Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/647

 

З.Яд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Ууганбаяр,

Хохирогч Я.Х, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

шүүгдэгч З.Яын өмгөөлөгч Л.Нинжбат,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/0 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нинжбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.Яд холбогдох эрүүгийн 1207 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч З.Я нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй ресторанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Хын толгой тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.Яын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Яыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Яд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Яаас нийт 2.568.565 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, 30.498.400 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Хд олгож, хохирогч нь сэтгэл санааны хохирол болон гэм хортой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг З.Яд сануулж, шүүгдэгч З.Яд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид энэ хэргийн гэм буруугийн болон ял шийтгэлийн асуудлыг маргахгүй байгаа бөгөөд шийтгэх тогтоолын энэ хэсэгт гомдол гаргаагүй болно. Харин шүүхээс миний үйлчлүүлэгч З.Яаас 30.498.400 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Хд олгохоор шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хохирогч Я.Хын эрүүл мэндэд учирсан 2.560.565 төгрөгийн хохирлыг миний үйлчлүүлэгч З.Я бүрэн барагдуулсан гэдгийг зориуд тэмдэглэмээр байна. Хэрэг шүүхэд шилжих үед хохирогч Я.Хаас өөр ямар нэгэн хохирлын нэхэмжлэл ирүүлээгүй байсан бөгөөд гэнэт шүүх хуралдаанд шинээр “А” ХХК-ийн нисэгчийн сургалтад хамрагдсаны 30.498.400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан юм. Бид нэгэнтээ хэргийг шалгаж байсан мөрдөгчөөс авсан мэдээллийн хүрээнд хохирогчийн хохирол, төлбөр барагдуулсан гэж үзээд прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргаж, улмаар прокурор бидний хүсэлтийг хүлээн авч хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн билээ. Үнэхээр хохирол, төлбөр төлөгдөөгүй, эсвэл хохирол төлбөрийн талаар маргаантай нөхцөл байдал үүссэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцэхгүй бөгөөд шүүхээс хэргийг прокурорт буцааж холбогдох зөрчилтэй үйл баримтуудыг дахин шалгуулсаны эцэст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсэхээ шийдвэрлэх ёстой байсан гэж бид үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана. 4.5 гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;” гэж, мөн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.

Бид шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан “А” ХХК-ийн нисэгчийн сургалтад хамрагдсаны 30.498.400 төгрөгийн нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна гэж үзнэ. Энэ зөрчлийн улмаас бидний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх, холбогдох этгээдийг гэрчээр дуудаж асуулгах хүсэлт гаргах зэрэг хуулиар олгогдсон эрх мөн зөрчигдсөн юм.

