29м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн, хураасан. Иргэний хуульд заасан зохих журмын дагуу барьцаа хөрөнгө болох орон сууцыг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, бусдад худалдан борлогдоогүй. Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1,73.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шинжээчийн үнэлгээгээр тогтоосон мөнгөний зөрүүг өгөөд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхийг санал болгосон. Гэвч нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон боловч давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 379 дугаар магадлалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгасан шийдвэрлэсэн. Уг магадлалын дагуу бид 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн. Гэвч талууд зөрүүтэй саналыг гаргасан. Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дахь хэсгүүдэд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй барьцаа үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнээр төлбөр авагч буюу нэхэмжлэгчид санал болгосон. Худалдан борлогдоогүй барьцаа хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй учир бид төлбөр авагчид үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэхийг тайлбарлаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуучин хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсэгт албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасч төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох талаар заасан байдаг. Гэтэл шинэ хуулиар төлбөртөө суутгаж авахыг заасан байгаа. Дээрх байдлаар хариуцагч байгууллага хууль зөрчөөгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар санал болгосон 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай О ББСБ ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт санал болгох хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байна гэж дүгнэсэн боловч дээрх заалтад заасан үйл ажиллагаа явагдаагүй, тухайн ажиллагаа явагдсан бол О ББСБ ХХК-ийн хувьд төлбөрт тооцож авах хүсэлт гаргах байсан, хүсэлт гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар санал болгосон учраас гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5 дахь заалтуудыг өөр өөр нөхцөлд хэрэглэх ёстой. Тухайн заалтууд нь албадан борлуулах болон дуудлага худалдааны талаарх зөрүүтэй ойлголтууд байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар тайлбар гаргах ёстой байсан боловч тайлбар гаргаагүй. Шинжээчийн тогтоосон үнэлгээгээр О ББСБ ХХК-д санал болгоод дуудлага худалдаа явуулах ёстой байсан. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр санал болгох хурлын комиссын шийдвэрийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.5 гэсэн дараалалтай явуулах ёстой гэж шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар санал болгосон 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-2, 32/

 

Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлэхээр 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай санал болгох хурлаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай “Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох ажиллагааны тэмдэглэл” гэх баримтуудад хэргийн оролцогч болох хариуцагч нь өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэгээр баталгаажуулан ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх талаарх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан нь хэргийн оролцогчид хамаарахгүй. /хх 88-91/ Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байтал шүүх дээрх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх, маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/00527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД                                                                   

                                   ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                      Д.ЦОГТСАЙХАН