2. Хохирогч Я.Хын нэхэмжлэл хуулийн хэлбэр, шаардлагад нийцээгүй гэдгийг зориуд дурдмаар байна. Хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад “Э” ХХК-иас “А” ХХК-нд сургалтын төлбөр 427.476.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, үнэхээр санхүүгийн хохирол амссан этгээд байгаа бөгөөд түүнийг нь тогтоох шаардлагатай гэж үзвэл нэн тэргүүний ээлжинд “Э” ХХК хохирсон байж болох талтай. Хохирогч Я.Хаас өөрөөс нь, хувиас нь нэг ч төгрөг, юунд ч зарлагдаагүй байхад яагаад шүүх хохирогч Я.Хд хүссэн хэмжээгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх болов. Шүүгч Б.Батболор шийтгэх тогтоолоо тайлбарлахдаа “нэхэмжлэлийг хангахдаа би өөрийн дотоод итгэл үнэмшлээр хандаж шийдвэрлэсэн” гэж байна билээ. Иргэний нэхэмжлэлийг хангахад шүүгчийн дотоод итгэл, үнэмшил гэхээс илүүтэй хөдлөшгүй нотлох баримтыг үндэслэх нь хуулийн үндсэн шаардлага байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан байна. Хуулийн хүрээнд бидний харж байгаагаар иргэний нэхэмжлэгчээр “Э” ХХК-ийг тогтоогоод хоёр талаас холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлээд мэтгэлцэх боломжоор хангаад нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцээд шийдвэрлэх нь зөв зүйтэй, хуульд нийцсэн шийдвэр байсан байх болов уу.  Иргэний нэхэмжлэгчээр хэнийг, ямар субъектыг тогтоох нь хэрэгт буй иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Шүүх хуралдаанд хохирогч Я.Х “би ямар нэгэн ажил, төрөл эрхэлдэггүй” гэж мэдүүлэх атал “Э” ХХК нь “Я.Х манай компанийн менежер” гэх тайлбартай зөрчилдөх мэтээр олон жижиг мэт боловч ач холбогдол бүхий зүйлс цөөнгүй байна. Түүнчлэн “Э” ХХК-иас “А” ХХК-нд төлбөр мөнгө шилжсэн байхад “А” ХХК-ийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн бичигтээ “АЯ.Х нь нисдэг тэрэгний хувийн нисгэгчийн сургалтын төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн” гэж тус компанийн талаар огт дурдаагүй байх жишээтэй. Мэдээж хэрэг үнэхээр хохирол учирсан бол нэхэмжлэх эрх нь хохирогчид байгаа. “А” ХХК болон “Э” ХХК нар сургалтын гэрээ байгуулсан юм билээ. Гэрээний үндсэн дээр зохицуулагддаг харилцааг шийдвэрлэхдээ эрх зүйн харилцаа үүсгэсэн хамгийн гол нотлох баримт болох тухайн “Сургалтын гэрээ”-г яагаад хэрэгт нотлох баримтаар авахгүйгээр хэргийг шийдвэрлэх болов. Бид өөр сургагчидтай хийсэн гэрээг нь үзсэн юм. Тэнд хичээл, сургалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцоогүй бол нөхөн суралцах боломжтой нөхцлүүд байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д “нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж заасан байна. Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаартай “гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын 1.1-д “... гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй” гэж заасан байна. Түүнчлэн 15 дугаартай тогтоолд “хохирол арилгах үндэслэл, нөхцөл” гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах зөвхөн хуульд заасан, эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан үндэслэл, нөхцлийг ойлгоно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх хохирол, төлбөр гаргуулахдаа хөдөлбөргүй нотлох баримтыг болон материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээг үндэслэж шийдвэрлэх ёстойг маш ойлгомжтой заасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн... бол анхан шатны шүүхийн тогтоолыг өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/04 шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Я.Хын өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч З.Яын өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 5 нөхцөл байдлыг хангасан учир шүүгдэгчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч хохирлын тодорхой хэсгийг төлсөн, анхан шатны шүүх хуралдааны явцад “төл гэвэл би хохирол төлөхөө зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээс татгалзах санал гаргаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэнэт шинээр хохирлын нэхэмжлэл гаргаж өгсөн гэж тайлбарлаж байна. Хавтаст хэргийн 73-77 дугаар талуудад хохирогчийн хохирлын тооцоо гаргасан баримтуудыг хавсаргасан. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн шүүгдэгч З.Я нь шүүх хуралдааны явцад хохирогчоос нэг ч удаа уучлалт гуйгаагүй. 15 удаа толгой тус газар нь цохиж, үснээс нь зулгааж гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн зан суртахууны доголдолтой байдлыг харгалзан үзэж шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн талаас хууль бусаар нотлох баримт цуглуулсан гэж тайлбарлаж байна. Дээр дурдсан хавтаст хэргийн 73- 77 дугаар талд авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан, албан ёсны тамга тэмдэгтэй баримтууд юм. Эдгээр баримтуудыг хууль бусаар цуглуулаагүй. Хохирогчийн талаас хангалттай нотлох баримтуудыг гаргаж өгсөн, шүүгдэгч талаас хохирлоо нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Я.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э” ХХК сургалтын төлбөрийг бүрэн төлчихсөн байхад яагаад давхар төлөх ёстой талаар тайлбарлая. Би өөрийн хувийн асуудлаас болоод сургалтдаа сууж чадаагүй. Сэтгэл санаа, бие махбодоо дээрдсэнийхээ дараа тухайн сургалтдаа нөхөн суухаар очиж уулзсан боловч “бид гадаадаас багш авчраад цалинжуулдаг, суралцагч нарыг нислэгт хамруулахын тулд бүх онгоцонд зохих засвар үйлчилгээг хийдэг гэх мэт зардлууд орсон төлбөрт багтсан байдаг. Чи хэрвээ бидэнд урьдчилж мэдэгдсэн бол бид гадаад багшийнхаа гэрээг өөрчлөөд, цагийн хуваарийг тааруулах боломжтой байсан. Тийм учраас бид төлбөрөө төлчихсөн, хэрвээ дахин хамрагдах хүсэлтэй байгаа бол төлбөрөө дахин төлөх шаардлагатай” гэж тайлбарласан. Тиймээс албан бичиг гаргуулж шүүхэд өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлчихсөн байхад шинээр төлбөрийн баримт гаргалаа гэж ярьж байна. Шүүгдэгчийн талаас манай талд мэдэгдэлгүйгээр 2.000.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байсан. Мөрдөгчөөс асуухад мөрдөгч ч мөн гайхаж байсан. Бидэнд мэдэгдэлгүйгээр мөнгө шилжүүлээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өгчихсөн байсан. Энэ дагуу шүүх хуралдаан маш хурдан болж өнгөрсөн. Мөн би “Э” ХХК-нд менежерийн албан тушаал эрхэлдэг. Одоо миний статус өөрчлөгдөж тухайн компанийн хувийн онгоцны нисгэгч болох гэж байгаа учир ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Ийм учраас би одоохондоо сургалтад явж байгаа гэсэн тайлбарыг мөрдөгчид өгсөн. Тэрийг мөрдөгч дутуу бичсэн байх.” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчээс прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагууд хангагдсан байсан учир анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчээс хохирогчийн бодит хохирол 2.560.565 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс хор уршигт 30.498.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд прокурорын зүгээс тайлбар хэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нинжбатын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Прокуророос З.Яд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Яаас нийт 2.568.565 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, 30.498.400 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Хд олгож, хохирогч нь сэтгэл санааны хохирол болон гэм хортой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан эсэх”-д прокуророос, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-д шүүхээс хянахаар,

мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж тус тус заасан бөгөөд дээр дурдсан үндэслэлийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрт 2.568.565 төгрөгийг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч шүүхийн шатанд хохирогч нь “Э” ХХК-иас “А” ХХК-д сургалтын төлбөр 427.476.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримтыг гаргаж өгсөн ба хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчийн талаас манай талд мэдэгдэлгүйгээр 2.000.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байсан. Мөрдөгчөөс асуухад мөрдөгч ч мөн гайхаж байсан. Бидэнд мэдэгдэлгүйгээр мөнгө шилжүүлээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өгчихсөн байсан. Энэ дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдаан маш хурдан болж өнгөрсөн. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа талаар мэдээгүй, ямар ч оролцоо байгаагүй.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчээс хохирогчийн нэхэмжилсэн 30.498.400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;буюу нотолбол зохих байдлыг хангалттай нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ болон уг хохирлоос улбаалж хор уршиг учирсан эсэхийг нарийвчлан тогтоосны дараа шүүх хохирол, хор уршигт тодорхой хууль зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2022/ШЦТ/0 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Яд холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан З.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нинжбатын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Мөн тухайн хэрэг анхан шатны шүүхийн захиргааны ажилтны хайнга хариуцлагагүй байдлаас болж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрт бичигдсэн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол давж заалдах шатны шүүхэд ирэлгүй дарагдаж, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ирсэн ноцтой зөрчил гарсан бөгөөд тухайн захиргааны ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан тамгын газрын даргынх нь тушаал хэрэгт авагдсан байх тул цаашид анхаарч ажиллавал зохино.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/4 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Яд холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.  

2. Хэрэг прокурорт очтол З.Яд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                          Б.АРИУНХИШИГ